Сургаал ба Гэрээнүүд 2021
1-р сарын 18–24. Сургаал ба Гэрээ 3–5: “Миний ажил урагш ахих болно”


“1-р сарын 18–24. Сургаал ба Гэрээ 3–5: ‘Миний ажил урагш ахих болно,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“1-р сарын 18–24. Сургаал ба Гэрээ 3–5,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2021

Талбайд ажиллаж буй хүмүүс

Францад ургац хураалтын цагаар, Жэймс Тэйлор Харвүд

1-р сарын 18–24

Сургаал ба Гэрээ 3–5

“Миний ажил урагш ахих болно”

Сургаал ба Гэрээ 3–5-ыг судалж байхад заадаг хүүхдүүд тань юу ойлгох хэрэгтэй талаар мэдрэмж, сэтгэгдэл төрж магадгүй. Энэ тоймд байгаа үйл ажиллагаанууд танд санаа өгөх болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь Иосеф Смитийн зургийг үзүүлээд, хүүхдүүдийг уг зурагт харуулсан түүхийн талаар мэдэх зүйлээ хуваалцахад тусал. Мартин Харрис Мормоны Номын орчуулгын эхний хуудаснуудыг алдсан түүхийг санахад тэдэнд тусал (“4-р бүлэг: Мартин Харрис ба алдагдсан хуудаснууд,” Сургаал ба Гэрээний түүхүүд, 18–21-ийг үзнэ үү).

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 3:7–10

Бусад хүн надаар буруу зүйл хийлгэхийг оролдох үед би зөвийг сонгож чадна.

Иосеф Смитийн сурч мэдсэн зүйлийг буюу хэрэв тэд Тэнгэрлэг Эцэгт итгэвэл Тэрээр “гай зовлон тохиолдох бүрийд [тэдэнтэй] хамт” (Сургаал ба Гэрээ 3:8) байх болно гэснийг мэдэж авахад хүүхдүүдэд тусал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Мартин Харрис болон гар бичмэлийн хуудаснууд алдагдсан тухай түүхийг тоймлон үз (Сургаал ба Гэрээний түүхүүд, 18–21 эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох бичлэгийг үзнэ үү). Зөв биш гэж мэддэг зүйлээ хийхээр уруу татагдаж болох зарим нөхцөл байдлыг хүүхдүүдтэй хуваалц. Бидэнд зөвийг сонгоход Тэнгэрлэг Эцэг хэрхэн тусалдаг вэ? (Сургаал ба Гэрээ 3:8-ыг үзнэ үү).

    Мартин Харрис

    Мартин Харрис, Льюис Рамзи

  • Сургаал ба Гэрээ 3:8-аас “Тэрбээр гараа сунган чамайг дэмжих байсан юм” гэсэн үгсийг унш. Таныг уг хэсгийг дахин унших үед босож зогсоод, гараа сунгахад хүүхдүүдийг урь. Бусад хүн тэднээр буруу зүйлс хийлгэхийг хичээх үед Их Эзэн тэдэнд гараа сунган туслах зарим арга замыг тэдэнтэй хуваалц. Тэдэнд Их Эзэн гараа сунган туслах бусад арга замыг хэлэхдээ ээлжлэн гараа сунгах боломжийг олго.

Сургаал ба Гэрээ 4

Их Эзэнийг ажлаа хийхэд нь би хэрэгтэй.

Хүүхдүүд олон арга замаар “Бурханы үйлчлэлийг эхэлж” (Сургаал ба Гэрээ 4:2) болох бөгөөд ирээдүйнхээ нэмэлт боломжуудад одоо бэлтгэж чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Сургаал ба Гэрээ 4:1-ийг хүүхдүүдэд уншиж өг. Бурханы хожмын үеийн “гайхамшигт” ажлыг харуулсан зургуудыг авчир (номлогчид, ариун сүмүүд, Мормоны Ном гэх мэт зургууд). Хүүхдүүдээр зургуудыг ээлжлэн сонгуулж, яриул. Их Эзэний ажил танд яагаад чухал болох талаар хуваалц.

  • “Бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа түүнд үйлчлэх” (Сургаал ба Гэрээ 4:2) гэсэн үг хэллэгийг харуулсан үйлдлүүдийг бодож олоход эсвэл зураг зурахад хүүхдүүдэд тусал. Бурханд ингэж үйлчилдэг таньж мэдэх хүнийхээ жишээг хуваалц.

  • Би яг одоо номлогч болохыг хүсч байна” (Хүүхдийн дууны ном, 90) зэрэг номлолын ажлын тухай дууг хамтдаа дуул. Бурханы ажилд бид хэрхэн тусалж болох талаар энэ дуу юу заадаг вэ?

Сургаал ба Гэрээ 5:10

Бид Бурханы үгийг Иосеф Смитээр дамжуулан хүлээн авсан.

Та Иосеф Смит болон бусад бошиглогч Бурханы үгийг заадаг гэсэн гэрчлэлээ бэхжүүлэхэд нь хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Иосеф Смитийн зургийг өрөөний хаа нэгтээ нуу (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 87-г үзнэ үү). Сургаал ба Гэрээ 5:10-ыг уншаад, “чамаар” гэсэн үг хэнийг хэлж байгааг олж мэдэхийн тулд уг зургийг эрж хайхад хүүхдүүдийг урь. Бид Бурханы үгийг Иосеф Смитээр дамжуулан хүлээн авсан талаар гэрчлэлээ хуваалц.

