“Санваарын түлхүүр,” Сэдэв ба асуулт (2023)
Сайн мэдээг судлах удирдамж
Санваарын түлхүүр
Бурханы ажлыг хөтлөн удирдах эрх мэдэл
Та өдөр бүр түлхүүр ашиглан хаалга онгойлгодог байх. Түлхүүр эзэмших нь эрх мэдэлтэй, нэвтрэх эрхтэйн бэлгэдэл юм. Их Эзэний үйлчлэгчдийн атгадаг санваарын түлхүүрүүд нь тэдэнд санваарын эрх мэдэл, хүчээр аврал, өргөмжлөлийн ажлыг удирдан явуулах эрх мэдлийг олгодог.
Есүс Христ Өөрийн Сүмд хамаарах санваарын бүх түлхүүрийг атгадаг. Тэрээр дэлхий дээрх Бурханы хаант улсад хамаарагдах бүх түлхүүрийг төлөөлөгч бүрдээ олгосон юм. Сүмийн ерөнхийлөгч бол энэ бүх санваарын түлхүүрийг ашиглах зөвшөөрөлтэй цорын ганц хүн болно.
Ариун сүмийн болон номлолын ерөнхийлөгчид мөн гадас, чуулгын ерөнхийлөгч, бишопууд томилогдсон тус тусын ажлаа тэргүүлэн удирдах боломжийг олгогч санваарын түлхүүрүүдийг атгадаг. Санваарын түлхүүрүүдийн ачаар бид Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёртой хамт амьдрахаар эргэн очиж, Тэдэнтэй адил болоход шаардлагатай ёслол, гэрээ, адислалууд болон хүчийг олж авах боломжтой болдог.
1-р хэсэг
Тэнгэрлэг элч нар санваарын түлхүүрүүдийг бидний үед сэргээсэн
Есүс Христ мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр Петр, Иаков, Иохан нарт “тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг” өгчээ (Матай 16:18–19; Сургаал ба Гэрээ 7:5–7-г үзнэ үү). Есүс Христ болон Түүний төлөөлөгчид нас барснаар олон зууны турш санваар, санваарын түлхүүрүүд дэлхийгээс алдагдсан.
1829 онд Баптисч Иохан дэлхийд эргэн ирж, Аароны санваар ба үүний түлхүүрүүдийг сэргээж, бошиглогч Иосеф Смитэд өгсөн (Сургаал ба Гэрээ 13; Иосеф Смит—Түүх 1:67–72-ыг үзнэ үү). Удалгүй Петр, Иаков, Иохан нар Мелкизедек санваар ба үүний түлхүүрүүдийг сэргээжээ (Сургаал ба Гэрээ 27:12–13-ыг үзнэ үү).
Мосе, Елиас, Елиа зэрэг бусад тэнгэрлэг элч Көртландын ариун сүмд Иосеф Смитэд үзэгдэж, аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэтгэн явуулах өөр эрх мэдлүүдийг түүнд хүртээсэн юм (Сургаал ба Гэрээ 110:11–16-г үзнэ үү).
Бодох зүйлс
-
Сургаал ба Гэрээ 110:1–16-г Матай 17:1–9-тэй харьцуул. Иосеф Смит, Оливер Каудери хоёрын Көртландын ариун сүм дэх туршлага Петр, Иаков, Иохан нарын Хувиралтын уулан дээрх туршлагатай юугаараа төстэй байсан бэ?
-
Сургаал ба Гэрээ 65-ыг уншина уу. Бурхан үйлчлэгчдэдээ өгсөн санваарын түлхүүрүүдээр дамжуулан дэлхийг ямар арга замаар Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэж байна вэ? Та Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд өөрийгөө болон бусдыг ямар арга замаар бэлтгэж чадах вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Көртландын ариун сүмд Мосе, Елиас, Елиа нар бошиглогч Иосеф Смитэд ямар эрх мэдлийг даатгасныг тайлбарласан. Дараах мэдэгдлийг бүлгийн гишүүдтэйгээ унш.
-
“Мосе Израилыг цуглуулах түлхүүрүүдийг,
-
Елиа Абрахамын гэрээний түлхүүрүүдийг,
-
Елиа лацдан холбох эрх мэдлийн түлхүүрүүдийг даалгасан.
