“3-р сарын 1–7. Сургаал ба Гэрээ 20–22: ‘Христийн Сүмийн өсөлт,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“3-р сарын 1–7. Сургаал ба Гэрээ 20–22,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021
3-р сарын 1–7
Сургаал ба Гэрээ 20–22
“Христийн Сүмийн өсөлт”
Сургаал ба Гэрээ 20–22-ыг уншихдаа Ариун Сүнсний өдөөлтөд нээлттэй бай. Дараа нь харахын тулд тэмдэглэж авахыг бод.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Бошиглогч Иосеф Смитийн Мормоны Номын орчуулгын ажил дуусав. Гэхдээ Сэргээлтийн ажил дөнгөж эхлээд байлаа. Их Эзэн сургаалыг болон санваарын эрх мэдлийг сэргээхээс гадна албан ёсны байгууллага болох Өөрийн Сүмийг сэргээхийг хүсэж байгаа нь эртний илчлэлтүүдээс тодорхой харагдаж байв (Сургаал ба Гэрээ 10:53; 18:5-ыг үзнэ үү). Тиймээс 1830 оны 4-р сарын 6-нд 40 гаруй итгэгч Нью-Йоркийн Фейетте дэх Витмерийн гэр бүлийн дүнзэн байшинд Есүс Христийн Сүм зохион байгуулагдаж байгааг гэрчлэхээр цугларсан байв.
Зарим хүн одоо ч гэсэн зохион байгуулагдсан Сүм яагаад хэрэгтэй байгааг гайхсаар байдаг. Хариултынх нь нэг хэсгийг 1830 онд болсон Сүмийн энэхүү анхны цуглаантай холбоотой илчлэлтүүдээс олж болно. Хэрэв Есүс Христийн үнэн Сүм энэ хожмын үед “зохион байгуулагдаж мөн үндэслэгд[ээгүй]” (Сургаал ба Гэрээ 20:1) байсан бол энд дурдагдсан адислалууд боломжгүй байх байсан.
Гэгээнтнүүд, 1:84–86 болон “Build Up My Church,” Revelations in Context, 29–32-ыг үзнэ үү.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол үнэн юм.
20-р хэсгийг “Сүмийн зохион байгуулалт ба удирдлагын талаар өгөгдсөн илчлэлт” (хэсгийн гарчиг) болгон танилцуулсан. Гэвч энэ илчлэлт нь Сүмийн бодлого, санваарын алба, ёслолуудыг гүйцэтгэх журмуудыг тайлбарлахаасаа өмнө үндсэн сургаалыг зааж эхэлдэг. Та энэ илчлэлтийн эхний 36 шүлгийг уншихдаа яагаад ийм байж болох талаар өөрөөсөө асуугаарай. Та бас мэдэж авсан сайн мэдээний үнэнүүдээр жагсаалт гаргаж болно. Санаа авч болох зарим нэг жишээг өгөв.
-
Мормоны Ном ба Мормоны Номын Сэргээлт дэх үүрэг (8–12-р шүлэг)
-
Бурханы мөн чанар (17–19-р шүлэг)
-
Есүс Христийн Цагаатгал (20–27-р шүлэг)
Сүмийг үндэслэн байгуулагдах үед эдгээр үнэнийг дурдах нь яагаад чухал вэ?
Сургаал ба Гэрээ 20:37, 75–79.
Ариун нандин ёслолууд бол сэргээгдсэн Сүмийн амин чухал хэсэг юм.
Сүмийг зохион байгуулагдах үед Их Эзэн Өөрийн гэгээнтнүүдэд ариун нандин ёслолуудын тухай, тэр дундаа баптисм болон ариун ёслолын тухай заасан юм. Та 37-р шүлэг дээрх “баптисмын маягийн талаарх” зааврыг уншиж байхдаа өөрийнхөө баптисмын тухай бодож үз. Та энэ шүлэг дээрх мэдрэмжүүдийг авч байсан уу? Танд одоо ч энэ мэдрэмж байдаг уу? “Та [Есүс Христэд] эцсээ хүртэл үйлчлэх шийдвэр төгс байдлаа” хадгалахын тулд хийж чадах зүйлээ тунгаан бод.
Та Сургаал ба Гэрээ 20:75–79 дээрх ариун ёслолын талаар уншихдаа, эдгээр ариун нандин залбирлыг анх удаа сонсож байгаа хүний нүдээр уншихыг хичээгээрэй. Та ариун ёслолын талаар болон өөрийнхөө талаар ямар ойлголттой болсон бэ? Эдгээр ойлголт энэ долоо хоногт ариун ёслолоос хүртэхээр бэлтгэхэд тань хэрхэн нөлөөлж болох вэ?
