“12-р сарын 28-аас 1-р сарын 3. Сургаал ба Гэрээ 1: ‘Анхаарагтун, Ай миний хүмүүс,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“12-р сарын 28-аас 1-р сарын 3. “Сургаал ба Гэрээ 1,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021
12-р сарын 28-аас 1-р сарын 3
Сургаал ба Гэрээ 1
“Анхаарагтун, Ай миний хүмүүс”
Таны заахдаа бэлтгэх эхний алхам бол Сургаал ба Гэрээ 1-ийг залбираад судлах явдал байх ёстой. Судлахдаа та хүүхдүүдийнхээ хэрэгцээний талаарх өдөөлтүүдийг сонсож, тэдэнд утга учиртай байж болох зарчмуудыг ол. Эдгээр мэдрэмж танд энэ зарчмуудыг заахын тулд утга учиртай үйл ажиллагаануудыг төлөвлөхөд тусална.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Сургаал ба Гэрээг үзүүлээд, энэ номын талаар мэддэг зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Хэн үүнийг бичсэн бэ? Үүн дээр юу гардаг вэ? Яагаад энэ нь чухал вэ? Тусламж хэрэгтэй бол та “23-р бүлэг: Сургаал ба Гэрээ”-г эргэн харж болох юм (Сургаал ба Гэрээний түүхүүд, 90–92). Та Сургаал ба Гэрээг хайрладгаа мөн энэ жил үүнээс суралцах хүсэл эрмэлзлийнхээ талаар хуваалц.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Их Эзэн бошиглогчдоороо дамжуулан биднийг сүнслэг аюулаас сэрэмжлүүлдэг.
Их Эзэн Өөрийн дуу хоолойг “сэрэмжлүүлгийн дуу хоолой” хэмээн тунхагласан. Та Түүний сэрэмжлүүлгийг сонсож, дагахад хүүхдүүдийг хэрхэн урамшуулах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдэд замын хөдөлгөөний аюул, цаг агаарын таагүй байдал, хор гэх мэт сэрэмжлүүлэх тэмдгүүдийн зургийг бариулаад, тэдгээр нь биднийг аюулаас хэрхэн сэрэмжлүүлдэг тухай ярь. Эсвэл сэрэмжлүүлгийг дагасан тохиолдлынхоо тухай ярь. Эдгээр сэрэмжлүүлгийг Их Эзэний бошиглогчдоороо дамжуулан бидэнд өгдөг сэрэмжлүүлгүүдтэй харьцуул. Тэр биднийг хайрлаж, аюулгүй байгаасай хэмээн хүсдэг учраас биднийг сэрэмжлүүлдэг болохыг гэрчил (мөн энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү).
-
Сургаал ба Гэрээ 1:4-өөс “Сэрэмжлүүлгийн дуу хоолой бүх хүмүүст хүрэх болно” гэдгийг хүүхдүүдэд уншиж өг. Саяхан бошиглогчийн заасан, биднийг аюулгүй байхад туслах ямар нэгэн зүйлийг хуваалц. Боломжтой бол холбогдох зургийг үзүүл. Бошиглогчийн зөвлөгөөг хэрхэн дагаж байгаагаа ярь.
Иосеф Смит бол Бурханы бошиглогч.
Та хүүхдүүдтэй хамт Сургаал ба Гэрээг судалж эхлэхдээ, Иосеф Смитийн тэнгэрлэг дуудлагын тухай гэрчлэлтэй болоход нь хүүхдүүдэд тусал.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Бошиглогч Иосеф Смитийн зургийг үзүүл (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав эсвэл Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 87-г үзнэ үү). Хүүхдүүдээс уг зургийн хажууд зогсоод, Иосеф Смитийн талаар мэддэг зүйлээ хуваалцахыг хүс.
-
Хүүхдүүдэд Аврагчийн болон Иосеф Смитийн зургийг бариул. Аврагч зарлигууд (17-р шүлгийг үзнэ үү), Мормоны Ном (29-р шүлгийг үзнэ үү) гэх мэтийг Иосеф Смитээр дамжуулан өгсөн гэдгийг тэдэнд ярь. Их Эзэний Иосеф Смитээр дамжуулан Сүмд өгсөн зарлигуудын талаар Сургаал ба Гэрээнээс суралцах болно гэдгийг хүүхдүүдэд хэл.
-
Иосеф Смитийн тухай сэтгэгдлээ хуваалцаж, Бурхан “өөрийн үйлчлэгч Бага Иосеф Смитийг дуудан, тэнгэрээс түүнд [ярьсан]” (17-р шүлэг) гэдгийг гэрчил.
Бошиглогчийн үгс бол Бурханы үгс.
Таны заадаг хүүхдүүд Сүмийн ерөнхийлөгчийн ярихыг сонссон боловч түүний үгс Бурханаас ирдэг гэдгийг ойлгоогүй байж магадгүй. Бошиглогчийн үгс бол Бурханы үгс гэдгийг хүлээн зөвшөөрөхөд нь тэдэнд тусал.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Нэг хүүхдэд зааварчилгаа өгөөд, түүнийг бусад хүүхдэд уг зааварчилгааг давтан өгөх энгийн нэг тоглоом тогло. Уг хүүхдийн зааварчилгааг дагах нь таны зааварчилгааг дагахтай адил бөгөөд бошиглогчийг дагах нь Их Эзэнийг дагахтай адил гэдгийг ойлгоход тэдэнд тусал. Сургаал ба Гэрээ 1:38-ын сүүлийн мөр: “Миний өөрийн дуу хоолой байна уу, эсвэл миний үйлчлэгчдийн дуу хоолой байна уу, энэ нь яг адил” гэснийг тэдэнд уншиж өг.
