“4-р сарын 12–18. Сургаал ба Гэрээ 37–40: ‘Хэрэв та нар нэг байхгүй аваас, та нар минийх биш болой,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“4-р сарын 12–18. Сургаал ба Гэрээ 37–40,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021
4-р сарын 12–18
Сургаал ба Гэрээ 37–40
“Хэрэв та нар нэг байхгүй аваас, та нар минийх биш болой”
Судалж байхдаа төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэх нь “мэргэн ухааныг нөөцөл” (Сургаал ба Гэрээ 38:30) гэсэн Бурханы зөвлөгөөг дуулгавартай дагах нэг арга зам юм.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Эхэн үеийн гэгээнтнүүдийн хувьд Сүм бусдын ням гарагт сургаал номлож байгааг олж сонсохоос хавьгүй чухал газар болсон байв. Их Эзэн Иосеф Смитэд өгсөн илчлэлтүүдээрээ дамжуулан Сүмийг зорилго, хаант улс, Сион, бүр зарим тохиолдолд ажил гэж ч дүрслэн хэлж байв. Энэ нь эхэн үеийн олон гишүүнд Сүмийг сонирхох болсон шалтгаан байж болох юм. Тэд Сүмийн сэргээгдсэн сургаалыг хайрладаг байсан ч олон хүн өөрсдийнх нь амьдралыг онцгойлон адислах ямар нэг зүйлийг хүсдэг байлаа. Гэсэн хэдий ч Их Эзэний 1830 онд гэгээнтнүүдэд өгсөн Огайод цугларах зарлиг заримынх нь хувьд дагахад амаргүй байв. Феб Картер шиг хүмүүсийн хувьд энэ нь тав тухтай орон гэрээ огт мэдэхгүй зах хязгаарын төлөө орхиж байна гэсэн үг байсан (энэ тоймын төгсгөлд байгаа “Сэргээлтийн дуу хоолой” хэсгийг үзнэ үү). Эдгээр гэгээнтэн зөвхөн итгэлийнхээ нүдээр юу харж байсныг одоо бид тодоос тод харж чадна. Их Эзэн Огайод тэдэнд зориулан агуу адислалуудыг бэлдсэн байв.
Одоо Огайод цугларах шаардлагагүй болсон ч өнөөдөр гэгээнтнүүд “Сионыг урагш авчрах” (Сургаал ба Гэрээ 39:13) нэг ижил зорилго, үйл хэргийн төлөө нэгдсээр байна. Бид эртний гэгээнтнүүдийн нэгэн адил Их Эзэний “Чи хэзээ ч мэдээгүй тийм агуу адислалыг хүлээж авах болно …” (Сургаал ба Гэрээ 39:10) хэмээх амлалтад итгэдэг учраас “дэлхийд санаа тавьсан” (Сургаал ба Гэрээ 40:2) байдлаа орхидог.
Түүнчлэн Гэгээнтнүүд, 1:109–111-ийг үзнэ үү.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Иосеф Смит 1830 онд юу орчуулж байсан бэ?
Их Эзэн энэ шүлэгт Иосеф Смитийн Библийн сүнсээр өдөөгдсөн засварын ажлыг “орчуулга” хэмээн хэлсэн байв. Иосеф 37-р хэсэгт цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авахдаа Эхлэл номын цөөн хэдэн бүлгийг дуусгаад байсан ба Енохын талаар болон түүний Сион хотын талаар дөнгөж мэдэж аваад байсан юм (Эхлэл 5:18–24; Мосе 7-г үзнэ үү). Их Эзэний Енохт заасан зарим зарчим Их Эзэний 38-р хэсэгт илчилсэн зарчмуудтай төстэй байсан.
Түүнчлэн Church History Topics, “Joseph Smith Translation of the Bible,” ChurchofJesusChrist.org/study/topics-ийг үзнэ үү.
Бурхан биднийг адислахаар цуглуулдаг.
Их Эзэн “энэ нь мэргэн ухаан болой” (Сургаал ба Гэрээ 37:4) хэмээгээд, Огайод цуглар гэсэн Өөрийн зарлигийг гүйцээв. Гэвч хүн бүр мэргэн ухааныг тэр даруй олж хараагүй юм. 38-р хэсэгт Их Эзэн Өөрийн мэргэн ухааныг илүү тодорхой илчилсэн байдаг. Та 11–33-р шүлгээс цугларалтын адислалуудын талаар юу сурч мэдсэн бэ? Одоо Сүмийн гишүүдийг нэг газарт нүүж, цугларахыг зарлиглахаа больсон ч бид өнөөдөр ямар арга замаар цугларч байна вэ? Эдгээр адислал бидэнд хэрхэн хамаатай вэ? (Russell M. Nelson, “The Gathering of Scattered Israel,” Ensign эсвэл Liahona, Nov. 2006, 79–81-ийг үзнэ үү).
