Сургаал ба Гэрээ 2021
1-р сарын 4–10. Иосеф Смит—Түүх 1:1–26: “Гэрлэн багана би харлаа”


“1-р сарын 4–10. Иосеф Смит—Түүх 1:1–26: “Гэрлэн багана би харлаа,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“1-р сарын 4–10. Иосеф Смит—Түүх 1:1–26,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021

Зураг
Ариун ойн цоорхой

Ариун ойн цоорхой, Грэг К.Олсэн

1-р сарын 4–10

Иосеф Смит—Түүх 1:1–26

“Гэрлэн багана би харлаа”

Та Иосеф Смит—Түүх 1:1–26-г уншихдаа өөрийнхөө амьдралд зориулсан ямар захиасыг олж мэдсэн бэ? Танд болон танай гэр бүлд юу хамгийн үнэ цэнтэй вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Сургаал ба Гэрээ бол залбирлын хариултуудыг багтаасан ном юм. Энэ номон дээрх олон ариун нандин илчлэлт асуултуудын хариулт болж ирсэн байдаг. Иймээс 1820 онд Иосеф Смитийн ойн цоорхойд асуусан асуулт буюу хожмын үеийн илчлэлтийн давалгааг эхлүүлсэн асуултыг авч үзсэнээр Сургаал ба Гэрээг судалж эхлэх нь зүйтэй юм. “Үгийн болон санаа бодлын үймээн самуун” (Иосеф Смит—Түүх 1:10) Иосефыг шашин шүтлэгт болон өөрийнхөө талаар эргэлзэхэд хүргэсэн ба танд ч бас ийм зүйл тохиолдож байсан байх. Өнөө үед зөрчилдөөнтэй санаа бодол, итгэл үнэмшилтэй дуу хоолой олон байгаа ч бид эдгээр захиасыг ялгаж салган, үнэнийг олохыг хүсвэл Иосефтой адил зүйлийг хийж болно. Бид асуулт тавин, судраас судалж, тунгаан бодож, эцэст нь Бурханаас асууж болно. Иосефын залбирлын хариуд гэрлэн багана тэнгэрээс бууж ирсэн. Бурхан Эцэг, Есүс Христ хоёр үзэгдэж, түүний асуултуудад хариулсан юм. Иосефын энэ гайхамшигт туршлагын талаарх гэрчлэл нь “Мэргэн ухаанаар дутсан хэн ч гэсэн Бурханаас асууж мөн олж авна” (Иосеф Смит—Түүх 1:26) хэмээн зоригтой тунхагладаг. Бид бүгд тэнгэрлэг үзэгдэл биш юм аа гэхэд ядаж л тэнгэрлэг гэрлээр гэрэлтсэн илүү тодорхой ойлголтуудыг хүлээн авах боломжтой.

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Иосеф Смит—Түүх 1:1–26

Иосеф Смит бол Сэргээлтийн бошиглогч билээ.

Иосефын тухай үнэнийг ихэнх тохиолдолд гуйвуулж байсан тул Иосеф Смитийн түүхийн зорилго нь “баримтуудыг болсон байдлаар нь” (Иосеф Смит—Түүх 1:1-ийг үзнэ үү) мэдэгдэх явдал байв. Таныг Иосеф Смит—Түүх 1:1–26-г унших үед түүний тэнгэрлэг дуудлагын талаарх гэрчлэлийг тань юу хүчирхэг болгосон бэ? Их Эзэн Иосеф Смитийг бошиглолын үйл хэрэгт нь бэлтгэснийг харуулах нотолгоонуудыг анзаараарай. Та уншиж байхдаа Иосеф Смитийн мөн түүний гэрчлэлийн талаар өөрт төрсөн бодол, мэдрэмжээ бичиж тэмдэглэж болно.

Түүнчлэн Гэгээнтнүүд, 1:3–19-ийг үзнэ үү.

Иосеф Смит—Түүх 1:5–20

Хэрэв би итгэлээр асуувал Бурхан хариулах болно.

