“3-р сарын 8–14. Сургаал ба Гэрээ 23–26: ‘Сүмийг хүчирхэгжүүл,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“3-р сарын 8–14. Сургаал ба Гэрээ 23–26,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021
3-р сарын 8–14
Сургаал ба Гэрээ 23–26
“Сүмийг хүчирхэгжүүл”
Та заахаар бэлтгэж байхдаа “Бага насны хүүхдүүд” болон “Том хүүхдүүд” гэсэн хэсгүүдэд хоёуланд нь байгаа үйл ажиллагааны санааг бодож үз.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх Эмма Смитийн зургийг үзүүл. Түүний талаар мэддэг зүйлээ, тэр дундаа өнгөрсөн долоо хоногт Сургаал ба Гэрээ 25-ыг судалж, сурч мэдсэн зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урь. “13-р бүлэг: Иосеф, Эмма хоёр” (Сургаал ба Гэрээний түүхүүд, 51–55) туслах болно.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Бурхан намайг өдөр бүр залбирч, судраас суралцаасай хэмээн хүсдэг.
Их Эзэн Сүмийн эхэн үеийн удирдагчид болон найзуудад залбирч (Сургаал ба Гэрээ 23:6-г үзнэ үү), судруудыг судал (Сургаал ба Гэрээ 26:1-ийг үзнэ үү) хэмээн зөвлөсөн. Та хүүхдүүдийг залбирал болон судрыг амьдралынхаа нэг хэсэг болгоход хэрхэн тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Сургаал ба Гэрээ 23:6-ийн “чи дэлхийн өмнө” гэснээс эхлэн хүүхдүүдэд уншиж өг. Их Эзэний биднийг залбирах ёстой гэсэн өөр өөр арга зам, байршлыг олж тогтооход тэдэнд тусал. Тэгээд өөрсдийгөө аль нэг аргаар эсвэл аль нэг газарт залбирч байгаагаар зурахад тэднийг урь.
-
Шаардлагатай бол хүүхдүүдэд хэрхэн залбирахыг тайлбарлаж өг. “Хүүхдийн залбирал” (Хүүхдийн дууны ном, 6–7) зэрэг залбирлын тухай дуу тус нэмэр болно.
-
“Судруудыг [судлахдаа] цаг заваа зориулагтун” (Сургаал ба Гэрээ 26:1) гэснийг хүүхдүүдэд уншиж өг. Та яагаад судар судалдгаа тэдэнд хэл. Тэд хэдий хараахан уншиж чаддаг болоогүй ч судраас суралцах арга замуудыг бодоход тэдэнд тусал.
-
“Залбирч, эргэцүүлж, эрэлхийлэн хайх ёстой” (Хүүхдийн дууны ном, 66) эсвэл залбирал болон судраас суралцах тухай өөр дууг хамтдаа дуул. Дуунд амласан адислалуудыг олж тогтооход хүүхдүүдэд тусал. Залбирч, судраас унших үед тань төрсөн сүнслэг мэдрэмжийнхээ талаар тэдэнд хэл.
Есүс “зүрх сэтгэлийн дуунд” дуртай.
Их Эзэн ариун нандин дуу хөгжим “намайг баярлуулдаг” гэсэн. Дуулах нь хөгжилтэй үйл ажиллагаа төдийгүй Түүнийг бишрэн хүндэтгэх нэг арга юм гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхэд бүрийг дуртай дуулал буюу Сүмийн дуугаа хуваалцаж, заримыг нь хамтдаа дуулахад урь. Сургаал ба Гэрээ 25:12-ыг хүүхдүүдэд уншиж өгөөд, Тэнгэрлэг Эцэг болон Есүст биднийг эдгээр дууг дуулахыг сонсоход ямар байгааг төсөөлөхөд тэднийг урь.
