“1-р сарын 25–31. Сургаал ба Гэрээ 6–9: ‘Энэ бол илчлэлтийн Сүнс болой,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“1-р сарын 25–31. Сургаал ба Гэрээ 6–9,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021
1-р сарын 25–31
Сургаал ба Гэрээ 6–9
“Энэ бол илчлэлтийн сүнс болой”
Сургаал ба Гэрээ 6–9-ийг уншиж, заах бэлтгэлээ эхэл. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага болон энэхүү тойм нь танд ангийнхаа хүүхдүүдэд хэрхэн заах талаар санаа өгнө.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Хүүхдүүд залбирлынхаа хариуг авсан тухай Оливер Каудеригийн түүхийг мэддэг үү? (Гэгээнтнүүд, 1:58–60-ыг үзнэ үү). Хүүхдүүдэд хуваалцаж болох залбиралтай холбоотой туршлага байж болох юм.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Сургаал ба Гэрээ 6:5; 8:2; 9:7–9
Тэнгэрлэг Эцэг Ариун Сүнсээр дамжуулан бидэнтэй ярьдаг.
Залбирлыг нь сонсож, Өөрийн Сүнсээр дамжуулан хариулдаг хайрт Тэнгэр дэх Эцэг тэдэнд байдгийг ойлгоход нь хүүхдүүдэд тусал.
Боломжит үйл ажиллагаанууд
-
“5-р бүлэг: Иосеф Смит, Оливер Каудери хоёр” (Сургаал ба Гэрээний түүхүүд, 22–25 эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох бичлэг) хэсгийг ашиглан, Оливер Каудеригийн тухай болон Тэнгэрлэг Эцэг хэрхэн бидэнд хандан ярьдаг талаар түүний юу ойлгож мэдсэн тухай хүүхдүүдэд ярь. Уг түүхээс таалагдсан хэсгээ хэлэхийг хүүхдүүдээс хүсээд, танд хандан Оливер Каудеригийн талаар ээлжлэн ярих боломжийг тэдэнд олго.
-
Оливер Каудери Мормоны Номыг орчуулах гэж оролдсон ч чадаагүй тул Иосеф Их Эзэнээс яагаад хэмээн асуусныг хүүхдүүдэд хэл. “Чи үүнийг оюундаа тунгаан бодох ёстой; дараа нь энэ нь зөв үү гэдгийг чи надаас асуух ёстой” (Сургаал ба Гэрээ 9:8) гэсэн Их Эзэний хариултыг хүүхдүүдэд уншиж өг. Тэднийг суралцаж, залбирч буй дүр үзүүлэхэд урь. Бид Их Эзэнээс хариулт хэрхэн авах талаар суралцаж, Түүнээс тусламж гуйх хэрэгтэйг ойлгоход нь хүүхдүүдэд тусал.
-
Таныг Сургаал ба Гэрээ 8:2 дээрх “оюун” болон “зүрх сэтгэл” гэсэн үгсийг унших үед өөрсдийн толгой, цээжинд хүрэхэд хүүхдүүдийг урь. Бидэнд бодол санаа, мэдрэмж өгдөг Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэг бидэнд хандан ярьдгийг ойлгоход тэдэнд тусал. “Ариун Сүнс” (Хүүхдийн дууны ном, 56) гэх мэт Ариун Сүнсний тухай дууг хамтдаа дуул. Ариун Сүнс бидэнтэй хэрхэн ярьдаг талаар энэ дуу юу зааж байна вэ? Та оюун болон зүрх сэтгэлдээ Ариун Сүнсийг мэдэрсэн туршлагаасаа хуваалц.
Аврагчийн тусламжийг авснаар надад айх шаардлага гарахгүй.
Иосеф Смит, Оливер Каудери хоёрт айж эмээх олон шалтгаан байсан. Хавчлага дарамт, ядуурал нь тэдэнд тулгарсан сорилт бэрхшээлийн нэг хэсэг нь л байсан. Их Эзэний Иосеф, Оливер хоёрт өгсөн захиас хүүхдүүдийг айх үед дэмжлэг үзүүлэх болно.
Боломжит үйл ажиллагаанууд
-
“Бүү ай, бяцхан сүрэг” (Сургаал ба Гэрээ 6:34) гэсэн үгсийг хэд хэдэн удаа давтан хэлэхийг хүүхдүүдээс хүс. Сүрэг гэдэг нь хоньд гэх мэт хэсэг бүлэг амьтан болохыг тайлбарла. Аврагчийг хоньчноор дүрсэлсэн зургийг харуулж (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 64-ийг үзнэ үү), Тэрээр биднийг хоньчин Өөрийн хоньдыг хариулдгийн адил харж ханддаг гэдгийг гэрчил. Тэр биднийг хайрладаг учраас бид айх шаардлагагүй.
-
Хүүхдүүдийг айж үргэсэн хонин сүрэг болгож жүжиглүүл. Хонь юунаас айсан байж болох вэ? Нэг хүүхдийг хоньдыг аюулгүй байлган маллах хоньчны дүрд тоглуул. Бид заримдаа юунаас айдаг вэ? Есүс Христ бол бидний хоньчин бөгөөд айдсыг маань арилгаж чадна гэдэг гэрчлэлээ хуваалц. “Little Lambs So White and Fair” (Children’s Songbook, 58) гэх мэт Аврагчийн тухай дууг хамтдаа дуул.