Танд гаргах гэж байгаа шийдвэртээ “мэргэн ухаанаар дутаж” эсвэл эргэлзэж байсан удаа бий юү? (Иосеф Смит—Түүх 1:13). Та 5–20-р шүлэг дээрх Иосеф Смитийн туршлагаас юу сурч мэдсэн бэ? Өөртөө хэрэгтэй байгаа мэргэн ухаан мөн илүү сайн ойлголтын талаар бодож, үнэнийг хэрхэн эрэлхийлж болохыг бодоорой.

Мөн 1 Нифай 10:17–19; 15:6–11; Рассэлл М.Нэлсон, “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” Ensign, May 2018, 93–96 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х.115–120-ийг үзнэ үү.

Зураг
Залбирч буй залуу эмэгтэй

Бид залбирлаар дамжуулан Бурханаас асууж болно.

Иосеф Смит—Түүх 1:15–20

Анхны үзэгдлийн талаар яагаад олон түүх байдаг вэ?

Иосеф Смит амьдралдаа багаар бодоход дөрвөн удаа Ариун ойн цоорхойд болсон үйл явдлыг бичээчид хэлж бичүүлсэн байдаг. Үүнээс гадна Иосефын үзэгдлийнхээ талаар ярихыг сонссон хүмүүс хэд хэдэн ам дамжсан түүхийг бичсэн байдаг. Хэдийгээр эдгээр түүх сонссон хүмүүс болон нөхцөл байдлаасаа шалтгаалан зарим талаараа өөр өөр байж болох ч адилхан юм. Түүх болгон дээр Иосеф Смитийн туршлагыг илүү сайн ойлгоход туслах нарийн зүйлс нэмэгдсэн байдаг нь сайн мэдээний дөрвөн ном дөрвүүлээ Аврагчийн тохинууллыг илүү сайн ойлгоход бидэнд тусалдагтай адил билээ.

Иосефын бусад түүхийг уншихын тулд “First Vision Accounts” (Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org)-ыг үзнэ үү. Та энэ бүх түүхийг уншаад юу мэдэж авсан бэ?

Иосеф Смит—Түүх 1:15–20

Анхны үзэгдэл Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийг эхлүүлсэн.

Иосеф Смит Бурханыг залбиралд нь хариулна гэдэгт итгэлтэй байсан ч энэ хариулт амьдралыг нь, бүр дэлхийг өөрчилнө гэж хэзээ ч төсөөлж байгаагүй байх. Та Иосефын туршлагын талаар уншихдаа Анхны үзэгдэл амьдралыг тань хэрхэн өөрчилснийг тунгаан бод. Жишээ нь, та энэ өгүүлбэрийг хэд хэдэн янзаар гүйцээж болно. “Анхны үзэгдэл тохиосон учраас би … мэднэ.” Та Анхны үзэгдлийн ачаар хэрхэн адислагдсан бэ?

Мөн “Ask of God: Joseph Smith’s First Vision,” видео, ChurchofJesusChrist.org; Saints, 1:14–19; Рассэлл М.Нэлсон, “Түүнийг сонс,” Ensign, May 2020, 88–92 эсвэл 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулганыг үзнэ үү.

Иосеф Смит—Түүх 1:21–26

Хүмүүс намайг эсэргүүцсэн ч би мэддэг зүйлдээ үнэнч байж чадна.

Судруудын адислалуудын нэг бол сорилтуудыг Есүс Христэд итгэх итгэлтээр даван туулсан хүчирхэг эрэгтэй, эмэгтэйчүүдийн сүнслэг жишээнүүд юм. Иосеф Смит үзэгдэл харсан гэж хэлснээсээ болж, төлөөлөгч Паул үзэгдэл харсан гэж хэлснийхээ улмаас хавчигдаж байсантай адил зүйлийг туулсан юм. Иосефын түүхийг уншихад, гэрчлэлдээ үнэнч үлдэхэд тань юу нөлөөлсөн бэ? Судрууд дахь эсвэл таны мэддэг хүмүүсийн өөр ямар жишээ танд өөртөө тохиолдсон сүнслэг туршлагадаа үнэнч үлдэхэд зоригжуулдаг вэ?

