Сургаал ба Гэрээнүүд 2021
4-р сарын 5-аас 4-р сарын 11. Сургаал ба Гэрээ 30–36: “Чи миний сайн мэдээг номлохоор дуудагдсан билээ”


“4-р сарын 5-аас 4-р сарын 11. Сургаал ба Гэрээ 30–36: ‘Чи миний сайн мэдээг номлохоор дуудагдсан билээ,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“4-р сарын 5-аас 4-р сарын 11. Сургаал ба Гэрээ 30–36,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021

Эхэн үеийн Сүмийн номлогчид

4-р сарын 5-аас 4-р сарын 11

Сургаал ба Гэрээ 30–36

“Чи миний сайн мэдээг номлохоор дуудагдсан билээ”

Бид өөр өөрсдийн нөхцөл байдалд тохируулан судраас сүнслэг удирдамж авч чадна. Сургаал ба Гэрээ 30–36 дээрээс өөртөө зориулсан захиасыг олоход туслахыг Их Эзэнээс гуй.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Парлей П.Пратт сайн мэдээг номлохоор аглаг буйдад дуудагдах үедээ (Сургаал ба Гэрээ 32:2) Сүмийн гишүүн болоод нэг сар болсон байв. Томас Б.Маршид “номлолын чинь цаг ирлээ” (Сургаал ба Гэрээ 31:3) хэмээн хэлэх үед тэрээр Сүмийн гишүүн болоод сар ч болоогүй байв. Орсон Пратт, Эдвард Партриж болон бусад олон хүний хувьд ч мөн адил номлолын дуудлага нь ирэх үед дөнгөж баптисм хүртээд байлаа. 1830 оны намар хэн ч Сүмийн гишүүн болоод зургаагаас дээш сар болоогүй байсан тул энэ л зайлшгүй шаардлагатай цаг хугацаа байсан байх. Гэвч бид ч гэсэн өнөөдөр энэ загвараас ямар нэг сургамж авууштай. Хэрэв та баптисмаар дамжуулан сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахуйц хангалттай ихийг мэдэж байгаа л бол үүнийгээ бусадтай хуваалцах хангалттай ихийг мэдэж байна гэсэн үг юм. Мэдээж бид үргэлж сайн мэдээний мэдлэгээ сайжруулахыг хүсдэг хэдий ч Бурхан “эрдэмд боловсроогүй тэднийг” (Сургаал ба Гэрээ 35:13) Өөрийн сайн мэдээг номлуулахаар дуудахдаа хэзээ ч эргэлзэж байгаагүй. Үнэндээ Тэр бид бүхнийг “миний сайн мэдээг тунхаглахын тулд чи амаа нээ” (Сургаал ба Гэрээ 30:5) хэмээн урьдаг. Бид үүнийг өөрсдийн мэргэн ухаанаар болон туршлагаар бус, харин “Сүнсний хүчээр” (Сургаал ба Гэрээ 35:13) хийдэг.

Түүнчлэн “The Faith and Fall of Thomas Marsh,” “Ezra Thayer: From Skeptic to Believer,” “Orson Pratt’s Call to Serve,” Revelations in Context, 54–69-ийг үзнэ үү.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 30–36

Би Есүс Христийн сайн мэдээг номлохоор дуудагдсан.

Номлогч байх албан ёсны дуудлагаас үл хамааран Их Эзэн таныг Өөрийнх нь сайн мэдээг хуваалцаасай хэмээн хүсдэг. Энэ эриний эхэн үеийн номлогчдод хандсан Түүний ихэнх үгс танд ч бас хамаатай. Та Сургаал ба Гэрээ 30–36-г судалж байхдаа, сайн мэдээг номлох дуудлагын талаар мэдэж авсан зүйлээ тэмдэглээрэй. Та Их Эзэний Өөрийн номлогчдоос хүсэн хүлээдэг зүйлсийн жагсаалтыг (жишээ нь, Сургаал ба Гэрээ 30:8-ыг үзнэ үү), Их Эзэний тэдэнд амласан зүйлсийн өөр нэг жагсаалтын хамт гаргаж болно (жишээ нь, Сургаал ба Гэрээ 30:11-ийг үзнэ үү).

Эдгээр шүлэг нь номлолд эсвэл Сүмийн үйлчлэлийн номлолд одоо үйлчилж байгаа юм уу үйлчлэхээр бэлтгэж байгаа таньдаг хүнийг тань хэрхэн урамшуулж болох вэ? Сайн мэдээг хуваалцахад тань зоригжуулах юуг та олж мэдсэн бэ?

