Сургаал ба Гэрээнүүд 2021
2-р сарын 1–7. Сургаал ба Гэрээ 10–11: “Ялан дийлэгч болж гарахын тул чи”


“2-р сарын 1–7. Сургаал ба Гэрээ 10–11: ‘Ялан дийлэгч болж гарахын тул чи,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“2-р сарын 1–7. Сургаал ба Гэрээ 10–11,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021

Мормоны Номын гар бичвэр

Мормоны Номын анхны гар бичвэрийн хуулбар

2-р сарын 1–7

Сургаал ба Гэрээ 10–11

“Ялан дийлэгч болж гарахын тул чи”

Судраас уншиж байхдаа төрсөн сэтгэгдлээ бичих нь үр суулгахтай адил юм. Жижиг сэтгэгдэл ч гэсэн утга учиртай хувийн илчлэлт рүү хөтөлж болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Мормоны Ном цааш орчуулагдах тусам асуултууд аяндаа ундарч байв. Иосеф Смит, Оливер Каудери хоёр алдагдсан орчуулгын хуудаснуудын тухайд юу хийх ёстой байсан бэ? Эрүүл ухаанаар бодвол тэр хэсгийг дахин орчуулж болох байсан ч Их Эзэн тэдний хараагүй зүйлийг олж харав. Ёс бусчууд Иосефын сүнслэг ажилд эргэлзээ төрүүлэхээр энэ хэдэн хуудсан дээрх үгсийг өөрчлөхөөр хуйвалдаж байжээ. Бурхан Сатаны хүчин чармайлтыг эсэргүүцэн, алдагдсан зүйлсийг нөхөх төлөвлөгөөтэй байсан. Бошиглогч Нифай тухайн цаг үеийг хамарсан хоёр дахь цэдгийг бүтээх сүнслэг өдөөлтийг авах тэр олон мянган жилийн өмнө энэ төлөвлөгөө эхэлсэн байв. Хожим нь Мормон сүнслэгээр нөлөөлөгдөж, Мормоны Номд энэхүү цэдгийг оруулсан нь Их Эзэний мэдэх “мэргэн зорилгын учир” (Мормоны үгс 1:3–7-г үзнэ үү) байсан юм.

Их Эзэн “Миний мэргэн ухаан чөтгөрийн заль мэхээс илүү агуу” (Сургаал ба Гэрээ 10:43) хэмээн Иосефт хэлсэн. Итгэл найдварыг сулруулахын тулд дайсны зүгээс гаргаж буй хүчин чармайлт улам эрчимжиж байгаа өнөө үед энэ нь тайвшруулах захиас болдог. Бид Иосефтой адил, Бурханы биднээр хийлгүүлэхээр дуудсан ажилд “итгэлтэй байж мөн дуусгахаар үргэлжлүүлж” (3-р шүлэг) чадна. Тэгээд бид “тамын үүд [биднийг] дийлэх нь үгүй” байж болохын тулд (69-р шүлэг) Тэр биднийг аль хэдийн арга замаар хангасныг олж мэдэх болно.

Гэгээнтнүүд, 1:51–61-ийг үзнэ үү.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 10:1–33

Сатан Бурханы ажлыг устгахыг эрэлхийлдэг.

Сатан биднийг Түүний оршин байдгийг мартахыг эсвэл Түүний бидэнд нөлөөлөх хүчин чармайлтуудыг танихгүй байгаасай хэмээн хүсдэг (2 Нифай 28:22–23-ыг үзнэ үү). Гэвч Сургаал ба Гэрээ 10 дээрх Их Эзэний үгс Сатан Бурханы ажлыг байнга, идэвхтэй эсэргүүцэж байдгийг илчилдэг. Та 1–33-р шүлгийг уншаад, Сатан Иосеф Смитийн үед Бурханы ажлыг устгахаар хэрхэн эрэлхийлснийг олж тогтоо (мөн 62–63-р шүлгийг үзнэ үү). Өнөөдөр Сатаны ажиллаж байгаа арга барилтай адил төстэй юуг та харж байна вэ? Та Их Эзэнээс Сатан таныг хэрхэн уруу татаж байгааг олж харахад туслахыг гуйж болно. Та 10-р хэсгээс Сатаны хүчин чармайлтыг эсэргүүцэхэд тань туслах юуг мэдэж авсан бэ?

Сургаал ба Гэрээ 10:34–52

Их Эзэний “мэргэн ухаан чөтгөрийн заль мэхээс илүү агуу.”

2400 гаруй жилийн өмнө Их Эзэн Мормоны Номын алдагдсан хуудаснуудыг нөхөхөөр бэлтгэсэн байв (1 Нифай 9-ийг үзнэ үү). Та Сургаал ба Гэрээ 10:34–52-оос Их Эзэний талаар юу мэдэж авсан бэ? Та амьдралдаа Их Эзэний мэргэн ухааныг болон урьдаас мэдэж байсан ямар баталгааг харж байсан бэ?

Бурхан алдагдсан гар бичвэрийг орлуулахаар бэлтгэсэн байсан тухай 1 Нифай болон Омнай номууд дээр гардаг. Энэ цэдгийн түүх, сургаалууд танд хэрхэн “сайн мэдээнд агуу санаануудыг өгч [байсан]” бэ? (Сургаал ба Гэрээ 10:45).

Мормон алтан ялтаснуудыг хураангуйлж байгаа нь

Мормон ялтаснуудыг хураангуйлж буй нь, Том Ловэлл

Сургаал ба Гэрээ 11

Хэрэв би Бурханаас асуувал хүлээн авах болно.

