Сургаал ба Гэрээ 2021
3-р сарын 29-өөс 4-р сарын 4. Христийн амилсны баяр: “Бибээр амьдардаг тэрээр болой, би бол алагдсан Тэрбээр бөлгөө”


“3-р сарын 29-өөс 4-р сарын 4. Христийн амилсны баяр: ‘Бибээр амьдардаг Тэрээр болой, би бол алагдсан Тэрбээр бөлгөө’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“3-р сарын 29-өөс 4-р сарын 4. Христийн амилсны баяр,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021

Зураг
Христийн хөшөө

3-р сарын 29-өөс 4-р сарын 4

Христийн амилсны баяр

“Бибээр амьдардаг тэрээр болой, би бол алагдсан Тэрбээр бөлгөө”

Христийн амилсны баярын ням гаргийн Хүүхдийн хэсгийн анги нь Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэлээ бэхжүүлэхэд хүүхдүүдэд туслах сайхан боломж юм. Үүнийг хэрхэн хийх талаар Их Эзэний удирдамжийг эрэлхийл. Энэ тоймд буй зарим санаа танд тус болж магадгүй.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Христийн амилсны баярыг тэмдэглэдэг учир шалтгааны талаар мэддэг зүйлсээ тантай хуваалцах боломжийг хүүхдүүдэд олго. Гэр бүлийнхэн нь Христийн амилсны баяраар Есүс Христийн Амилалтыг тэмдэглэхдээ юу хийдгийг тэднээс асуу. Эсвэл тэднийг гэртээ болон судраас Есүс Христийн талаар юу ойлгож мэдэж байгааг хуваалцахад урь.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 138:11–17

Есүс Христийн ачаар би амилуулагдана.

Есүс Христийн Амилалтын талаар хүүхдүүдэд заах үед амилах гэж юу гэсэн үг болохыг тайлбарлахад тань Сургаал ба Гэрээ 138:11–17 тусална. Эдгээр шүлэг нь тэд хэзээ нэгэн өдөр амилуулагдах болно гэсэн итгэлийг хөгжүүлэхэд тусална.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Аврагчийн үхэл, оршуулга, Амилалтын тухай зургуудыг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 57, 58, 59-ийг үзнэ үү). Эдгээр үйл явдлын талаар мэддэг зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Есүс бидний төлөө нас барж, үхэгсдээс амилсан учраас бид бүгд нас барсныхаа дараа амилуулагдах болно гэдгийг гэрчил.

  • Биднийг нас барахад (бидний сүнс бие махбодоос маань салдаг) болон амилуулагдахад (бидний сүнс, бие махбод хоёр эргэн нийлдэг) юу болдгийг ойлгоход хүүхдүүдэд туслахын тулд үзүүлэнт хичээл бодож ол. Жишээ нь, бид гар чийдэнгээс зайг эсвэл үзэгнээс бэхийг нь салгавал юу болдог вэ? Эдгээр зүйлийг буцаан нийлүүлэхэд юу болдог вэ?

  • Сургаал ба Гэрээ 138:17-оос “Тэд бүрэн баяслыг хүлээн авч болохын тулд сүнс хийгээд бие нь дахин хэзээ ч салахгүйгээр нэгдэх [болно]” гэсэн хэсгийг хүүхдүүдэд уншиж өг. Яагаад бид бие махбодтой байгаадаа талархдаг вэ? Бид бүгдээрээ амилуулагдаж, өөрсдийн биеийг дахин олж авна гэдгээ мэдэхэд танд төрөх баяр хөөрөө хуваалц.

  • Есүс үхлийн дараа үнэхээр амилсан уу?” эсвэл “Есүс амилсан!” (Хүүхдийн дууны ном, 45, 44) гэх мэт Амилалтын тухай дууг хамтдаа дуул. Уг дуунд гарч байгаа үг хэллэгийг төлөөлсөн зургуудыг хүүхдүүдэд өгөөд (жишээ нь, Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 59, 60, 61-ийг үзнэ үү), тэдгээр үгийг дуулахдаа зургуудаа дээш өргөж барихад тэднийг урь.