Мөн Сургаал ба Гэрээ 35:13–15; Рассэлл М.Нэлсон болон Вэнди В.Нэлсон, “Израилын найдвар” (өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3), HopeofIsrael.ChurchofJesusChrist.org; Сильвия Х.Оолред, “Иймээс яв та нар,” Ensign эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 12–14-ийг тус тус үзнэ үү.

Номлогчид хичээл зааж байгаа нь

Бид бүгд Есүс Христийн Сүмийн номлогчид.

Сургаал ба Гэрээ 31:1–2, 5–6, 9, 13

Их Эзэн надад гэр бүлтэйгээ харилцахад тусалдаг.

1830-аад оны гэр бүлүүдэд өнөөгийн бидэнд тулгамдаж байгаа шиг олон асуудал тулгардаг байсан. Их Эзэн Томас Б.Маршид гэр бүлийнх нь талаар ямар удирдамж, амлалтуудыг өгсөн бэ? Түүний үгс гэр бүлийн тань харилцаанд хэрхэн тус болж чадах вэ?

Томас Маршийн тухай илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл Гэгээнтнүүд, 1:79–80, 119–120-ийг үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 3235

Леменчүүдэд хийсэн номлол бүтэлгүйтсэн үү?

Оливер Каудери, Бага Петр Витмер, Парлей П.Пратт, Зиба Петерсон нар Миссуригийн хойд хэсэгт Америкийн индианчуудад номлохоор томилогдохдоо, леменчүүд хожмын үед сайн мэдээг хүлээн авна гэсэн Мормоны Номын бошиглолыг биелүүлж байгаадаа итгэлтэй байв (жишээ нь, 1 Нифай 13:34–41; Инос 1:11–18-ыг үзнэ үү). Номлолынхоо төгсгөлд тэд зарим хэсэгтэй нь сайн харилцаатай болсон байсан ч нэг ч америкийн индианд баптисм хүртээгээгүй байлаа. Гэвч тэд Миссурид хүрэх замдаа саатаж, Огайогийн Көртландын ойр хавиар зуу гаран хүнд баптисм хүртээв. Энэ хөрвөгчдийн дунд Сидней Ригдон гэх мэт Сүмийн ирээдүйн нөлөө бүхий удирдагчид байсан төдийгүй Көртланд хожим нь Сүмийн чухал цугларах газар болсон юм. Их Эзэн Өөрийн ажлыг хэрхэн гүйцэлдүүлдэг тухай энэ туршлага бидэнд юу зааж байна вэ?

Түүнчлэн “A Mission to the Lamanites,” Revelations in Context, 45–49-ийг үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 33:12–18

Хэрэв би өөрийн амьдралыг Аврагчийн сайн мэдээн дээр босговол унахгүй.

Сургаал ба Гэрээ 33 нь дөнгөж хөрвөгдөөд байсан Нортроп Свеет, Эзра Тайре хоёрт хандсан байв. Нортроп энэ илчлэлт өгөгдсөний дараа удалгүй Сүмийг орхин явжээ. Эзра хэсэг хугацаанд итгэлтэй үйлчилсэн боловч сүүлдээ бас харагдахаа болив. Энэ нь таны сайн мэдээний “хадан дээр” (13-р шүлэг) хэр сайн баригдсаныг дүгнэх сайхан боломж байж болох юм. Эдгээр шүлэг дээрх ямар үнэнүүд Аврагчид итгэлтэй хэвээр үлдэхэд тань тусалж чадах вэ?

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 30:2.Бид гэр бүлээрээ “дэлхийн эд зүйлээс” илүүтэй Бурханы зүйлүүд дээр анхаарлаа хандуулахдаа хэр байгаа вэ?

Сургаал ба Гэрээ 31.Та нар Томас Б.Маршид гэр бүлийнх нь талаар өгсөн Их Эзэний амлалтыг уншихдаа, номлолын ажлын ачаар гэр бүлд тань ирсэн адислалуудын талаар ярилцаж болно. Та бас үүнтэй холбоотой “Хаа дуудсан ч би үйлчлэх болно” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х. 46) гэх мэт дууллыг дуулж болно. Сайн мэдээг бусадтай хуваалцсанаар амьдрал тань хэрхэн адислагдсан бэ?

Сургаал ба Гэрээ 33:7–10.Их Эзэн сайн мэдээнээс хуваалцах талаар эдгээр шүлэгт тайлбарлахдаа ямар дүрслэл ашигласан бэ? Танай гэр бүл өөр ямар дүрслэл эсвэл зүйрлэл ашиглаж болох вэ? Эдгээр дүрслэл нь танай гэр бүлд сайн мэдээг хуваалцах бүтээлч арга замуудын талаар бодож үзэхэд тусалж болох юм. Ингэж ярилцах нь дараа нь сайн мэдээг хуваалцах төлөвлөгөө гаргахад таныг чиглүүлж болно. Зарим боломжтой нөхцөл байдлыг жүжигчлэн үзүүлэхийг бод.