-
Сургаал ба Гэрээ 6:36-г хүүхдүүдэд уншиж өгөөд, “бүү эргэлз, бүү ай” гэсэн үгсийг давтан хэлэхэд тэднийг урь. Ирэх долоо хоногийн туршид Аврагч руу “харах” буюу Түүнийг санах арга замуудыг бодож олоход хүүхдүүдэд тусал (мөн энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү).
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Сургаал ба Гэрээ 6:5, 15–16, 22–23; 8:2; 9:7–9
Ариун Сүнс бидний оюунд мөн зүрх сэтгэлд ярьдаг.
Таны заадаг хүүхдүүд Ариун Сүнсний бэлгийг хүлээн авсан байж магадгүй. Тэд Сүнснээс ирэх хувийн илчлэлтийг хэрхэн танихыг ойлгосон уу?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Самбарт толгой болон зүрх зур. Хүүхдүүдэд дараах шүлгүүдийг уншиж өгөөд, аль нь Сүнс бидний оюун бодол, зүрх сэтгэлд, эсвэл аль алинд ярьдаг талаар дүрсэлснийг тодорхойлоход тусал. Үүнд: Сургаал ба Гэрээ 6:15, 23; 8:2; 9:8; 9:9. Ариун Сүнс таны оюун бодол, зүрх сэтгэлд ярих нь ямар байдаг тухай туршлагаасаа хүүхдүүдэд хэлж өг.
-
Сургаал ба Гэрээ 6:5-ыг хамтдаа уншаад, залбирч, хариулт хүлээн авсан туршлагаасаа хуваалцахад хүүхдүүдийг урь. Залбирч, асуултынхаа хариултыг хүлээн авсан судар дээрх хэн нэгний жишээг бодож олоход тэдэнд тусал (1 Нифай 2:16; Инос 1:1–6; Ифер 2:18–3:6-г үзнэ үү).
-
Самбарт Ариун Сүнс бидэнтэй хэрхэн ярьдаг вэ? гэж бич. Уг асуултын хариултыг Сургаал ба Гэрээ 6:15–16, 22–23; 8:2; 9:7–9-өөс хайхад хүүхдүүдийг урь. Ариун Сүнс тантай ярьж байгааг мэдэрсэн туршлагаасаа хуваалц.
“Сайныг үйлдэхээс бүү ай.”
Таны заадаг хүүхдүүд зөв зүйлийн төлөө зогсохоос заримдаа айдаг байж болно. Сургаал ба Гэрээ 6:33–37 нь тэднийг хүнд нөхцөл байдалд ч эрэлхэг зоригтой байхад урамшуулан дэмждэг.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Сургаал ба Гэрээ 6:33-ыг хамт уншаад, хэн нэгэн нь сайныг үйлдэхээс яагаад айж болох талаар ярилц (мөн 28–29-р шүлгийг үзнэ үү). Сайныг үйлдэх зоригийг тэдэнд өгөхөд туслах үг хэллэгийг 33–37-р шүлгээс олоход хүүхдүүдэд тусал.
-
“Санаа бодол болгондоо [Есүс Христ] уруу харахыг” (36-р шүлэг) тэдэнд сануулах зураг зураад, гэртээ байрлуулахад хүүхдүүдэд тусал. Зураг зурах үед нь, Аврагч руу харах гэж юу гэсэн утгатай болох, энэ нь тэднийг хэрхэн аюулгүй байлгах тухай ярилц.
-
“Зөвийг чи хий” (Хүүхдийн дууны ном, 80), “Үргэлжлүүлцгээе, хамтдаа” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х. 10) зэрэг эр зоригийн тухай дууг хамтдаа дуул. Бидний “айхгүй байх” (36-р шүлэг) зарим шалтгааныг уг дуунаас олж мэдэхийг хүүхдүүдээс хүс.
Би итгэлтэй байж асууж чадна.
Судруудад Их Эзэн Өөрт нь итгэлтэй байхыг бидэнд сануулдаг. Та өөрийн заадаг хүүхдүүдэд Есүс Христэд илүү их итгэлтэй байхад нь хэрхэн тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Самбарт гүйгээр чи юу ч хийж чадахгүй; тиймийн тул асуу гэж бич. Хоосон хоёр зайд хоёуланд нь тохирох нэг үгийг бодож олохыг хичээхэд хүүхдүүдийг урь. Дараа нь Сургаал ба Гэрээ 8:10-ыг хамтдаа уншиж, хариултыг ол. Хэрэв бидэнд итгэл байвал бид ямар ямар зүйлийг хийж чадах вэ?
-
Сургаал ба Гэрээ 8:10-ыг хамт уншаад, Их Эзэнээс туслахыг гуймаар байгаа зүйлсээ бодож олоход хүүхдүүдэд тусал. Гуйх хэрэгтэй зүйлийг нь харуулсан зураг зурахад тэднийг урь. Тэднийг өөрсдийн зургийг ангийнхандаа үзүүлэх үед бусад хүүхдээр уг зурагт юуг дүрслэн үзүүлснийг таалга.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Сургаал ба Гэрээ 6–9 дээрх “сайныг үйлдэхээс бүү ай” (6:33), “бүү эргэлз, бүү ай” (6:36), эсвэл “итгэлгүйгээр чи юу ч хийж чадахгүй” (8:10) зэрэг богино хэллэгүүдээс гэрийнхээ хэн нэгэнтэй хуваалцахаар сонгоход хүүхдүүдэд тусал.