Сургаал ба Гэрээ 76:11–24; 110:1–7; Иосеф Смит—Түүх 1:14–17

Бошиглогч Иосеф Смит Есүс Христийг харсан.

Аврагчид итгэх итгэлээ бэхжүүлэхэд нь хүүхдүүдэд туслах нэг арга зам бол Иосеф Смитийн “Тэр амьд бөлгөө! Учир нь бид түүнийг бүр Бурханы баруун гар талд харсан билээ” (Сургаал ба Гэрээ 76:22–23) хэмээх гэрчлэлийг тэдэнтэй хуваалцах явдал юм.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Иосеф Смитийн Анхны үзэгдлийн зургийг үзүүл (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын 1-р сарын 4–10-ны тоймыг үзнэ үү). Уг зурганд юу гарч байгааг танд ярихад хүүхдүүдийг уриад, Есүс Христийг олохыг тэднээс хүс. Иосеф Смитийн Аврагчийг харсан өөр тохиолдлуудын талаар мэдэх эсэхийг хүүхдүүдээс асуу. Сургаал ба Гэрээ 76:11–24; 110:1–7 дээр дүрсэлсэн үйл явдлыг өөрийнхөө үгээр ярьж өг. Эдгээр судар Есүс Христэд итгэх итгэлийг тань хэрхэн хүчирхэгжүүлсэн талаар хүүхдүүдэд ярьж өг.

  • Хүүхдүүдийг энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг будах үед эш татсан судрыг нь тэдэнд уншиж өг. Эдгээр шүлэгт дүрсэлсэн зүйлсийг зургаас ол. Бошиглогч Иосеф Смит Есүс Христийг харсан бөгөөд энэ нь бид Есүс амьд гэдгийг мэдсэн нэг учир шалтгаан гэдгийг хүүхдүүдэд гэрчил.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 76:11–24; 110:1–10; Иосеф Смит—Түүх 1:14–17

Бошиглогч Иосеф Смит Есүс Христийг амьд хэмээн гэрчилсэн.

Бошиглогчийн хамгийн чухал тохинуулал бол Есүс Христийн талаар гэрчлэх явдал юм. Аврагчийн тухай Иосеф Смитийн гэрчлэлээс суралцаж, Аврагчид итгэх итгэлээ хөгжүүлэхэд хүүхдүүдэд тусал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Дараах судруудад Есүс Христ Иосеф Смитэд үзэгдсэн тохиолдлуудыг дүрсэлдэг. Үүнд: Сургаал ба Гэрээ 76:11–24; 110:1–10; Иосеф Смит—Түүх 1:14–17. Самбар дээр эдгээр шүлгээс Их Эзэний тухай бидний мэдэж авдаг зарим үнэнийг жагсаан бич. Самбарт жагсаан бичсэн үнэнийг аль шүлэг заадгийг олж тогтооход хүүхдүүдийг урь. Бид Иосеф Смитийн туршлагаас Есүс Христийн тухай өөр юуг мэдэж авсан бэ?

  • Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсан дээрх зургуудыг судрын шүлгүүдтэй нь тааруулахад хүүхдүүдэд тусал. Иосеф Смит амилсан Аврагчийг харсан гэдгийг мэдэх нь яагаад адислал болдог вэ? Есүс Христ амьд бөгөөд Иосеф Смит бол бошиглогч хэмээх гэрчлэлээ хуваалц.

Сургаал ба Гэрээ 63:49; 88:14–17, 27; 138:11, 14–17

Есүс Христийн ачаар би амилуулагдана.