-
“Бошиглогчийг дага” (Хүүхдийн дууны ном, 58) гэх мэт бошиглогчийн тухай дууг хамтдаа дуул. Бошиглогч Бурханы үгийг ярьдаг талаар гэрчлэлээ хуваалц.
-
Амьд бошиглогчийн зураг, дуу бичлэгийг эсвэл видео бичлэгийг хуваалц. Бошиглогч Бурханы биднийг мэдээсэй хэмээн хүсэж буй зүйлсийг бидэнд хэлдэг хэмээн гэрчлэлээ хуваалц. Бошиглогчийн талаар ямар сэтгэгдэлтэй байдгаа хуваалцахад хүүхдүүдийг урь.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Сургаал ба Гэрээ 1:15–17, 29–30
Их Эзэн бидэнд тулгарах саад бэрхшээлийг мэдэж байсан тул Иосеф Смитээр дамжуулан сайн мэдээг сэргээсэн.
Та сайн мэдээний Сэргээлт хэрхэн сүнслэг хамгаалалтаар хангадаг болохыг зааснаар хүүхдүүдийг ирээдүйн сорилт бэрхшээлүүдэд бэлтгэж чадна.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Өнөөгийн дэлхийн зарим асуудлын талаар бодоход хүүхдүүдэд тусал. Сургаал ба Гэрээ 1:15–16-г тэдэнтэй хамт тоймлон үзээд, Их Эзэний тохиолдоно хэмээн бошиглосон зарим асуудлыг таньж мэдэхэд нь тусал. Их Эзэн биднийг өнөө үеийн сорилт бэрхшээлүүдтэй нүүр тулахад туслахын тулд юу хийснийг 17 болон 29–30-р шүлгүүдээс олж мэдэхэд тэднийг урь.
-
Аялалд явахаар бэлтгэж байна гэж төсөөлөн бодохыг хүүхдүүдээс хүс. Тэд ямар ачаа бэлдэх вэ? Аяллын үеэр бороо орох юм уу машиных нь дугуй хагарна гэдгийг мэдэх нь тэдэнд хэрхэн туслах вэ? 17-р шүлгийг хамт уншаад, Их Эзэн бидэнд юу тохиолдохыг мэдэж байсан ба уг зүйлд биднийг хэрхэн бэлтгэсэн талаар ярилц. (Хэрэв шаардлагатай бол “сүйрэл” гэдгийг тайлбарла.) Энэ цаг үед тулгарч байгаа асуудлаа зохицуулахад Бурханы зарлигууд бидэнд хэрхэн тусалдаг вэ?
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол Их Эзэний “үнэн бөгөөд амьд сүм” мөн.
Та “цорын ганц үнэн бөгөөд амьд сүм”-д харьяалагдахын агуу адислалд талархахад нь хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдийг амьтай бөгөөд амьгүй зарим зүйлийг жагсааж бичихэд урь (шаардлагатай бол зураг юм уу жишээ болгох зүйл авчир). Амьтай, амьгүй зүйл хоорондоо ямар ялгаатай вэ? 30-р шүлгийг хамтдаа унш. “Үнэн” Сүм, “амьд” Сүм гэж юу гэсэн үг вэ?
-
Аврагчийн уран зураг гэх мэт зураг үзүүлээд, өрөөний гэрлийг унтраан, уг зургийг дүрслэн ярихыг хүүхдүүдээс хүс. Олон хүний хувьд Аврагчийн үнэн Сүм “тодорхой бус” болон “харанхуй” байдалд байгаа гэдгийг ойлгоход нь хүүхдүүдэд туслахдаа энэ үйл ажиллагааг ашигла. Сүмийн тухай мэдэж авахад нь бид бусдад хэрхэн тусалж чадах вэ?
Их Эзэний үг үүрд оршдог.
Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхэд нь хүүхдүүдэд туслахын тулд Түүний үг бат найдвартай гэдгийг заа.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдийг хөөс, цасан ширхэг гэх мэт түр зуурын зүйлсийг уул, нар зэрэг байнга орших зүйлстэй харьцуулахад тусал. 37–38-р шүлгээс Их Эзэний байнга оршино хэмээн хэлсэн ямар нэг зүйлийг олохыг тэднээс хүс. Яагаад Бурханы үг “алга болох нь үгүй” гэдгийг мэдэх нь адислал болдог вэ?
-
“Миний үйлчлэгчдийн дуу хоолой” гэдэгт манай бошиглогч, төлөөлөгчдийн дуу хоолой багтдаг гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал. Их Эзэний нэгэн үйлчлэгчийн хэлсэн сүүлийн үеийн Ерөнхий чуулганы үгээс “бошиглолууд хийгээд амлалтуудыг” олж мэдэхэд хүүхдүүдэд тусал. Эдгээр үг Их Эзэнээр урамшуулагдсан бөгөөд “бүгд биелэх болно” гэсэн гэрчлэлээ хуваалц.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Хүүхдүүдийн өнөөдөр суралцсан зүйлсийг тэдэнтэй хамт тоймлон авч үзээд, хүн бүр мэдэх ёстой гэж үзэж буй нэг зүйлийг сонгоход тэднийг урь. Тэр зүйлээ найзтайгаа эсвэл гэр бүлийнхээ гишүүнтэй хуваалцахад тэднийг урамшуул.