“2-р сарын 22–28. Сургаал ба Гэрээ 18–19: ‘Бодгалийн үнэ цэнэ агуу,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“2-р сарын 22–28. Сургаал ба Гэрээ 18–19,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021
Мартин Харрисын ферм, Ал Раундс
2-р сарын 22–28
Сургаал ба Гэрээ 18–19
“Бодгалийн үнэ цэнэ агуу”
Сургаал ба Гэрээний илчлэлтүүд бараг 200-аад жилийн өмнө тодорхой нөхцөлд хариу болж ирж байсан ч тэдгээрийн заадаг зарчмууд одоо ч хэвээрээ. Та уншиж байхдаа эдгээр зарчмыг хайж олон, өөрт тань ямар хамаатай болохыг бодож үз.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Мартин, Люси Харрис хоёр Нью-Йоркийн Палмирад хамгийн сайхан эдлэнгүүдийн нэгийг эзэмшдэг байв. Үүнийг олж авахад олон жилийг зарцуулсны дээр энэ нь тэдэнд гэр бүлээ тэтгэх боломжийг олгож, орон нутагтаа хүндлэгддэг болгосон байв. Гэвч 1829 онд Мартин фермээ барьцаалан зээл авч, хэвлэгч машины зардлыг төлсөн тохиолдолд л Мормоны Номыг хэвлүүлж чадах нь тодорхой болов. Мартин Мормоны Номын талаар гэрчлэлтэй байсан ч Люсид гэрчлэл байсангүй. Хэрэв Мартин зээл авч, Мормоны Ном сайн зарагдахгүй бол тэр фермээ алдаж, гэр бүлдээ аюул учруулж болохоор байв. Есүс Христийн сайн мэдээ надад ямар үнэ цэнтэй вэ? гэсэн Мартинд тулгарсан шиг асуултууд заримдаа бидэнд ч мөн адил тулгардаг. Би Бурханы хаант улсыг байгуулж туслахын тулд юуг золиослоход бэлэн байна вэ? Энэ нь бидэнд хэн ч Бурханы хүүхдүүдийг адислахын тулд “бүхнээс хамгийн агуу” (Сургаал ба Гэрээ 19:18) Есүс Христээс илүү үнэ төлөөгүй гэдгийг санахад тусалж болох юм.
Мартин фермээ барьцаанд тавихаар шийджээ. Түүний гаргасан золиосын ачаар Мормоны Номын эхний 5000 хувийг хэвлэх зардлыг төлсөн юм. Өдгөө 190 гаруй сая хувь хэвлэгдсэн энэ ном дэлхийн сая сая бодгалийг адисалсаар байна.
Мормоны Номыг хэвлэсэн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Гэгээнтнүүд, 1:76–84-ийг үзнэ үү.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Их Эзэн биднийг наманчлахад баясдаг.
Наманчлах болон наманчлал гэдэг үгс Сургаал ба Гэрээ 18, 19 дээр хэр их ашиглагдаж байгааг анзаарч, эдгээр үгийг ашиглах тоолонд юу сурч байгаагаа тунгаан бод. Ялангуяа Сургаал ба Гэрээ 18:10–16-г авч үзнэ үү. Эдгээр шүлэг наманчлалын талаар, таны өөрийн наманчлал болон бусдыг наманчлахад урих үүргийн талаарх бодолд хэрхэн нөлөөлдөг вэ?
Мөн Алма 36:18–21; Дэйл Г.Рэнландын “Наманчлал баяр хөөр авчрах сонголт” үгийг 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 120–124-өөс үзнэ үү.
Би Сургаал ба Гэрээнээс Их Эзэний дуу хоолойг сонсож чадна.
Хэрэв хэн нэгэн танаас Их Эзэний дуу хоолой ямархуу байдаг вэ гэж асуувал та юу гэж хариулах вэ? Сургаал ба Гэрээ 18:34–36-г уншиж байхдаа энэ асуултын талаар бод. Та Сургаал ба Гэрээнээс Их Эзэний дуу хоолойны талаар юу мэдэж авсан бэ? Та Түүний дуу хоолойг илүү тодорхой сонсдог болохын тулд юу хийж чадах вэ?
Есүс Христ намайг наманчилж мөн Түүнд ирж болохын тулд зовж шаналсан.
Шинэ Гэрээ нь Аврагчийн Гетсемани дахь шаналлыг үүнийг ажиглан харж байсан хүмүүсийн өнцгөөс тайлбарласан байдаг. Сургаал ба Гэрээ 19:15–20 дээр Есүс Христ Өөрийн зовж шаналсныг Өөрийнхөө үгээр хэлсэн байдаг. Та энэ ариун нандин, хувийн түүхийг уншиж байхдаа Аврагчийн зовлон шаналлыг тайлбарлаж буй үг, хэллэгийг хайж олоорой. Үг, хэллэг бүр танд юу зааж байгааг бодож үз. Аврагч яагаад зовж шаналахад бэлэн байсан бэ? Есүс Христийн талаар болон Түүний таны төлөө гаргасан золиосын талаар төрсөн сэтгэгдлээ бичихийг бод.
