“2-р сарын 22–28. Сургаал ба Гэрээ 18–19: ‘Бодгалийн үнэ цэнэ агуу,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“2-р сарын 22–28. Сургаал ба Гэрээ 18–19,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021
2-р сарын 22–28
Сургаал ба Гэрээ 18–19
“Бодгалийн үнэ цэнэ агуу”
Та Сургаал ба Гэрээ 18–19-өөс хүүхдүүдэд утга учиртай байж болох зарчмуудыг олоход туслахыг Тэнгэрлэг Эцэгээс гуйгаарай.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Сургаал ба Гэрээ 18:2-ыг уншаад, судрууд үнэн гэдгийг мэдэхэд Оливер Каудерид Сүнс тусалсан гэдгийг тайлбарла. Судрууд үнэн гэдгийг Сүнс танд гэрчилсэн явдлын талаар хүүхдүүдэд ярьж өг. Хүүхдүүдийг судрууд үнэн гэж мэдэрч байсан туршлагаасаа хуваалцахад урь.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Бидний хүн нэг бүр Бурханы хувьд агуу үнэ цэнтэй.
Хүүхдүүд Тэнгэрлэг Эцэг тэднийг болон Өөрийн бүх хүүхдийг хайрладаг гэдгийг мэдсэн үедээ өөртөө улам итгэлтэй болж, бусдад илүү сайн ханддаг.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Сургаал ба Гэрээ 18:10-ыг тантай хамт хэд хэдэн удаа давтан хэлэхэд хүүхдүүдэд тусал. “Бодгаль” гэдэг нь Бурханы бүх хүүхдийг хэлж байгааг тайлбарла. 10-р шүлгийг хүүхдүүдтэй хамт давтан хэлэхдээ энэ удаа “бодгаль” гэдгийн оронд хүүхдийн нэрийг хэл. (Мөн энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү.)
-
Хүмүүсийн хувьд үнэ цэнтэй байдаг зарим зүйлийн талаар бодоход хүүхдүүдэд тусал. Дараа нь хүүхдүүдэд өөрсдийгөө толинд ээлжлэн харах боломж олгоод, харах үед нь хүүхэд бүрд өөрийг нь Бурханы хүүхэд бөгөөд агуу үнэ цэнтэй гэдгийг хэл. Тэнгэрлэг Эцэгийн хувьд тэд урьд нь бодсон бүх зүйлээсээ илүү их үнэ цэнтэй гэдгийг гэрчил.
Сайн мэдээг хуваалцах нь баяр хөөр авчирдаг.
Бусдыг Христэд ирж, агуу баяр хөөр мэдрэхэд урих урам зоригийг та хүүхдүүдэд хэрхэн өгөх вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Танд баяр хөөр авчирдаг зүйлийн талаар хүүхдүүдэд ярь. Хүүхдүүдэд өөрсдөд нь баяр хөөр авчирдаг зүйлийн талаар танд хандан ярих боломж олго. Сургаал ба Гэрээ 18:13, 16-г унш. Их Эзэнийг баяр хөөртэй болгодог зүйл юу вэ? Бидэнд юу баяр хөөрийг авчирна хэмээн Тэрээр хэлсэн бэ?
-
“Би яг одоо номлогч болохыг хүсч байна” (Хүүхдийн дууны ном, 90) зэрэг номлолын ажлын тухай дууг хамтдаа дуулж, сайн мэдээг хуваалцах, тэр дундаа гэр орондоо хуваалцах арга замуудыг бодож олоход хүүхдүүдэд тусал. Та сайн мэдээг хуваалцсан үеийнхээ тухай ярь. Хүүхдүүдэд туршлагаа хуваалцах боломж олго.
Сургаал ба Гэрээ 19:18–19, 23–24
Есүс Христ хэцүү цаг үед хүртэл Тэнгэрлэг Эцэгт дуулгавартай байсан.
Аврагчийн “гашуун аяганаас уухгүй, эргэн буцах[гүй]” (18-р шүлэг) байх хүсэл нь бидэнд Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байхын жишээ болдог. Хүүхдүүдийг Есүсийн үлгэр жишээг дагахад хэрхэн өдөөж болохоо бодож үз.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Гетсеманид зовж шаналж буй Есүс Христийн зургийг үзүүл (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү). Зураг дээр юу болж байгаа талаар мэддэг зүйлээ ярьж өгөхийг хүүхдүүдээс хүс. Аврагч Өөрийн зовлон шаналлын талаар Сургаал ба Гэрээ 19:18–19 дээр юу гэж хэлснийг өөрийн үгээр товч дүгнэ. Бидний гэм нүглийн төлөө зовох нь урьд өмнө хэний ч туулж байгаагүй хамгийн хэцүү зүйл байсан бөгөөд Есүс Өөрийн Эцэгт болон бидэнд хайртай учраас Бурханы хүсэлд дуулгавартай байсан гэдгийг онцолж хэл. Бид Тэнгэрлэг Эцэгт хэрхэн дуулгавартай байж болох вэ?
-
Сургаал ба Гэрээ 19:23 дээрх үгсийг илэрхийлэх энгийн үйлдлүүдийг бодож олоход хүүхдүүдэд тусал. Хүүхдүүдийг ийн үйлдэх зуур уг шүлгийг хэд хэдэн удаа унш. Бид Христээс суралцах болон Түүний үгсийг сонсох арга замуудын талаар бодоход тэдэнд тусал.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Бидний хүн нэг бүр Бурханы хувьд агуу үнэ цэнтэй.
