“4-р сарын 5–11. Сургаал ба Гэрээ 30–36: ‘Чи миний сайн мэдээг номлохоор дуудагдсан билээ,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“4-р сарын 5–11. Сургаал ба Гэрээ 30–36,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021
4-р сарын 5–11
Сургаал ба Гэрээ 30–36
“Чи миний сайн мэдээг номлохоор дуудагдсан билээ”
Та Сургаал ба Гэрээ 30–36-г залбирч судлах үедээ ангийн хүүхдүүдээ бодох юм бол тэдэнд хэрхэн заах талаарх санаануудыг Сүнс танд өгч магадгүй. Нэмэлт санаануудыг энэхүү тоймоос олж мэд.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Номлогчдын зургийг дээш барин харуулаад, номлолын ажлын талаар мэддэг зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Би Есүс Христийн сайн мэдээг хуваалцаж чадна.
Бага насны хүүхдүүд хүртэл Есүс Христийн сайн мэдээний тухай гэрчлэлээ хуваалцаж чадна. Та тэднийг ийн үйлдэхэд урамшуулахын тулд эдгээр шүлгийг хэрхэн ашиглаж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдийг “Бурхан чамд хайртай” гэдэг үгийг амаа нээхгүйгээр хэлэх гэж оролдоход урь. Бид амаа нээхгүй бол сайн мэдээний талаар хүмүүст зааж чадахгүй гэдгийг онцлон хэл. Сургаал ба Гэрээ 33:8–10-ыг уншаад, хүүхдүүдийг “амаа нээгтүн” гэдэг үгийг сонсох бүрдээ амаа нээхэд урь. Тэнгэрлэг Эцэг яагаад биднээс амаа нээж, бусадтай сайн мэдээг хуваалцаасай гэж хүсдэг вэ?
-
“Иосеф Смит Бурханы бошиглогч байсан” гэх мэт ямар нэгэн зүйлийг хүүхдүүдэд маш аяархнаар шивнэн хэлээд, таны хэлснийг давтан хэлэхийг тэднээс хүс. Дараа нь уг хэлсэн зүйлээ чангаар хэл. Сургаал ба Гэрээ 33:2-ыг унш. “Дуу хоолойгоо өргө[х]” гэдэг нь Есүс Христ, Мормоны Ном, сайн мэдээний бусад үнэн зэргийн талаар бусдад хэлэхээс айхгүй байхыг хэлдэг гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал.
-
Цаасан хүүхэлдэй юм уу хүмүүсийн зургийг өрөөнд хаа сайгүй байрлуул. Хүүхдүүдийг тэдгээрийг олж, өрөөний урд хэсэгт цуглуулахад урь. Сургаал ба Гэрээ 33:6-г уншаад, Их Эзэн “[Өөрийн] сонгосон хүмүүсийг цуглуулах” болно гэдэг нь юу гэсэн утгатай болохыг тайлбарла. Бид сайн мэдээг хуваалцсанаар Их Эзэнд хүмүүсийг цуглуулахад нь тусалж чадна гэдгийг гэрчил.
-
“Би яг одоо номлогч болохыг хүсэж байна” (Хүүхдийн дууны ном, 90) зэрэг сайн мэдээг хуваалцах тухай дууг дуул. Есүс Христийн талаар суралцахад бусад хүнд тусалж чадах арга замуудыг бодоход хүүхдүүдэд тусал.
Би Есүс Христийн сайн мэдээн дээр амьдралаа босгож чадна.
Эзра Тайре, Нортроп Свеет хоёрт өгсөн Их Эзэний зөвлөгөө таны заадаг хүүхдүүдэд амьдралаа Есүс Христийн сайн мэдээн дээр босгоход тусална.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдэд барилгын суурийн зураг харуулаад, дүрслэхийг тэднээс хүс. Яагаад барилгад чанартай, бат бөх суурь хэрэгтэй байдаг вэ? Сургаал ба Гэрээ 33:12–13-ыг хүүхдүүдтэй хамт уншаад, Их Эзэн биднийг Өөрийнх нь сайн мэдээн дээр амьдралаа барьж байгуулаасай хэмээн хүсдэгийг тайлбарлан хэл. Есүс Христийн сайн мэдээн дээр амьдралаа босгох зарим арга замыг бодож олоход хүүхдүүдэд тусал.
-
Шоо, хуванцар аяга зэрэг цамхаг барьж болохуйц зүйлсийг хүүхдүүдэд өг. Тэдгээр зүйл тус бүр дээр Сургаал ба Гэрээ 33:14–17-д Их Эзэний хэлсэн зүйлсийг төлөөлөх зургийг наа. Амьдралаа Есүс Христийн сайн мэдээн дээр босгоход эдгээр зүйл хэрхэн туслах талаар ярих үед тань цамхаг барихад хүүхдүүдийг урь.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Би дэлхийн зүйлсээс илүү Бурханы зүйлсэд анхаарлаа хандуулах ёстой.
Их Эзэний Давид Витмерт өгсөн, 30-р хэсэг дэх зөвлөгөө таны заадаг хүүхдүүдэд Есүс Христийн сургаалд үнэнч хэвээр үлдэхэд тусална.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Сургаал ба Гэрээ 30:1-ийг хамтдаа уншиж, Их Эзэний Давид Витмерт өгсөн зөвлөгөөг өөрийнхөө үгээр товч ярихыг хүүхдүүдээс хүс. Бид хийх ёстой гэж мэддэг зүйлээ хийхийн оронд хэрхэн заримдаа “хүнээс эмээх” эсвэл бусад хүний бодох зүйлд санаа зовж болох вэ?
