“Цорын ганц үнэн бөгөөд амьд сүм,” Сэдэв ба асуулт (2023)
Сүм, сайн мэдээтэй холбоотой асуултууд
Цорын ганц үнэн бөгөөд амьд сүм
Тойм
Сайн мэдээний Сэргээлтийн эхнээс өнөөг хүртэл Сүмийн удирдагчид бүх хүн Бурханы хүүхэд гэдгийг бататгасаар ирсэн. Тэнгэрлэг Эцэг маань Өөрийн бүх хүүхдийг хайрладаг бөгөөд адислахыг хүсдэг.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм сайн сайхан, үнэн өөр хэнд ч байдаггүй гэж хэлдэггүй. Үнэнч шударга, сайн сайхны үлгэр жишээ болсон тоо томшгүй олон хүн дэлхий даяар байдаг. Мөн дэлхий даяарх янз бүрийн шашин, ёс суртахууны тогтолцоонд үнэн бөгөөд зөв зарчмууд байдаг. Бидний хүн нэг бүр хувийн ухамсрынхаа дагуу итгэж, шүтэн бишрэх эрхтэй ( Итгэлийн тунхаг 1:11-ийг үзнэ үү).
Үүний зэрэгцээ Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлыг дэлхийнхэнд санал болгох онцгой даалгаврыг Бурханаас авсан юм. Их Эзэн энэ Сүмийг “бүх дэлхийн гадаргуу дээрх цорын ганц үнэн бөгөөд амьд сүм” (Сургаал ба Гэрээнүүд 1:30) хэмээн тунхаглажээ. Бидний хуваалцдаг сайн мэдээний захиаснуудад Бурханы тухай мөн Түүнтэй харилцах бидний харилцааны талаар өөр хаанаас ч олдохгүй, эрхэм үнэт сэргээгдсэн үнэнүүд багтдаг. Сүм нь бас Бурхантай гэрээт харилцаанд ордог ёслолуудыг гүйцэтгэх санваарын эрх мэдлийг Бурханаас авсан байдаг.
Хожмын үеийн гэгээнтнүүд сэргээгдсэн сайн мэдээний дагуу амьдрах нь үүрдийн баяр баясгаланг авчирч, нүглийн үр дагавруудыг эдгээн, Бурханы хүүхдүүдийг Түүний оршихуйд дахин амьдрахад бэлтгэдэг гэдэгт итгэдэг бөгөөд эдгээрийн талаар гэрчилдэг.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бусад шашны уламжлалыг хэрхэн үздэг вэ?
Бурхан бүх шашин шүтлэг, итгэл үнэмшилтэй хүмүүсийг сүнслэгээр өдөөдөг гэдэгт бид итгэдэг. 1978 онд Сүмийн Тэргүүн зөвлөл ийн тунхаглажээ: “Мухаммед, Күнз, Христийн шашныг шинэчлэгчид гэх мэт дэлхийн шашны агуу удирдагчид, мөн Сократ, Плато болон бусад гүн ухаантан Бурханы гэрлийн нэгээхэн хэсгийг хүлээн авсан. Бүх үндэстнийг гэгээрүүлж, хувь хүмүүсийг илүү өндөр түвшний ойлголтод аваачихын тулд Бурхан тэдэнд ёс суртахууны үнэнүүдийг өгсөн. Бид нийгмийг хүчирхэгжүүлж, тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжилж, дэлхий дээрх Бурханы ажлыг хийхээр дэлхий даяарх итгэлтэй, сайн сайхан хүмүүстэй нэгддэг.
Хожмын үеийн гэгээнтнүүд бусад сүмийн болон дэлхийн шашнуудын уламжлал дахь “ариун журамтай, сайхан, эсвээс сайн гэгддэг буюу сайшаалтай зүйл” бүрийг үнэлдэг. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли: “Та нар аливаа эх сурвалжаас хүлээн авсан сайн ба үнэнийг өөрсөдтэйгөө хамт авчраад, үүн дээр бид нэмж болох эсэхийг харцгаая хэмээн бид хайрын сүнсээр хэлдэг” хэмээн заасан.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол “цорын ганц үнэн бөгөөд амьд сүм” гэдэг нь юу гэсэн үг вэ?