Олон хүн өөрсдийгөө доогуур үнэлдэг бөгөөд харин зарим хүн өөрөөс нь өөр хүмүүст сайхан ханддаггүй. Сургаал ба Гэрээ 18:10 дээрх хүчирхэг захиас бидний өөрсдийгөө болон эргэн тойрныхноо авч үзэх хандлагыг өөрчилж чадна.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхэд бүрээс цаасан дээр нэрээ бичиж, уг цаасыг нэг нэг рүүгээ дамжуулахыг хүс. Авсан цаасан дээрээ тухайн хүний талаар өөрт таалагддаг ямар нэг зүйлийг бичихэд тэднийг урь. Санаа бодлоо бичихдээ найрсаг бөгөөд нухацтай хандахад тэднийг урамшуулан дэмж. Тэгээд Сургаал ба Гэрээ 18:10–12-ыг уншихад хүүхдүүдэд тусалж, Бурханы бидний талаар боддог зүйлсээс юу ойлгож мэдсэнээ хуваалцахад тэднийг урь. Бид Бурханы хүүхдүүд учраас бүгдээрээ Бурханы хувьд үнэ цэнтэй гэдгийг тайлбарлаж хэл.
-
Таны хувьд маш их үнэ цэнтэй нэг зүйлийг хүүхдүүдэд үзүүл. Өөрсдөдөө чухал гэсэн зүйлсэд бид хэрхэн ханддаг вэ? Нэг хүүхдээс Сургаал ба Гэрээ 18:10-ыг уншихыг хүс. Бидний мэлмийд “[тэдний] бодгалийн үнэ цэнэ агуу” гэдгийг бид бусдад хэрхэн харуулж болох вэ?
Есүс Христ миний төлөө зовж шаналсан.
Есүс Христ тэдний гэм нүглийн төлөөсийг төлсөн гэдгийг Ариун Сүнс хүүхдүүдэд гэрчилж болохын тулд та бишрэл хүндэтгэлийн сүнсийг ангидаа хэрхэн урих вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Есүс Христ бидний гэм нүглийн төлөө зовж шаналсан тухай түүхийг хуваалц (“51-р бүлэг: Есүс Гетсеманийн цэцэрлэгт зовж шаналсан нь,” Шинэ Гэрээний түүхүүд, 129–132 эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох бичлэгийг үзнэ үү). Уг түүхийг өөрийн үгээр ярихад хүүхдүүдийг урьж, дараа нь Сургаал ба Гэрээ 19:16–19 дээр Аврагч уг үйл явдлыг дүрслэн ярьсныг уншихад тэднийг урь. Бид Түүний хэлснээс юу ойлгож авч болох вэ?
-
Таныг Сургаал ба Гэрээ 19:16–19-ийг уншиж байх үед нүдээ аниад, Аврагчийн талаар юу мэдэрч байгаагаа бодохыг хүүхдүүдээс хүс. Есүс Христийн талаарх бодол сэтгэгдлээ илэрхийлэхэд тэдэнд туслах дуунуудыг Сүмийн дуулал эсвэл Хүүхдийн дууны ном-оос хайхад хүүхдүүдэд тусал (эдгээр номд байгаа сэдвийн жагсаалтыг үзнэ үү). Сонгосон дуугаа дуулж, гэрчлэлээ хуваалцахад хүүхдүүдийг урь.
-
Хүүхдүүдэд итгэлийн гуравдугаар тунхгийг цээжлэхэд тусал.
Сургаал ба Гэрээ 19:26, 34–35, 38
Бурханы адислалууд дэлхийн баялгуудаас илүү агуу.
Мормоны Номыг хэвлэх нь өндөр үнэтэй байсан бөгөөд Иосеф Смит тэр үнийг төлж дийлэхээргүй байлаа. Их Эзэн Мартин Харрисаас амжилттай авч яваа фермээ буюу “өмч хөрөнгийнхөө нэг хэсгийг [зарж]” хэвлэгчид төлбөр төлөхийг хүссэн (34-р шүлэг). Мартины болон өөр олон хүний гаргасан золиосын ачаар бид агуу адислалуудыг хүлээн авсан билээ.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Самбар дээр Сургаал ба Гэрээ 19:26, 34–35, 38-ыг ойлгоход хүүхдүүдэд туслах дараахтай төстэй асуултуудыг бич. Их Эзэн Мартин Харрисаас юу хийхийг хүссэн бэ? Яагаад Тэр түүнээс үүнийг хийхийг хүссэн бэ? Тэр хариуд нь юу амласан бэ? Хүүхдүүдийг хос хосоороо ажиллан, эдгээр шүлгээс хариултыг олоход урь. Хэрэв тэд Мартин Харрисын оронд байсан бол тэдэнд ямар байх байсныг асуу.
-
Хүүхдүүдэд Мормоны Номыг харуулаад, үүнээс танд таалагддаг нэг зүйлийг тэдэнд хэл. Тэднийг энэ талаар юу гэж бодож байгаагаа хуваалцахад урь. Мормоны Номыг хэвлэхийн тулд Мартин Харрисын гаргасан золиосын талаар товч ярь (Сургаал ба Гэрээний түүхүүд, 33). Мартиныг итгэлтэй, дуулгавартай байхад туслах юуг Их Эзэн түүнд Сургаал ба Гэрээ 19:38 дээр хэлсэн байдаг вэ? Бурханд дуулгавартай байх эсвэл Түүний ажилд туслахын тулд золиосолж болох зүйлийнхээ талаар бодоход хүүхдүүдэд тусал.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Бид бүгд Бурханы хувьд агуу үнэ цэнтэй гэх мэтээр, Сургаал ба Гэрээ 18 юм уу 19-өөс ойлгож авсан зүйл нь тусалж болох хэн нэгнийг бодож олоход хүүхдүүдийг урь. Ойлгож мэдсэн зүйлээ уг хүнтэй хэрхэн хуваалцахаа төлөвлөхөд тэднийг урамшуулан дэмж.