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Иосеф Смит—Түүх 1:6.Бид энэ шүлэгт дурдсан зөрчилдөөнт хүмүүс шиг болохгүйгээр маргааныг хэрхэн зохицуулж болох вэ?

Иосеф Смит—Түүх 1:11–13.Эдгээр шүлгийг унших нь гэр бүлийн гишүүдэд ямар нэг судрын хэсэг зүрх сэтгэлд нь хүрч, үйлдэл хийхэд нь нөлөөлж байсан туршлагаа хуваалцах боломжийг олгож болох юм.

Иосеф Смит—Түүх 1:16–20.Гэрийнхнээ эдгээр шүлгийг унших үед энэ тойм дахь дагалдах зургийг эсвэл Анхны үзэгдлийн өөр ямар нэг зураг үзүүлэх талаар бодож үз (танай гэр бүлд өөрсдөө зурах нь ч таалагдаж болох юм). Түүнчлэн та “Ask of God: Joseph Smith’s First Vision” видео бичлэгийг ChurchofJesusChrist.org-оос үзэж болно. Та нар энэ үзэгдлээс сурч мэдсэн үнэнүүдээ жагсаан бичиж, жагсаалтаа нэг нэгэнтэйгээ хуваалцаж болно. Энэ нь гэр бүлийнхний тань хувьд Иосеф Смитийн Анхны үзэгдлийн талаар хэрхэн гэрчлэлтэй болсноо хуваалцах сайхан мөч байж болох юм.

Иосеф Смит—Түүх 1:17.Бурхан Иосеф Смитэд үзэгдэхдээ, Иосефыг нэрээр нь дуудсан. Хэзээ гэр бүлийн тань гишүүд Тэнгэрлэг Эцэг өөрсдийг нь нэг бүрчлэн мэддэг болохыг мэдэрч байсан бэ?

Иосеф Смит—Түүх 1:21–26.Хүмүүсийг бидний гэрчлэлд эргэлзэх үед бид хэрхэн хандаж болох вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Иосеф Смитийн анхны залбирал,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х.14.

Зураг
сэргээлтийн дуу хоолой шигтгээ зураг

Сэргээлтийн дуу хоолой

Иосеф Смитийн гэр бүл

Гэр бүлийн маань амьдрал бидэнд ихээхэн нөлөөлдөг шиг Иосеф Смитийнх ч бас адил түүнд нөлөөлсөн. Эцэг эхийнх нь шашны итгэл үнэмшил, дадал хэвшил Сэргээлтийг боломжтой болгосон итгэлийн үрийг суулгасан байв. Иосефын тэмдэглэлд энэ хүндлэл ингэж буужээ. “Надад ийм хүндэлмээр эцэг эхийг өгсөнд нь Бурхандаа талархахад миний хэлэх үг багадах биз ээ.”1

Дараах эшлэлүүдийг түүний ээж Люси Мак Смит, ах Виллиам Смитийн хэлсэн үгсээс авсан. Бошиглогч өөрөө Смитийн гэр бүл дэх шашны нөлөөний талаар цухас дурджээ.

Зураг
Смитийн гэр бүл

Иосеф Смитийн гэр бүл, Дан Бакстэр

Люси Мак Смит

Зураг
Люси Мак Смит

“[1802 оны үеэр] би өвдсөн юм. … Би Христийн замуудыг олж мэдээгүй байгаа тул хараахан үхэх болоогүй гэж бодож байв. Надад Христ бид хоёрын дунд харанхуй, ганцаардлын ангал байгаа мэт санагдсан тул би үхэж зүрхлэхгүй байлаа. …

