Сургаал ба Гэрээнүүд 2021
2-р сарын 8–14. Сургаал ба Гэрээ 12–13; Иосеф Смит—Түүх 1:66–75: “Миний нөхөд үйлчлэгч та нарт”


“2-р сарын 8–14. Сургаал ба Гэрээ 12–13; Иосеф Смит—Түүх 1:66–75: ‘Миний нөхөд үйлчлэгч та нарт,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“2-р сарын 8–14. Сургаал ба Гэрээ 12–13; Иосеф Смит—Түүх 1:66–75,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021

Сасквиеханна гол

2-р сарын 8–14

Сургаал ба Гэрээ 12–13; Иосеф Смит—Түүх 1:66–75

“Миний нөхөд үйлчлэгч та нарт”

Таны заадаг хүүхдүүд янз бүрийн нөхцөл байдалд амьдардаг бөгөөд өөр өөр хэрэгцээтэй байдаг. Та хичээлээ бэлтгэхдээ Сургаал ба Гэрээ 12–13, Иосеф Смит—Түүх 1:66–75 дээр заасан үнэнийг ойлгож мэдэхэд нь тэдэнд хэрхэн хамгийн сайнаараа тусалж чадахаа бодоорой.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хэн нэгэн хүн баптисм хүртэж эсвэл санваарын адислал хүлээн авч байхыг харсан тохиолдлоосоо хуваалцахад хүүхдүүдийг урь. Иосеф Смит, Оливер Каудери хоёр санваарыг хэрхэн хүлээн авсан бэ?

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 13

Иохан Баптист Аароны санваарыг сэргээсэн.

1829 оны 5-р сарын 15-нд Иохан Баптист Иосеф Смит, Оливер Каудери хоёрт үзэгдэн, тэдэнд Аароны санваарыг өгсөн. Энэ үйл явдлын талаар сурч мэдэх нь таны заадаг хүүхдүүдийг хэрхэн адислах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Аароны санваар хэрхэн сэргээгдсэнийг хүүхдүүдэд ярьж өг (Иосеф Смит—Түүх 1:68–70; түүнчлэн “6-р бүлэг: Иосеф, Оливер хоёрт санваар хүртээв,” Сургаал ба Гэрээний түүхүүд, 26–27-г үзнэ үү). Эсвэл тойргийн нэгэн эрэгтэйг ангид ирж, Иосеф Смит, Оливер Каудери хоёрт Иоханы хэлсэн зүйлийг хүүхдүүдэд уншиж өгч, өөрөө Иохан Баптист мэтээр түүхийг нь ярихад урь.

  • Иохан Баптист Аврагчид баптисм хүртээж буй болон Аароны санваарыг сэргээж буй зургуудыг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, 35, 93-ыг мөн Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх зургийг үзнэ үү). Зургууд дээр юу болж байгаа талаар мэдэх зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урь (Матай 3:13–17; Сургаал ба Гэрээ 13; Иосеф Смит—Түүх 1:68–70-ыг үзнэ үү).

  • Санваарыг сэргээлээ” (Хүүхдийн дууны ном, 60) гэх мэт санваарын тухай дуу сурахад хүүхдүүдэд тусал. Хүүхдүүдийг дуулахдаа өрөөгөөр жагсан явж, Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх зургийг ээлжлэн барихад урь.

Сургаал ба Гэрээ 13

Санваар бол Бурханы хүч.

Аароны санваарын сэргээлтийн тухай хичээлүүд нь хүүхдүүдэд санваар гэж юу болох, энэ нь тэднийг хэрхэн адислахыг илүү сайн ойлгоход туслах сайхан боломж юм.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Түлхүүр гэх мэт хэдэн эд зүйлийг ангид авчир. Эд зүйлсийг дэлгэж тавиад, таныг Сургаал ба Гэрээ 13-ыг унших үед сонсоод, сударт дурдагдсан зүйлийг олохыг хүүхдүүдээс хүс. Бид түлхүүрээр юу хийж болох вэ? Аароны санваар сэргээгдсэн учраас бидний хийж чадах болсон зүйлсийн зургийг харуул (энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү; мөн Сайн мэдээний уран зургийн цуглуулга, 103–104, 107–108-ыг үзнэ үү). Санваар таны амьдралыг хэрхэн адисалсныг хүүхдүүдэд ярьж өг.

