“Илчлэл бол үйл явц гэдгийг ойлго,” Сэдэв ба асуулт (2023)
Асуултынхаа хариултыг эрэлхийлэх
Илчлэл бол үйл явц гэдгийг ойлго
Бурхан ямар нэг зүйл хэлэхийг хүсвэл Сүмийн удирдагчидтай шууд холбогдон тэдэнд мэдэгддэг гэж төсөөлөхөд амархан. Гэвч Сэргээлтийн түүх нь илчлэл бол Бурханы тааллыг мэдэхийг эрэлхийлэх үйл явц бөгөөд ихэнхдээ тунгаан бодож гуйсны эцэст хүлээн авдаг гэдгийг харуулдаг. Бошиглогчид төдийгүй бид ч бас илчлэлийг ийн хүлээн авдаг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидний хүн нэг бүрийг “[биднийг] хувийн илчлэл хүлээн авах одоогийн сүнслэг ур чадвараа нэмэгдүүлэхэд”1 уриалсан.
Сүмд болон өөрийн амьдралд илчлэл хэрхэн хүлээн авдгийг судлахад тань туслах хэдэн зарчмыг дурдъя.
-
Илчлэл ихэнхдээ асуултаас эхэлдэг гэдгийг бүү март. Иосеф Смитийн жишээ нь бидний сонгох эрх болон чин сэтгэлийн асуултууд илчлэл хүлээн авах үйл явцад чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг харуулдаг. Сургаал ба Гэрээний бараг бүх хэсэг асуултын хариулт болгон өгөгдсөн байдаг. Их Эзэн аливаа зүйлийг оюун ухаандаа судалж, илчлэлийн сүнсийг эрэлхийлэхийг Иосефт заасан. Асуудалтай тулгарах, ойлголтыг эрэлхийлэх, янз бүрийн боломжит хариултыг туршиж үзэх, удирдамж гуйн залбирах үйл явц нь бидний зүрх сэтгэлийг бэлтгэж, оюун ухааныг нээдэг. Энэ нь бидэнд илчлэлийг хүлээн авч, ойлгож, үүнийг дагуу үйлдэхэд тусалдаг.
-
Илчлэл нь шат шатаар өгөгддөгийг ойлго. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлснээр “Бид Сэргээлтийн үйл явцын гэрч юм. Хэрэв та Сүмийг бүрэн сэргээгдсэн гэж үзэж байвал дөнгөж эхлэлийг нь л харж байна.”2 Энэ бол амьд Сүм. Хэдийгээр сайн мэдээний нэн чухал үнэнүүд өөрчлөгдөөгүй ч Сүмийн бодлого, хөтөлбөр, байгууллага, сургаалууд олон сар, жил, үеийн туршид шат дараалан илчлэгдсээр ирсэн. Мөн энэ үйл явц үргэлжилж байна. Бид тэр болгон хаана нь эхэлж хаана нь дуусаж байгааг харж чаддаггүй ч Их Эзэн хүүхдүүддээ илүү их гэрлийг өгөхийн тулд үргэлжлүүлэн ажиллана гэдэгт итгэж болно.
-
Бурхан ойлгох хэр хэмжээнд маань тааруулан бидэнтэй ярьдаг гэдгийг сана. Бүх хүнийг итгэл үнэмшил, зан заншил, хэл яриа, үнэт зүйлс зэрэг нь тодорхойлдог. Соёл нь газар нутаг, цаг хугацааны хувьд ихээхэн ялгаатай. Бурхан бидний соёл, ойлголтын хүрээнд тааруулан илчлэл өгөхөд бэлэн байдаг нь Сэргээлтийн нэгэн сайхан үнэн юм. Үүнийг санах нь судруудад болон өмнөх бошиглогчдын үгсэд даруухнаар хандахад бидэнд тусална. Бурхан эртний израилчуудад Ойрх дорнодын ойлголтод нь тааруулан ярьдаг байжээ. Тэрээр 1800-аад оны Америкийн соёлд ашиглагдаж байсан бэлгэдэл, хэлийг ашиглан Иосеф Смиттэй ярьсан. Бурхан мөн бидний хязгаарлагдмал чадавхад тааруулан, ойлгомжтой арга замаар өнөөдөр бидэнтэй харилцаж байгаа.
