Номын сан
Анхны үзэгдлийн тэмдэглэлүүд


“Анхны үзэгдлийн олон тэмдэглэл,” Сэдэв ба асуулт (2023)

анхны үзэгдэл

Сүм, сайн мэдээтэй холбоотой асуултууд

Анхны үзэгдлийн олон тэмдэглэл

Хэрэв бид зөв зарчмуудыг хэрэгжүүлбэл асуултууддаа хариулт эрэлхийлэх нь биднийг Есүс Христэд илүү ойртуулж чадна. Мэдээллийн эх сурвалжийнхаа чанарыг үнэлж сурах нь эдгээр зарчмын нэг юм.

Найдвартай эх сурвалжуудаас лавла” сэдвийг үзэж, мэдээллийг үнэлэх талаар дэлгэрэнгүй зөвлөгөө аваарай.

Тойм

Иосеф Смит 14 настай байхад нь эцэг эхийнх нь гэрийн ойролцоох ойн төгөлд Бурхан Эцэг, Есүс Христ хоёр өөрт нь үзэгдсэн хэмээн гэрчилжээ. Энэхүү айлчлал нь Анхны үзэгдэл хэмээн нэрлэгдэх болсон. Иосеф болон бусад хүн бошиглогчийн амьдралын туршид Анхны үзэгдлийн талаар хэд хэдэн тэмдэглэлийг цэдэглэсэн байдаг.

Иосеф Анхны үзэгдлийн тухай хоёр тэмдэглэлийг нийтэлсэн. Хамгийн алдартай нь сударт агуулагдсан бөгөөд Агуу Үнэт Сувдаас олж болно. Иосеф Смитийн анхны намтар болон түүний өдрийн тэмдэглэлд цэдэглэгдсэн боловч нийтлэгдээгүй байсан хоёр тэмдэглэлийн талаар 1960-аад онд Сүмээс хэвлэн нийтлэх хүртэл ерөнхийдөө мэдэхгүй байв.

Эдгээр өөр өөр тэмдэглэл нь онцолсон, нарийвчилсан байдлаараа ялгаатай ч нэг ижил түүхийг өгүүлдэг. Зарим хүн Анхны үзэгдлийн дүрслэл тайлбарууд нь хоорондоо ялгаатай байгаа нь зохиомол гэдгийг нь баталж байна хэмээн эндүүрэн мэтгэлцдэг. Үүний эсрэгээр, хувь хүн өөрт тохиолдсон үйл явдлаа өөр өөр нөхцөл байдалд, өөр өөр бүлэг хүнтэй олон жилийн явцад хуваалцахдаа, уг үйл явдлын өөр өөр хэсгийг онцлон авч үзэж, өвөрмөц нарийн мэдээлэл өгдөг хэмээн түүхчид үздэг.

Иосеф Смитийн Анхны үзэгдлийн тэмдэглэлүүд дэх томоохон ялгаанууд нь 1832 онд бичигдсэн анхны тэмдэглэлээс олддог. Энэ нь бусад цэдгээс хэдэн цэг дээр ялгаатай байдаг:

  1. 1832 оны цэдэгт Иосефын бичээчдийн нэг нь “16 дахь насныхаа жилд” гэдэг үгсийг оруулжээ. Бусад тэмдэглэлд түүнийг 14 настай байсан гэж бичсэн байдаг. Энэ нь бичээчийн алдааны үр дүн байсан байх магадлал өндөр.

  2. Хамгийн эхний тэмдэглэлд Иосеф нүглийнхээ өршөөлийг эрэлхийлэн залбирчээ. Хожмын тэмдэглэлүүдэд тэр аль сүмд нэгдэхээ мэдэхийг хүссэн байдаг. Иосефын оюун санаанд энэ хоёр асуулт хоорондоо маш нягт холбоотой байсан байж болзошгүй бөгөөд аль аль нь түүний аврагдах хүслийг нь харуулсан.