  • Санваар бол Бурханы хүч гэдэг үг хэллэгийг сурахад нь хүүхдүүдэд тусалж, үе тус бүрийг хэлэхдээ алгаа ташихыг хүс. Зайгаар ажилладаг нэг эд зүйлийг харуулж, уг зүйлд зай хүч авчирдаг шиг бидний амьдралд санваар Бурханы хүчийг авчирдаг гэдгийг заа. Санваарын ачаар танд ирсэн адислалуудын талаар гэрчлэлээ хуваалц.

Иосеф Смит—Түүх 1:66–75

Би баптисм хүртэж чадна.

Иосеф Смит, Оливер Каудери хоёр Мормоны Номоос баптисмын тухай уншаад, илүү ихийг мэдэхийг хүссэн юм. Та заадаг хүүхдүүддээ өөрсдийн баптисмыг тэсэн ядан хүлээж, энэхүү ариун нандин ёслолын талаар илүү ихийг ойлгож мэдэхэд тусалж чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • “Restoration of the Aaronic Priesthood” (ChurchofJesusChrist.org) бичлэгийг үзүүл. Бичлэгийг үе үе зогсоож, хүүхдүүдээс “Иосеф Смит, Оливер Каудери хоёр яагаад ой уруу явсан бэ?”, “Баптисм хүртсэнийхээ дараа Иосеф Смит, Оливер Каудери хоёр юуг мэдэрсэн гэж та нар бодож байна?” гэх мэт асуултуудыг тавь. Баптисм хүртэх үед тэдэнд ямар санагдана гэж бодож байгаагаа хуваалцахыг тэднээс хүс.

  • Иосеф Смит, Оливер Каудери хоёрын баптисмын талаар хүүхдүүдэд ярьж өг (Иосеф Смит—Түүх 1:68–74-ийг үзнэ үү; мөн “6-р бүлэг: Иосеф, Оливер хоёрт санваар өгөгдсөн нь,” Сургаал ба Гэрээний түүхүүд, 26–28-ыг үзнэ үү). Иосеф, Оливер хоёрын мэдэрсэн баяр хөөрийг онцолж дурдаад, хүүхдүүдэд өөрийнхөө баптисмын талаар ярь. Өөрсдийгөө нэгэн өдөр баптисм хүртэж байгаагаар зурахыг тэднээс хүс.

    Баптисм хүртэж буй хүү

    Санваар сэргээгдсэн учраас би баптисм хүртэж чадна.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 13; Иосеф Смит—Түүх 1:66–72.

Иохан Баптист Аароны санваарыг сэргээсэн.

Аароны санваар сэргээгдсэн түүх нь санваар, санваарын томилолтуудын тухай чухал үнэнийг ойлгоход таны заадаг хүүхдүүдэд тусалж чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Иосеф Смит—Түүх 1:66–72-ыг хамтдаа уншаад, эдгээр шүлэгт дүрслэгдсэн зүйлсийг зурахад хүүхдүүдийг урь. Дараа нь зургуудаа ашиглан уг түүхийг ярихыг хүүхдүүдээс хүс. Хэн нэгнийг санваарын албанд томилж байгааг харсан туршлагаасаа хуваалцахад нэг хүнийг урь. Энэ нь Иосеф Смит—Түүх 1:66–72 дээр дүрслэгдсэн Иосеф, Оливер хоёрын томилгоотой хэр төстэй байсан бэ?