Санваарын үйлчлэл нь Сүмийн гишүүдийг болон тэдний гэр бүлүүдийг адисалдаг.
Хэрэв хэн нэгэн танаас санваарын үүргүүдээ нэрлэхийг хүсвэл та юу гэж хэлэх байсан бэ? Санваарын олон үүргийг багтаасан Сургаал ба Гэрээ 20:38–60-ыг уншина уу. Эдгээр шүлэгт байгаа ямар нэгэн зүйл санваарын үүргийн талаар болон Аврагчийн хэрхэн ажилладаг талаарх бодлыг тань өөрчилсөн үү? Та эдгээр шүлэг дээр тайлбарласан ажлуудаар дамжуулан хэрхэн адислагдаж байсан бэ?
Сүмийн ажилд эмэгтэйчүүд санваарын эрх мэдлийг хэрхэн ашигладаг тухай мэдэж авахын тулд Даллин Х.Өүксийн “Санваарын түлхүүрүүд ба эрх мэдэл” үгийг Ensignаас эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 68–71-ээс үзнэ үү.
Есүс Христийн Сүмийг амьд бошиглогч удирддаг.
Сургаал ба Гэрээ 21:4–9 дээрээс та Их Эзэний бошиглогчдын үгсийн талаар юу мэдэж авах вэ? 6-р шүлэг дээрх Их Эзэний үгийг Түүний бошиглогчоор дамжуулан хүлээн авдаг хүмүүст өгөгдөх амлалтуудыг авч үзнэ үү. Эдгээр амлалт таны хувьд ямар утга учиртай вэ?
Та амьд бошиглогчийн үгсийг “Бурханы өөрийн амнаас мэтээр” (5-р шүлэг) хэрхэн хүлээн авч чадах вэ? Өнөөгийн бошиглогч 6-р шүлэгт амлагдсан адислалууд руу хөтөлж болох ямар зөвлөгөөг өгсөн бэ?
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
-
Сургаал ба Гэрээ 20.Бидэнд Сүм яагаад хэрэгтэй талаар асуусан хүнд бид юу гэж хэлэх вэ? Бид Сургаал ба Гэрээ 20-оос ямар хариулт олж мэддэг вэ? Түүнчлэн Д.Тодд Кристоффэрсоны “Сүм яагаад хэрэгтэй вэ?” үгийг Ensign эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 101–105-аас үзнэ үү.
-
Сургаал ба Гэрээ 20:69.“Их Эзэний өмнө цэвэр ариун байдалд [алхах]” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Гэр бүлийн гишүүдэд ариун байдалд алхахад нь туслах эсвэл саад болох зүйлсийг зурж эсвэл бичих нь зугаатай санагдаж болно. Дараа нь тэд цаасаар зам гаргаж, зөвхөн тэднийг Христэд авчрахад туслах зургууд дээрээ гишгэн, зам дээрээ алхахыг хичээж болно.
-
Сургаал ба Гэрээ 20:37, 71–74.Танай гэр бүлийн хэн нэг нь хараахан баптисм хүртээгүй байж болох ч эдгээр шүлэг баптисмд хэрхэн бэлдэх талаар (37-р шүлгийг үзнэ үү) болон баптисмыг хэрхэн хүртээдэг (71–74-р шүлгийг үзнэ үү) тухай ярилцахад хүргэж болно. Гэр бүлийн гишүүд баптисмын өдрийнхөө зураг эсвэл дурсамжаасаа хуваалцаж болох юм.
-
Сургаал ба Гэрээ 20:75–79.Танай гэр бүл ариун ёслолын утга учиртай, хүндэтгэлтэй туршлагуудад бэлтгэхийн тулд эдгээр эшлэлийг хэрхэн ашиглаж болох вэ? Эдгээр шүлэг танд ариун ёслолын үеэр тунгаан бодож болох зүйлсийг санал болгож болох бөгөөд гэр бүлийнхэн тань эдгээр зүйлийг олж эсвэл зургийг нь зурж болно. Боломжтой бол та тэдгээр зургийг дараагийн ариун ёслолын цуглаанд цуглааны үеэр юу бодохоо санах зорилгоор авчирч болно.
-
Сургаал ба Гэрээ 21:4–7.Гэр бүлийн гишүүдийг 4–5-р шүлэг дээр Их Эзэний бошиглогчийг дагах талаар бидэнд зааж байгаа үг хэллэгийг хайж олоход урь. Бошиглогчийн үгсийг тэвчээр хийгээд итгэлд хүлээн авна гэдэг нь юу гэсэн үг вэ? 6-р шүлэгт амлагдсан адислалуудыг бид хэзээ хүлээн авч байсан бэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Есүс Христийн Сүм,” Хүүхдийн дууны ном, 48–49.