“2-р сарын 15–21. Сургаал ба Гэрээ 14–17: ‘Гэрч болон зогс,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“2-р сарын 15–21. Сургаал ба Гэрээ 14–17,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021
2-р сарын 15–21
Сургаал ба Гэрээ 14–17
“Гэрч болон зогс”
Иосеф Смитийн гэр бүл, найз нөхөд заримдаа Бурхан өөрсдөөр нь юу хийлгэхийг хүсэж байгааг асууж өгөхийг түүнээс гуйдаг байв. Та эдгээр илчлэлтийг уншихдаа, Бурханы танд зориулсан удирдамжийн талаар бодож үзээрэй.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хэдийгээр орчуулгын ажил сайн явагдаж байсан ч 1829 оны 5-р сард Хармонид үүссэн нөхцөл байдал Иосеф, Эмма, Оливер нарын хувьд илүү хүнд болсон байв. Эммагийн гэр бүлийн дэмжлэг багасаж байсан ба хөршүүд нь улам их дайсагнах болов. Хармонид цаашид аюулгүй байх боломжгүй гэж бодсон тул Оливер Иосефын ажилд туслах сонирхлоо илэрхийлж байсан Давид Витмер гэдэг найздаа ханджээ. Давид эцэг эх, ах, эгч, дүү нартайгаа Нью-Йоркийн Фейеттед 100 орчим милийн зайд амьдардаг байв. Тэр Оливертой нэг жилийн өмнө танилцсан байсан ба Оливер түүнээс хойш хэд хэдэн удаа бошиглогчтой ажиллаж байгаа туршлагаа хуваалцан түүнд захидал бичиж байжээ. Давидын гэрийнхэн ч, Давид ч Иосефтой уулзаж байгаагүй аж. Гэвч Оливер, Иосеф хоёр Мормоны Номын орчуулгаа дуусгахаар Витмерийн гэрт нүүж ирж болох эсэхийг асуухад тэд дуртайяа зөвшөөрөв. Их Эзэн бошиглогчийг гэрт нь байрлуулахаас гадна өөр их зүйлийг Витмерийн гэрийнхэнд бэлдсэн байв. Тэр тэдэнд Сургаал ба Гэрээ 14–17 дээрх зарим тодорхой зааврыг өгсөн ба тэд цагтаа Сүмийн гол суурь гэр бүлүүдийн нэг, Сэргээлтийг илчлэх гэрчүүд болох ёстой байв.
Витмерийн гэр бүлийн талаар илүү ихийг олж мэдэхийг хүсвэл Гэгээнтнүүд, 1:68–71-ийг үзнэ үү.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Би Бурханы “агуу хийгээд гайхамшигт ажилд” оролцож чадна.
Давид Витмер Иосеф Смиттэй анх уулзах үедээ гэр бүлийнхээ фермийн ажилд бүхнээ зориулан ажилладаг залуу байв. Гэвч Их Эзэн зарим талаараа фермерийн аж ахуйтай төстэй өөр нэг ажлыг Давидаар хийлгэхийг хүсэж байлаа. Та Сургаал ба Гэрээ 14:1–4-ийг уншихдаа, Их Эзэн Өөрийнхөө ажлыг Давидын мэддэг ажилтай хэрхэн харьцуулсныг ажигла. Та энэ харьцуулалтаас Их Эзэний ажлын тухай юу мэдэж авсан бэ?
Та “хадуураараа хэрхэн хадаж” чадах вэ”? (4-р шүлэг). “Сионыг урагш авчирч мөн төлөвшүүлэхийг эрэлхийлэх” тэдэнд энэ хэсэгт ямар амлалт өгөгдсөнийг анзаар (6-р шүлэг).
Бурханы үг “амьд хийгээд хүчирхэг.”
Их Эзэн Өөрийн үгийг “хоёр талдаа иртэй илдтэй” адилтгасан (Сургаал ба Гэрээ 14:2). Энэ адилтгал нь Бурханы үгийн талаар та нарт юу зааж байна вэ? Жишээ нь, Түүний үг яаж амьд, хүчирхэг, хурц байдаг вэ? Та Их Эзэний үгийн хүчийг хэрхэн мэдэрч байсан бэ?
Бурханы Өөрийнхөө үгийг дүрсэлдэг бусад арга замын талаар бодож үз. Жишээ нь, та дараах хэсгүүдийн адилтгалаас Бурханы үгийн талаар юу сурч мэдсэн бэ?
Мөнх амьдрал бол “Бурханы бүх бэлгүүдээс хамгийн агуу нь” билээ.