-
Иосеф Смит тэдгээр сэргээгдсэн санваарын түлхүүрүүдийг өөрийн үед дуудагдсан бүх төлөөлөгчид хүртээсэн. Цаашлаад эдгээр түлхүүр Сүмийн өнөөгийн удирдагчдад үе дамжин шилжиж ирсэн. Өнөөдөр Сүмийн ерөнхийлөгч ‘бүтээлийн эхлэлээс хойших ямар ч цагт, эрин үеийг хүлээж авсан бүгдтэй хамт’ атгасан түлхүүр бүрийг идэвхтэй атгадаг [Сургаал ба Гэрээ 112:31].”
Сүмийн ерөнхийлөгч өнөө үед яагаад Иосеф Смитэд өгөгдсөнтэй адил санваарын түлхүүрүүдийг атгах шаардлагатай вэ?
-
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Russell M. Nelson, “Keys of the Priesthood,” Ensign, Oct. 2005, 40–44
-
Гари Э.Стивэнсон, “Санваарын түлхүүр ба эрх мэдэл хаана байна вэ?,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 13–16
2-р хэсэг
Бид санваарын түлхүүр атгагчдыг дэмждэг
Бошиглогч Иосеф Смит: “Сүмийн тулгуур зарчмууд, удирдлага болон сургаал нь хаант улсын түлхүүрүүдээр хянагддаг билээ” гэж заасан. Энэ нь Есүс Христийн Сүмийн ерөнхийлөгчийн атгаж буй санваарын түлхүүрүүд нь түүнд Сүмийн бүх адислал, ёслол, гэрээ, байгууллагыг удирдах эрх мэдлийг олгодог гэсэн үг юм (Сургаал ба Гэрээ 107:65–67-г үзнэ үү).
Сүмийн гишүүдэд ихэвчлэн чуулган, ариун ёслолын цуглаанууд дээр санваарын түлхүүр атгагчдыг багтаасан Сүмийн ерөнхий болон орон нутгийн удирдагчдыг дэмжин батлах боломж олддог. Тэднийг дэмжин баталснаар бид тэдэнд итгэж, тэднийг дэмжин баталж, тусалж, тэдний төлөө залбирахад бэлэн байгаагаа харуулдаг (Сургаал ба Гэрээ 26:2-ыг үзнэ үү). Мөн бид санваарын түлхүүр атгагчдыг дагаж, тэднийг дэмжин баталснаар сүнслэг хамгаалалтыг хүлээн авдаг (Сургаал ба Гэрээ 43:1–7-г үзнэ үү).
Бодох зүйлс
-
Сургаал ба Гэрээ 90:2–6-г уншаад, Тэргүүн зөвлөлийн гишүүдийн атгадаг түлхүүрүүдийн талаарх чухал үнэнийг мэдэж ав. Хаанчлалын түлхүүрүүд нь Бурханы Сүмд өгдөг илчлэлүүдтэй хэрхэн холбогддог вэ? Хэрэв бид хаанчлалын түлхүүрүүдийг атгадаг хүмүүсээр дамжуулан Бурханы бидэнд өгсөн илчлэлүүдэд хөнгөн хуумгай хандвал юу болох вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Сүмд үйлчилдэг эрэгтэй, эмэгтэй хүн бүр санваарын түлхүүрийг атгадаг нэгний удирдлаган доор дуудагддаг гэсэн үнэнийг бүлгийн гишүүдтэй ярилц (Сургаал ба Гэрээ 42:11-ийг үзнэ үү). Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: “Аливаа хүн албыг юм уу дуудлагыг санваарын түлхүүрүүдийг атгагч нэгнээс хүлээн авснаар томилогдсон үүргүүдээ биелүүлэхдээ санваарын эрх мэдлийг ашигладаг” хэмээн заасан. Сүмийн дуудлагад үйлчлэхээр томилогдсоны тань дараа Бурханы адислал танд тусалж байгааг та мэдэрч байсан уу?
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Сургаал ба Гэрээ 21:4–6; 35:25; 43:2–6, 12; 107:18–19, 21–22; 124:127–28, 143; Итгэлийн тунхаг 1:5
-
Даллин Х.Өүкс, “Мелкизедек санваар ба түлхүүрүүд,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 82–84
-
Henry B. Eyring, “Faith and Keys,” Liahona, Nov. 2004, 26–29