“1-р сарын 25–31. Сургаал ба Гэрээ 6–9: ‘Энэ бол илчлэлтийн Сүнс болой,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“1-р сарын 25–31. Сургаал ба Гэрээ 6–9,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021
1-р сарын 25–31
Сургаал ба Гэрээ 6–9
“Энэ бол илчлэлтийн Сүнс болой”
Их Эзэн бидний оюун бодол, зүрх сэтгэлд үнэнүүдийг илчилдэг (Сургаал ба Гэрээ 8:2–3-ыг үзнэ үү). Сургаал ба Гэрээ 6–9-ийг уншаад, төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
1828 оны намар сургуулийн залуухан багш Оливер Каудери Нью-Йоркийн Манчестерт ажилд оржээ. Тэр Люси, ахмад Иосеф Смит нарын гэрт амьдардаг байсан бөгөөд тухайн үед Пеннсильванийн Хармонид амьдарч байсан хүүгийнх нь тухай олж сонсон, өөрийгөө үнэнийг эрэлхийлэгч гэж үздэг байсны хувьд илүү ихийг олж мэдэх хүсэлтэй байв. Смитийн гэр бүл тэнгэр элч нарын айлчлал, эртний цэдэг, Бурханы хүчээр орчуулах бэлэг зэргийг дүрсэлсэн байдаг. Оливер маш их гайхаж байлаа. Энэ үнэн байх боломжтой гэж үү? Люси, Ахмад Иосеф хоёр үнэнийг эрэлхийлэгч хэнд ч болов хэрэг болох, залбирч Их Эзэнээс асуу гэсэн зөвлөгөөг түүнд өгсөн юм.
Оливер залбирсан ба Их Эзэн Оливерын оюун санааг тайвшруулж, баталгаа өгөн, ярьж хариулсан. Оливерын мэдэж авсан илчлэлт дараагийн хэдэн сард илүү гүн гүнзгий суралцах хувийн шинжтэй зүйл байв. Илчлэлтийг зөвхөн бошиглогчдод зориулдаг биш, илчлэлт авахыг хүсэж, эрэлхийлдэг хэнд ч боломжтой юм. Оливер бүхнийг хараахан мэдэхгүй байсан ч дараагийн алхмаа хийхэд хангалттай зүйл мэддэг болсон байв. Их Эзэн Иосеф Смитээр дамжуулан чухал зүйл гүйцэтгэж байсан бөгөөд Оливер үүнд оролцохыг хүсэж байлаа.
Сургаал ба Гэрээ 6–9-ийн түүхийн талаар илүү дэлгэрэнгүй мэдэж авахын тулд Гэгээнтнүүд, 1:58–64; “Days of Harmony” (video, ChurchofJesusChrist.org)-ийг үзнэ үү.
Хувиараа судар судлахад зориулсан санаа
Тэнгэрлэг Эцэг “үнэний Сүнсээр” дамжуулан надтай ярьдаг.
1829 оны хавар Оливер Каудери Хармонид очиж, Иосеф Смитийг Мормоны Номыг орчуулах үед сайн дураараа бичээчээр ажиллав. Оливерт одоо л орчуулгын илчлэлтийн үйл явцыг ойроос харах боломж гарч буй нь тэр. Энэ туршлага түүнийг гайхшируулж, өөрийгөө орчуулгын бэлгээр адислагдаж чадах эсэхийг мэдэхийг хүсэв. Их Эзэн түүнд орчуулахыг зөвшөөрсөн ч Оливерын хувьд илчлэлт авах нь шинэ зүйл байсан тул оролдлого нь сайн болохгүй байв. Түүнд сурах зүйл их байсан ба Сургаал ба Гэрээ 6, 8, 9 нь Их Эзэний түүнд заах хүсэлтэй байсныг харуулдаг.
Та эдгээр хэсгийг уншихдаа Их Эзэн хувийн илчлэлтийн тухай юу гэж заасныг анзаар. Түүний үг танд тохиолдож байсан эсвэл хүсэн хүлээж буй туршлагуудтай ямар холбоотой байна вэ?
Жишээ нь, Сургаал ба Гэрээ 6:5–7; 8:1; 9:7–8-д Их Эзэн Өөрийн хүслийг илчлэхээс өмнө танаас юу шаарддаг тухай юу гэж хэлсэн байдаг вэ?
Та Сургаал ба Гэрээ 6:14–17, 22–24; 8:2–3; 9:7–9-өөс илчлэлт ямар өөр өөр арга замаар ирж болох тухай юу сурч мэдсэн бэ?
Танд эдгээр хэсгээс илчлэлтийн тухай сурч мэдсэн өөр ямар нэгэн зүйл байна уу?
