Сургаал ба Гэрээ 2021
1-р сарын 4–10. Иосеф Смит—Түүх 1:1–26: “Гэрлэн багана би харлаа”


“1-р сарын 4–10. Иосеф Смит—Түүх 1:1–26: ‘Гэрлэн багана би харлаа,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“1-р сарын 4–10. Иосеф Смит—Түүх 1:1–26,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021

Зураг
Ариун ойн цоорхой

Ариун ойн цоорхой, Грэг К.Олсэн

1-р сарын 4–10

Иосеф Смит—Түүх 1:1–26

“Гэрлэн багана би харлаа”

Та судруудыг судалж байхдаа заадаг хүүхдүүдээ бод. Ангидаа юун дээр анхаарлаа төвлөрүүлэхээ Ариун Сүнсний өдөөлтөөр дамжуулан та мэдэж авч болох юм.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Иосеф Смит ба Ариун ойн цоорхой дахь түүний залбирлын талаар мэддэг зүйлээ хуваалцахад цөөн хүүхдийг урь (Анхны үзэгдлийн зургийг үзүүлэх нь тус болж магадгүй). Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Иосеф Смит дээр айлчлан ирснийг сонсоход тэдэнд ямар мэдрэмж төрж байгааг асуу. Хэрвээ Иосеф Смит манай ангид айлчлан ирвэл түүнд тохиолдсон явдлын талаар бид түүнээс юу асууж болох вэ?

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Иосеф Смит—Түүх 1:3–20

Иосеф Смит Бурханы бошиглогч байхаар бэлтгэгдсэн.

Иосеф Смитийн өсвөр насны талаар сурч мэдэх нь хүүхдүүдэд түүнтэй өөрсдийгөө адилтгах болон түүний туршлагаас суралцахад нь тусалж болох юм. Та Иосефыг хөвгүүн байхад тохиолдсон явдал Бурханы бошиглогч болоход нь түүнийг хэрхэн бэлтгэснийг ойлгоход тэдэнд тусалж болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Таныг Иосеф Смит—Түүх 1:3–14 дээрх Иосефын тухай зарим мэдээллийг хуваалцаж байхдаа Иосеф Смитийн зургийг (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 87-г үзнэ үү) барьж байхыг нэг хүүхдээс хүс (мөн “1-р бүлэг: Иосеф Смит болон түүний гэр бүл,” Сургаал ба Гэрээний түүхүүд, 6–8, эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох бичлэгийг үзнэ үү). Түүний гэр бүл болон амьдралыг өөрсдийнхтэйгөө харьцуулахад нь тэдэнд тусал. Иосеф бошиглогч байхаар Бурханаар сонгогдож, бэлтгэгдсэн талаар гэрчлэлээ хуваалц (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага дахь “Сэргээлтийн дуу хоолой: Иосеф Смитийн гэр бүл”-ийг үзнэ үү). Шаардлагатай бол, бошиглогч Бурханыг төлөөлж ярьдаг гэдгийг хүүхдүүдэд заа.

  • Ангидаа Иосеф Смит болж жүжиглэн айлчлахад тойргийн нэг залуу эрэгтэйг урь. Иосеф Смит—Түүх 1:3–20 дээр хариулт нь байх цөөн асуултыг хүүхдүүдийг уг залуу эрэгтэйгээс асуухад зориулан бэлд (та эдгээр асуултыг уг залуу эрэгтэйтэй урьдчилаад хуваалцаж болно). Дараа нь уг залуу эрэгтэйг Анхны үзэгдлийн талаарх Иосеф Смитийн өөрийнх нь үгээс уншихад урь (жишээлбэл, Иосеф Смит—Түүх 1:25).

Иосеф Смит—Түүх 1:10–17

Тэнгэрлэг Эцэг залбирлуудыг маань сонсож, хариулдаг.

