“12-р сарын 28-аас 1-р сарын 3. Сургаал ба Гэрээ 1: ‘Анхаарагтун, Ай миний хүмүүс,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“12-р сарын 28-аас 1-р сарын 3. “Сургаал ба Гэрээ 1,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021
12-р сарын 28-аас 1-р сарын 3
Сургаал ба Гэрээ 1
“Анхаарагтун, Ай миний хүмүүс”
Их Эзэн Сургаал ба Гэрээ 1-ийг Өөрийн хожмын үеийн илчлэлтүүдийн энэ номдоо оршил болгон оруулсан. Тэр таныг Сургаал ба Гэрээний талаар юу мэдээсэй гэж хүсдэг вэ? Энэ асуултыг тунгаан бодоод, 1-р хэсгийг уншихад төрсөн сэтгэгдлээ бич.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
1831 оны 11-р сард Есүс Христийн сэргээгдсэн Сүм байгуулагдаад ердөө нэг жил хагас болж байлаа. Сүм өсөж байсан ч тэд хорин хэдтэй бошиглогчоор удирдуулсан, хүн ам сийрэг суурьшсан газар нутагт амьдардаг, хүмүүсийн төдийлөн мэддэггүй итгэгчид хэвээр байв. Гэвч Бурхан эдгээр итгэгчийг Өөрийн үйлчлэгч, элчүүд гэж үздэг байсан ба тэдэнд өгсөн илчлэлтүүдээ дэлхий даяар хэвлүүлэхийг хүсэж байв.
Сургаал ба Гэрээний 1-р хэсэг нь эдгээр илчлэлтийг эмхэтгэсэн Их Эзэний удиртгал үг бөгөөд энэ нь Сүм гишүүдийн тоогоороо цөөн ч, Бурханы гэгээнтнүүдээс хуваалцахыг хүсдэг захиас жижиг биш гэдгийг тодорхой харуулдаг. Энэ нь “дэлхийн бүх оршин суугчдад” наманчилж мөн Бурханы “үүрдийн гэрээг” байгуулахад “сэрэмжлүүлгийн дуу хоолой” болдог (4, 8, 22-р шүлэг). Энэ захиасыг хүргэж буй үйлчлэгчид нь “сул доройчууд хийгээд эгэл борчууд” хэдий ч Бурханд Өөрийн Сүмийг “тодорхой бус байдлаас хийгээд харанхуйгаас” урагш гарган авчрахад—тэр үед болон одоо—яг хэрэгтэй хүмүүс бол даруу үйлчлэгчид юм (23, 30-р шүлэг).
Сургаал ба Гэрээний 1-р хэсэг дэх түүхийн талаар дэлгэрэнгүй мэдье гэвэл Гэгээнтнүүд, 1:140–143-ыг үзнэ үү.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Их Эзэн намайг “эдгээр зарлигуудыг судлахад” урьдаг.
Удиртгалд номыг танилцуулдаг. Энэ нь уг номын сэдэв болон зорилгыг тодорхойлж, уншигчдыг уншихаар бэлтгэхэд тусалдаг. Та 1-р хэсгийг буюу Их Эзэний Сургаал ба Гэрээний “удиртгал” (6-р шүлэг)-ыг уншихдаа Их Эзэний илчлэлтүүдийн сэдэв болон зорилгуудыг хайж ол. Та 1-р хэсгээс Сургаал ба Гэрээг судалснаар хамгийн их тустай зүйлийг олж авахад тань туслах юуг мэдэж авсан бэ? Жишээ нь, та эдгээр илчлэлтээс “Их Эзэний дуу хоолойг сонсох” (14-р шүлэг) эсвэл “эдгээр зарлигуудыг судлагтун” (37-р шүлэг) гэдэг нь юу гэсэн үг болохыг тунгаан бодож болох юм.
Сургаал ба Гэрээний удиртгал хэсгийг үзнэ үү.
Сургаал ба Гэрээ 1:1–6, 23–24, 37–39
Бурхан Өөрийн үйлчлэгчдээр дамжуулан ярьдаг бөгөөд Түүний үгс биелэх болно.
1-р хэсэг нь Их Эзэн Өөрийн сонгосон үйлчлэгчдээр ярьдаг хэмээх Бурханы мэдэгдлээр эхэлж мөн төгсдөг (4–6, 23–24, 38-р шүлгүүдийг үзнэ үү). Та энэ илчлэлтээс Их Эзэний талаар болон Түүний дуу хоолойны талаар юу мэдэж авснаа бичиж тэмдэглэ. Та Их Эзэний үйлчлэгчдийн талаар юу сурч мэдэж байна вэ? Та хэзээ Их Эзэний үйлчлэгчдийн дуу хоолойгоор дамжуулан Түүний дуу хоолойг сонсож байсан бэ? (38-р шүлэг).
Сургаал ба Гэрээ 1:3, 24–28, 31–33
Хэрэв би даруу байх юм бол Их Эзэний зэмлэл намайг наманчлахад хөтөлж чадна.