Бид бүгдэд өгсөн Аврагчийн амилуулалтын бэлэгт талархах талархлаа гүнзгийрүүлэхэд нь та хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхэд бүрд дараах судрын хэсгүүдээс нэг нэгийг хуваарилж өг. Үүнд: Сургаал ба Гэрээ 63:49; 88:14–17, 27; 138:11, 14–17. Христийн амилсны баярыг илэрхийлдэг гэж бодож байгаа үг хэллэгийг шүлгээсээ хайж олоход хүүхдүүдийг урь. Тэдний санал бодлыг хуваалцуул. Цаг байвал тэдэнд олсон үг хэллэгээ бичсэн карт хийгээд, гэр бүлийнхэндээ юм уу найзууддаа өгөх боломж олго.

  • Амилуулагдах гэдэг нь юу гэсэн үг болохыг дүүдээ эсвэл найздаа хэрхэн тайлбарлахыг хүүхдүүдээс асуу. Санаа авахын тулд Сургаал ба Гэрээ 138:14–17-г хамтдаа уншиж, дараахтай адил асуултуудыг бодож үз. Биднийг нас барахад бидний сүнс болон бие махбодод юу тохиолддог вэ? Биднийг амилуулагдахад юу болох вэ? Есүс Христ хэрхэн амилалтыг боломжтой болгосон бэ?

  • Хүүхдүүдээр Аврагчийн тэдний төлөө хийсэн зүйлийн талаар юу бодож байгааг нь хуваалцуул.

    Зураг
    Залбирч буй Есүс Христ

    Залбирлын Эзэн, Ёнг Сунг Ким

Сургаал ба Гэрээ 18:10–13; 19:16–19; 45:3–5; 58:42–43

Есүс Христийн ачаар би нүглүүдээсээ өршөөгдөж чадна.

Есүс Христ биднийг бие махбодын үхлээс авраад зогсохгүй, сүнслэг үхлээс аврагдах буюу гэм нүглээсээ өршөөгдөж, Бурханы оршихуй руу эргэн очих арга замыг бидэнд өгсөн юм.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Самбар дээр дараахтай төстэй хоёр гарчиг бич. Үүнд: Аврагчийн хийсэн зүйл ба Бидний хийх ёстой зүйл. Хүүхэд бүрийг Сургаал ба Гэрээ 18:10–13; 19:16–19; 45:3–5; 58:42–43 зэрэг судрын хэсгүүдээс нэгийг судалж, эдгээр гарчгийн доор бичих ямар нэгэн зүйлийг олж мэдэхэд урь. Аврагчийн бидний төлөө хийсэн зүйлсэд баярлаж, талархаж байгаагаа илэрхийл.

  • Хүүхдүүдэд итгэлийн гуравдугаар тунхгаас суралцахад тусал. Та тэдэнд үүнийг цээжлэхэд нь туслахдаа, түлхүүр үг хэллэгийг харуулсан зургийг үзүүлж болно.

  • Буруу сонголт хийгээд, дараа нь наманчилсан хүүхдийн тухай өөрийн түүхийг ярьж өг. Уг түүхэнд гарч байгаа хүүхэд өршөөл хүлээн авахын тулд юу хийснийг ярилцахад хүүхдүүдэд тусал. Аврагч хэрхэн биднийг өршөөгдөх боломжтой болгосон бэ?

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Есүс Христийн бидний төлөө хийсэн зүйлсийн талаар бусад хүнд, ялангуяа гэр бүлийнхэндээ хэлэхийн тулд хийж чадах зүйлээ бодоход хүүхдүүдэд тусал. Дараагийн удаа уулзахдаа хийсэн зүйлээ тантай хуваалцахыг тэднээс хүс.

Заах чадвараа сайжруулах

Аливааг давтан хийх нь хүүхдүүдэд ашиг тустай. Ялангуяа бага насны хүүхдүүдээр хийлгэж байгаа үед үйл ажиллагаануудыг хэд хэдэн удаа давтахдаа бүү эргэлз. Олон удаа давтах нь хүүхдүүдэд сурч мэдэж буй зүйлээ эргэн санахад тусална.

Зураг
Үйл ажиллагааны хуудас: Иосеф Смит Есүс Христийг харсан

Хэвлэх