“Мелкизедек санваар,” Сэдэв ба асуулт (2023)
Сайн мэдээг судлах удирдамж
Мелкизедек санваар
Бурханы хүүхдүүдээ адислах эрх мэдэл ба хүч
Тэнгэрлэг Эцэг мөнх амьдралд хүрэх аян замын тань үеэр сүнслэг хүч, удирдамж заавраар адислахад бэлэн байдаг. Бурханы санваарын эрх мэдэл нь Түүнд ирэхээр сонгосон Бурханы бүх хүүхдэд эдгээр адислалыг хүртэх боломжийг олгодог. Бошиглогч Иосеф Смит: “Мелкизедек санваар… бол бүх тэнгэрээс илчлэгддэг мэдлэг, сургаал, авралын төлөвлөгөө мөн бүх чухал зүйлийг дамжуулдаг суваг юм” гэж заасан. Мелкизедек санваарын хүчээр Бурханы охид, хөвгүүд бүгд гэрээ байгуулж, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой адил болоход туслах ёслолуудыг хүлээн авдаг (Сургаал ба Гэрээ 76:52–60; 84:19–22-ыг үзнэ үү).
1-р хэсэг
Бурхан Өөрийн үйлчлэгчдэд санваарын эрх мэдэл, хүчийг өгдөг
Түүхийн туршид Бурхан Өөрийнх нь нэрээр үйлдэхэд мөн хүүхдүүдийнхээ аврал, өргөмжлөлд туслуулахын тулд үйлчлэгчдэдээ санваарын эрх мэдлийг өгсөөр ирсэн. Иосеф Смит “бүх бошиглогч Мелкизедек санваартай байсан” гэж заасан.
Эрт үед санваарыг “Бурханы Хүүгийн жаягийн нэрээр Ариун санваар” хэмээн нэрлэдэг байв. Гэвч Агуу Нэгэний нэрийг хүндэтгэж, эрхэмлэх үүднээс [Их Эзэний] нэрийг улиг болтол давтахаас зайлсхийж, “энэ санваарыг Мелкизедек санваар хэмээн нэрлэдэг болжээ” (Сургаал ба Гэрээ 107:3–4). Мелкизедек бол Хуучин Гэрээний үед амьдарч байсан зөв шударга дээд прист, бошиглогч юм. Еврей хэлээр Мелкизедек гэдэг нэр нь “зөвт байдлын хаан” гэсэн утгатай (Судруудын удирдамж, “Мелкизедек,” Gospel Library).
Бид Шинэ Гэрээнээс Есүс шавь нараа томилж, тэдэнд санваарын эрх мэдлийг өгснийг мэдэж авдаг (Лук 9:1–2; Иохан 15:16; Еврей 5:1–10-ыг үзнэ үү). Хувиралтын уулан дээр Петр, Иаков, Иохан нар санваарын түлхүүрүүдийг хүлээн авсан. Төлөөлөгчдөд тэдгээр түлхүүрээр Христийг өргөгдсөний дараа Сүмийн ажлыг үргэлжлүүлэх эрх мэдэл байсан (Guide to the Scriptures дэх “Transfiguration”-ыг Gospel Library-аас; мөн Матай 16:15–19; 17:1–9; Үйлс 1:21–26; Ефес 4:11–13-ыг үзнэ үү.)
Их Эзэний төлөөлөгчдийг нас барсны дараах хэдэн зуун жилийн туршид санваарын эрх мэдэл дэлхийгээс алдагджээ. Бидний цаг үед Петр, Иаков, Иохан нар Мелкизедек санваарыг сэргээж, бошиглогч Иосеф Смит, Оливер Каудери хоёрт хүртээсэн (Сургаал ба Гэрээ 27:12–13; Иосеф Смит—Түүх 1:72-ыг үзнэ үү). Хожим нь бусад тэнгэрлэг элч АНУ-ын Огайо дахь Көртландын ариун сүмд тэр хоёрт санваарын түлхүүрүүдийг өгсөн (Сургаал ба Гэрээ 110:11–16-г үзнэ үү).