3 ба 24–28-р шүлгүүд дээр Их Эзэн хүмүүсийн нүгэл, алдаа дутагдлууд илчлэгдэх болно хэмээн хэлснийг анзаар. Нэг талаас харвал энэ нь шаналгаатай, зовлонтой санагдавч, нөгөө талаас энэ нь сургамжтай зүйл юм. Яагаад эдгээр нөхцөл байдал өөр өөр байна вэ? Нүгэл, сул дорой байдлаа мэдэж авахад та хэрхэн ханддагаа бодож үз. Та 24–28-р шүлгээс зөв арга замаар хариулахад тань туслах ямар зан чанарыг мэдэж авсан бэ? Эдгээр шүлэг болон 31–33-р шүлэг нь Их Эзэн таны сул дорой байдал болон нүглүүдийг хэрхэн хардаг талаар танд юу зааж байна вэ?
Мөн Сургаалт үгс 3:11–12; Ифер 12:27; Моронай 6:8-ыг үзнэ үү.
Сургаал ба Гэрээ 1:12–30, 35–36
Их Эзэн хожмын үеийн сорилт бэрхшээлүүдийг даван туулахад надад туслахын тулд сайн мэдээгээ сэргээсэн юм.
1-р хэсэгт хүнд өдрүүд тохиох талаар сэрэмжлүүлдэг хэдий ч мөн тайтгаруулах захиасыг агуулдаг. “Их Эзэн бибээр, дэлхийн оршин суугчид дээр ирэх тэрхүү сүйрлийг мэдэх учраас, өөрийн үйлчлэгч Бага Иосеф Смитийг дуудан, тэнгэрээс түүнд ярь[сан]” (17-р шүлэг).
Их Эзэний сэрэмжлүүлсэн гамшгуудыг анзаар (жишээ болгож 13–16, 35-р шүлгүүдийг үзнэ үү). Та өнөөгийн дэлхийгээс эсвэл амьдралаасаа өөр ямар гамшгуудыг олж харж байна вэ? 17–30-р шүлэг нь Их Эзэн эдгээр гамшгаас урьдчилан сэргийлж таны төлөө юу хийснийг тайлбарладаг. Олж мэдсэн зүйлсийнхээ жагсаалтыг гаргахыг бод.
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
-
Сургаал ба Гэрээ 1:1–6, 37–39.Их Эзэний сэрэмжлүүлгийн талаар ярилцаж эхлэхийн тулд та халтиргаатай шал, хүчтэй шуурга эсвэл ирж яваа машин гэх зэрэг өөрсдийн харж чадахгүй аюулын талаар бусдаас ямар сэрэмжлүүлэг авдаг тухай ярилцаж болно. Эдгээр жишээ Их Эзэний сэрэмжлүүлгийн тухай бидэнд юу заадаг вэ? Сургаал ба Гэрээ 1:1–6, 37–39-ийн дагуу, Их Эзэн биднийг хэрхэн сэрэмжлүүлдэг вэ? Тэр хамгийн сүүлд бидэнд ямар сэрэмжлүүлэг өгсөн бэ? Та магадгүй сүүлийн үеийн Ерөнхий чуулганы захиасын нэг хэсгээс үзэж эсвэл уншаад, Бурханы “сэрэмжүүлгийн дуу хоолойны” жишээг хайж болно.
-
Сургаал ба Гэрээ 1:16.“[Их Эзэний] зөв шударга ёсыг бий болгох” гэдэг нь юу гэсэн үг вэ? Бид “[өөрсдийн] замаар” алхахаас илүүтэй үүнийг хийж байгаагаа хэрхэн мэдэж болох вэ?
-
Сургаал ба Гэрээ 1:30.“Үнэн бөгөөд амьд” Сүм гэсэн нь юу гэсэн утгатай вэ? Гэрийнхнийгээ энэ асуултын талаар бодуулахын тулд та тэдэнд амьд ба амьгүй зүйлсийн зургийг үзүүлж болох юм. Та нар “[Сүмийг] тодорхой бус байдлаас хийгээд харанхуйгаас урагш гарган авчрах[ад]” туслахын тулд гэр бүлээрээ юу хийж болохоо ярилцаж болно.
-
Сургаал ба Гэрээ 1:37.Энэ жил Сургаал ба Гэрээнээс хэрхэн “эдгээр зарлигийг судлах” төлөвлөгөөгөө гэр бүлээрээ гаргахыг бод. Та хэрхэн гэр бүлээрээ судраас тогтмол судалдаг болох вэ? Судар судлах ямар ямар санаа танд судраас судалдаг болоход тань тусалж чадах вэ? (Энэ эх сурвалжийн эхэнд байх “Гэр бүлээрээ судар судлах үйл явцыг сайжруулах санаанууд” хэсгийг үзнэ үү.)
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Бошиглогчийг дага,” Хүүхдийн дууны ном, 58, ялангуяа сүүлийн бадаг.