-
Хүүхдүүдээс ангийн бүх хүүхдийн нэрийг бичиж байхдаа итгэлийн тунхгаас цээжээр унших гэх мэт хоёр үүрэг даалгаврыг нэгэн зэрэг хийхийг оролдоод үзэхийг хүс. Эхний даалгаварт төвлөрөхөд яагаад хэцүү байсныг тэднээс асуу. Есүс Христ болон Түүний сайн мэдээг дурсан санахад бидэнд саад болдог зарим “дэлхийн зүйлүүд” (Сургаал ба Гэрээ 30:2) юу вэ? Бид хэрхэн ач холбогдол багатай зүйлс дээр бус, Түүн дээр анхаарлаа төвлөрүүлэх вэ?
Би Есүс Христийн сайн мэдээг хуваалцаж чадна.
Сүмийн ихэнх хүүхэд бүрэн цагийн эсвэл үйлчлэлийн номлолд үйлчлэхийг тэсэн ядан хүлээдэг. 30–34-р хэсэгт бичигдсэн номлогчдын туршлагууд тэдэнд бэлтгэхэд нь тусална.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Тойргийн нэгэн гишүүнийг Сургаал ба Гэрээ 30–34 дээр дурдагдсан нэг номлогчийн талаар судалж мэдээд, сурч мэдсэн зүйлээ хүүхдүүдтэй хуваалцахад урь (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын “Сэргээлтийн дуу хоолой: Эхэн үеийн хөрвөгчид” эсвэл “The Faith and Fall of Thomas Marsh,” “Ezra Thayer: From Skeptic to Believer,” “Orson Pratt’s Call to Serve,” Revelations in Context, 54–69-ийг үзнэ үү).
-
Самбар дээр том ам зураад, Сургаал ба Гэрээ 33:8–10-аас биднийг амаа нээж, сайн мэдээг хуваалцах үед Их Эзэний амласан зүйлийг олж мэдэхэд хүүхдүүдэд тусал. Хүүхдүүдээр эдгээр амлалтыг самбарт бичүүлж, юу гэсэн утгатай болохыг нь ойлгоход тусал. Зурсан аман дотроо өөрсдийнхөө бусадтай хуваалцах сайн мэдээний үнэнийг бичихийг хүүхэд бүрээс хүс.
-
Бүрээний зургийг үзүүлж, сайн мэдээг номлохдоо дуу хоолойгоо “бүрээн дуу мэт” өргөнө гэдэг нь ямар утгатай болохыг ярилц. Бид дуу хоолойгоо хэрхэн “өргөх” вэ? (Сургаал ба Гэрээ 33:2; 34:6).
-
Хэзээ нэгэн цагт номлолд үйлчлэхийн тулд хэрхэн бэлдэж байгаагаа хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Хэрэв тэд яг одоо үйлчилж байгаа хэн нэгнийг (гэр бүлийн гишүүн байж болно) мэддэг бол уг хүнийг туршлагаасаа ярьж өгөхөд урьж болно. Эсвэл номлогчид, эргэж ирсэн номлогч, номлолд явахаар бэлдэж байгаа хэн нэгнийг номлолын ажлын урам зоригоо хуваалцахад урь. Сайн мэдээг хуваалцдаг туршлагаасаа, тэр дундаа өдөр тутмын амьдралынхаа туршлагаас хуваалц.
Би Есүс Христийн сайн мэдээн дээр амьдралаа босгож чадна.
Хэрвээ хүүхдүүд амьдралаа Есүс Христийн сайн мэдээн дээр хэрхэн босгохыг бага наснаасаа сурч мэдвэл Түүнд үнэнч хэвээр үлдэх магадлал өндөр байдаг. Эдгээр шүлэгт өгсөн зөвлөгөө тэдэнд тусална.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Чихмэл тоглоом, порлон, баримлын шавар, чулуу гэх мэт өөр өөр хатуу чанартай зүйлсийг ангид авчирч, хүүхдүүдэд эдгээр зүйлийг нэг бүрчлэн барьж үзэхийг зөвшөөр. Их Эзэн Өөрийн сайн мэдээг хэрхэн дүрсэлснийг олж мэдэхийн тулд Сургаал ба Гэрээ 33:12–13-ыг харахыг тэднээс хүс. Яагаад “хад” сайн мэдээг дүрслэхэд тохирох үг вэ? Бид хэрхэн сайн мэдээний хадан дээр амьдралаа босгож болох вэ?
-
Хүүхдүүдэд Сургаал ба Гэрээ 33:12–17-г уншаад, амьдралаа Есүс Христийн сайн мэдээн дээр босгохын тулд хийж чадах зүйлсээ олоход тусал. Хүүхдүүдийг олсон зүйлийнхээ зургийг зурахад урьж, бие биеийнхээ зурган дээр харуулсан зүйлийг таах боломж олго.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Өнөөдөр Хүүхдийн хэсэгт сурсан зүйлээ гэрийнхэнтэйгээ хуваалцаж, номлогч шиг байхад хүүхдүүдийг урь.