  • Хүүхдүүдэд Мормоны Номыг болон Сургаал ба Гэрээг харуул. Бурхан эдгээр судрыг Иосеф Смитээр дамжуулан бидэнд өгсөн гэдгийг тайлбарла. Эдгээр номоос дуртай шүлгээ хуваалцаж, яагаад тэдгээрт талархаж байдгаа хэл.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Сургаал ба Гэрээ 3:5–10; 5:21–22

Би бусдад таалагдахаас илүү Бурханы таалалд нийцэхэд санаа тавих ёстой.

Хүүхдүүд Мормоны Номын алдагдсан хуудаснуудын талаар Иосеф Смитэд тохиолдсон явдлыг сурч мэдэхдээ, бусад хүн тэднийг дуулгаваргүй байхад уруу татах үед итгэлтэй хэвээр үлдэх урам зоригийг олж авна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хэдэн өдрийн өмнөөс ангийн нэг хүүхдийг Иосеф Смит, Мартин Харрис хоёр Мормоны Номын орчуулгын эхний хуудаснуудыг алдсан тухай түүхийг хуваалцахаар бэлтгэж ирэхэд урь (Сургаал ба Гэрээний түүхүүд, 18–21-ийг үзнэ үү). Сургаал ба Гэрээ 3:5–8; 5:21–22-ыг хамтдаа уншиж, Бурханд үнэнч хэвээр үлдэхэд ирэх адислалуудыг олж мэд.

  • Найз нь тэднээр буруу зүйл хийлгэхийг оролдож магадгүй нөхцөл байдлын талаар бодох цагийг хүүхдүүдэд өг. Тэдгээр нөхцөл байдалд тэдэнд туслах судрын хэсгийг Сургаал ба Гэрээ 3:5–8; 5:21–22-оос олоход тэднийг урь. Хэдэн жишээг жүжигчлэн үзүүл.

Сургаал ба Гэрээ 4

Их Эзэнийг ажлаа хийхэд би хэрэгтэй.

Сургаал ба Гэрээ 4 нь хүүхдүүдэд Их Эзэний “гайхамшигт ажлын” (1-р шүлэг) нэг хэсэг байх урам зоригийг өгдөг.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Бурханд үйлчил гэж самбар дээр бич. Хүүхдүүдийг Сургаал ба Гэрээ 4-ийг судалж, Бурханд үйлчлэх гэдэг нь юу гэсэн утгатай болох талаар ойлгож мэдэх зүйлсийн жагсаалт гаргахад урь. “Би зоригтой байна” (Хүүхдийн дууны ном, 85) дуунаас эсвэл Бурханд үйлчлэх тухай өөр дуунаас сурсан зүйлсээ жагсаалтдаа нэмэхийг тэднээс хүс.

  • Талбайд ажиллахдаа ашиглаж болох багаж хэрэгсэл (эсвэл багаж хэрэгслийн зураг) авчир. Эдгээр багаж хэрэгсэл бидэнд хэрхэн тусалдаг вэ? Сургаал ба Гэрээ 4:5–6 дээрээс Бурханы ажлыг хийх багаж хэрэгсэл байж болох зүйлсийг олоход хүүхдүүдэд тусал.

  • Бурханы ажлыг хийхэд нь урам зориг өгсөн ямар нэгэн зүйлийг Сургаал ба Гэрээ 4-өөс хуваалцахад бүрэн цагийн эсвэл тойргийн номлогчдыг урь. Бид Бурханы ажилд туслахын тулд юу хийж болох вэ?

Сургаал ба Гэрээ 5:1–7, 11, 16, 23–24

Мормоны Ном үнэн гэдгийг би гэрчилж чадна.

Итгэлтэй байвал алтан ялтаснуудыг гэрчлэгчдийн нэг болно хэмээх амлалтыг Мартин Харрист өгчээ. Бид ялтаснуудыг Мартины адилаар харахгүй ч Мормоны Номын талаар сүнслэг гэрчлэлийг хүлээн авч чадна. Та Мормоны Номын талаар өөрсдийн гэсэн гэрчлэлтэй болж, хуваалцахад нь хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Дараахтай адил асуултуудыг самбарт бичээд, Сургаал ба Гэрээ 5:1–3, 7, 11 дээрээс хариултуудыг олоход хүүхдүүдэд тусал. Үүнд: Мартин Харрис юу мэдэхийг хүссэн бэ? Иосеф Смит алтан ялтаснуудыг хэнд үзүүлж болох байсан бэ? Ялтаснуудыг харах нь хэн нэгнийг Мормоны Ном үнэн гэдэгт итгэхэд яагаад хангалттай биш байж болох вэ?

  • Гэрч гэж юу болох, гэрч яагаад чухал байдгийг хүүхдүүдээс асуу. Мартин Харрис алтан ялтаснуудын гэрч болохын тулд юу хийх хэрэгтэй байсан бэ? (Сургаал ба Гэрээ 5:23–24-ийг үзнэ үү). Бид ялтаснуудыг хараагүй ч Мормоны Номын гэрчүүд болохын тулд юу хийж болох вэ? (Сургаал ба Гэрээ 5:16; Моронай 10:3–5-ыг үзнэ үү).

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүдийг Мормоны Номын талаарх гэрчлэлээ бичиж, түүнийгээ өөрсдийн таньдаг хэн нэгэн хүнтэй хуваалцахад урь.

Заах чадвараа сайжруулах

Үйл ажиллагаануудыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүл. Үйл ажиллагаанд багахан өөрчлөлт хийснээр бүх хүүхэд тэдгээрээс суралцаж чадна. Жишээлбэл, аль нэгэн үйл ажиллагаанд зураг үзүүлэхийг санал болгосон байвал та харааны асуудалтай хүүхдүүдийг оролцуулахын тулд зураг үзүүлэхийн оронд дуу дуулж болно.