Сургаал ба Гэрээнүүд 2021
3-р сарын 8–14. Сургаал ба Гэрээ 23–26: “Сүмийг хүчирхэгжүүл”


“3-р сарын 8–14. Сургаал ба Гэрээ 23–26: ‘Сүмийг хүчирхэгжүүл,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“3-р сарын 8–14. Сургаал ба Гэрээ 23–26,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021

Эмма Смит

3-р сарын 8–14

Сургаал ба Гэрээ 23–26

“Сүмийг хүчирхэгжүүл”

Та Сургаал ба Гэрээ 23–26-г уншихдаа, Ариун Сүнснээс хүлээж авсан сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Та өөрөө илүү сайн дагалдагч болж, Сүмийг хүчирхэгжүүлэхийн тулд эдгээр илчлэлт дээрх зөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Сүм зохион байгуулагдсаны дараа мөрдлөг хавчлага улам ихсэхийн хажуугаар гэгээнтнүүд сайн мэдээг түгээх, Сүмд аль хэдийн нэгдсэн хүмүүсийг хүчирхэгжүүлэхдээ шинэ сорилт бэрхшээлтэй тулгарч байв. Эмма Смит ч сорилт бэрхшээлтэй тулгарч байжээ. 1830 оны 6-р сард Эмма болон Найтын гэр бүл баптисм хүртэх хүсэлтэй байв. Гэвч Сүмийн дайснууд ариун нандин туршлага болох зүйлсэд саад болохоор хичээж байлаа. Тэд эхлээд баптисмын хангалттай ус тогтоох гэж барьсан даланг сэтлэв. Даланг зассаны дараа ч хавчин гадуурхагчид баптисм хүртэх гэж байгаа хүмүүсийг айлган сүрдүүлж, элэглэн шоолохоор цугларсан байв. Дараа нь Иосеф шинэ гишүүдийг гишүүнээр батлахынхаа өмнөхөн, Мормоны Номын талаар ухуулга сурталчилгаа хийсэн, нийгмийг бухимдуулсан хэргээр баривчлагдав. Энэ бүхэн Их Эзэний шинээр сэргээгдсэн Сүмийн хувьд таагүй эхлэл байв. Энэ үймээн самуун, бослогын үеэр Их Эзэн Өөрийн “бүгдэд хандах дуу хоолой” болгон зөвлөгөө, урмын үнэтэй үгсээр хангаж байсан юм (Сургаал ба Гэрээ 25:16).

Гэгээнтнүүд, 1:89–90, 94–97-г үзнэ үү.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 23–26

Би Их Эзэний Сүмийг хүчирхэгжүүлэхэд тусалж чадна.

Өнөө үед сэргээгдсэн Сүм байгуулагдсанаас хойш 200-аад жил өнгөрсөн ч Сүмийг хүчирхэгжүүлэх хэрэгцээ шаардлага байсаар байна (Сургаал ба Гэрээ 23:3–5). Энэ нь зөвхөн Иосеф Смит, Оливер Каудери хоёрын эсвэл Сүмийн одоогийн удирдагчдын ажил бус, бид бүгдийн ажил юм. Сургаал ба Гэрээ 23–26-г судлах явцдаа Сүмийг хүчирхэгжүүлэхэд туслахын тулд Их Эзэний Сүмийн эртний гишүүдэд өгсөн зөвлөгөөг тунгаан бод. Их Эзэн энэ хичээл зүтгэлд таныг юу хийж оролцоосой хэмээн хүсэж байгаа гэж та бодож байна вэ?

Сургаал ба Гэрээ 24

Аврагч намайг “зовлон зүдгүүрүүдээс минь чөлөөлж” чадна.

Их мөрдлөг хавчлагын үед Сүмийг удирдах нь Иосеф Смитийн хувьд хүнд ачаа байсан нь гарцаагүй. Их Эзэний түүнийг урамшуулсан үгийг Сургаал ба Гэрээ 24 дээрээс хайж олно уу.