Сүмийг Есүс Христ удирддаг бөгөөд Тэрээр Өөрийн хүслийг өнөө үед амьд бошиглогчдод болон сүнслэгээр өдөөгдсөн бусад удирдагчид илчилдэг. Аврагчаас үргэлжлэн ирэх илчлэл нь Сүмийг тэнгэртэй нийцэж мөн өсөж хөгжих, жинхэнэ бөгөөд амьд сүм аль аль нь байх боломжийг олгодог. Амьд бүхэн өсөж мөн өөрчлөгддөг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлснээр: “Бид сэргээлтийн үйл явцын гэрчүүд юм. Хэрэв та нар Сүмийг бүрэн сэргээгдсэн гэж бодож байвал дөнгөж эхлэлийг нь л харж байна. Өөр олон зүйл ирэх болно.”
Их Эзэний Сүмд байдаг сэргээгдсэн сайн мэдээ өөр хаана ч байхгүй мэдлэг ба үнэнээр хангадаг. Энэ нь хувь хүн бүрд Ариун Сүнсээр дамжуулан Бурханы ариусгагч хүчийг хүлээн авах боломжийг мөн санваарын ёслолуудаар дамжуулан Бурханы гэр бүлийн аврал, өргөмжлөлийн боломжийг санал болгодог. Сургаал ба Гэрээнүүд 1:30-д Их Эзэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол “бүх дэлхийн гадаргуу дээрх, Их Эзэн миний их таалдаг, цорын ганц үнэн бөгөөд амьд [сүм] буюу, бибээр хувь хүмүүст биш харин сүмд нийтэд нь ярьж байна” хэмээн тунхаглажээ.
Та аврагдахын тулд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байх ёстой юу?
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд Бурхан Өөрийн Хүү Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан авралыг хүлээн авах арга замыг Өөрийн хүүхдүүдэд бүгдэд нь бэлтгэсэн гэдэгт бид итгэдэг. Есүс Христийн Амилалтаар дамжуулан бүгд үхлээс аврагдах болно. Бошиглогч Иосеф Смитэд үзүүлсэн сүр жавхлант үзэгдэл нь Амилуулалтын дараа Бурханы бараг бүх хүүхэд сүр жавхлангийн хаант улсыг өвлөн авах болно хэмээн дэлгэрүүлэн заадаг.
Эдгээр сургаал нь биднийг хайрлагч Бурханы аврах агуу хүчийг болон Түүний ийн үйлдэх агуу хүсэл эрмэлзлийг баталдаг юм. Бурхан өөрт байгаа бүхнээ бидэнд санал болгодог. Гэхдээ бид эдгээр адислалыг хүлээн авахаар сонгох ёстой. Өргөмжлөлийг болон Бурханы санал болгодог сүр жавхланг бүрэн дүүрэн хүлээн авахын тулд бид Түүнтэй гэрээнүүд хийж, Есүс Христийг болон Түүний сайн мэдээг хүлээн авч, Есүсийн сургаал, үлгэр жишээний дагуу амьдрахыг хичээж, алдаа дутагдал гаргасан үедээ даруухнаар нүглээ наманчлах ёстой. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь Бурханы селестиел хаант улсын сүр жавхлангийн хамгийн дээд зэрэглэлд биднийг бэлтгэдэг Есүс Христийн сайн мэдээний гэрээнүүд болон ёслолуудыг санал болгох эрх мэдлийг Бурханаас авсан юм.
Мэдээж, дэлхийн түүхийн туршид Бурханы ихэнх хүүхэд хэзээ ч Есүс Христийн Сүмийн гишүүн байгаагүй. Үнэндээ, дэлхий дээр амьдарч байсан хүмүүсийн ихэнх нь Есүс Христийн тухай сонсоогүй байдаг. Гэсэн хэдий ч дэлхийн бүхий л цаг үе, шашин шүтлэг, ёс заншилд амьдралдаа бурханлаг байдлын үлгэр жишээг үзүүлдэг тоо томшгүй олон сайн хүн байдаг. Хүн бүрд энэ амьдралд эсвэл дараагийн амьдралд сайн мэдээний бүрэн байдлыг заалгаж, үүний ёслол, гэрээнүүдийг хүлээн зөвшөөрөх эсвэл эсэргүүцэх боломж олдох болно (Сургаал ба Гэрээнүүд 138:30–35, 57–59-ийг үзнэ үү).
Сүм яагаад бусад Христийн шашинтнуудын баптисмыг хүлээн зөвшөөрдөггүй вэ?
Есүс Христийн Сүм 1830 онд зохион байгуулагдсаны дараахан, өмнө нь баптисм хүртэж байсан ирээдүйн гишүүд шинээр сэргээгдсэн Сүмд дахин баптисм хүртэх хэрэгтэй эсэхэд эргэлзэж байв. Үүний хариуд Их Эзэн Өөрийн сэргээсэн санваарын эрх мэдлээр баптисм хүртэх шаардлагатай гэдгийг Иосеф Смитээр дамжуулан илчилжээ. Сүм бусад Христийн шашинтны өмнө нь хүртсэн баптисмын зөв шударга зорилгыг хүндэтгэдэг хэдий ч бид өнөөдөр энэ сургаалыг дагадаг.