Та үлдсэн хэсгийг уншиж байхдаа гэгээнтнүүдэд Огайод цугларах Бурханы зарлигт дуулгавартай байхад шаардлагатай итгэлийг олж авахад тусалсан байж магадгүй шүлгүүдийг хайж ол. Түүний та нарт өгсөн зарлигуудын талаар болон тэдгээрийг дагахад шаардлагатай итгэлийн талаар бодож үз. Дараах асуултууд таныг судар судлахад чиглүүлж болно.
-
Та 1–4-р шүлгээс Их Эзэнд болон Түүний зарлигуудад итгэх итгэлийг нэмэгдүүлэх юуг мэдэж авдаг вэ?
-
39-р шүлэг Бурханы зарлигууд нь золиослол шаардсан үед ч тэдгээрийг дуулгавартай дагахад тань хэрхэн тусалж чадах вэ?
Та өөр юу олж мэдсэн бэ?
Сургаал ба Гэрээ 38:11–13, 22–32, 41–42
Хэрэв би бэлтгэлтэй байх аваас айх шаардлагагүй.
Гэгээнтнүүд аль хэдийн ихээхэн эсэргүүцэлтэй тулгараад байсан ба Их Эзэн илүү их зүйл тулгарна гэдгийг мэдэж байсан (Сургаал ба Гэрээ 38:11–13, 28–29-ийг үзнэ үү). Их Эзэн тэдэнд айхгүй байхад нь туслахын тулд нэгэн үнэ цэнтэй “Харин хэрэв та нар бэлтгэгдэх аваас, та нар эмээх нь үгүй” (Сургаал ба Гэрээ 38:30) гэсэн зарчмыг илчилсэн юм. Нэг минут гарган, өөртөө тулгарч буй сорилт бэрхшээлийг тунгаан бод. Дараа нь 38-р хэсгийг судлахдаа, та айхгүй байхын тулд сорилтуудад бэлтгэж болох арга замуудын талаарх Сүнсний өдөөлтийг сонс.
Мөн Роналд А.Расбандын “Бүү тэвдэн сандар” үгийг Ensign-аас эсвэл 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 18–21-ээс үзнэ үү.
Дэлхийд санаа тавих нь надад Бурханы үгийг дагахад саад болох учиргүй.
39–40-р хэсгийн гарчгуудын түүхэн нөхцөл байдлыг уншаад, Жеймс Ковиллын туршлага өөрт тань хамаарах арга замуудыг бодож үз. Жишээ нь, таны “зүрх сэтгэл [Бурханы] өмнө зөвт байсан” (Сургаал ба Гэрээ 40:1) үеийг бодож үзээрэй. Та итгэлтэй байснаар хэрхэн адислагдаж байсан бэ? Мөн та “дэлхийд санаа тавьж” (Сургаал ба Гэрээ 39:9; 40:2) байсан зүйлээ бодож үзнэ үү. Таныг илүү дуулгавартай байхад урамшуулах юуг та энэ шүлгүүдээс олсон бэ?
Мөн Матай 13:3–23-ыг үзнэ үү.
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
-
Сургаал ба Гэрээ 37:3.Гэгээнтнүүдийн Огайод цугларахын тулд гаргасан золиосыг ойлгоход гэрийнхэндээ туслахын тулд та энэ тоймын ард байгаа газрын зургийг хар.
-
Сургаал ба Гэрээ 38:22.Бид хэрхэн Есүс Христийг гэр бүлийнхээ “хууль тогтоогч” болгож чадах вэ? Түүний хуулиудыг дагах нь хэрхэн биднийг “чөлөөт хүмүүс” болгодог вэ?
-
Сургаал ба Гэрээ 38:24–27.Хүүхдүүддээ “нэг байх” гэдэг нь юу гэсэн үг болохыг заахын тулд та тэдэнд гэр бүлийнхээ гишүүдийг тоолоход нь тусалж, яагаад хүн бүр гэр бүлдээ чухал болох талаар ярилцаж болно. Та нар хамтдаа нэг гэр бүл юм гэдгийг онцол. Та хүүхдүүддээ зурагт хуудсан дээр том 1-ийн тоо зурж, тоогоо нэрүүдээр эсвэл зурсан зургаар эсвэл гэр бүлийн гишүүн бүрийнхээ зургаар чимэглэхэд тусалж болно. Та нар бас зурагт хуудсан дээрээ гэр бүлээрээ илүү нэгдмэл байхын тулд хийж болох зүйлсээ бичиж болно. Та бас “Love in Our Hearts” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзэж эсвэл Мосе 7:18-ыг уншиж болно.