Иохан 15:13; Мозая 3:7; Алма 7:11–12; Сургаал ба Гэрээ 18:10–13-ыг үзнэ үү.
Бодгалийн үнэ цэн, Лиз Лэмон Свиндл
Сургаал ба Гэрээ 19:26–27, 34–41
Бурханы адислалууд дэлхийн эд баялгаас илүү агуу.
Мормоны Ном Палмирад тийм ч сайн борлуулагдахгүй байсан тул Мартин Харрис өрөө төлөхийн тулд фермийнхээ томоохон хэсгийг зарахаас өөр аргагүй болсон юм (“The Contributions of Martin Harris,” Revelations in Context, 7–8-ыг үзнэ үү). Та эдгээр шүлгийг уншиж байхдаа, юуг золиосолсноо болон үүний үр дүнд хүлээн авсан адислалуудынхаа талаар тунгаан бод. Та Их Эзэн танаас юу золиослохыг хүсэж байсан тухай бас бодож болох юм. Та энэ шүлгүүдээс эдгээр золиосыг “баясгалантай” мөн “баяртайгаар” (мөн 15–20-р шүлгийг үзнэ үү) хийхэд таныг урамшуулж буй юуг мэдэж авдаг вэ?
Есүс Христийн талаар сурч мэдэж, Түүнийг дагаснаар амар амгалан ирдэг.
Аврагчийн “Надаас суралц” гэсэн урилгын талаар бодож үзээрэй. Та Сургаал ба Гэрээ 19-өөс Есүс Христийн тухай юу ойлгож мэдсэн бэ? Өөрт төрсөн сэтгэгдлээ бичиж, Аврагчийн талаарх эдгээр үнэн амар амгаланг олоход тань хэрхэн тусалж болох талаар тунгаан бод. “[Түүний] Сүнсний номхон дөлгөөн байдалд алхагтун” гэдэг нь таны хувьд юу гэсэн үг вэ?
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
-
Сургаал ба Гэрээ 18:1–5.Танай гэр бүлийн гишүүд Их Эзэн Оливер Каудерид илчилсэнтэй адилаар судрууд үнэн гэдгийг өөрсдөд нь илчилсэн олон жишээнээс (2-р шүлэг) хуваалцаж болно. Танай гэрийнхэн судрууд дээр “бичигдсэн тэдгээр зүйлүүдэд” хэрхэн итгэж чадах вэ (3-р шүлэг)? Та гэр бүлийн сууриа сайн мэдээний “хадан” (4-р шүлэг) дээр хэрхэн барьж чадах вэ?
-
Сургаал ба Гэрээ 18:10–13; 19:16–19.Гэр бүлийн гишүүн бүр Сургаал ба Гэрээ 18:10–13-ыг уншиж, “бодгаль,” “бодгалиуд,” “бүх хүн” гэсэн үгсийн оронд өөрсдийн нэрийг орлуулж болно. Эдгээр шүлэг бид Эцэгт мөн Хүүгийн хувьд хэчнээн үнэ цэнтэйгээ ойлгоход бидэнд хэрхэн тусалж байгааг ярилцаж болно (Сургаал ба Гэрээ 19:16–19).
-
Сургаал ба Гэрээ 18:21–25.Танай гэр бүлийнхний нэрс онцгой утга агуулдаг уу? Магадгүй та нар нэр яагаад чухал болохыг мөн Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авна гэдэг нь юу гэсэн үг болохыг ярилцаж болно (Мозая 5:7). Энэ нь гэр бүлийн гишүүдийг баптисм хүртэх үед тэднийг Христийн нэрийг өөрсөд дээрээ авахад бэлтгэх сайхан боломж болж болох юм.
-
Сургаал ба Гэрээ 19:15–20.Эдгээр шүлгээс утга учиртай туршлагыг олж авахад нь гэр бүлийн гишүүддээ туслахын тулд та Есүс Христийн зургийг үзүүлэнгээ эдгээр зүйлийг уншиж өгч болно (нэг зураг энэ тойм дээр байгаа). Гэр бүлийн гишүүд дараа нь Аврагчийн талаарх мэдрэмжээ хуваалцаж болно. Мөн Аврагчийн тухай дуртай дуулал Сүнсийг урьж болно.
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Би гайхширна,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 22-р хуудас.
Хувиараа судлах үйл явцаа сайжруулах
Aсуултууд тавь. Сургаал ба Гэрээ бол асуултууд илчлэлт рүү хөтөлдгийн нотолгоо юм. Судруудыг судалж байхдаа, санаандаа орсон асуултуудыг бичиж тэмдэглэ. Дараа нь тунгаан бодож, хариулт эрэлхийлж залбир.
Гетсеманийн цэцэрлэгт залбирч буй Есүс, Хэрманн Клэмэнц