Номын сан
Абрахамын ном


“Абрахамын номын гарал үүсэл,” Сэдэв ба асуулт (2023)

Хуулбар ду. 1

Сүм, сайн мэдээтэй холбоотой асуултууд

Абрахамын номын гарал үүсэл

Хэрэв бид зөв зарчмуудыг хэрэгжүүлбэл асуултууддаа хариулт эрэлхийлэх нь биднийг Есүс Христэд илүү ойртуулж чадна. Сайн мэдээтэй холбоотой асуултын хариултыг эрэлхийлэхэд найдвартай эх сурвалжуудыг судлах нь чухал юм. “Найдвартай эх сурвалжуудаас лавла” сэдвийг үзэж, асуултад хариулах талаар илүү олон зөвлөгөө судална уу.

Тойм

Абрахамын ном бол бошиглогч Иосеф Смитэд илчлэлээр өгөгдсөн, сүнслэгээр өдөөгдсөн судрын ном юм. Энэ нь зарим тал дээр эртний патриархын тухай Библийн шастирыг дагадаг бөгөөд түүний амьдрал, зааврын талаар чухал мэдээлэл нэмж өгдөг. Энэ нь Бурханы мөн чанар, хүүхдүүдтэйгээ харилцах Түүний харилцаа, энэ амьдралын зорилгын тухай гүн гүнзгий үнэнүүдийг агуулдаг.

Иосеф Смитийг гэгээнтнүүдийн худалдаж авсан эртний египетийн папирусыг судалж байх үед буюу 1835 оноос эхлэн түүнд энэхүү судрын ном илчлэгджээ. Олон хүн папирусыг харсан боловч орчуулгын ажлын талаар нүдээр үзсэн гэрчийн тэмдэглэл байдаггүй. Нэгэн цагт Иосефын мэдэлд байсан уг папирусны урт хуйлмал бичгүүдийн зөвхөн жижиг тасархай хэсгүүд л өнөөдөр байна. Тэдгээр папирус дээрх египет бичээс, өнөөгийн бидэнд байгаа судрын бичвэр хоёрын хоорондын харилцаа холбоо тодорхойгүй.

Иосеф Смит Абрахамын номыг алга болсон папирусны хэсгүүдээс орчуулсан эсвэл папирусыг судалсан нь Абрахамын тухай илчлэл авахад нөлөөлсөн түлхэц байж болох юм. Аль нь ч байлаа гэсэн Иосеф энэ номыг ердийн аргаар орчуулаагүй. Мормоны Номын орчуулгын талаар Их Эзэн: “Надаас чамд өгөгдөхөөс бусдаар, ариун нандин тэр зүйлийг чи бичиж чадах нь үгүй болой” хэмээжээ. Абрахамын номд ч мөн энэ зарчим хамаатай.

Абрахамын номын үнэн болон үнэ цэнг эрдэмтдийн мэтгэлцээнээр шийдэж болохгүй. Үүнийг юу судар болгодог вэ гэвэл энэхүү ном мөнхийн үнэнүүдийг зааж, хүчирхэг сүнсийг дамжуулдагт оршдог. Бидний хүн нэг бүр үүний сургаалуудыг судалж, уг сургаал Бурханаас ирсэн гэсэн баталгааг Ариун Сүнсээр хүлээн авахын төлөө залбирч болно.

Холбогдох сайн мэдээнээс суралцах удирдамж:

  • Бошиглогчид

  • Илчлэл

  • “Үнэн”

Асуултаа судлах

Иосеф Смит Абрахамын номыг хэрхэн орчуулсан бэ?

Бошиглогч Иосеф Смит Абрахамын номыг хэрхэн орчуулснаа тайлбарлаагүй. Тэр, мөн бусад хүн Сүмийн олж авсан египет папирусны хуйлмал бичгүүдийг анхааралтай судалсан хэдий ч Иосеф эртний египет хэлийг ойлгодоггүй байсан, бас уг бичвэрийг ердийн арга замаар орчуулахад нь туслах хэрэгслийг олж чадахааргүй байсан гэдгийг бид мэднэ. Энэ орчуулга нь Бурханаар илчлэгдсэн хэмээн хамтран зүтгэгчид нь дурссан байдаг. Жон Витмерийн тэмдэглэснээр, “Үзмэрч Иосеф эдгээр цэдгийг харсан бөгөөд Есүс Христийн илчлэлээр эдгээр цэдгийг орчуулж чадсан юм.” Иосеф Смит Абрахамын номын бичвэрийг хэлж бичүүлж байхдаа үзмэрч чулуу ашигласан байж магадгүй гэж эх сурвалжуудад өгүүлдэг.