Би Их Эзэнд хандаж, хүүхдүүдээ хүмүүжүүлж, нөхрийнхөө сэтгэлийг тайтгаруулахын тулд амийг минь хэлтрүүлэхийг гуйсан. Тэгээд бүхэл шөнөжин хэвтсэн. … Хэрэв тэр надад амьд үлдэх боломжийг олговол түүнд зөвөөр үйлчлэх боломжийг олгох шашныг Библиэс байсан ч эсвэл олж болох хаа нэгтэйгээс, бүр тэнгэрээс залбирал болон итгэлээр олж авахаар байсан ч олж авахыг хичээх болно гэж би [Бурхантай] гэрээ байгуулсан. Эцэст нь нэгэн дуу хоолой надад ирэв. ‘Гуй, тэгвэл энэ нь танд өгөгдөх болно; тогш тэгвэл энэ нь танд нээгдэх болно. Зүрх сэтгэлээ тайтгаруул. Та Бурханд итгэ, надад ч бас итгээрэй.’ …

Энэ цагаас эхлэн би хүч чадлыг дахин олж авсан юм. Би шашны талаар маш их зүйл яриад байдаггүй ч байнга бодож явдаг байсан. Би тэнгэрийн зүйлсэд намайг зааварчлах Бурханы замыг таньсан сүсэг бишрэлтэй хүмүүсийг олтлоо бүх хүчээ дайчилна гэж бодож байлаа.”2

Виллиам Смит

Зураг
Виллиам Смит

“Маш их сүсэг бишрэлтэй мөн хүүхдүүдийнхээ энэ болоод дараагийн амьдралын сайн сайханд ихэд санаа тавьдаг байсан ээж маань биднийг бодгалийн авралаа эрэлхийлдэг болгохын тулд буюу (тэр үеийнхээр) ‘шашиндаа татан оролцуулахын тулд’ эцэг эхийн хайрын өгч болох бүхий л арга чаргаа ашигладаг байсан. Тэр биднийг цуглаануудад оролцуулахын тулд бидэнд нөлөөлдөг байсан ба бараг бүх гэр бүлээрээ шашиндаа сонирхолтой, үнэнийг эрэлхийлэгчид болсон юм.”3

“Намайг ухаан орсон цагаас л бид гэр бүлийн залбирлыг тогтмол хийдэг байсан. Би аавыг нүдний шилээ жилетнийхээ халаасанд байнга авч явдаг байсныг тод санадаг. Хөвгүүд түүнийг шилээ зүүх гэж байвал залбирах гэж байгааг мэддэг байв. Хэрэв бид анзаараагүй бол ээж ‘Виллиам’ гэж дуудна, эсвэл өөр хэн анзаараагүй байна түүнд ‘залбирахад бэлдээрэй’ гэдэг байсан. Залбирлын дараа бид дуулмаар санагдсан дуунуудаа дуулдаг байсан.”4

Зураг
Судар дээр тавьсан шил

Ахмад Иосеф, Люси Смит хоёр судраас судлахыг гэр бүлдээ заасан юм.

Иосеф Смит

Зураг
Иосеф Смит

“[Аав маань] миний мэдэхээр амьдралдаа хэзээ ч амин хувиа хичээсэн гэмээр үйлдэл гаргаж байгаагүйг би хэлмээр байна. Би аавдаа, түүнтэй өнгөрүүлсэн дурсамждаа хайртай. Түүний ариун үйл хэргийнх нь дурсамж миний оюун ухаанд гүн байр суурь эзэлдэг. Эцэг эхийн маань хэлдэг байсан олон зүйл миний зүрх сэтгэлийн самбарт бичигдэн үлдсэн. Түүний амьдралын түүхийн талаар миний нандигнаж явдаг бодлууд, төрсөн цагаасаа хойш миний ажиглаж ирснээр миний оюун санаанд хадгалагдан үлдэж, миний хувьд ариун нандин болсон юм. Миний ээж ч бас хамгийн эрхэм хүн бөгөөд бүх эмэгтэйн дундаас хамгийн шилдэг нь байсан.”5

Зураг
Анхны үзэгдэл

Сэргээлтийн Анхны үзэгдэл, Майкл Бэдард

Хэвлэх