Номын сан
Өөртөө болон бусдад тэвчээртэй ханд


“Өөртөө болон бусдад тэвчээртэй ханд,” Сэдэв ба асуулт (2023)

Сүм дээр ярилцаж буй хоёр хүн

Асуултынхаа хариултыг эрэлхийлэх

Өөртөө болон бусдад тэвчээртэй ханд

Эхэн үеийн гэгээнтнүүд Иосеф Смитийг болон Сэргээлтийн явцыг ойроос харж байсан. Тэд орчуулах, эдгэрэх, үзэгдэл үзэх мэтийн гайхамшгуудыг харсан. Тэд мөн зовлон бэрхшээл, алдаа, бүтэлгүйтлийг ч харсан. Тэд “тэвчээр ба итгэлээр”1 бошиглогчийг дагаж сурсан.

Ахлагч Жэффри Р.Холландын заасанчлан, “Иймээс хүмүүний алдааны тухайд аядуу зөөлөн хандаж сур, өөрийн алдаа байна уу эсвэл сайн дураараа үйлчилж буй мөнх бус хүмүүсээр удирдуулдаг энэ Сүмд чамтай хамт үйлчилдэг бусад хүний алдаа байна уу хамаагүй. Түүний цорын ганц төгс Хүүг эс тооцвол, Бурхан төгс бус хүмүүстэй л ажиллаж ирсэн.” Ахлагч Холланд биднийг бие биедээ “уужуу, эелдэг бас өршөөнгүй байгтун”2 хэмээн уриалсан. Тэвчээртэй байхын нэг жишээ бол бухимдаж, уурлахгүйгээр удаан хугацааны турш аливаа зүйлд эергээр анхаарлаа хандуулах чадвар юм. Энэ нь даруу, эелдэг зан, өрөвдөх сэтгэлийг шаарддаг. Бид ах, эгч нартаа болон өөрсдөдөө тэвчээртэй хандсанаар итгэлээр өсдөг. Дараах зарчмуудыг бодож үзнэ үү. Үүнд:

  • Өөртөө тэвчээртэй ханд. Сүмийн тухай эсвэл үүний түүхийн талаар таны өмнөх ойлголттой зөрчилдөх ямар нэгэн зүйлийг олж мэдэх нь таныг эргэлзэж, бухимдахад хүргэж болно. Өөртөө цаг гарган асуудлыг илүү тодорхой харж, шинэ мэдээллийг ойлгож эхлэх боломж олго. Үргэлжлүүлэн судалж, залбир. Таныг хатуу хөрсөн дээр дахин буух хүртэл цаг хугацаа шаардагдана. Энэ үйл явцыг өөрийн биеэр туулсан хүмүүс энэ нь тэдний сайн мэдээний хөрвөлтийг гүнзгийрүүлсэн гэдгийг гэрчилдэг.

  • Сүмийн гишүүдэд тэвчээртэй ханд. Сүмийн аль ч гишүүн төгс биш. Манай тойрог, салбарууд сэтгэлээсээ итгэдэг ч сайн мэдээний хамгийн дээд жишгийн дагуу амьдарч чаддаггүй итгэгчдээр дүүрэн. Дэлхийн хүмүүсээс харж болох зиндаархал, хувиа хичээсэн байдал, ёс суртахууны сул дорой байдал гэх мэт асуудлууд хожмын үеийн гэгээнтнүүдийн дунд ч анзаарагддаг. Хамтдаа шүтэн биширч, үйлчлэхдээ бид бие биеийнхээ алдаа, дутагдлыг олж харна. Сайхан сэтгэлээр хичээл зүтгэл гаргахад маань бусдын тэсвэр тэвчээр бидэнд хэрэгтэй байдгийн нэгэн адил бид ч гэсэн Бурханы нигүүлслээр, бусдад алдаагаа засаж залруулан сайжрах орон зайг гаргаж өгвөл зохино.

  • Туслахыг хүссэн хүмүүст тэвчээртэй ханд. Асуух зүйл гарч ирсэн эсвэл эргэлзэж эхэлсэн хүмүүс ихэвчлэн гэр бүлийн гишүүд, найз нөхөд эсвэл орон нутгийн удирдагчдаасаа тусламж хүсдэг. Ихэнх тохиолдолд тэд тайтгарал, дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Харамсалтай нь, заримдаа хандсан хүн нь өөрийнхөө үзлийг зөвтгөж, хардаж сэжиглэн, асуудлыг ойлгодоггүй. Шийдвэрлэх мөчид бусдад тэвчээртэй хандах хэцүү. Гэхдээ бидэнд тэдний тэвчээр хэрэгтэй байдаг шиг тэдэнд бидний тэвчээр мөн хэрэгтэй.

  • Сүмийн удирдагчдад тэвчээртэй ханд. Энэ ажлыг удирдан явуулахаар дуудагдсан Сүмийн удирдагчид зөв шударга боловч төгс бус хүмүүс юм. Ахлагч Дийтр Ф.Угдорф “Сүмийн гишүүд, удирдагчдад алдаа гаргах үе байдаг”3-ийг ажигласан байдаг. Өмнө нь ч ийм байсан, одоо ч ийм байгаа нь үнэн. Сүмийн удирдагч таныг бухимдуулах эсвэл зайгаа барихад хүргэх ямар нэг зүйл хэлж магад. Тэд танд хэрэгтэй энэрэнгүй сэтгэлийг эсвэл таныг ойлгож байгаа гэдгээ харуулахгүй байж ч магад. Удирдагчдад тэвчээртэй хандана гэдэг нь хууль бус үйлдэл, хүчирхийллийг тэвчинэ гэсэн үг биш юм. Гэхдээ бид Сүмийн ихэнх удирдагчийг Сионд энгийн, төгс бус байдлаар хөдөлмөрлөхөд нь дэмжиж туслан, хайрлаж, тэвчээртэй хандах ёстой.

  • Их Эзэний цаг хугацааг тэвчээртэй хүлээ. Сүмийн талаар асуух зүйл байвал бид хариултаа шууд авахыг хүсдэг. Бид эх сурвалж ямар байхаас үл хамааран асуудлын талаар олж болох бүхий л материалыг унших нь бидэнд тусална гэж бодож байж болох юм. Эсвэл залбирах юм уу Сүмийн удирдагчтай уулзах нь бодол санааг маань тэр даруй өөрчилнө гэж бид бодож байж ч магадгүй. Гэхдээ амар амгаланг олох нь ихэвчлэн урт удаан хугацаа шаарддаг үйл явц. Бидний итгэл найдвар ба одоогийн бодит байдал хоорондоо нийцэхгүй байх нь төвөгтэй санагдаж ч болох юм. Нифайн нэгэн адил бид “[Бурхан] хүүхдүүддээ хайртайг нь мэднэ би, тийм боловч бүх зүйлүүдийн утгыг мэдэх нь үгүй.”4

Чухал судар: Ром 5:3–4; Алма 7:23; Сургаал ба Гэрээ 21:5