Дараах судрууд Аврагч таныг хэрхэн зовлон зүдгүүрээс тань чөлөөлж болох талаар юу санал болгож байна вэ?

Сургаал ба Гэрээ 24:1–3 

Сургаал ба Гэрээ 24:8 

Сургаал ба Гэрээ 121:7–8 

Исаиа 40:28–31 

Moзая 24:14–15 

Есүс Христ таныг зовлон зүдгүүрээс тань хэрхэн чөлөөлж байсан бэ? Та хүнд хэцүү үедээ Түүний тусламжийг эрэлхийлсээр байхын тулд юу хийж болох вэ?

Есүс Христ хүмүүсийг эдгээж байгаа нь

Тэрээр төрөл бүрийн өвчнийг эдгээсэн, Ж.Kөрк Ричардс

Сургаал ба Гэрээ 25

Эмма Смит бол “сонгогдсон хатагтай.”

Эмма Хэйл Иосеф Смиттэй гэрлэхдээ золиос гаргах болно гэдгээ мэдэж байсан байх. Тэр эцгийнхээ хүслийг эсэргүүцэн, харьцангуй тав тухтай амьдралаа ямар ч тодорхойгүй амьдралаар сольсон юм. Тэр Их Эзэн өөрөөс нь Сэргээлтийн ажилд юу хүсэн хүлээж байсныг гайхаж байсан байж магадгүй. Сургаал ба Гэрээ 25 дээрээс Их Эзэний өгсөн хариултуудыг хайж ол. 16-р шүлэг дээрх Их Эзэний үгсийг анзаар. Танд энэ хэсгийн ямар нэг зүйл “[танд] хандах” Түүний дуу хоолой шиг санагдаж байсан уу?

Мөн “An Elect Lady” (видео бичлэг, ChurchofJesusChrist.org); “Thou Art an Elect Lady,” Revelations in Context, 33–39; Жой Д.Жонс, “Онцгой нэр төртэй дуудлага,” Ensign, May 2020, 15–18 эсвэл 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган-ыг үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 26:2

Нийтийн дэмжлэг гэж юу вэ?

Гишүүдийг дуудлага хүлээн авах үед эсвэл Сүм дээр санваарт томилогдох үед бидэнд гараа өргөн дэмжих, тэднийг албан ёсоор дэмжих боломж тохиодог. Олон нийтийн дэмжлэг, зөвшилцлийг харуулж буй энэ зарчмыг нийтийн дэмжлэг гэдэг. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли “Дэмжих үйл явц нь ёс төдий гараа өргөхөөс хавьгүй чухал юм. Энэ бол сонгогдсон хүмүүсийг урамшуулж, дэмжиж, туслах амлалт юм” (“This Work Is Concerned with People,” Ensign, 1995 оны 5-р сар, 51) гэж заасан.

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 23:6.Их Эзэн яагаад биднээс “гэр бүлдээ, мөн найз нөхдийнхөө дунд, мөн бүхий л газруудад” залбираасай хэмээн хүсдэг вэ? “Бидэнд хайр байдаг юм” (Хүүхдийн дууны ном, 102) эсвэл залбирлын тухай бусад дуу бидэнд залбирлын хүчийн талаар юу заадаг вэ?

Мөн 2 Нифай 32:8–9; 3 Нифай 18:18–23-ыг үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 24:8.Танай гэр бүлийн хувьд “зовлон зүдгүүрүүдэд тэвчээртэй байгтун” гэдэг нь юу гэсэн үг болох талаар ярилцах нь тустай байх болов уу? Хэрэв та бага насны хүүхдүүдтэй бол ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Тэвчээрээр үргэлжлүүл” (Ensign, May 2010, 56 эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 67-оос; мөн видео бичлэгийг ChurchofJesusChrist.org-ээс олж үзнэ үү) хэлсэн үгэндээ дүрсэлсэн туршилтыг туршиж үзэх нь хөгжилтэй байж болох юм. Сургаал ба Гэрээ 24:8 бидэнд тэвчээрийн талаар юу заадаг вэ? Зовлон зүдгүүрүүдэд тэвчээртэй байхад Их Эзэн бидэнд хэрхэн тусалдаг вэ?

