“4-р сарын 12–18. Сургаал ба Гэрээ 37–40: ‘Хэрэв та нар нэг байхгүй аваас, та нар минийх биш болой,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“4-р сарын 12–18. Сургаал ба Гэрээ 37–40,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021
4-р сарын 12–18
Сургаал ба Гэрээ 37–40
“Хэрэв та нар нэг байхгүй аваас, та нар минийх биш болой”
Танай ангийн хүүхдүүд юу сурах хэрэгтэй байгааг Бурхан мэддэг. Тэдэнд заахад туслах зарчим, үйл ажиллагаануудыг сонгоход таныг удирдан хөтлөх боломжийг Түүнд олго.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Судруудыг тараан өг. Хүүхэд бүрийг судар авсны дараа өнгөрсөн долоо хоногийн хичээлээс эсвэл энэ долоо хоногт гэртээ уншсан судраасаа санаж буй нэг зүйлээ хуваалцах боломжийг нэг хүүхдэд олго.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Би бусдыг хайрлаж чадна.
Их Эзэн гэгээнтнүүдийг Огайод хамтдаа цугларч, бие биенээ эрх тэгш хайрлаасай хэмээн хүссэн. Та хүүхдүүдэд бусадтай эв нэгдэлтэй байж, бусдыг хайрлахад хэрхэн тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Сүм байгуулагдаад удаагүй байхад Их Эзэн гишүүдийг Огайо руу хамтдаа нүүхийг хүссэн гэдгийг энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглан харуул (мөн Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх газрын зургийг үзнэ үү). Бурхан тэднээс бие биенээ хайрлаж, эв найртай байхад суралцахыг хүсжээ. Хүүхдүүдээс хэрхэн бие биедээ хайртайгаа харуулж болох талаар санаа бодлыг нь асуу.
-
Сургаал ба Гэрээ 38:25-ыг хүүхдүүдэд уншиж өгөөд, ах эгч дүү нараа өөр шигээ хүндлэх гэдэг нь юу гэсэн үг болохыг өөрийн үгээр хэл (мөн Матай 7:12-ыг үзнэ үү). Тэдэнд “ах дүүсээ” гэдгийг нэг нэгнийхээ нэрээр сольж уг судрыг дахин уншихад тусал.
-
“Би үргэлж Тантай байх болно” (Хүүхдийн дууны ном, 78) гэх мэт бусдыг хайрлаж, оролцуулах талаар өгүүлсэн дууг дуул. Дуулахдаа дэлхийн бусад газраас ирсэн хүүхдүүдийн зургийг хүүхдүүдэд бариул.
-
Хүүхдийн хэсгийн ангид нь шинэ хүүхэд ирж буйг жүжигчлэн үзүүлэхэд хүүхдүүдэд тусал. Бид түүнд найрсаг уур амьсгалыг мэдрэхэд нь хэрхэн тусалж чадах вэ? Жүжиглэн үзүүлэхдээ хуруувчин хүүхэлдэй ба хайчилбар дүрснүүдийг ашиглавал хүүхдүүд дуртай байж болох юм.
Хэрэв би бэлтгэгдсэн бол эмээх нь үгүй.
Тэнгэрлэг Эцэгийн бидэнд айж эмээхгүй байхад тусалдаг нэг арга зам бол бидэнд бэлтгэлтэй байхыг заадаг явдал юм.
Боломжит үйл ажиллагаанууд
-
“Хэрэв та нар бэлтгэгдэх аваас, та нар эмээх нь үгүй” гэсэн үгсийг хэд хэдэн удаа давтан хэл (30-р шүлэг). Хэд хэдэн удаа хэлсний дараа үг гээж, гээгдсэн үгийг хүүхдүүдээр хэлүүл. Ямар нэг зүйлд бэлтгэлтэй байсан бөгөөд бэлтгэлтэй байх нь танд айж эмээхгүй байхад тусалсан үеийнхээ талаар хүүхдүүдэд ярьж өг.
-
Баптисм хүртэх, ариун сүм рүү явах гэх мэт Тэнгэрлэг Эцэгийн тэднээс бэлтгээсэй хэмээн хүсэж байгаа зүйлсийг бодож олоход хүүхдүүдэд тусал. Тэдэнд санаа өгөхийн тулд зураг эсвэл эд зүйл ашигла. Тэдний бэлтгэж болох арга замуудын талаар ярьж, бодсон зүйлдээ өөрсдийгөө бэлтгэх юм уу оролцож байгааг харуулсан зургийг зуруул.
Би гишүүнээр батлуулахдаа Ариун Сүнсний бэлэг хүлээн авна.
Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах талаар танай ангийн хүүхдүүд юуг ойлгох хэрэгтэй вэ? Их Эзэний Жеймс Ковиллд өгсөн энэ ёслолын тухай зааварчилгаа тус болж магадгүй.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хэн нэгний баптисм хүртэж байгаа болон гишүүнээр батлагдаж байгаа зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, х. 104, 105-ыг үзнэ үү). Сургаал ба Гэрээ 39:23-ыг уншаад, баптисм эсвэл гишүүний баталгааны тухай уншихыг тань сонсохдоо зөв зургийг заахыг хүүхдүүдээс хүс.