Сургаал ба Гэрээ 34:10.10-р шүлгээс нэг хэллэг сонгон авч, гэр бүлийнхээ нэг гишүүнийг шивнэж хэлэхэд урь. Бусад нь уг хэллэгийг таах гэж хичээнэ. Дараа нь нөгөө гишүүнээр хэллэгийг чанга хэлүүл. Энэ үйл ажиллагаа Их Эзэн бидэнд яагаад “дуу хоолойгоо өргөх” ёстой хэмээн зарлигласныг ойлгоход хэрхэн тусалдаг вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Номлогчийн ажилд дуудаасай,” Хүүхдийн дууны ном, 91.

Сэргээлтийн дуу хоолой шигтгээ зураг

Сэргээлтийн дуу хоолой

Эхэн үеийн хөрвөгчид

Их Эзэн Сүмийг зохион байгуулагдахаас өмнө “Талбай нь цагаан хадахад бэлэн байна” (Сургаал ба Гэрээ 4:4) хэмээн тунхагласан. Энэ мэдэгдэл дараагийн хэдэн сард үнэнийг эрэлхийлсэн олон хүн Есүс Христийн сэргээгдсэн Сүмийг олохоор Бурханы Сүнсээр хөтлөгдөх үед үнэн болох нь батлагдсан юм.

Эдгээр эхэн үеийн хөрвөгчдөөс олон хүн Сэргээлтийн үндсийг тавихад зэмсэг болсон бөгөөд тэдний хөрвөгдсөн түүхүүд өнөөгийн бидэнд үнэ цэнтэй юм. Тэдний үзүүлсэн итгэл Есүс Христийн сайн мэдээнд хөрвөгдөхөд бидэнд хэрэгтэй тэрхүү итгэл юм.

Абигаил Калкинс Леонард

Абигаил Калкинс Леонард гучин хэдтэй байхдаа нүглүүдээсээ өршөөгдөхийг хүсэх болов. Тэр үе үе Библи уншдаг, тэднийд Христийн сүмээс хүмүүс айлчлан ирдэг байсан ч сүмүүдийг юу ийм ялгаатай болгоод байгааг гайхдаг байв. “Нэг өглөө Библиэ авч, ойд очоод, өвдөг сөгдөн суусан” гэж тэр хэллээ. Тэр Их Эзэнд хандан хүчтэй залбирсан байв. “Гэнэт би үзэгдэл үзэж, олон өөр сүм миний дэргэдүүр өнгөрч: ‘Эдгээр нь ашгийн төлөө байгуулагдсан’ гэх дуу хоолой надад сонсогдсон гэж тэр хэлэв. Дараа нь би холоос агуу гэрлийг олж харсан ба дээрээс нэгэн дуу хоолой гарч, ‘Би өөрийн гэх мөн адислахдаа баяртай байх хүмүүсээ босгох болно’ хэмээв.” Удалгүй Абигаил Мормоны Номын тухай сонсжээ. Түүнд ном байгаагүй ч түүнийг “энэ номын үнэнийг, Ариун Сүнсний бэлэг болон хүчээр мэдэж авахаар” эрэлхийлэхэд тэр даруй “номны байгаа нь мэдрэгджээ.” Дараа нь Мормоны Номыг унших боломжтой болоход тэр “үүнийг хүлээн авахад” бэлэн болсон байлаа. Тэрээр нөхөр Лаймантайгаа 1831 онд баптисм хүртсэн.1

Томас Б.Марш

Томас Б.Марш залуудаа Библийг судалж, Христийн сүмд нэгдсэн байна. Гэвч тэр сэтгэл хангалуун байгаагүй тул сүүлдээ бүх сүмээс татгалзаж байв. “Надад бошиглолын сүнсний нэгээхэн хэсэг өгөгдсөн байсан ба би [шашны удирдагчдад] цэвэр ариунаар үнэнийг цогцлоох шинэ сүм байгуулагдана гэж бодож байгаагаа хэлсэн” гэж тэр хэлэв. Үүнээс хойш удалгүй Томас Масачусеттсийн Бостон дахь гэрээ орхин, баруун зүг рүү аялах сүнслэг өдөөлт хүлээн авчээ. Нью-Йоркийн баруун зүгээс хайсан зүйлээ ололгүй гурван сар болсны эцэст тэрээр харихаар болов. Замд нь нэг эмэгтэй Томасаас “Иосеф Смит гэдэг хүүгийн олсон Алтан Номны” талаар сонссон эсэхийг асуужээ. Энэ тухай бодолд автсан Томас тэр даруй Палмира явж, Мормоны Номын эхний 16 хуудсыг дөнгөж хэвлэлтээс гарч байхад, хэвлэх үйлдвэр дээр Мартин Харристай уулзсан байна. Томаст эдгээр 16 хуудаснаас өгөхөд, тэр эдгээрийг гэртээ авчран, эхнэр Элизабетдаа өгчээ. “Эхнэр маань уг номыг Бурханы ажил гэж үзэн, ихэд баяртай байсан” хэмээн тэр дурсан өгүүлсэн байдаг. Томас, Элизабет хоёр дараа нь хүүхдүүдтэйгээ хамт Нью-Йорк руу нүүж, баптисм хүртсэн байна.2 (Томас Б.Маршийн талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл Сургаал ба Гэрээ 31-ийг үзнэ үү.)