Сургаал ба Гэрээ 25:11–12.Магадгүй та гэр бүлийнхээ гишүүн бүрийн дуртай дууллыг дуулж эсвэл энэ нь яагаад “зүрх сэтгэлийн” дуу нь болсон тухай ярилцаж болох юм. Эдгээр дуу хэрхэн “[Бурханд] хандсан залбирал” болдог вэ?

Сургаал ба Гэрээ 26:2.Судруудын удирдамж дээрээс “Нийтийн дэмжлэг” (scriptures.ChurchofJesusChrist.org)-ийг олж харах нь тустай байж болно. Бид удирдагчдаа дэмжиж байгаагаа хэрхэн харуулдаг вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Дуугаа өргөн дуулъя,” Хүүхдийн дууны ном, 124 (“Гэр бүлээрээ судар судлах санаанууд”-ыг үзнэ үү).

Сэргээлтийн дуу хоолой шигтгээ зураг

Сэргээлтийн дуу хоолой

Эмма Хэйл Смит

Сургаал ба Гэрээ 25 дээр цэдэглэгдсэн Эмма Смитэд хандсан Их Эзэний үгс Түүний Эммагийн талаар болон Өөрийнх нь ажилд оруулах хувь нэмрийнх нь талаар юу гэж боддогийг илчилдэг. Харин Эмма ямархуу хүн байсан бэ? Бид түүний хувийн зан чанар, харилцаа, давуу талуудын тухай юу мэддэг вэ? Энэ “сонгогдсон хатагтайг” (Сургаал ба Гэрээ 25:3) мэдэж авах нэг арга зам бол түүнийг сайн мэддэг байсан хүмүүсийн үгсийг унших явдал юм.

Эмма Смит

Эмма Смит, Лий Грийнь Ричардс

Түүний нөхөр Бага Иосеф Смит

Иосеф Смит

“Тэр орой миний эхнэр, бүр миний залуу насны эхнэр; миний зүрх сэтгэлийн сонголт хайрт Эммагаа гараас нь хөтлөх үед үгээр дүрслэхийн аргагүй баяр хөөр, цээж дүүрэн баяр баясгаланг би мэдэрч билээ. Бидний туулах ёстой болсон олон үйл явдлыг бодох үед их зүйлс санаанд минь буудаг. Ядарч сульдан, хүнд хөдөлмөр эрхэлж, уй гашуу, зовлон шаналал, баяр баясгалан, тайвшрал бидний амьдралын турш тохиолдож, амьдралыг маань адисалсан юм. Ай! би сайн, муу мөч бүрийг санаж байна, ямар ч саад бэрхшээл тохиолдсон мохошгүй, цуцашгүй, гуйвшгүй, өөрчлөгдөшгүй, хайр татам Эмма миний дэргэд байсан.”1

Люси Мак Смит, түүний хадам ээж

Люси Мак Смит

“Тухайн үед тэр залуухан байсан бөгөөд цаанаасаа бүтээлч эрмэлзэлтэй, бүх зүрх сэтгэл нь Их Эзэний ажилд хандсан байсан бөгөөд сүм болон үнэний ажлаас өөр юуг ч сонирхдоггүй байлаа. Тэр юу ч хийсэн бүх хүчээ дайчлан хийдэг байсан ба “Надад илүү ашигтай юу?” гэх мэт амин хувиа бодсон зүйл асуудаггүй байв. Ахлагчдыг номлолд илгээх болбол өөрөө ямар ч асуудалтай байсан тэднийг аян замд нь зориулж хувцаслахаар сайн дураараа үйлчлэхэд ямагт бэлэн байдаг байв.”2

