“3-р сарын 29–өөс 4-р сарын 4. Христийн амилсны баяр: ‘Бибээр амьдардаг тэрээр болой, би бол алагдсан тэрбээр бөлгөө,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“3-р сарын 29–өөс 4-р сарын 4. Христийн амилсны баяр,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021
3-р сарын 29–өөс 4-р сарын 4
Христийн амилсны баяр
“Бибээр амьдардаг тэрээр болой, би бол алагдсан тэрбээр бөлгөө”
Та Христийн амилсны баярын ням гаргаар Аврагчийн Амилалтыг тэмдэглэхээр бэлтгэж байхдаа орчин үеийн илчлэлт хэрхэн Есүс Христ бол Бурханы Цорын Ганц Хүү бөгөөд дэлхийн Гэтэлгэгч мөн гэсэн итгэлийг тань нэмэгдүүлсэн талаар тунгаан бод.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
1836 оны 4-р сарын 3-нд Христийн амилсны баярын ням гараг тохиосон юм. Шинээр онцгойлон адислагдсан Көртландын ариун сүмд цуглараад байсан гэгээнтнүүдэд ариун ёслол түгээхэд тусалсныхаа дараа Иосеф Смит, Оливер Каудери хоёр ариун сүмийн хөшигний ард нам гүм газар олон, толгой бөхийн чимээгүй залбирч байв. Тэгэхэд Христэд итгэгчид хаа сайгүй Есүс Христийн Амилалтыг тэмдэглэн өнгөрүүлж байсан тэр ариун өдөр Амилсан Аврагч Өөрөө Өөрийнхөө ариун сүмд үзэгдэж, “Бибээр амьдардаг тэрээр болой, би бол алагдсан тэрбээр бөлгөө” (Сургаал ба Гэрээ 110:4) хэмээн тунхагласан билээ.
Есүс Христ бол “амьдардаг тэрээр болой” гэсэн нь юу гэсэн үг вэ? Энэ нь Тэр зөвхөн гурав дахь өдөр нь булшнаас босож, Галилын дагалдагчдадаа үзэгдсэн гэсэн үг биш юм. Энэ нь Тэр өнөөдөр ч гэсэн амьдарч байгаа гэсэн үг. Тэр өнөөдөр бошиглогчдоороо дамжуулан ярьдаг. Тэр өнөөдөр Өөрийн Сүмийг удирддаг. Тэр өнөөдөр шархалсан сэтгэл, эмтэрсэн зүрхийг анагаадаг. Тиймээс бид Иосеф Смитийн дараах хүчирхэг гэрчлэлийг давтаж чадна. “Түүний талаар өгөгдсөн олон гэрчлэлийн дараа, энэ бол түүний талаар бидний өгөх, хамгийн сүүлчийн гэрчлэл юм: Тэр амьд бөлгөө!” (Сургаал ба Гэрээ 76:22.) Бид эдгээр илчлэлтээс Түүний дуу хоолойг олж сонсож чадна. Бид өөрсдийн амьдрал дахь Түүний мутрыг олж харж чадна. Бид бүхэн ‘Гэтэлгэгч амьдыг мэднэ’ гэсэн энэ өгүүлбэрээс агуу баяр баяслыг мэдэрч чадна!” (Сүмийн болон Хүүхдийн дууны ном, х. 40).
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Сургаал ба Гэрээ 29:5; 38:7; 62:1; 76:11–14, 20–24; 110:1–10
Есүс Христ амьд.
Бошиглогч Иосеф Смит амилсан Аврагчийг олонтоо харсны хоёр нь Сургаал ба Гэрээнд цэдэглэгдсэн байдаг. Таныг 76:11–14, 20–24; 110:1–10-р хэсгүүдийг унших үед Иосеф Смитийн гэрчлэлийн юу нь таны сэтгэлийг хөдөлгөсөн бэ? Танд түүний гэрчлэл яагаад үнэ цэнтэй вэ?
Сургаал ба Гэрээн дээр Аврагч Өөрийн зорилго болон бурханлаг байдлын тухай гэрчилсэн. Та Сургаал ба Гэрээ 29:5; 38:7; 62:1 дээрх Түүний үгсээс амьд Христийн талаар юу мэдэж авсан бэ? Та Сургаал ба Гэрээг судлах явцдаа эдгээртэй адил тунхгуудыг бичиж болно.
Мөн Иосеф Смит—Түүх 1:17-г үзнэ үү.
Сургаал ба Гэрээ 29:26–27; 42:45–46; 63:49; 88:14–17, 27–31; 93:33–34
Есүс Христийн ачаар би амилна.
Иосеф Смит хайртай хүнийхээ үхэлд гашуудах ямар байдгийг мэддэг байсан. Ах Алвин, дүү Дон Карлос хоёр нь бага залуудаа нас барсан юм. Иосеф, Эмма нар хоёр ой хүрээгүй байхдаа эндсэн нийт зургаан хүүхдээ оршуулж байжээ. Гэвч Иосеф өөрийн хүлээн авсан илчлэлтээс үхэл ба Бурханы мөнхийн төлөвлөгөөний талаар мөнхийн ойлголтуудыг олж авав. Сургаал ба Гэрээ 29:26–27; 42:45–46; 63:49; 88:14–17, 27–31; 93:33–34 дээр илчлэгдсэн үнэнүүдийг тунгаан бод. Эдгээр илчлэлт таны үхлийг харах өнцөгт хэрхэн нөлөөлөх вэ? Эдгээр нь таны амьдрах хэв маягт хэрхэн нөлөөлж болох вэ?