Иосеф Смитийн туршлага Бурхан өөрсдийг нь сонсоно гэсэн итгэлтэйгээр залбирахад хүүхдүүдэд нөлөөлнө.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдэд Иосеф Смитэд байсан асуултуудын тухай хэл (Иосеф Смит—Түүх 1:10-ыг үзнэ үү). Бидэнд Бурханы талаар асуух зүйл байвал бид юу хийж болох вэ? Хүүхдүүдэд Библийг харуулж, Иосеф Библийг уншаад, “Бурханаас гуйж” болохыг ойлгосон гэдгийг тайлбарла (Иаков 1:5; мөн Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 89-ийг үзнэ үү). Бид залбирлаар дамжуулан Бурханаас асууж болно гэдэг гэрчлэлээ хуваалц.

  • Та эргэлзэж тээнэгэлзсэн үедээ Бурханаас тусламж гуйн, хариулт авсан тохиолдлынхоо тухай ярь. Залбирлууд нь хариулагдсан тохиолдлуудыг бодоход хүүхдүүдэд тусал. Та мөн хүүхдийн залбирал хариулагдсан тухай түүхийг Сүмийн сэтгүүлээс хуваалцаж болно.

Иосеф Смит—Түүх 1:17–19

Иосеф Смит Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрыг харсан.

Та хүүхдүүдэд Иосеф Смитийн Анхны үзэгдлийн тухай хүчтэй гэрчлэлтэй болох үндэс сууриа тавихад тусалж чадна. Та энэхүү чухал үйл явдлын талаар хэрхэн гэрчлэлтэй болсноо тэдэнтэй хуваалц.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймд буй Анхны үзэгдлийн зургийг харуулж, Иосефыг залбирахад юу болсныг өөрийнхөө үгээр хуваалц. Уг түүхийг өөрийнхөөрөө дүрслэн зурахад хүүхдүүдийг урь.

  • Хүүхдүүдийг энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг будаад, Анхны үзэгдлийн түүхийг ярихдаа ашиглахад урь (мөн “2-р бүлэг: Иосеф Смитийн Анхны үзэгдэл,” Сургаал ба Гэрээний түүхүүд, 9–12 эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох бичлэгийг үзнэ үү).

  • Иосеф Смит—Түүх 1:17-г уншаад, Тэнгэрлэг Эцэгийн Иосеф Смитэд хэлсэн үгсийг хүүхдүүдэд онцлон хэл.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Иосеф Смит—Түүх 1:10–13

Бурхан судруудаар дамжуулан асуултуудад маань хариулдаг.

Иосеф Смит Библиэс уншсан шүлгээсээ урам зориг авсан нь Анхны үзэгдэл тохиож, Христийн Сүм сэргээгдэхэд хүргэсэн билээ. Судруудыг судлах нь тэдэнд сүнслэг асуултуудынхаа хариултыг олж авахад тусална гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдэд янз бүрийн ном харуулж (нэвтэрхий толь бичиг, хоолны ном гэх мэт), эдгээр номын хариулж чадах асуултуудыг бодож олоход нь тусал. Дараа нь тэдэнд судар харуул. Энэ номууд ямар ямар асуултад хариулж чадах вэ? Та судруудад хариулт нь байдаг асуултын жишээг хэлж болно. Иосеф Смит—Түүх 1:10–11-ийг уншаад, Иосеф Смитэд ямар ямар асуулт байсан, судраас ямар хариултуудыг тэр олж авсныг олж мэд.

  • Иаков 1:5-ыг уншсан нь Иосеф Смитэд хэрхэн нөлөөлсөн болохыг дүрслэх үгсийг 12-р шүлгээс олоход хүүхдүүдэд тусал. Та судартай холбоотой туршлагаасаа, тухайлбал судрыг уншиж байхдаа асуултынхаа хариултыг олсон тухайгаа хуваалц. “Залбирч, эргэцүүлж, эрэлхийлэн хайх ёстой” (Хүүхдийн дууны ном, 66) дууг хамтдаа дуул.