Илчлэлтийн тухай илүү ихийг сурах бол Рассэлл М.Нэлсоны “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, х. 115; Жюли Б.Бэкийн “Тэр өдрүүдэд Би шивэгчингүүд дээр ч Өөрийн Сүнсийг цутгана,” 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, х. 10-ыг үзнэ үү. 8-р хэсэгт тайлбарласан “Аароны бэлгийн” талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл “Oliver Cowdery’s Gift,” Revelations in Context, 15–19-ийг үзнэ үү.
Амьд бошиглогч, төлөөлөгчид илчлэлтийн талаар юу зааж байгаа тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл “Hear Him!” видео цувралыг үзнэ үү.
Сургаал ба Гэрээ 6:18–21, 29–37
Санаа бодол болгондоо Христ рүү харагтун.
Иосеф Их Эзэний ажлыг хийж байхдаа (Сургаал ба Гэрээ 6:18) аль хэдийн “хүнд нөхцөл байдлуудтай” тулгараад эхэлсэн байсан ч Оливер тэр хоёр эдгээр нөхцөл байдал дараагийн хэдэн жил хэр хүндрэхийг огт төсөөлөөгүй байх. Харин Их Эзэн мэдэж байсан төдийгүй та нарын ирээдүйд ч сорилтууд тохиолдоно гэдгийг мэддэг. Сургаал ба Гэрээ 6:18–21, 29–37 дээрх Иосеф, Оливер хоёрт өгсөн Түүний зөвлөгөө танд ч бас тусалж чадна. Иосеф, Оливер хоёрт эдгээр үгийг сонссоны дараа ямар мэдрэмж төрсөн бол? Их Эзэнд итгэхэд тань тусалж болох юуг та эдгээр шүлгээс олсон бэ? Та амьдралдаа хэрхэн Христ рүү илүү их хардаг болж чадах вэ?
Сургаал ба Гэрээ 6–7; 9:3, 7–14
“Бүр чи надаас хүсэх аваас энэ нь чамд хийгдэх болно.”
6, 7-р шүлэг дээр “хүсэл” ба “хүслүүд” гэдэг үг хэр олон гарч байгааг анзаар. Та Бурханыг өөрийн хүслээс дээгүүр тавихын ач холбогдлын талаар эдгээр хэсгээс юу сурч мэдсэн бэ? Сургаал ба Гэрээ 7:1 дээрх “Чи юу хүсээ вэ?” хэмээсэн Их Эзэний асуултыг өөртөө тавь.
Оливер Каудерын зөв шударга хүслүүдийн нэг болох Иосеф Смиттэй адил орчуулга хийх хүсэл нь биелсэнгүй. Та Сургаал ба Гэрээ 9:3, 7–14-ийг уншаад, зөв шударга хүсэл тань гүйцэлдээгүй үед тус болох юуг мэдэрсэн бэ?
Мөн Сургаал ба Гэрээ 11:8 ба Даллин Х.Өүксийн “Дур хүсэл” гэх 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгийг үзнэ үү.
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа
-
Сургаал ба Гэрээ 6:7, 13.Та гэр бүлийнхэндээ бодит баялгийг мөнх амьдралаас олдгийг ойлгоход нь хэрхэн тусалж болох вэ? (7-р шүлэг). Гэр бүлийн гишүүдээс мөнгийг дуурайлган хийгээд, дээр нь сэргээгдсэн сайн мэдээний ачаар хүлээн авсан олон адислалаасаа бичихийг хүс.
-
Сургаал ба Гэрээ 6:15, 22–23; 8:2–3; 9:7–9.Бурхан хүүхдүүдтэйгээ хэрхэн ярьдаг талаарх эдгээр шүлгийг унших нь Түүний тантай хэрхэн ярьсныг гэр бүлийнхэндээ хуваалцах гайхалтай боломж байж болох юм.
-
Сургаал ба Гэрээ 6:33–37.Гэр бүлийн гишүүд айсан үедээ ч “сайныг үйлдэж” болох арга замуудыг хуваалцаж болно. Бас ахлагч Роналд А.Расбандын “Бүү тэвдэн сандар” захиасыг хэсэгчилж эсвэл бүгдийг үзэх нь тустай байж болох юм (2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 18). “Санаа бодол болгондоо Христ рүү харна гэдэг нь” юу гэсэн үг вэ? (36-р шүлэг). Айдас, эргэлзээгээ даван туулахын тулд Их Эзэнд хандсан хүмүүсийн ямар ямар жишээ байдаг вэ? (жишээ болгож, Естер 4; Алма 26:23–31-ийг үзнэ үү).