-
Дуулах тухай “Дуугаа өргөн дуулъя” (Хүүхдийн дууны ном, 124), эсвэл Есүс Христийн тухай “Тэр Хүүгээ илгээсэн” (Хүүхдийн дууны ном, 20) гэх мэт дууг хүүхдүүдэд зааж өг. Уг дууг энэ долоо хоногт гэрийнхэнтэйгээ хамт дуулахад тэднийг урь.
Би ариун нандин гэрээнүүдийг байгуулахад бэлтгэж чадна.
Таны заадаг хүүхдүүд баптисм хүртэхдээ Тэнгэрлэг Эцэгтэй анхны гэрээгээ байгуулахаар бэлтгэж байгаа. Та тэдэнд бидний байгуулсан гэрээнүүд ямар эрхэм нандин болохыг ойлгоход хэрхэн тусалж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Сургаал ба Гэрээ 25:13-ыг хүүхдүүдэд уншиж өг. Энэ шүлэгт байх “итгэлтэйгээр сахих” гэдэг үг нь ямар нэг зүйлээс чанга зууран барих гэсэн утгатай болохыг тайлбарлаж хэл. Ойлгоход нь туслахын тулд чулуу (эсвэл бүр төмөр утас) гэх мэт ямар нэг хатуу зүйлийг ангийнхны дунд дамжуул. Уг зүйлийг чадлаараа чанга атгахад хүүхдүүдийг урь. Гэрээнүүдээ итгэлтэйгээр сахих гэдэг нь Тэнгэрлэг Эцэгт өгсөн амлалтуудаасаа зууран барьж (буюу хадгалах), хэзээ ч тавихгүй (буюу хэзээ ч бууж өгөхгүй) гэсэн утгатай болохыг тайлбарла.
-
Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглан, бидний Тэнгэрлэг Эцэгтэй гэрээ байгуулдаг тохиолдлуудыг хүүхдүүдэд заа. Сургаал ба Гэрээ 25:15-ыг уншаад, “шударга ёсны титэм” нь Бурхан, Тэнгэрлэг Хаантайгаа амьдрахаар эргэж очих адислалуудыг төлөөлдөг гэдгийг тайлбарлаж хэл.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Есүс намайг эргэн тойрныхноо хүчирхэгжүүлээсэй хэмээн хүсдэг.
Анх Сүм зохион байгуулагдахдаа олон гишүүнтэй байгаагүй. Их Эзэн гэгээнтнүүдээс сайн мэдээг хуваалцаж, бие биенээ хүчирхэгжүүлэн, Сүмийг өсгөн бэхжүүлэхийг хүссэн. Бид бас өнөөдөр тэдний адилаар үйлдэж чадна.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Сургаал ба Гэрээ 23:3–7; 25:7 дээр “ухуулга,” “ухуулах” гэсэн үгс хэдэн удаа гарч буйг олж мэдэхийг хүүхдүүдээс хүс. Эдгээр үгийг тодорхойлоход тэдэнд тусал. Хэн нэгнийг ухуулах нь тэднийг хэрхэн хүчирхэгжүүлж болох вэ? Хүүхдүүдийг хэн нэгнийг хайраар “ухуулж байгаагаар” жүжигчлэн үзүүлэхэд урь.
-
Сүмийн бусад гишүүнийг хүчирхэгжүүлэх ажлыг бид хэрхэн илүү сайн гүйцэтгэж чадах вэ? Энэ зарчмыг үзүүлэхийн тулд олон туслагч шаарддаг үүрэг даалгаврыг нэг хүүхдэд өг. Тэгээд бусад хүүхдээс туслахыг хүс. Уг үүрэг даалгавар хэчнээн амар болсныг ярилц. Сүмийн бусад гишүүний үйлчлэлээр хүчирхэгжсэн туршлагаасаа хуваалц.
Аврагч намайг “зовлон зүдгүүрүүдээс [минь]” гарган авч чадна.