Бурханд “сонгогдсон хүмүүс” байдаг уу?
Бидний хүн нэг бүр Бурханы хайртай хүүхэд билээ. Бурхан хүүхдүүдээ Өөртэй нь мөнхөд холбох харилцаанд орохыг урихаар тэдэнтэй гэрээ хийдэг хэмээн судруудад заадаг. Бурхан Абрахамын гэр бүлээр дамжуулан бүх дэлхий адислагдах болно хэмээн Абрахамтай гэрээ байгуулсан гэдгийг бид Библиэс мэдэж авдаг (Эхлэл 17:1–7; 22:17–18-ыг үзнэ үү). Энэхүү гэрээг Абрахамын үр удам болох Израилын хүүхдүүдтэй шинэчлэн байгуулсан юм (Эхлэл 28:10–15-ыг үзнэ үү). Түүхийн туршид өөр өөр цаг үед хүмүүс энэхүү гэрээ тодорхой нэг удам угсаагаар хязгаарлагддаг гэж ойлгодог байсан ч Их Эзэн “Бурхан бол хүмүүсийг ялгадаггүй, харин Түүнээс эмээгч, зөв шударгыг үйлдэгч аливаа үндэстний хүн Түүгээр хүлээн зөвшөөрөгдөх болно” хэмээн төлөөлөгчдөдөө илчилсэн.
Сайн мэдээ Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн нь эцсийн өдрүүд дэх Бурханы үүрдийн гэрээг шинэчилсэн явдал юм. Зохих эрх мэдлээр Их Эзэнтэй гэрээнд орохоор сонгосон хэн боловч Түүний гэрээт хүмүүсийн нэг хэсэг юм. Бурхан Абрахамд хэлснээр, “Энэ сайн мэдээг хүлээн авах болгон нь … чиний үр удам хэмээн тооцогддог байх болно.” Есүс Христийг дагахаар шийдсэний үр дүнд тэд “сонгогдсон угсаа, хаант тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн [хамгаалагдсан] ард түмэн” болдог.
Шашны эрх чөлөөний талаарх Сүмийн үзэл бодол юу вэ?
Тэнгэрлэг Эцэгийн маань авралын төлөвлөгөө шашны эрх чөлөөг Есүс Христийн сайн мэдээний гол зарчим болгож, өөрсдийн төлөө өөрсдөө сонгох бидний чадвар дээр тулгуурладаг.
Хожмын үеийн гэгээнтнүүд Сүмийн эхний өдрүүдээс эхлэн шашны эрх чөлөөг эрхэмлэн үнэлсээр ирсэн. Мөрдлөг хавчлага, хүчирхийллийн хохирогч болсон Иосеф Смитийн туршлага нь түүнд зөвхөн Хожмын үеийн гэгээнтнүүд төдийгүй бүх хүний шашны эрх чөлөөг хамгаалан зогсохыг заасан юм. Тэрээр гэгээнтнүүдийг “хүний шашны үзэл бодолд хэт туйлшралтай, тэвчээргүй хандах хандлага бүрийг өөрсдөөсөө холдуулан авч явахыг” уриалсан. Тэрээр “хүн хүссэнээрээ бодож, шүтэн бишрэх халдашгүй эрх” нь “ариун нандин юм бүрийн анхны хууль” хэмээн заасан.
Өнөөдөр Сүмийн удирдагчид бүх хүнд “хэрхэн, хаана, юуг шүтэн бишрэх” боломж олгохын чухал ач холбогдлыг баталдаг. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс шашин шүтлэгтэй бүх хүнд хандан: “Бид тэнгэрлэг зарлигуудаар заалгасан хайр ба харилцан хүндэтгэлээр бие биеэсээ суралцах арга замуудыг олж, биднийг хамтад нь нэгтгэх, тогтвортой олон ургалч нийгмийг дэмжих нийтлэг үүрэг шийдвэрийг бататгах хэрэгтэй. Бид бүх хүний төлөө шашин шүтэх эрх чөлөөний замаар мөр зэрэгцэн алхахын зэрэгцээ өвөрмөц итгэл үнэмшлээ хэрэгжүүлэхийн тулд энэхүү эрх чөлөөг эдлэх ёстой” гэж хэлсэн.