  • Хүүхдүүдэд Иохан Баптистын талаар мэддэг бүх зүйлээ жагсаан бичих хэдэн минут гарган өгч, дараа нь бичсэн зүйлээ хуваалцах боломж олго. Хүүхдүүдийг хоёр хоёроороо хамтран дараах судрын хэсгүүдээс нэгийг уншаад, өөрсдийн жагсаалтад нэмж бичихэд урь. Үүнд: Матай 3:13–17; Сургаал ба Гэрээ 13; Иосеф Смит—Түүх 1:66–72.

Сургаал ба Гэрээ 13

Би Аароны санваараар дамжуулан адислалуудыг хүлээн авдаг.

Бид Аароны санваараар дамжуулан олон адислал хүлээн авдаг. Та эдгээр адислал санваар сэргээгдсэн учраас л боломжтой болсон гэдгийг ойлгоход заадаг хүүхдүүддээ туслахын тулд юу хийх вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Баптисмын болон ариун ёслолын зургийг түлхүүртэй хайрцагт хий. Тэгээд түлхүүр яагаад чухал болох талаар ярилцаж, хүүхдүүдээр уг хайрцгийг түлхүүр ашиглан нээлгэ. Хүүхдүүдийг Сургаал ба Гэрээ 13-ыг уншаад, Аароны санваараас ямар ямар адислал ирдгийг заасан үг, хэллэгүүдийг олж мэдэхэд урь.

  • “Blessings of the Priesthood” (ChurchofJesusChrist.org) бичлэгийг үзүүлж, бичлэгт буй хүмүүс санваарын ачаар хэрхэн адислагдаж буйг олж мэдэхийг хүүхдүүдээс хүс.

Иосеф Смит—Түүх 1:73–74

Ариун Сүнс судруудыг ойлгоход маань тусалж чадна.

Иосеф Смит, Оливер Каудери хоёрыг баптисм хүртсэний дараа Ариун Сүнс тэдэнд судруудыг илүү сайн ойлгоход тусалсан. Энэ нь судруудыг ойлгохгүй байгаа хүүхдүүдэд урам зориг өгч болох юм.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Ангид эвлүүлдэг зураг авчирч, хүүхдүүдийг уг зургийг эвлүүлэхэд урь. Судар унших нь зураг эвлүүлэхтэй юугаараа төстэй болохыг зураг эвлүүлэх үеэр тэднээс асуу. Иосеф Смит—Түүх 1:73–74-ийг хамтдаа уншаад, Иосеф, Оливер хоёрт судруудыг ойлгоход нь юу тусалсныг хуваалцахад хүүхдүүдийг урь. Бид судруудыг судалж байхдаа Ариун Сүнсний тусламжийг эрэлхийлэхийн тулд юу хийж болох вэ?

  • Судруудыг уншиж байхдаа Ариун Сүнсний тусламжийг эрэлхийлэхийг өөрсдөдөө сануулахаар судартаа хавчуулж болох номын хавчуурга хийхэд хүүхдүүдийг урь. Тэд Иосеф Смит—Түүх 1:74-өөс урам зориг өгөх үг хэллэгийг олж, номын хавчуурга дээрээ бичиж болно.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Үйл ажиллагааны хуудсыг ангид хийж дуусгах цаг байхгүй бол гэр лүү нь өгч явуулахыг бод. Хүүхдүүд гэр бүлийнхэнтэйгээ хамт хийж болно.

Заах чадвараа сайжруулах

Уян хатан байж, Сүнсийг сонс. Та энэхүү тойм дахь санаануудыг заавал ашиглах шаардлагагүй. Та заадаг хүүхдүүдээ мэднэ. Та сайн мэдээний сургаалаас суралцаж, итгэлээ хөгжүүлэхэд нь хүүхдүүдэд туслах илүү сайн арга замууд руу хөтлөхийг Тэнгэрлэг Эцэгээс гуй.