Та Сургаал ба Гэрээ 14:7-г уншаад, мөнх амьдрал яагаад “Бурханы бүх бэлгүүдээс хамгийн агуу бэлэг” болохыг тунгаан бод. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны өгсөн дараах ойлголт тус болж болох юм. “Бурханы аз жаргалын төлөвлөгөөний дагуу гэр бүлүүд ариун сүмүүдэд лацдан холбогдож, Түүний ариун оршихуйд эргэн амьдрахад бэлтгэгдэх болно. Энэ бол мөнх амьдрал!” (“Бурхандаа талархъя,” Ensign, May 2012, 77 эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 82).
7-р шүлэгт мөнх амьдралын талаар илүү ойлголттой болоход тань тус болох холбогдох эшлэлийг нэмэхийг бод (Topical Guide эсвэл Судруудын удирдамж дээрх “Мөнх амьдрал,” scriptures.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Та мөнх амьдралыг олж авахаар хичээхэд урамшуулах юуг мэдэж авсан бэ?
Бодгалиудыг Христэд авчрах нь агуу үнэ цэнтэй билээ.
Жон Витмер, Петр Витмер хоёр хоёулаа өөрсдийнх нь амьдралд “хамгийн үнэ цэнэтэй тэр нь юу байж болохыг” (Сургаал ба Гэрээ 15:4; 16:4) мэдэхийг хүсэж байсан. Та бас энэ талаар бодож байсан уу? Та Сургаал ба Гэрээ 15–16-г уншаад, бодгалиудыг Христэд авчрах нь яагаад ийм их үнэ цэнтэй болохыг тунгаан бод. Та бодгалиудыг хэрхэн Христэд урьж болох вэ?
Мөн Сургаал ба Гэрээ 18:10–16-г үзнэ үү.
Их Эзэн Өөрийн үгийг тогтоохдоо гэрчүүдийг ашигладаг.
Гэрч гэж юу вэ? Их Эзэн Өөрийн ажилд гэрчүүдийг хэрхэн ашигладаг вэ? (2 Коринт 13:1-ийг үзнэ үү). Та Сургаал ба Гэрээ 17 дээрээс Бурханы Гурван гэрчид хандсан үгсийг уншихдаа эдгээр асуултыг тунгаан бодоорой. Мормоны Номон дээрх “Гурван гэрчийн гэрчлэл”-ийг харах нь тустай байж болох юм. Гэрчүүд Бурханы “зөв шударга зорилгуудыг” (4-р шүлэг) авчрахад хэрхэн тусалдаг вэ?
Мэри Витмер бас алтан ялтаснуудын талаар гэрч хүлээн авсныг та мэдэх үү? Тэнгэр элч Моронай Иосеф, Эмма, Оливер нарыг гэртээ амьдруулж золиос гаргасны хариуд ялтаснуудыг түүнд үзүүлсэн юм (Гэгээнтнүүд, 1:70–71-ийг үзнэ үү.) Та нар түүний туршлагаас гэрчлэлтэй болох талаар юу сурч мэдсэн бэ?
Мөн Гэгээнтнүүд, 1:73–75-ыг үзнэ үү; Үлиссэс Соарэс, “Мормоны Ном ирсэн нь,” Ensign, May 2020, 32–35 эсвэл 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган.
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
-
Сургаал ба Гэрээ 14:1–4.Эдгээр шүлгээс фермийн аж ахуйтай холбоотой хэллэгүүдийг олоход гэрийнхнээ урихыг бод. Их Эзэн Өөрийнхөө ажлыг ургац хураахтай хэрхэн адилтгасан бэ? Бид Түүний ажилд туслахын тулд юу хийж болох вэ?
-
Сургаал ба Гэрээ 14:2.“Хувиараа судар судлахад зориулсан санаанууд” хэсгийн үйл ажиллагаа нь Бурханы үгтэй холбоотой зарим судрын хэсгийг жагсаасан байдаг. Гэр бүлийн гишүүд эдгээрийг уншиж, сурч мэдсэн зүйлсээ хуваалцаж болно. Эдгээр судрын хэсэг Бурханы үгийг “анхааралтай сонсоход” биднийг хэрхэн урамшуулдаг вэ?
-
Сургаал ба Гэрээ 15:6; 16:6.Эдгээр шүлэг танай гэр бүлийн хувьд хамгийн үнэ цэнтэй зүйлсийн талаарх ярилцлага руу хөтөлж болно (мөн Сургаал ба Гэрээ 18:10-ыг үзнэ үү).