-
Үнэнч бай мөн итгэ. Хожмын үеийн гэгээнтнүүд гэрчлэлээ хуваалцахдаа ихэвчлэн “би мэднэ” гэж тунхагладаг. Энэхүү сэтгэлийн угаас гарах үгс нь сайн мэдээг судалж үүний дагуу амьдарснаар олж авсан хувийн сүнслэг туршлагыг нь илэрхийлдэг. Гэхдээ бид бүгд энэ амьдралд итгэлээр алхдаг. Есүс Христ биднээс зүгээр л итгэлээр эхлэхийг хүсдэг. Хэрэв танд эргэлзэх зүйл байвал санаа зовох хэрэггүй. Яг одоо танд итгэх хүсэл байхад л хангалттай. Нүдэндээ нулимстай нэгэн эцэгийн “Эзэн минь, би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач”3 хэмээн Есүсээс хүүхдийг нь эдгээж өгөхийг хүссэн шиг.
-
Сайн бүхэн Бурханаас ирдэг гэдгийг сана. Тэнгэр элч Моронай Иосеф Смитэд үзэгдэхдээ эцсийн өдрүүдэд Их Эзэн Өөрийн Сүнсийг бүх махан бие дээр асгах болно гэсэн Иоелын бошиглолыг эш татсан.4 Дэлхий дээр муу муухай зүйл их байгаа ч энэ нь бас сайн сайхан болон үнэнээр дүүрэн. Үүнд анагаах ухааны болон шинжлэх ухааны ололт, бүх хүнийг ялгалгүй хүндэтгэлтэй хандах тал дээр хийгдэж буй ажлууд орно. Сүмийн удирдагчид Бурхан соёл уламжлалыг үл харгалзан хүн бүртэй ярьдаг гэж заасан. Бусдыг бидэнтэй нэгдэн “өөрт байгаа сайн сайхан бүхнээ авчрахад”5 урьдаг шиг бид үнэнийг олох бүрдээ хүлээн авдаг.
-
Илчлэл хүлээн авах нь амаргүй гэдгийг мэдвэл зохино. Бидний асуултын хариулт заримдаа хурдан, амархан ирдэг ч илчлэлийг хүлээн авахад олон жил болох нь ч бий. Бидний амьдралын нөхцөл байдал хувийн илчлэл эрэлхийлэхэд мөн хүндрэл учруулж болох юм. Жишээлбэл: Сэтгэл гутрал мэтийн өвчин эмгэг зарим хүнийг Бурхантай ойр дотно байгаагаа мэдрэхэд хүндрэлтэй болгодог. Их Эзэн бидэнд амар амгаланг олоход тусална гэдэгт үргэлжлүүлэн итгэхийн зэрэгцээ эдгээр сорилтыг шийдвэрлэхийн тулд бид өөрсдийн үүргийг гүйцэтгэж чадна. Бурханаас хариултаа аваагүй байгаа нь та ямар нэгэн зүйлийг буруу хийж байна гэсэн үг биш юм. Их Эзэнийг хүлээх явцдаа тэвчээртэй байж, итгэлээ хөгжүүл.
-
Илчлэлийг үргэлжлүүлэн эрэлхийл. Асуултынхаа хариултыг авч амар амгаланг олохыг эрэлхийлэхдээ залбирах, судраас судлах, ариун ёслолоос хүртэх, зарлигуудыг сахихыг хичээх, ариун сүмд шүтэн бишрэх зэрэг үндсэн зүйлсээ үргэлжлүүлэн хийгээрэй. Түүнчлэн та гэр бүлдээ болон цуглаандаа мөн амьдарч буй газартаа бусдад үйлчилснээр, түүнчлэн байгальд цагийг өнгөрөөж эсвэл сүнслэг зүйлийн талаар бясалгах замаар Их Эзэнд ойртохыг эрэлхийлж болох юм. Бурханд ойртох нь илчлэлийн сувгийг нээлттэй байлгахад тусална.
Чухал судар: Иаков 1:5–6; 2 Нифай 28:30; 31:3; Алма 5:45–47; Сургаал ба Гэрээ 1:24; 88:63