-
Хамтдаа Сургаал ба Гэрээ 39:6-г уншиж, Ариун Сүнсний биднийг адисалдаг арга замуудыг төлөөлсөн зургийг эсвэл эд зүйлийг хүүхдүүдэд харуул (6-р шүлэгт дурдагдсан зүйлийг оролцуулаарай). Хүүхдүүдэд ээлжлэн зураг, эд зүйлсийг барьж байгаад, Ариун Сүнс тэднийг эдгээр арга замаар хэрхэн адисалсан талаар гэрчлэлээ хуваалцах боломжийг олго. Сүнсний нөлөөллийг мэдэрсэн байж болох үеүдээ таньж мэдэхэд нь хүүхдүүдэд тусал.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Бурхан биднийг адислахын тулд цуглуулдаг.
Огайод цугларах нь эхэн үеийн олон гэгээнтний хувьд агуу золиос байсан. Өнөөдөр бидэнд нэг газар цугларах зарлиг өгөгдөөгүй бөгөөд бид гэр бүл, тойрог, гадсаараа цуглардаг.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдэд энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг эсвэл Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх газрын зургийг үзүүл. Хамтдаа Сургаал ба Гэрээ 37-г уншаад, хүүхдүүдэд уг илчлэлтэд дурдсан газруудыг газрын зураг дээр олоход нь тусал. Их Эзэн гэгээнтнүүдэд юу хийхийг зарлигласан бэ?
-
Их Эзэн яагаад Өөрийн хүмүүсийг хамтад нь цуглуулахыг хүссэнийг дүрслэн харуулсан түлхүүр үг хэллэг эсвэл өгүүлбэрийг Сургаал ба Гэрээ 38:31–33-аас сонго. Тухайн өгүүлбэрийнхээ үгсийг өрөөнд тараан байрлуулж, хүүхдүүдийг тэдгээрийг цуглуулан, зөв дарааллаар нь байрлуулж, тус өгүүлбэр шүлгүүдийн хаана нь гарч байгааг олоход урь. Яагаад Их Эзэн биднийг цуглаасай хэмээн хүсдэг вэ?
Бурхан Өөрийнхөө хүмүүсийг нэгдмэл байгаасай хэмээн хүсдэг.
Гэгээнтнүүдийг цуглуулахад бэлтгэхийн тулд Их Эзэн тэдэнд бие биедээ эрх тэгш хандаж, “нэг байхыг” (27-р шүлэг) заасан. Энэ зааварчилгаа заадаг хүүхдүүдийг тань хэрхэн адисалж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Сургаал ба Гэрээ 38:24–27-г хамтдаа уншаад, эдгээр шүлгээс чухал гэж бодсон үгсээ мөн давтагдсан үгсийг бичиж авахад хүүхдүүдийг урь. Их Эзэн яагаад эдгээр үгийг давтаж хэлсэн байж болох вэ? Тэдэнд бичсэн зүйлсээ хуваалцах боломж олгон, тэдгээр үгээс сурсан зүйлийнх нь талаар ярилц.
-
Сүмийн шинэ гишүүн байх, шинэ газар луу нүүх, сургууль шилжих зэрэг хэн нэгэн нь орхигдож магадгүй нөхцөл байдлын талаар бодоход хүүхдүүдэд тусал. Эдгээр нөхцөл байдалд бид хүмүүст хэрхэн хандах талаар Сургаал ба Гэрээ 38:24–27 юу гэж зөвлөсөн байдаг вэ? Байж болох зарим нөхцөл байдлыг жүжигчлэн үзүүл.
-
Аливаа зүйлсийг хэрхэн нийлүүлэн эсвэл нэгтгэн нэг болгож болдгийг харуулсан үзүүлэнт хичээл заа. Жишээ нь, хөнжил хийхэд ашигладаг даавууны өөдөснүүд, талхны орцонд ордог зүйлс гэх мэт. Бурханы хүмүүсийн хувьд нэг болох талаар эдгээр жишээ бидэнд юу зааж байна вэ?
Би амлалтаа биелүүлж чадна.
Жеймс Ковилл Их Эзэнийг дагахаар амласан боловч амлалтаа биелүүлээгүй. Түүний туршлагаас суралцах нь хүүхдүүдэд дуулгавартай байхын ач холбогдлыг санахад тусалж болох юм.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдийг Сургаал ба Гэрээ 39 болон 40-р хэсгийн оршлыг уншихад уриад, Жеймс Ковиллын талаар юу мэдэж авснаа үгээр эсвэл зургаар товч харуулахыг хүс.
-
Хүүхдүүдэд 40-р хэсгийг ойлгоход туслах Жеймс Ковилл юу хийнэ гэж гэрээ байгуулсан бэ? Яагаад тэр гэрээгээ сахиагүй вэ? зэрэг асуултуудыг самбарт бич. Хариултуудыг 40-р хэсгээс олоход хүүхдүүдийг урь.
-
Баптисм хүртэх үедээ өгсөн амлалтуудаа санахад хүүхдүүдэд тусал (Мозая 18:8–10-ыг үзнэ үү). Эдгээр амлалтаа биелүүлэхэд хүмүүст саад болж магадгүй зарим айдас болон “дэлхийд санаа тавих” (Сургаал ба Гэрээ 40:2) байдлыг жагсаан бичихэд хүүхдүүдэд тусал. Тэнгэрлэг Эцэгийн зарлигуудыг дагах нь тэднийг айдсаа эсвэл дэлхийн санаа зовоосон зүйлсийг ялан дийлэхэд тусална гэдгийг сануулах богино захиасыг өөрсдөө бичихэд хүүхдүүдийг урь. Тэднийг сануулгаа байнга харах газарт байрлуулахад урамшуулан дэмж.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Хүүхдүүдийг хэрхэн гэр бүлээрээ илүү нэгдмэл байх талаар эцэг эх эсвэл гэр бүлийн бусад гишүүнтэй ярилцахад урь.