  3. Эхний цэдэгт “Их Эзэн миний дээр тэнгэрийг нээж, би Их Эзэнийг харсан бөгөөд тэрээр надтай ярьсан” гэсэн байдаг. Судрын түүх дээр Иосеф, Эцэг Хүүгээ танилцуулаад, дараа нь Иосефтой ярилцсан хэмээн тайлбарлажээ. 1832 оны цэдэгт энэ нарийн мэдээлэл ороогүй ч бүх цэдэг уг үзэгдэл дэх Есүс Христийн гол үүргийг онцолсон байдаг. Иосефын асуултуудад хариулсан нь тэр юм.

Анхны үзэгдлийн тухай Иосефын олон тэмдэглэл байдаг нь бидэнд энэ гайхамшигт үйл явдлын талаар илүү ихийг сурч мэдэх боломжийг олгодог бөгөөд цөөхөн байсан бол бид ингэж чадахгүй байх байсан. Тэдгээрийг уншсан хожмын үеийн гэгээнтнүүд Бурхан залбиралд нь гайхамшигтай үзэгдлээр хариулсан тухай бошиглогчийн чин сэтгэлийн гэрчлэлд талархах болно.

Холбогдох сайн мэдээнээс суралцах удирдамж:

Асуултаа судлах нь

Иосеф Смитийн Анхны үзэгдлийн талаарх тэмдэглэлүүд хоорондоо яагаад ялгаатай байдаг вэ?

Иосеф Смит Анхны үзэгдлийн тухай дөрвөн тэмдэглэлийг үлдээжээ. Эдгээр дөрвөн тэмдэглэлээс гадна, Иосефын туршлагынхаа талаар ярихыг сонссоныхоо дараа тухайн үеийн таван хүн тэмдэглэл бичжээ. Өөр өөр онцлог, нарийн мэдээлэлтэй эдгээр тэмдэглэл нь энэхүү гайхамшигт үйл явдлын талаар илүү бүрэн дүүрэн дүр зургийг бидэнд өгдөг.

Хүмүүс ихэнхдээ тохиолдсон нэг үйл явдлыг ярихдаа сонсогчдоосоо эсвэл хуваалцаж байгаа шалтгаанаасаа болж өөр өөр талыг онцолдог. Иосефын тэмдэглэлүүд нь энэхүү зарчмын гайхалтай жишээ юм. Тэдгээрийн ач холбогдол, нарийн ширийн мэдээлэл нь өөр өөр зүйл дээр төвлөрдөг ч нэг ижил түүхийг өгүүлдэг. Судрын ийм жишээг Шинэ Гэрээн дэх Паулын хөрвөлтийн тухай олон түүхээс олж болно.

Анхны үзэгдлийн тэмдэглэлүүдийг хувийн түүх бичих, гэртээ ирсэн зочинд тохиолдсон явдлыг өгүүлэх, албан ёсны түүхэд зориулж амьдралынхаа намтрыг хэлж бичүүлэх, эсвэл сурвалжлагчийн асуултад хариулах зэрэг янз бүрийн нөхцөл байдалд гаргасан байна. Энэ тутамд Иосеф сонсогчдод хамгийн хамаатай гэж үзсэн дурсамж дээр төвлөрч байсан бололтой. Тэмдэглэлүүдийн хоорондох ялгаанууд нь дурсамжийг судалдаг түүхчид, эрдэмтдийн ийм өөр өөр нөхцөлд гаргасан баримт бичгүүдээс олдог тийм адил ялгаанууд юм.

Тэмдэглэлүүдийн хоорондох ялгаа нь Иосефын ойлголт, хэтийн төлөв нь цаг хугацаа, туршлагаар болон цаашдын илчлэлээр хэрхэн өргөжин тэлснийг харуулдаг. Иосефыг 1832 онд анхныхаа тэмдэглэлийг хэлж бичүүлэхэд энэ нь түүний тохинууллын эхэн үе байжээ. Уг тэмдэглэл нь ихэнхдээ хувийн чанартай бөгөөд түүний хувьд уг үзэгдэл ямар утга учиртайг голчлон өгүүлдэг. Хожим нь тэрээр Агуу Үнэт Сувд дээрх цэдгийг хэлж бичүүлж байхдаа уг үзэгдлийн зөвхөн өөрт нь төдийгүй, Сүмд болон дэлхийд зориулагдсан утга учрыг эргэцүүлэн өгүүлжээ.