-
Сургаал ба Гэрээ 17.Танай гэрийнхэнд Гурван гэрчийн харсан бүхнийг зурах нь таалагдаж болох юм (1-р шүлгийг үзнэ үү). Та 17-р хэсгийг уншихдаа, Мормоны Номын ач холбогдлын талаар зааж буй хэллэгүүдийг хайж ол. Бид хэрхэн Мормоны Номын гэрчүүд байж чадах вэ? Танай гэрийнхэн “A Day for the Eternities” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзэж болох юм.
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Хаа дуудсан ч би үйлчлэх болно,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х. 46.
Сэргээлтийн дуу хоолой
Люси Мак Смит ба Гурван гэрч мөн Найман гэрч
Нью-Йоркийн Фейетте дэх Витмерийн гэрийн ойролцоох ойд тэнгэр элч Моронай Иосеф Смит, Оливер Каудери, Давид Витмер, Мартин Харрис нарт алтан ялтаснуудыг үзүүлсэн. Иосефын эцэг эх тэр үед Витмерийн гэр бүлийнд зочилж ирээд байв. Иосефын ээж Люси Мак Смит энэхүү гайхамшигт туршлагын гэрчүүдэд үзүүлсэн нөлөөг ийнхүү дүрсэлжээ.
“Гурваас дөрвөн цагийн хооронд байсан байх. Хатагтай Витмер, ноён Смит, бид гурав тухайн үед унтлагын өрөөнд сууж байв. Би орны дэргэд сууж байсан. Иосеф орж ирмэгцээ миний хажууд суугаад, ‘Аав аа, ээж ээ, Та нар намайг ямар их жаргалтай байгааг мэдэхгүй байна. Их Эзэн надаас өөр гурван хүнд ялтаснуудыг үзүүлсэн. Тэд одоо тэнгэр элчийг харсан бөгөөд миний ярьсан үнэнүүдийг гэрчилнэ. Тэд намайг хүмүүсийг хууран мэхэлж яваагүйг өөрсдөө мэддэг боллоо. Үүрч явахад хэт хүнд байсан ачаанаасаа чөлөөлөгдсөн мэт санагдаж байна. Харин тэд миний хэлсэн үнэнийг гэрчлэх ёстой боллоо. Энэ нь миний бодгалийг баясгаж, би дэлхийд ганцаараа биш боллоо’ хэмээн дуу алдсан юм. Мартин Харрис дараа нь орж ирсэн ба тэр баяр баяслаар дүүрсэн байлаа. Тэр бас Оливер, Давид хоёр шиг харсан мөн сонссон зүйлээ зоригтой гэрчилж байсан. Тэдний гэрчлэл Мормоны Номон дээрх шиг чухал санаануудыг хэлж байв. …
Мартин Харрист ялангуяа мэдрэмжүүдээ бүрэн дүүрэн үгээр илэрхийлэх боломжгүй мэт санагдаж байв. Тэр ‘Би цэдгийн талаар олж сонссон бүх үнэнийг баттай гэрчилсэн Тэнгэр элчийг харсан. Миний нүд түүнийг болгоосон. Би бас ялтаснуудыг харсан бөгөөд тэдгээрийг гараараа барьж үзсэн. Мөн энэ зүйлийг бүх дэлхийд гэрчилж чадна. Харин би өөрөө үгээр илэрхийлж, ямар ч хэл тайлбарлахын аргагүй гэрчийг хүлээн авсан ба Түүнийг надад нигүүлсэнгүй хандаж, бүр намайг түүний ажлын болон хүмүүний үрсэд зориулсан төлөвлөгөөний гайхамшгийг гэрчлэх болгосонд бодгалийнхаа бүхий л хүчээр Бурханаа алдаршуулъя’ гэж хэлсэн юм. Оливер, Давид хоёр түүнтэй нэгдэж, сайн сайхан, нигүүлслийн төлөө Бурханаа магтан дуулсан. Бид маргааш нь хэдүүлээ [Нью-Йоркийн Палмира дахь] гэртээ аз жаргалтай, баяр баясгалантай харьсан юм.”1
Люси Мак Смит бас Найман гэрчийг эргэн ирэхэд тэнд байж таарсан юм.
“Эдгээр гэрчийг гэртээ харьсны дараа тэнгэр элч дахин Иосефт харагдсан ба энэ үед Иосеф ялтаснуудыг түүнд гардуулан өгөв. Тэр орой бид цуглаан хийж, бүх гэрчийн дээр дурдсан баримтуудын дагуу гэрчлэлээ хуваалцсан. Манай гэрийнхэн бүгд, дөнгөж 14-тэй Дон Карлос [Смит] хүртэл аль хэдийн бүрэн дүүрэн эхэлсэн хожмын үе дэх цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийн үнэнүүдийн тухай гэрчилсэн юм.”2