Иосеф Смитийн гэрийнхэн болон найз нөхөд өөрсдийнх нь өмнөөс Бурханы хүслийг мэдэж өгөхийг түүнээс хүсдэг байв. Иосеф тийн үйлдэхдээ баяртай байдаг байсан ч Их Эзэн тэдэнд хувийн илчлэлт өгөхийг хүсдэг байсан. Сургаал ба Гэрээ 11 дэх Иосефын өөрийн том ах Хайрумын төлөө хүлээн авсан илчлэлт дээр Их Эзэн “Сүнснээсээ би чамтай хуваалцах болно, … бүх зүйлийг чи надаас хүсвэл чи үүгээр мэдэх болно” (Сургаал ба Гэрээ 11:13–14) хэмээн хэлсэн.

Их Эзэн үгээ “сайн сайхан хүсэлтэй, мөн хураахын тулд хадуураараа хадах тэд бүгдэд” (27-р шүлэг) зориулсан хэмээн хэлжээ. Сургаал ба Гэрээ 11 дээр Их Эзэн хувийн илчлэлтийн талаар мөн Бурханы ажилд оролцох талаар танд юу гэж хэлэхийг хичээсэн бэ? Тэр танд ямар захиас өгөхийг хүсэж байна вэ?

Сургаал ба Гэрээ 11:15–26

“[Бурханы] үгийг олж авахаар” эрэлхийлбэл би Түүний Сүнс ба хүч чадлыг хүлээн авах болно.

Хайрум Смит Мормоны Номыг орчуулагдаагүй байхад ч сайн мэдээг номлохыг хүсэж байсан юм. Та Их Эзэн түүний хүсэлд хэрхэн хариулж байгааг уншихдаа “Бурханы үгийг олж авна” (21-р шүлэг) гэдэг таны хувьд юу гэсэн үг болохыг бодож үз. Бурханы үгийг олж авах нь Сүмд үйлчлэхэд тань хэрхэн тусалдаг вэ? Энэ нь Бурханы хүчийг амьдралд тань хэрхэн авчирдаг вэ?

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 10:5.Бид энэ шүлгээс залбирлын хүчийн талаар юу мэдэж авч болох вэ? Бид хэрхэн “үргэлж залбирдаг вэ”? (Санаа авах бол Дэвид А.Бэднарын “Үргэлж залбир” үгийг 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 50–53-аас үзнэ үү.)

Сургаал ба Гэрээ 10:38–46.Их Эзэн Мормоны Номын орчуулгын алдагдсан хуудаснуудыг хэрхэн нөхсөн талаар ярилцахад нь гэр бүлдээ туслахын тулд гэр бүлийн гишүүд саяхан алдсан ямар нэг зүйлийнхээ талаар ярьж болно. Үүнийг алдсанаа мэдэх үед тэдэнд ямар байсан бэ? Үүнийг олдоход тэдэнд ямар санагдсан бэ? Мормоны Номын алдагдсан хуудаснууд хэзээ ч олдоогүй ч Их Эзэн Сургаал ба Гэрээ 10:38–46-д бичсэнээр, энэ алдагдсан байдлыг хэрхэн нөхсөн бэ?

Сургаал ба Гэрээ 10:55–70.“Би” гэж эхэлж байгаа эсвэл “Би …-но” гэсэн хэллэгийг олж эсвэл тэмдэглэхэд гэрийнхнээ урь. “Би” гэж эхэлсэн үг хэллэгүүдээс Есүс Христ гэж хэн болох, Тэр ямархуу хүн болох талаар бид юу мэдэж авдаг вэ? “Би …-но” гэсэн хэллэгүүдээс Түүний юу хийдэг талаар бид юу мэдэж авдаг вэ? Эдгээр үнэн Есүс Христэд итгэх итгэлийг нь хэрхэн хүчирхэгжүүлсэн талаар хуваалцахад гэрийнхнээ урамшуул.

Сургаал ба Гэрээ 11:12–14.Эдгээр шүлгийг унших нь Сүнсийг танай гэрийнхэнтэй харилцах үед тэдэнд Түүнийг таньж мэддэг болоход тусална. Та шалан дээр чийдэн тусгаад, гэр бүлийн гишүүнээ гэрэл тусаж байгаа газар руу хөдлөхийг хүсэж болно. Энэ нь Ариун Сүнсний удирдамжийг дагахтай юугаараа адилхан бэ? Та ямар ямар хувийн туршлагаасаа хуваалцах вэ?

Сургаал ба Гэрээ 11:15–30.Их Эзэн Хайрум Смитэд сайн мэдээг хуваалцахын тулд юу хийхийг хүссэнийг жагсааж бичихийг бод. Бид гэр бүлээрээ юун дээр ажиллаж болох вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Залбирч, эргэцүүлж, эрэлхийлэн хайх ёстой,” Хүүхдийн дууны ном, 66-г мөн “Гэр бүлээрээ судар судлахаа сайжруулах санаанууд”-ыг үзнэ үү.

Заах чадвараа сайжруулах

Судруудыг амьдралдаа хэрэгжүүл. Судрын хэсгийг уншсаныхаа дараа захиасыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх арга замуудыг хуваалцахад гэрийнхнээ урь. Жишээ нь, Сүнс тэдэнд Сургаал ба Гэрээ 11:12–13-д тайлбарласан арга замаар хэрхэн нөлөөлсөн талаар хуваалцаж болно.

Иосеф Смит, Хайрум Смит хоёр

Иосеф Смит, Хайрум Смит хоёр, Кэн Корбэтт