Иосеф Смит Анхны үзэгдлээр хэдэн тэнгэрлэг биетийг харсан бэ?

Иосефын дөрвөн тэмдэглэлийн гурав нь Бурхан Эцэг, Есүс Христ гэсэн хоёр “биет”-ийг тодорхой дүрсэлдэг. Бас өөр нэг тэмдэглэлд тэр тэнгэр элч нарыг харсан хэмээн дурдсан байдаг. Иосефын анхны тэмдэглэл нарийн ширийн зүйл багатай. 1832 онд бичигдсэн уг тэмдэглэлд “Их Эзэн” тэнгэрийг нээж байгааг, тэгээд Иосеф “Их Эзэнийг” харсан тухай гардаг.

Энэ тэмдэглэлийг задлан бодох хэд хэдэн арга бий. Иосеф Смит Бурхан Эцэг, Хүү хоёрын аль алиныг нь хэлэхийн тулд “Их Эзэн” гэж хэлсэн байж болох бөгөөд энэ нь Иосефын үед амьдарч байсан зарим хүн тэднийг ийн нэрлэдэг байсантай адил төстэй юм. Эсвэл тэрээр нүглээс нь өршөөж, үзэгдлийн захиасыг дамжуулсан тэнгэрлэг Биет болох Есүс Христэд л анхаарлаа хандуулсан байж болох юм.

Иосеф Смит өршөөлийн төлөө залбирсан уу эсвэл аль сүмд нэгдэхээ мэдэхээр залбирсан уу?

Иосефыг залуу байхад бичигдсэн Анхны үзэгдлийн тухай хамгийн анхны тэмдэглэл нь тэрээр нүглүүдийнхээ төлөө өршөөл эрэлхийлэн залбирсан тухай өгүүлсэн байдаг. Өсөн нэмэгдэж буй сүмийн удирдагчаар олон жил үйлчилснийхээ дараа бичсэн түүний хожмын тэмдэглэлүүд аль сүмд нэгдэх тухай эрэл хайгуулыг нь онцолсон байдаг. Бодит амьдрал дээр Иосефын хувьд энэ хоёр асуулт хоорондоо нягт холбоотой байсан. Аль аль нь түүний аврагдах хүслийг харуулдаг.

Иосеф Смитийн Анхны үзэгдлийн тэмдэглэлүүдэд тэр яагаад насаа өөрөөр хэлсэн байдаг вэ?

Иосеф Смит Анхны үзэгдлийн тухай эхний тэмдэглэлээ 1832 онд өөрийн гараар бичжээ. Иосефыг бичиж дууссаны дараа нэгэн бичээч Иосефын насыг мөрүүдийн хооронд нэмж, үзэгдэл үзэх үедээ “арван зургаа дахь жил”-дээ (буюу 15 настай) байсныг нь бичсэн. Энэ нэмэлтийн талаар уг бичээч Иосефтой зөвлөлдсөн эсэхийг бид мэдэхгүй. Дараа дараагийн тэмдэглэл болгондоо Иосеф өөрийгөө 14 настай байсан гэж хэлсэн байдаг.

Иосефын тэмдэглэлүүд бүгдээрээ уг үзэгдэл болсноос хойш 10 гаруй жилийн дараа бичигдсэн байдаг. Тэр бичээчдээ 15 настай гэж бичихийг зааварласан байлаа ч гэсэн илүү нягт нямбай эргэцүүлэн бодсоны эцэст өөрийгөө үзэгдэл үзэх үедээ 14 настай байсан гэж дүгнэсэн нь харагдаж байна. Хүмүүс амьдралаа эргэн санан дурсахад иймэрхүү ялгаа гардгийг түүхчид мэддэг. Ямар ч байсан үзэгдэл болсон гэдэг нь яг хэзээ болсон өдрөөс хамаагүй чухал юм.

1820 онд Нью-Йоркийн Палмирагийн ойролцоо шашны талаар сэтгэл хөдлөм үйл явдал болж байсан түүхэн баримт байна уу?