“Хэзээ ч туулж байгаагүй бүхэл төрлийн зовлон зүдгүүр, уй гашууг сараас сард, жилээс жилд гуйвшгүй зориг, хичээл зүтгэл, тэвчээрээр туулсан түүн шиг эмэгтэйг би амьдралдаа хэзээ ч хараагүй юм. Тэрээр бараг ямар ч эмэгтэй дийлэн гарах боломжгүй зовлонгийн, тодорхой бус байдлын гүн далайд шидэгдтэлээ хавчлага дарамтын шуургыг сөрөн зогсож, хүн төрөлхтөн хийгээд чөтгөрийн уур хилэнг давж гарсан юм.”3

Ахмад Иосеф Смит, түүний хадам аав

Эммагийн патриархын адислалыг тухайн үед Сүмийн патриархаар үйлчилж байсан Ахмад Иосеф Смит өгчээ.

“Эмма миний бэр, таны үнэнч байдал болон үнэний төлөө Их Эзэн таныг адисалж байна. Та эр нөхрөөрөө адислагдах болно. Түүнд ирэх алдар сууд баясагтун. Хамтрагчийг тань устгахыг эрэлхийлсэн ёс бус эрчүүдээс болж таны бодгаль ихэд зовж шаналсан. Та түүнийг чөлөөлүүлэхийн тулд бүхий л бодгалиа залбиралд зориулсан. Их Эзэн Бурхан тань таны гуйлтыг сонссонд баясагтун.

Эцгийн тань гэрийнхэн зүрх сэтгэлээ хатууруулсанд та ихэд шаналсан. Тэдний авралыг та хүссэн. Их Эзэн гуйлтуудыг тань хүндэтгэн үзэх болно. Тэрээр өөрийн шүүлтээр тэдний заримд өөрсдийн мунхгийг олж харж мөн нүглээ наманчлахад нөлөөлнө. Гэвч тэдний аврал зовлон зүдгүүрээр дамжин ирэх болно. Та урт удаан насална. Тийм ээ, Их Эзэн таныг сэтгэл хангалуун болтол амьдралын тань өдрүүдийг адисална. Учир нь Та Өөрийн Гэтэлгэгчийг болгоох болно. Зүрх сэтгэл тань Их Эзэний агуу ажилд баясах болно. Таны баяр баясгаланг хэн ч танаас авахгүй.

Тэнгэр элч нифайчуудын цэдгийг миний хүүгийн гарт даатган өгөх үед түүнийг дагаж явахыг зөвшөөрсөн Бурханыхаа агуу нигүүлслийг та үргэлж санах болно. Их Эзэн хүүхдүүдийн тань гурвыг нь танаас авсан тул та их уй гашууг үзэж туулсан. Хүүгийн минь нэр адислагдаж болохын тул Тэр таны гэр бүлээ өсгөх чин хүсэлтэйг мэдэх тул та үүнд буруутгагдахгүй. Мөн эдүгээ болгоогтун, би танд хэлж байна. Мөн Их Эзэн хэлж байна. Хэрэв та итгэлтэй байвал та энэ зүйлд адислагдах болно. Та өөрийн бодгалийн баяр хөөр, сэтгэл ханамжийн тулд мөн найзуудынхаа баяр хөөрийн тулд өөр хүүхдүүд төрүүлэх болно.

Та ойлголтоор адислагдах болно. Та эмэгтэйчүүдэд заах хүчтэй байх болно. Зөв шударгыг гэр бүлдээ заа. Бяцхан үрсдээ амьдралын замналыг заа. Ариун тэнгэр элчүүд таныг харж хамгаална. Тэгээд та Бурханы хаант улсад аврагдах болно. Амен.”4

Эмма Смит хүүхдүүдтэйгээ

Эмма Смит хүүхдүүдтэйгээ. Инээх мөч, Лиз Лэмон Свиндл

Эмма Смит бичиж байгаа нь

Эммагийн бичсэн сүмийн дууллууд, Лиз Лэмон Свиндл