-
Сургаал ба Гэрээ 38:29–30.Та нар ямар нэг бэлтгэл шаардсан гэр бүлийн эсвэл хувийн туршлагаасаа ярилцаж болно. Уг туршлагад бэлтгэл тань хэрхэн нөлөөлсөн бэ? Их Эзэн биднийг юунд бэлтгэлтэй байхыг хүсдэг вэ? Бэлтгэлтэй байх нь айхгүй байхад бидэнд хэрхэн тусалж болох вэ? Бид бэлтгэхийн тулд юу хийж чадах вэ?
-
Сургаал ба Гэрээ 40.Бидний хувьд “дэлхийд санаа тавьсан” (2-р шүлэг) гэсэн нь юу гэсэн үг вэ? Бурханы үгийг “баяртай” хүлээн авахад бидэнд саад болж байгаа дэлхийд санаа тавьсан зүйлс бидэнд байна уу? Бид тэдгээрийг хэрхэн даван туулах вэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: Бусдыг хайрлаж, хүндлэхийг Есүс заасан юм,” Хүүхдийн дууны ном, 39.
Сэргээлтийн дуу хоолой
Огайод цугларах нь
1830 онд Огайод цугларсан олон гэгээнтний дунд Феб Картер байв. Тэр хорин хэдтэй байхдаа Нэгдсэн улсын зүүн хойд хэсэгт Сүмд нэгдсэн бөгөөд харин эцэг эх нь нэгдээгүй юм. Тэр гэгээнтнүүдтэй нэгдэхээр Огайо руу нүүх шийдвэрийнхээ талаар хожим нь ийнхүү бичсэн байдаг.
“Найзууд маань мөн би ч гэсэн гаргасан шийдвэртээ гайхаж байсан ч дотроос минь ямар нэгэн зүйл чангааж байв. Намайг гэрээ орхин явах гэж байгаад уйлан гашуудаж буй ээжийгээ би тэвчин харж чадахгүй байсан бөгөөд сүнс надтай хамт байгаагүйсэн бол эцэст нь би бодлоо өөрчлөх нь гарцаагүй байлаа. Ээж минь намайг өршөөлгүй хахир хатуу ертөнц рүү ганцаараа явахын оронд оршуулагдахыг минь харсан бол дээр байхсан хэмээн надад хэллээ.
‘[Феб], чи Мормоны шашин худал гэдгийг мэдвэл над руу эргэж ирэх үү?’ гэж ээжийг асуухад би,
‘Тийм ээ, ээж ээ, тэгэлгүй яахав’ хэмээн хариулж билээ. … Миний хариулт түүнийг зовлонг нимгэлсэн ч энэ нь бид бүгдийг уйтгар гунигт автуулав. Явах цаг болоход би гэрийнхэнтэйгээ салах ёс гүйцэтгэн баяртай гэж хэлж зүрхэлсэнгүй, хүн бүрд баяртай хэмээн зурвас бичиж ширээн дээрээ үлдээгээд, шатаар уруудан гүйж, сүйх тэргэнд харайн сууж билээ. Ийнхүү би хүүхэд ахуй үеэсээ хайртай байсан гэр орноо орхиж, амьдралаа Бурханы гэгээнтнүүдтэй холбосон юм.”1
Эдгээр сүүлийнхээ захидлын нэгэнд Феб ингэж бичсэн байв.
“Хайрт эцэг эх минь—Би төрсөн гэрээ хэсэг хугацаанд орхин явах гэж байна. Хэр удаан гэдгээ ч мэдэхгүй байна, гэвч төрсөн цагаасаа хойш өдийг хүртэл хүлээн авсан сайн сайхан бүхэнд талархахгүй байхын аргагүй юм. Харин Бурхан энэ бүхнийг одоо өөрчлөхийг хүсэж байгаа бололтой. Энэ бүхнийг Бурханы мутарт даатган үлдээж, хэрэв бид Бурханаа маш ихээр хайрлавал бүх зүйл бидний сайн сайхны төлөө ажиллана гэдэгт итгэн, өдийг хүртэл ийм тухтай, удаан хамт амьдрахыг зөвшөөрсөнд талархацгаая. Бүгдээрээ өөрийн бүх бүтээлийн чин сэтгэлийн залбирлыг сонсон, бидэнд хамгийн сайныг өгөх нэг л Бурханд залбирч чадна гэдгээ ойлгоё. …
Ээж ээ, би баруун тийш явж байгаагаа Бурханы таалал гэж бодож байгаа бөгөөд эртнээс ингэж бодох болсон. Одоо арга зам нь гарч ирсэн … ; энэ бүхнийг Их Эзэний сүнс хийсэн бөгөөд энэ нь бүх зүйлд хангалттай гэдэгт би итгэж байна. Хүүхдийнхээ төлөө санаагаа бүү чилээгээрэй. Их Эзэн намайг тайтгаруулах болно. Их Эзэн намайг анхаарч халамжлан, хамгийн сайныг өгөх болно гэдэгт би итгэж байна. … Миний Эзэн дуудаж, миний үүргийг тодорхой болгосон тул би явлаа.”2