“2-р сарын 1–7. Сургаал ба Гэрээ 10–11: ‘Ялан дийлэгч болж гарахын тул чи,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“2-р сарын 1–7. Сургаал ба Гэрээ 10–11,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021
2-р сарын 1–7
Сургаал ба Гэрээ 10–11
“Ялан дийлэгч болж гарахын тул чи”
Та Сургаал ба Гэрээ 10–11-ийг анхааралтай уншаад, эдгээр хэсэгт байгаа үнэнийг ойлгоход нь хүүхдүүдэд хэрхэн туслахаа тунгаан бод. Энэхүү тоймд байгаа санаанууд бага насны болон том хүүхдүүдийн аль алинд заахад тусална.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Хүүхдүүдээс Мартин Харрисын талаар болон Мормоны Номын орчуулгын алдагдсан хуудаснуудын тухай өмнөх хичээлээс санаж байгаа зүйлээ хуваалцахыг хүс. Тэдний санахгүй байгаа мэдээллийг хуваалц. Та “4-р бүлэг: Мартин Харрис ба алдагдсан хуудаснууд”-ыг эргэн харж болно (Сургаал ба Гэрээний түүхүүд, 18–21).
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Намайг байнга залбирах үед Тэнгэрлэг Эцэг адислах болно.
Заримдаа хүүхдүүд зөвхөн тодорхой цагт болон газарт мөн зөвхөн сөхрөн суух юм уу нүдээ анисан байвал л залбирч болно гэж боддог. Та тэдэнд “ямагт залбирахыг” сурч мэдэхэд нь хэрхэн тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Идэх, унтах, тоглох зэрэг бидний байнга хийдэг зүйлсийн зургийг харуул. Эдгээр нь бидэнд хэрхэн тусалдаг вэ? Сургаал ба Гэрээ 10:5 дээрх “ямагт залбир” гэсэн үгсийг хүүхдүүдэд уншиж өгөхдөө, залбирч буй хүүхдийн зургийг үзүүл. Хүүхдүүдээс эдгээр үгийг хэд хэдэн удаа давтан хэлэхийг хүс. Ямагт залбирах нь бидэнд хэрхэн туслах вэ?
-
Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглан, бидний залбирч болох олон газар болон цаг үеийн талаар бодоход хүүхдүүдэд тусал.
-
Сүмд, сургуулиасаа өмнө, унтахдаа гэх мэт өөрсдөө болон гэр бүлээрээ залбирдаг өөр өөр цаг мөчийг болон газруудыг зурахад хүүхдүүдийг урь. Ямагт залбирах гэдэг нь өдрийн туршид байнга залбирах гэсэн утгатай болохыг тайлбарлан хэл. Бусад хүнтэй хамт байхдаа, тухайлбал сургууль дээрээ юм уу найзуудтайгаа хамт байхдаа бид хэрхэн залбирч болох вэ?
Ариун Сүнс намайг сайныг үйлдэхэд хөтөлдөг.
Хүүхдүүд бага байхдаа хүртэл Сүнс тэдэнд хандан ярихыг таньж эхэлдэг.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Чийдэнгийн шил, гар чийдэн, баяр хөөртэй царай зэргийг өрөөний хаа нэгтээ нуу. Хүүхдүүдийг эдгээр зүйлийг олоход урь. Сургаал ба Гэрээ 11:13-ыг уншаад, олсон эд зүйлтэйгээ холбоотой үгийг таньж мэдэхэд хүүхдүүдэд тусал. Ариун Сүнс бидэнд хэрхэн тусалдаг талаар эдгээр үг юу зааж байна вэ?
-
Хүүхдүүдэд зөв бурууг сонгох хэд хэдэн нөхцөл өг. Тухайлбал, үнэнийг хэлэх эсвэл худлаа ярих сонголт, сайхан сэтгэлтэй эсвэл муу санаатай байх сонголт гэх мэт. Аль сонголт нь зөв болохыг бид хэрхэн мэдэж болох вэ? Сургаал ба Гэрээ 11:12-ыг хамтдаа уншаад, хэрэв бид Түүнийг сонсох аваас зөв сонголт хийхэд маань Ариун Сүнс тусална гэдгийг гэрчил.
-
“Listen, Listen” (Children’s Songbook, 107) зэрэг Ариун Сүнсний удирдамжийн тухай дууг дуул. Ариун Сүнс хэрхэн бидэнд тусалдаг талаар уг дуу юу заадгийг хүүхдүүдээсээ асуу.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Би ямагт залбирснаар Сатаны уруу таталтыг ялан дийлж чадна.
Та тогтмол залбирах нь тэдэнд уруу таталтыг ялах хүч өгдөг гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусалж болно.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Сургаал ба Гэрээ 10:5-ын үг, хэллэгүүдийг жижиг цааснууд дээр бичээд зөв дарааллаар нь байрлуулахыг хүүхдүүдээс хүс. Тусламж хэрэгтэй бол уг шүлгийг харахад нь тэднийг дэмж. Энэ шүлэгт цэдэглэснээр, биднийг тогтмол залбирахад ямар ямар адислал ирдэг вэ? Өдрийн турш, ялангуяа бид буруу зүйл хийхээр уруу татагдах үедээ залбирах тухай санах нь бидэнд хэрхэн тусалдаг вэ?