Иосеф Смит—Түүх 1:10–19

Тэнгэрлэг Эцэг залбирлуудыг маань сонсож, хариулдаг.

Бурхан Иосеф Смитийг мэддэг байсан бөгөөд Иосефын залбирахыг сонссон. Таны зааж буй хүүхдүүдийн туршлага Иосефынхоос өөр байж болох ч та тэдэнд Бурхан тэднийг мэддэг бөгөөд залбирахад нь сонсдог гэдгийг мэдрэхэд тусалж чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Нэг хүүхдийн эцгийг эсвэл эхийг ангийн гадна зогсоод хүүхдүүдийн асуултуудад текст мессэж илгээх, утсаар ярих, зурвас бичих, элч илгээх зэрэг аргуудыг ашиглан хариулахад урь. Тэнгэрлэг Эцэгийн бидэнтэй харилцдаг зарим арга зам юу вэ? (“Илчлэлт,” Судруудын удирдамж, scriptures.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Иосеф Смит—Түүх 1:16–19-д цэдэглэснээр, Тэнгэрлэг Эцэг Иосеф Смитийн залбиралд хэрхэн хариулсан бэ? Тэрээр бидний залбиралд хэрхэн хариулдаг вэ?

  • Хүүхдийн залбирал” (Хүүхдийн дууны ном, 6–7) дууг хамт дуул.

    Зураг
    Залбирч буй залуу эмэгтэй

    Бурхан бидний залбирлыг сонсож, хариулдаг.

Иосеф Смит—Түүх 1:14–19, 25

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Иосеф Смитэд үзэгдсэн.

Таны заадаг хүүхэд бүрд Ариун ойн цоорхойд Иосеф Смитэд тохиолдсон явдлын тухай гэрчлэл хэрэгтэй. Та тэдэнд гэрчлэлээ олж авах эсвэл хүчирхэгжүүлэхэд нь хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Анхны үзэгдлийн түүхийг дүгнэн үзэхийн тулд Иосеф Смит—Түүх 1:14–19-р шүлгийн товч дүгнэлтийг тус тусад нь жижиг цаасан дээр бич. Цааснуудыг саванд хийгээд, хүүхдүүдээр нэг нэгийг сугалуулан, самбарт зөв дарааллаар байрлуулахыг хүс.

  • Та Иосеф Смит—Түүх 1:14–17-оос сонгосон хэсгүүдээ уншиж байхдаа хүүхдүүдийг нүдээ аньж, Иосеф байх нь ямар болохыг төсөөлөхөд урь. Тэднээс Иосефт тохиолдсон явдлын талаарх бодол, сэтгэгдлээ хуваалцахыг хүс.

  • Хүүхдүүдэд “Ask of God: Joseph Smith’s First Vision” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзүүлж, тэднээс Иосефын Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг харсан үзэгдлийн тухай сурч мэдсэн ямар нэг зүйлээ хуваалцахыг хүс.

  • Иосеф Смит—Түүх 1:25 дээрх Иосефын гэрчлэлийг хамт унш. Хүүхдүүдээс Иосефын итгэлтэй байсныг харуулсан үг, хэллэгийг хайж олохыг хүс. Бусад хүн бидэнтэй санал нийлэхгүй үед бид хэрхэн Бурханд болон гэрчлэлдээ итгэлтэй хэвээр байх вэ?

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүдийг Иосеф Смитийн Анхны үзэгдлийн түүхийг хэн нэгэнтэй, болж өгвөл үүнийг урьд нь сонсож байгаагүй хүнтэй хуваалцахад урь. Тэд уг түүхийг ярихдаа энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглаж болно.

Заах чадвараа сайжруулах

Бишрэн хүндэтгэхэд урамшуул. Та хүүхдүүдэд бишрэл хүндэтгэлтэй байхыг сануулахдаа дуулах юм уу дуу аялах, Есүсийн зургийг харуулах эсвэл хүүхдүүдийн мэдэх дохио зангааг үзүүлж болох юм.

Хэвлэх