Бодох зүйлс
-
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: “Санваар бол Бурхан Өөрийн хүүхдүүдийн тусын тулд зориулан ашиглуулахаар итгэл даалган өгсөн тэнгэрлэг хүч, эрх мэдэл юм. Санваар гэдэг нь санваарын албанд томилогдсон эсвэл үүний эрх мэдлийг ашигладаг хүмүүс биш. Санваар атгадаг эрчүүд бол санваар биш. Бид томилогдсон хүмүүсийг санваар гэж нэрлэх ёсгүй бөгөөд тэднийг санваар атгагч гэж дуудвал зохино гэж мэдэгдсэн. Санваар, санваартан хоёрыг хооронд нь ялгаж салгах нь яагаад чухал вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли: “Санваар энд байгаа. … Бид энэхүү санваарын хүчийг харсны учир мэдэх билээ. Өвчтэй нь эдгэрч, доголон нь алхаж, харанхуйд байсан хүмүүст гэрэл, мэдлэг, ойлголт ирэхийг бид харсан” гэж хэлсэн байдаг. Өнөө үед Бурханы санваарын хүч, эрх мэдэл Есүс Христийн Сүмд үүргээ гүйцэтгэж байгаагийн ямар нотолгоог та харсан бэ?
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Алма 13:14–19; Сургаал ба Гэрээ 84:23–26; 107:2–8, 18, 42–52
-
8-р бүлэг: Үүрдийн санваар; Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2011), 101–113
2-р хэсэг
Мелкизедек санваарын гэрээ, ёслолуудаар дамжуулан та Бурханы оршихуйд буцаж очиход өөрийгөө бэлтгэж чадна.
Ерөнхийлөгч Бригам Янг: “Сайн мэдээ ба санваар бол [Бурханы] дуулгавартай хүүхдүүдээ аварч, өргөмжлөхийн тулд алдрын титэм, үхэшгүй байдал, мөнх амийн титэм зүүхтэй ижил алдар, хүч чадлыг өөртэйгөө хамт эзэмшүүлэхийн тулд ашигладаг арга хэрэгсэл мөн” гэж заасан. Мелкизедек санваарын түлхүүрүүдийг атгагч хүмүүсийн удирдлаган доор бид Бурхантай гэрээ байгуулж, мөнх амьдралыг хүлээн авахад шаардлагатай ариун нандин ёслолуудыг хүлээн авах боломжтой.
Бодох зүйлс
-
Хүн Мелкизедек санваарыг хүлээн авч, санваарын албанд томилогдсоноор “санваарын тангараг хийгээд гэрээнд” нэгддэг. Сургаал ба Гэрээ 84:33–44-ийг уншина уу. Санваартан ямар гэрээ байгуулдаг вэ? Дуудлагаа хүлээн авч, эрхэмлэн биелүүлдэг хүмүүст Бурхан ямар тэнгэрлэг амлалтыг өгдөг вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Сургаал ба Гэрээ 84:17–22-ыг уншаад, санваарын талаар Их Эзэний илчилсэн зүйлийг ярилцахад бүлгийн гишүүдийг урь. Уг судрын хэсгийн утга агуулгыг тодруулахын тулд “хаант улсуудын нууцууд” гэдэг нь “зөвхөн илчлэлээр мэдэгддэг сүнслэг үнэнүүд” гэдгийг хуваалцах талаар бодож үз (Судруудын удирдамж, “Бурханы нууцууд,” Gospel Library). Мөн бурханлаг байдлын хүч бол зөвт байдлын хүч бөгөөд үүгээр бид Бурханыг танин мэдэж, Түүнтэй адил болдгийг тайлбарлах нь тустай байж болох юм (Bruce R. McConkie, The Promised Messiah [1978], 589-ийг үзнэ үү). Ариун нандин ёслолууд ямар арга замаар биднийг Бурханыг ойлгож Түүнтэй илүү адилхан болоход бэлтгэж чадах вэ?