-
Бидний залбирч болох зарим цаг үе болон газрын жагсаалтыг гаргахад хүүхдүүдийг урь. Нэмэлт санаа хэрэгтэй бол Алма 34:17–27-г харахад тэднийг урамшуул.
-
Ямагт залбирахыг сануулах жижиг тэмдэг эсвэл зургийг бүтээхэд хүүхдүүдэд тусал. Тэмдгээ гэртээ өөрсдийн тогтмол харах газраа өлгөхөд тэднийг урь.
Ариун Сүнс намайг сайныг үйлдэхэд хөтөлдөг.
Залуу хүн ихэнх тохиолдолд Ариун Сүнсний удирдамж ямархуу байдгийг мэдэхийг хүсдэг. Та Сургаал ба Гэрээ 11-ийг ашиглан, “сайныг үйлдэхэд хөтөлдөг тэр Сүнсийг” (12-р шүлэг) хэрхэн танихыг хүүхдүүдэд заа.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Тусламж хэрэгтэй үедээ эсвэл асуух зүйл байвал ханддаг хүмүүсийнхээ жагсаалтыг гаргахад хүүхдүүдэд тусал. Яагаад бид энэ хүмүүсийг бидэнд тусална гэж найддаг вэ? Хүүхдүүдийг Сургаал ба Гэрээ 42:30-ийг уншаад, Хайрум Смитийг юунд итгэ гэснийг олж мэд. Бид яагаад Ариун Сүнсний удирдамжид итгэх ёстой талаар энэ шүлгээс юу сурч чадах вэ?
-
Ариун Сүнс тэдэнтэй ярихад ямар мэдрэмж төрдгийг асуусан найздаа юу гэж хэлэхийг нь хүүхдүүдээс асуу. Хүүхдүүдийг Сургаал ба Гэрээ 11:12–13-ыг уншиж, боломжит хариултуудыг олоход урь.
-
Ариун Сүнс таныг сайныг үйлдэхэд хөтөлсөн туршлагаасаа хүүхдүүдтэй хуваалц. Хүүхдүүдийг үүнтэй адил туршлага байгаа эсэхээ тунгаан бодож, хэрэв хүсэж байвал туршлагаа хуваалцахад урь. Тэнгэрлэг Эцэг биднийг Ариун Сүнсээр дамжуулан удирдан чиглүүлэхийг хүсдэг гэдгийг гэрчил. Хүүхдүүдийг ирэх долоо хоногийн туршид Сургаал ба Гэрээ 11:12–13 дээр дүрсэлсэнтэй адил мэдрэмжүүд өөрсдөд нь төрсөн эсэхийг анзаарахад урамшуулан дэмж.
Би сайн мэдээг мэдэж авах хэрэгтэй байна. Тэгснээр би бусдад үнэнийг олоход нь тусалж чадна.
Таны заадаг хүүхдүүдэд сайн мэдээнээс хуваалцах боломж олон байх болно. Тийм боломжуудад хэрхэн бэлтгэх талаар эдгээр шүлэг тэдэнд зааж чадна.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Сайн мэдээг урьд нь сонсож байгаагүй хүнд сайн мэдээний талаар юу ярихаа жүжигчлэн үзүүлэхэд хүүхдүүдийг урь. Жишээлбэл, Мормоны Номын тухай асуултуудад юу гэж хариулах вэ? Есүс Христ хэн болохыг тэд хэрхэн тайлбарлаж болох вэ? Сургаал ба Гэрээ 11:21, 26-г хүүхдүүдтэй хамт унш. Их Эзэн сайн мэдээг заахад бэлтгэхийн тулд юу хий гэж Хайрум Смитэд хэлсэн бэ? Бурханы үгийг “олж авах” гэдэг нь ямар утгатай вэ? Бид үүнийг хэрхэн хийх вэ? Бид Бурханы үгийг зүрх сэтгэлдээ хэрхэн “нөөцөлж” авах вэ?
-
Хүүхдүүдийг дуртай судраа хуваалцаж, яагаад дуртай болохоо тайлбарлахад урь. Тэдэнд судрууд амьдралыг нь хэрхэн адисалсан тухай болон тэд гэртээ Бурханы үгийг судлахын тулд юу хийдэг талаар ярих боломж өг. Тэднийг Бурханы үгийг илүү олон удаа унших зорилго тавихад урамшуулан дэмж.
-
“Би яг одоо номлогч болохыг хүсч байна” (Хүүхдийн дууны ном, 90) зэрэг сайн мэдээг хуваалцах тухай дууг хамтдаа дуул. Бид хэрхэн өдөр бүр номлогчид байх талаар энэ дуу юу заадаг вэ?
-
Хүүхдүүдийг сайн мэдээнээс хуваалцан, Бурханы хүүхдүүдийг цуглуулахад нь туслахад урамшуулахын тулд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны болон Вэнди В.Нэлсон эгчийн “Израилын найдвар” (өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3, ChurchofJesusChrist.org) үгээс ямар нэгэн зүйлийг хуваалц.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Өнөөдөр Сургаал ба Гэрээ 10-аас эсвэл 11-ээс мэдэж авсан зүйлийнхээ талаар гэр бүлийн гишүүнтэйгээ ярилцахад хүүхдүүдийг урь. Жишээ нь, тэд ямагт залбирахын тулд хэрхэн төлөвлөж байгаагаа хуваалцаж болно.