Иосеф Смит олон сорилт бэрхшээлийг туулсан бөгөөд Их Эзэн түүнтэй үргэлж хамт байх болно хэмээн амласан учраас тэрээр “зовлон зүдгүүрүүдэд тэвчээртэй байж” чадсан юм.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Иосеф Смитэд болон эхэн үеийн бусад гэгээнтэнд учирсан зарим зовлон зүдгүүр буюу сорилтыг самбарт жагсаан бичихэд хүүхдүүдэд тусал (“11-р бүлэг: Өөр олон хүн Сүмд нэгдэв,” Сургаал ба Гэрээний түүхүүд, 46–47 эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох бичлэгийг үзнэ үү). Дараа нь тэднийг Их Эзэн Сургаал ба Гэрээ 24:1, 8 дээр Иосеф Смитэд зовлон зүдгүүрийнх нь талаар юу гэж хэлснийг олж мэдэхэд урь. Бид хүнд хэцүү цаг үедээ хэрхэн Аврагчаас тусламж эрэлхийлэх вэ?
-
Заримдаа бид “[өөрсдийн] зовлон зүдгүүрүүдэд тэвчээртэй” байх хэрэгтэйг хүүхдүүдэд заахын тулд “Тэвчээрт үргэлжлүүл” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзүүлж болох юм. Үнэхээр их хүсэж байгаа ч хүлээх шаардлагатай зүйлээ бодохыг хүүхдүүдээс хүс. Яагаад Их Эзэн заримдаа биднээс амьдралынхаа хэцүү цаг үеүдэд тэвчээртэй байхыг шаарддаг вэ? Тэрээр зовлон зүдгүүрүүдэд маань “[бидэнтэй] хамт” байдаг гэдгээ бидэнд хэрхэн мэдэгддэг вэ?
Би байгуулсан “гэрээнүүдээ итгэлтэйгээр сахиж” чадна.
Эмма Смитийг баптисм хүртсэний дараахан Их Эзэн түүнд “хийсэн гэрээнүүдээ итгэлтэйгээр сахигтун” хэмээн хэлсэн. Энэ зөвлөгөө таны заадаг хүүхдүүдийг хэрхэн адисалж болох талаар бодож үзээрэй.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хамтдаа Сургаал ба Гэрээ 25:13-ыг уншаад, энэ шүлэгт бид байгуулсан “гэрээнүүдээ итгэлтэйгээр сахих” гэдэг нь юу гэсэн утгатай болохыг хүүхдүүдээс асуу. Үүнийг тайлбарлахын тулд хоорондоо бат бөх холбогдсон зүйлсийг ангийнхандаа дамжуулж, тэдгээрийг салгах гэж оролдох боломжийг хүүхдүүдэд олго. Яагаад “итгэлтэйгээр сахих” гэдэг үг гэрээнүүдийнхээ талаар юу гэж бодох ёстойг тодорхойлох сайн үг болдог вэ?
-
Шаардлагатай бол бидний баптисм хүртэхдээ байгуулдаг гэрээнүүдийг хүүхдүүдтэй хамт уншиж болно (Moзая 18:8–10; Сургаал ба Гэрээ 20:37-г үзнэ үү). Эдгээр гэрээг “итгэлтэйгээр сахих” гэдэг нь юу гэсэн үг вэ?
-
Эмма Смитийн амьдралын талаар мэддэг зүйлээсээ заримыг хамтдаа ярилц (“13-р бүлэг: Иосеф, Эмма хоёр” [Сургаал ба Гэрээний түүхүүд, 51–55], эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох бичлэгийг үзнэ үү). Хүүхэд бүрд 25-р хэсгээс нэг юм уу хоёр шүлэг өгөөд, Их Эзэний зөвлөгөө болон үүрэг даалгаврууд хэрхэн Эммад “гэрээнүүдээ итгэлтэйгээр сахихад” тусалсан байж болох тухай хуваалцахад тэднийг урь. Бид хэрхэн түүний жишээг дагаж чадах вэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Хүүхдүүдийг та нарын хамтдаа ярилцсан шүлгүүдээс таалагдсан шүлгээ сонгож, эшлэлийг бичиж аваад, гэр бүлийн гишүүн эсвэл найзтайгаа хуваалцахад урь.