Мөн 1 Коринт 15; М.Рассэлл Баллард, “Нас барагсдын гэтэлгэлийн тухай үзэгдэл,” эсвэл 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 61–65; Сүмийн ерөнхийлөгчдийн сургаал: Иосеф Смит (2007), 195-ыг тус тус үзнэ үү.
Сургаал ба Гэрээ 18:10–13; 19:16–19; 45:3–5; 76:69–70
Есүс Христ “төгс цагаатгалыг” гүйцэлдүүлсэн.
Христийн амилсны баярын үеэр Аврагч дээр анхаарлаа хандуулах нэг арга зам бол Сургаал ба Гэрээнээс Түүний цагаатгах золиосын талаар зааж буй илчлэлтүүдийг судлах явдал юм. Эдгээрийн заримыг Сургаал ба Гэрээ 18:10–13; 19:16–19; 45:3–5; 76:69–70 дээрээс олж болно. Та энэ хэдэн шүлгээс олж мэдсэн Аврагчийн Цагаатгалын талаарх үнэнүүдээ жагсаан бичиж болно. Судраа илүү гүнзгий судлахын тулд “Цагаатгах, Цагаатгал” (Судруудын удирдамж, scriptures.ChurchofJesusChrist.org) дээрх судрын хэсгүүдийг судлах замаар жагсаалтаа арвижуулж болно.
Таныг судраас судлахад чиглүүлэх асуултууд:
-
Есүс Христ яагаад зовж шаналахыг сонгосон бэ?
-
Би Түүний золиосын адислалуудыг хүлээн авахын тулд юу хийх ёстой вэ?
-
Түүний Цагаатгал амьдралд минь нөлөөлж байгаа эсэхийг би хэрхэн мэдэх вэ?
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
-
Ерөнхий чуулган.Энэ жилийн Ерөнхий чуулган Христийн амилсны баярын ням гаргаар тохиож байгаа тул та чуулганы захиасууд (бас дууллууд) Есүс Христийн талаарх танай гэрийнхний гэрчлэлийг хэрхэн өсгөн нэмэгдүүлж болох тухай бодож үзэж болно. Жишээ нь, бага насны хүүхдүүд Есүс Христийн тухай захиас эсвэл дууг сонсохдоо Аврагчийн зургийг зурж эсвэл Түүний зургийг өргөж болно. Бусад гишүүн Аврагчийн талаар сонссон үнэнүүдийнхээ жагсаалтыг гаргаж болно. Дараа нь гэр бүлийн гишүүд зурсан зургаа эсвэл гаргасан жагсаалтаа болон Есүс Христийн тухай гэрчлэлүүдээ хуваалцаж болно.
-
Сургаал ба Гэрээ 88:14–17; 138:17, 50.Үхэх, амилуулагдах гэдэг нь юу гэсэн үг болохыг тайлбарлахын тулд гар, бээлий зэрэг бие махбод, сүнс хоёр салж, дараа нь нэгдэн нийлдгийг харуулах зүйрлэл эсвэл үзүүлэнт хичээлийн талаар бодох нь танай гэр бүлд таатай санагдаж болох юм. Эдгээр шүлэг Аврагчийн бидний төлөө хийсэн бүхэнд талархах талархлыг маань хэрхэн нэмэгдүүлэх вэ?
-
“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл.”Аврагчийн тухай орчин үеийн бошиглогчдын гэрчлэлийн талаар ярилцлага өрнүүлэхийн тулд та гэр бүлийн гишүүн болгондоо “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл” (Ensign эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, нүүрний дотор талын хавтас)-ийн нэг хэсгийг уншихыг даалгаж болно. Түүнчлэн та “Apostle Testimony Montage” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзүүлж болно. Бидний сэтгэлийг өдөөсөн ямар үнэнүүдийг бид олж чадах вэ?
-
“Гэтэлгэгч минь амьдыг би мэднэ.”Амилсан Аврагч өнөөдөр биднийг олон арга замаар адисалж байгааг ойлгоход нь гэр бүлдээ туслахын тулд “Би Гэтэлгэгч амьдыг мэднэ” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу х. 38) дууллыг хамтдаа дуулж, энэ дуунд заагдсан үнэнүүдийг дараах судруудын үнэнүүдтэй холбож болно. Үүнд: Сургаал ба Гэрээ 6:34; 45:3–5; 84:77; 98:18; 138:23. Танай гэр бүлийнхэнд Гэтэлгэгчийнхээ амьдыг өөрсдөө хэрхэн мэддэг болсноо илэрхийлж, нэмэлт бадгуудыг бичих нь таалагдаж болох юм.
Христийн амилсны баярын видео бичлэг болон бусад материалыг авах бол Easter.ComeUntoChrist.org-ыг үзнэ үү.
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Есүс амилсан,” Хүүхдийн дууны ном, 44.