Тийм. Иосеф Смит 1838 оны түүхэндээ анхны үзэгдэл нь 1820 оны хавар тохиосон гэж хэлжээ. Иосеф үзэгдэл үзэхээсээ өмнө залбирахад хүргэсэн асуултуудын талаар хэсэг хугацаанд бодож байжээ. Иосеф 1832 онд бичсэн тэмдэглэлдээ 12 настай байхдаа буюу 1818 оны орчим “миний үхэшгүй мөнхийн сүнсний сайн сайхны төлөө хамгийн чухал асуудлуудын” талаар тунгаан бодож эхэлснээ бичжээ. Энэ үед Нэгдсэн Улсад, ялангуяа Иосефын амьдарч байсан Баруун Нью-Йоркод шашны төлөөх нийтлэг урам зориг олныг хамарч байсан нь түүхэн баримтуудаас тодорхой байна.

Заримдаа энэ урам зориг нь 1818 онд Палмирагийн гадна байсан Методистуудын цуглаан гэх мэт сэргэн мандлын цуглааны хэлбэртэй болдог байв. Орон нутгийн методистууд дараагийн жил нь Смитийн гэр бүлийн фермээс 24 км-ийн зайд орших Нью-Йоркийн Виенна (одоогийн Фелпс) хотод түүнчлэн цугларч байжээ. Аялан явж байсан методист номлогчийн тэмдэглэлд 1819, 1820 онд Иосефын амьдарч байсан бүс нутагт шашны талаар сэтгэл хөдлөл маш их байсан тухай тэмдэглэсэн байдаг. Сэргэн мандалтын тохинуулагч, гэгээнтэн Жорж Лэйн энэ хоёр жилд тус бүс нутагт байсан бөгөөд “шинэчлэлийг хэрэгжүүлэх Бурханы аргын тухай” ярьсан гэж тэдгээрт мэдээлсэн байдаг. 1820 оны хаврын сүүлчээр Палмирад 3 өдрийн методист цуглаан болж, нэлээд хэдэн жилийн дараа 1824 онд өргөн цар хүрээтэй сэргэлт болсон юм. Иосеф сэргээлтийн тухай тодорхой дурдаагүй ч гэсэн эдгээр нь түүний дүрсэлсэн “ер бусын сэтгэл хөдлөлийн” маргаангүй нотолгоо юм.

Иосеф яагаад Анхны үзэгдлийн тухай тэмдэглэл бичихээр тийм удаан хүлээсэн бэ?

Иосеф Смит амьдралынхаа эхний 24 жилд намтарчилсан ямар ч баримт бичиг бичээгүй. Тэрээр бичиг үсэгт тайлагдсан гэр бүлд өссөн ч албан ёсны боловсрол багатай байв. Түүнд өөрийгөө бичгээр илэрхийлэхэд хэцүү байсныг бид мэднэ.

Сүм зохион байгуулагдсанаас хойш удалгүй Их Эзэн түүх хөтлөхийг Иосефт зарлиглажээ. Иосеф энэ зарлигийг хүлээн аваад удаагүй байхдаа тэмдэглэсэн зүйлсийнх нь нэг нь Анхны үзэгдлийн түүх байсан нь чухал ач холбогдолтой юм.

Сүмийн эхэн үеийн зарим гишүүн яагаад Сэргээлтийн тухай тэмдэглэлдээ Анхны үзэгдлийг дурдаагүй вэ?

Сүмийн анхны гишүүд заримдаа Анхны үзэгдлийн тухай дурдалгүйгээр Сэргээлтийн тухай өгүүлдэг байв. Жишээлбэл: Иосеф Смитийн ээж Люси, түүний ах Виллям хоёр 1823 онд тэнгэр элч Моронайн айлчлалаар эхэлсэн, мөн Эцэг, Хүү хоёр үзэгдсэн талаар дурдаагүй тэмдэглэлүүдийг үлдээсэн. Үүнтэй адил Оливер Каудеригийн Сэргээлтийн тухай хамгийн анхны хэвлэгдсэн цэдэг Моронайн ирэлтээр эхэлдэг.