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Хэнри Б.Айринг, “Гэрээнд орсон гэр бүлүүд,” 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 69–73
-
Кэнт Ф.Ричардс, “Бурханлаг чанарын хүч,”2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 107–110
-
Julie B. Beck, “An Outpouring of Blessings,” Liahona, May 2006, 11–13
-
“The Holy Priesthood—for the Blessing of God’s Children,” Teachings of Presidents of the Church: George Albert Smith (2011), 45–56
3-р хэсэг
Эмэгтэй, эрэгтэй хүмүүс Христийн Сүмд санваарын хүч, эрх мэдлээр үйлчилдэг
Бурхан эмэгтэй, эрэгтэй хүнийг хоёуланг нь Өөрийн Сүм дэх аврал, өргөмжлөлийн чухал ажилд туслуулахаар дууддаг. Хэдийгээр эрэгтэй хүн л санваарын албанд томилогддог ч Бурханы ажлыг гүйцэлдүүлэхэд туслахын тулд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн аль аль нь санваарын эрх мэдэл, хүчийг хүлээн авах боломжтой. Сүмийн гишүүд Их Эзэнтэй байгуулсан гэрээгээ зөв шударгаар сахиснаар санваар дахь хүчийг хувь хүнийхээ хувьд хүлээн авдаг. Санваарын түлхүүрийг атгадаг хүний удирдамжаар хувь хүмүүс Сүмийн дуудлагад үйлчлэхээр томилогддог. Гар тавилтаар тухайн эрэгтэй эсвэл эмэгтэй хүн томилогдсон үүргээ гүйцэтгэх санваарын эрх мэдлийг хүлээн авдаг юм. (Даллин Х.Өүкс, “Санваарын түлхүүрүүд ба эрх мэдэл,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 68–71-ийг үзнэ үү.)
Бодох зүйлс
-
Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард: “Тэнгэр дэх Эцэг маань Өөрийн хүчийг өгөөмрөөр хуваалцдаг. Бүх эрэгтэй, эмэгтэй хүн амьдралд нь туслах энэхүү хүчийг авах боломжтой. Их Эзэнтэй ариун гэрээ байгуулж, тэдгээр гэрээгээ хүндэлдэг хүн бүр хувийн илчлэл хүлээн авч, тэнгэр элч нарын үйлчлэлээр адислагдаж, Бурхантай харилцан, сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авч мөн эцэст нь Есүс Христтэй хамт Эцэгт байгаа бүгдийн өв залгамжлагчид болох эрхтэй”6 хэмээн заасан. Ариун нандин адислалууд нь санваарын албанд томилогдсон хүнээс хамаардаггүй гэдгийг ойлгох нь яагаад чухал вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах үгийг бүлгийн гишүүдтэйгээ унш.
“Бурхантай гэрээнүүд байгуулж, сахидаг, санваарын ёслолуудад зохистой оролцдог эмэгтэй, эрэгтэй хүн бүр Бурханы хүч чадлыг шууд хүлээн авах боломжтой. Их Эзэний өргөөнд хишиг хүртсэн хүмүүс гэрээнийхээ улмаас Бурханы санваарын хүчний бэлгийг тэрхүү хүчийг хэрхэн ашиглах тухай мэдлэгийн бэлгийн хамт хүлээн авдаг.
Санваарын гэрээнүүдээс нь ирдэг Бурханы хүчний хишиг хүртсэн эмэгтэйчүүдэд санваар атгагч эрэгтэй хүмүүсийнхтэй адил тэнгэр нээлттэй байдаг.”
Зохистой л бол Сүмийн ямар ч гишүүн Бурханы хүчийг ашиглаж болох тухай ярилц.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Рассэлл М.Нэлсон, “Сүнслэг эрдэнэс,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 82–85
-
Даллин Х.Өүкс, “Санваарын түлхүүрүүд ба эрх мэдэл,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 68–71
-
Жийн Б.Бингам, “Бурханы ажлыг гүйцэлдүүлэхдээ эв нэгдэлтэй байх нь,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 73–77