Парлей, Танкфүл Прат хоёр

Томас Маршийн нэгэн адил Парлей, Танкфүл Прат хоёр ч бас энэ зүйлийг Библиэс ойлгомогцоо сайн мэдээг номлох хүсэлдээ хөтлөгдөн Огайо дахь өөрсдийн цэцэглэж буй фермийн аж ахуйгаа орхин явах сүнслэг өдөөлтөд хариулсан юм. “Эдгээрийн зорилго миний оюун бодлыг хүчтэй эзэмдэх болсон тул би зүгээр сууж чадахаа больсон”3 хэмээн Парлей ахдаа хэлсэн байна. Тэднийг Нью-Йоркийн зүүн хэсэгт ирэхэд Парлей тэнд нэг хэсэгтээ үлдэх сүнслэг өдөөлтийг хүлээн авав. Тэд Танкфүлыг ганцааранг нь явуулахаар шийджээ. Парлей эхнэртээ “надад энэ газар хийх ажил байна, юу болохыг нь бас хэр удахыг мэдэхгүй байгаа ч, дуусгаад харья”4 гэв. Энэ бол Парлейгийн Мормоны Номын талаар анх сонссон газар байв. “Би энэ номд хачин их дурлаж билээ”5 гэж тэр хэлсэн юм. Тэр уг номыг аваад, шөнөжин уншжээ. Өглөө нь тэр номын үнэнийг мэддэг болж, “дэлхийн бүх эд баялгаас илүүгээр“ үнэлэх болсон байв.”6 Парлей хэдхэн өдрийн дотор баптисм хүртэв. Тэр дараа нь Танкфүл дээр очиж, тэр ч бас баптисм хүртжээ. (Парлей П.Праттын талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл Сургаал ба Гэрээ 32-ыг үзнэ үү.)

Парлей П.Пратт

Парлей П.Праттын зургийг Жэффри Хэйн авав

Сидней, Феб Ригдон хоёр

Парлей Пратт Нью-Йоркоос Миссурид хийх номлолдоо явж байхдаа хамтран хөдөлмөрлөгчдийнхөө хамт Огайогийн Менторт, Парлейгийн Огайод байхаасаа мэддэг болсон Сидней, Феб Ригдон хэмээх хуучны хоёр найзынхаараа саатжээ. Сидней Христийн санваартан байсан ба Парлей урьд нь түүний цуглааны гишүүн байж, түүнийг сүнслэг байдлынхаа зөвлөх хэмээн үздэг байв. Парлей найзууддаа Мормоны Ном болон Есүс Христийн сайн мэдээний сэргээлтийн талаар ихэд баяртай ярьж өгөв. Сидней өөрөө Шинэ Гэрээн дээр тайлбарласан байгаагаар үнэн Сүмийн сэргээлтийг хайж байсан боловч эхэндээ Мормоны Номын талаар эргэлзэж байв. “Гэвч би чиний номыг уншиж үзээд, үүнийг Бурханы илчлэлтээр ирсэн эсэхийг мэдэхийг хичээнэ”7 гэж тэр өөрийн найз Парлейд хэлжээ. Хоёр долоо хоног судалж, залбирсны эцэст Феб тэр хоёр хоёул энэ номын үнэнд итгэсэн байв. Гэвч сүмд нэгдэх нь гэр бүлийнх нь хувьд том золиос болно гэдгийг Сидней мэдэж байсан юм. Тэр санваартны ажлаа болон орон нутаг дахь нийгмийн байр сууриа гарцаагүй алдахаар байв. Феб тэр хоёр энэ тухай ярилцсаны дараа Феб “Би эрсдэлээ тооцоолсон, … Бурханы хүслийг биелүүлэх нь миний хүсэл, үхвэл үхэг, амьдарвал амьдраг”8 гэжээ.

Цасан дээр алхаж байгаа хүмүүс

Аглаг буйд руу яв, Робэрт T.Баррэтт