-
Сургаал ба Гэрээ 8:10.Энэ нь Есүс Христэд итгэх итгэл таныг болон гэр бүлийг тань хэрхэн хүчирхэгжүүлснийг хуваалцах гайхалтай боломж байж болох юм. Яагаад “итгэлтэйгээр асуух” нь бидэнд чухал вэ? Хариулт эрэлхийлснээр эсвэл итгэлтэйгээр тусалснаар ямар ямар адислал ирснийг та харж байсан бэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Зөвийг чи хий,” Хүүхдийн дууны ном, 79.
Сэргээлтийн дуу хоолой
Мормоны Номын орчуулга
Сургаал ба Гэрээний 6–9-р хэсгийг хүлээн авсан сард буюу 1829 оны 4-р сард Иосеф Смитийн гол ажил нь Мормоны Номыг орчуулах ажил байв. Дараа нь Иосефоос энэ цэдгийг хэрхэн орчуулсан талаар ярихыг хүсэхэд тэр “дэлхийд бүх нарийн ширийнийг хэлэх шаардлагагүй”1 гэжээ. Тэр зүгээр л үүнийг “Бурханы бэлэг болон хүчээр”2 орчуулснаа олон удаа хэлдэг байв.
Орчуулгын ажлын гайхамшигт үйл явцын талаар өгүүлсэн дэлгэрэнгүй мэдээлэл бидэнд байхгүй. Гэхдээ бид Иосеф Смит нь Урим, Туммим гэх хоёр тунгалаг чулуу, үзмэрч гэх бас нэгэн чулуу бүхий Бурханы бэлдэж өгсөн арга хэрэгслийг хүлээн авсан үзмэрч байсан гэдгийг мэднэ.3
Орчуулгын явцыг нүдээр харсан хүмүүсийн дараах мэдэгдлүүд Иосефын гэрчлэлийг баталдаг.
Эмма Смит
“Нөхрөө Мормоны Номыг орчуулж байхад нь, өгүүлбэр болгоныг, нэг нэг үгээр нь дуудуулж байж би хэсэгхэнийг бичсэн юм. Тэр дуудаж чадахааргүй нэр эсвэл урт үгэн дээр ирэхдээ үгээ үсэглэж өгдөг байв. Хэрэв намайг бичиж байгаад, үг үсгийн алдаа гаргавал тэр миний бичиж байгааг хараагүй байсан ч намайг зогсоогоод, үсгийн алдааг засаж өгдөг байсан. Тэр эхэндээ Сара гэдэг үгийг ч зөв дуудаж чаддаггүй үсэглэдэг байсан бөгөөд би түүнд дуудаж өгдөг байсан.”4
“Миний хучиж бай гэж түүнд өгсөн ширээний жижиг маалинган бүтээлгээр бүтээхээс өөрөөр нууж хаах ямар ч боломжгүй ширээн дээр ялтаснууд ихэнхдээ ил байдаг байв. Би ялтаснуудыг ширээн дээр байхад нь хэлбэр, дүрсийг нь олж харахдаа яг л үүнийг мэдрэх шиг болсон. Эдгээр нь зузаан цаас мэт уян зөөлөн санагдаж, ирмэгийг эргүүлэхэд заримдаа номын ирмэгийг эргүүлэхэд гардаг шиг төмрийн чимээ шажигнаж байв. …
Мормоны Ном бол бурханлаг чанартай гэдэгт би баттай итгэдэг бөгөөд үүнд огтхон ч эргэлзэж байгаагүй. Хэн ч тэнгэрлэг илэрхийлэлт авалгүйгээр гар бичмэлээс хэлж бичүүлж чадахгүй байсанд миний сэтгэл хангалуун байдаг. Түүний бичээчээр ажиллаж байхад Иосеф олон цагийн турш надад хэлж бичүүлдэг байсан ба хоолны дараа буцаж ирээд эсвэл түр завсарласны дараа тэр дуусгасан газраасаа гар бичмэлийг харалгүйгээр эсвэл үүний өчүүхэн хэсгийг ч уншуулалгүйгээр эхэлдэг байжээ. Энэ нь түүний хувьд хэвийн үзэгдэл байдаг байв. Мэдлэгтэй хүн хүртэл үүнийг хийж чадахгүй байх байсан. Түүн шиг мэдлэг, боловсролгүй хүний хувьд энэ нь боломжгүй зүйл байлаа.”5
Оливер Каудери
“Би Мормоны Номыг (хэдхэн хуудсыг үл тооцвол) бүхэлд нь бошиглогч Иосеф Смитийн амнаас гарснаар нь өөрийн үзгээр бичсэн ба тэрээр үүнийг Бурханы хүч, бэлгээр мөн Урим ба Туммим буюу уг номд нэрлэснээр “ариун орчуулагч’-ийн тусламжтайгаар орчуулсан юм. Би орчуулга хийгдсэн алтан ялтаснуудыг нүдээрээ харж, гараараа барьсан. Би бас үүнийг хөрвүүлэгчдийг харсан.”6