Иосеф өөрөө олон жилийн турш олны өмнө уг үзэгдлийг онцлон тэмдэглэж, байнга ярьдаггүй байсан. Түүний нэгэн тэмдэглэлээс харахад тэр бүр эхэндээ ер бусын ариун нандин туршлагаа хуваалцах дургүй байсан учраас гэр бүлийнхэнтэйгээ ч нарийн ширийн зүйлийг хуваалцахаас эргэлзэж байсан байна. Нөгөөтээгүүр, Моронайн айлчлалыг болон Мормоны Номын орчуулгын талаар Иосеф байнга гэрчилдэг байв. Эдгээр үйл явдлыг Иосефын тэнгэрлэг дуудлагын үндсэн нотолгоо гэж Сүмийн эхэн үеийн олон гишүүн үзэж байсан юм. Сүмийн энэ гишүүдийн өгсөн тэмдэглэлүүд Иосефын нүдээр харсан гэрчийн гэрчлэлийг үгүйсгэдэггүй, харин эхэн үеийн Хожмын үеийн гэгээнтнүүдийн Мормоны Номын талаарх сэтгэл хөдлөл, гэрчлэлийг харуулдаг.

Иосеф Смитийн 1832 оны Анхны үзэгдлийн тэмдэглэл, түүний үеийн бусад Христэд итгэгчдийн хөрвөлтийн түүхүүдийн хооронд ижил төстэй зүйл байдаг уу?

Иосеф Смитийн Анхны үзэгдэл бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн дурсамжит мөч юм. Түүний үед зарим хүн сүнслэг үзэгдлүүдийн тухай бичиж байсан хэдий ч тэдний тэмдэглэл бүгд хувийн хөрвөлтийн түүхүүд хэвээр үлдсэн юм. Иосефын юутай ч зүйрлэшгүй туршлага Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлтэд хөтөлсөн олон гайхамшгийн эхлэлийг тавьсан юм.

Анхны үзэгдлийн тухай 1832 оны тэмдэглэлд түүний үеийн бусад Христийн шашинтны хөрвөлтийн түүхүүдэд ч бас байдаг зарим үг хэл байдаг. Иосеф уг үзэгдлийг дүрслэхийн тулд өөрт нь танил байсан үг хэлийг ашигласан нь гайхах зүйл биш юм. Үүнтэй адил өнөөдөр Сүмийн гишүүд бусдаас сурч мэдсэн үг хэллэгээ ашиглан гэрчлэлээ хуваалцдаг. Гэхдээ бидний гэрчлэлээ хуваалцахдаа хэрэглэдэг хэл соёл ихэвчлэн нэг загвартай байдаг ч бидний хувь хүн бүрийн сүнслэг туршлага өвөрмөц, хувийн шинжтэй байдаг.

Дэлгэрэнгүй унших

Эх сурвалж

  1. Joseph Smith, in “History, circa Summer 1832,” 3, josephsmithpapers.org.

  2. Үйлс 9:3–9; 22:6–10; 26:12–18-ыг үзнэ үү.

  3. Joseph Smith, in “History, circa Summer 1832,” 3, josephsmithpapers.org.

  4. Joseph Smith, in “History, circa Summer 1832,” 3, josephsmithpapers.org.

  5. Бэнажа Виллиамсын өдрийн тэмдэглэл, 1820 оны 7-р сарын 15, Солт Лэйк Ситигийн Сүмийн түүхийн номын сан дахь хуулбар; үсэглэлийг зассан.

  6. Иосеф Смит—Түүх 1:5

  7. Сургаал ба Гэрээнүүд 69:2–8-ыг үзнэ үү.

  8. Oliver Cowdery, “Letter III,” Messenger and Advocate, Dec. 1834; “Letter IV,” Messenger and Advocate, Feb. 1835-ыг үзнэ үү.

  9. Иосеф Смит—Түүх 1:20, 49-ийг үзнэ үү.

  10. Д.Тодд Кристоффэрсон, “Мормоны Ном ба таны номлол” (НБТ-ийн онцгой цугларалт, Прово, Юта, 2023 оны 1-р сарын 17); мөн 3 Нифай 21:1–2, 7-г үзнэ үү.