Иосефын мэдэлд байсан папирусны ихэнх нь одоо алдагдсан ч зарим жижиг хэсэг нь үлдсэн байна. Тэдгээр нь Хорост зориулсан амьсгалын номын хоёр хэсгээс; Сэмминисийн Нас барагсдын номын дөрвөн хэсэг, хэд хэдэн үлдэгдэл тасархай хэсэг; Нефер-ир-небуд зориулсан Нас барагсдын номын тасархай хэсгээс бүрддэг. Хожмын үеийн гэгээнтэн, Хожмын үеийн гэгээнтэн бус египет судлаачид эдгээр хэсэг дээрх дүрсүүд нь Абрахамын номд өгөгдсөн орчуулгатай тохирдоггүй гэдэгтэй санал нийлдэг.

Зарим Хожмын үеийн гэгээнтнүүд Абрахамын номын эх бичвэрийг одоо алдагдсан байгаа папирус дээрээс олсон гэж итгэдэг. Бусад хүн Иосеф папирусыг судалсан нь Абрахамын амьдрал дахь чухал үйл явдал, сургаалуудын тухай илчлэлийг өдөөсөн гэж дүгнэдэг. Энэ нь өмнө нь тэрээр Библи судалж байхдаа Мосегийн амьдралын тухай илчлэл хүлээн авсантай адил юм. Энэ үзлийн дагуу, папирус нь Абрахамын тухай илчлэлд нөлөөлөгч хүч болсон.

Сүм эдгээр онолын талаар байр суурь баримталдаггүй. Энэ нь орчуулгыг илчлэлээр гүйцэлдүүлсэн гэдгийг л баталдаг. Абрахамын ном нь Мормоны Ном шиг “Бурханы бэлэг ба хүчээр” ирсэн.

Абрахамын ном, египет хэл дээрх бичиг баримтуудын хооронд ямар харилцан уялдаа байдаг вэ?

1835 оны 7-р сараас 11-р сар хүртэл Иосеф Смит бичээчдийнхээ хамт египет папирус дээрх дүрс бичээстэй холбоотой хэд хэдэн баримт бичгийг зохиожээ. Эдгээрт, “Египетийн цагаан толгойн баримт бичиг”, “Египет хэлний дүрэм ба цагаан толгой” гэж нэрлэгддэг баримтууд багтдаг. Уг баримтууд нь эртний хэл ба үзэл баримтлалыг ойлгох гэсэн, тэгснээр ариун нандин өнгөрсөн үетэй холбогдохыг хүссэн Иосефын болон бусад хүний эрэл хайгуулын нэг хэсэг байсан бололтой. Иосеф Смит ба түүний бичээчид папируснаас, мөн бусад эх сурвалжаас дүрс бичээсийг эдгээр баримт руу хуулж, дүрс бүрд хэд хэдэн (“зэрэглэл” гэж нэрлэдэг) тайлбарыг санал болгосон байна. Эдгээр тайлбар нь ерөнхийдөө эрдэмтдийн тайлбартай тохирдоггүй.

Иосеф Смит ба түүний үеийнхэн эдгээр баримт бичиг Абрахамын номтой хэрхэн холбогддогийг тайлбарлаагүй. Зарим эрдэмтэн тэднийг Абрахамын номын бичвэрийн аль хэдийн илчлэгдсэн хэсгийг ашиглан египет хэл сурахыг оролдож байсан гэж үздэг. Бусад хүн Иосеф илчлэл хүлээн авдаг байсан үйл явцын нэг хэсэг болгон эхлээд [өөрийн] оюун санаанд бодож үзсэнээр—Иосеф болон түүний хамтрагчид египет хэлний баримт бичгүүдийг бүтээсэн гэж дүгнэдэг. Гэтэл зарим хүн энэ онолуудын аль нь ч зөв биш гэж үздэг.

Абрахамын номд Библийн Жэймс хааны хувилбар дахь хэлийг ашигладаг уу?

Библийн Жэймс хааны хувилбар (KJV) нь англи хэлэнд маш их нөлөө үзүүлсэн. Үүнийг ялангуяа Иосеф Смитийн үеийн хүмүүс сайн мэддэг байсан. Сургаал ба Гэрээнүүд дэх илчлэлүүдэд Жэймс хааны хувилбарт байдаг үг хэллэгүүд олон байдаг. Түүнчлэн Мормоны Ном, Мосегийн ном, Абрахамын номын орчуулга ч мөн ялгаагүй. Жэймс хааны хувилбарын хэл, тэр ч байтугай Иосеф Смитийн мэддэг байсан бусад эх сурвалжийн үг хэллэгүүд эдгээр сударт үзэгдэх нь энгийн хэрэг. Их Эзэн Өөрийн үйлчлэгчдэд, тэд “ойлголтод хүрч болохын тулд, … тэдний хэлний маягийн дагуу” илчлэл өгдөг хэмээн тайлбарласан. Иосефын амьдарч байсан соёл иргэншил, ялангуяа Жэймс хааны хувилбарыг мэддэг байсан нь түүний хэл соёлд хүчтэй нөлөөлсөн.

Абрахамын хүүрнэлээс авсан нэлээд хэдэн хэсэг нь Эхлэл номтой давхацсан байдаг. Эдгээр хэсэгт Библийн шастирын зарим танил хэллэг орсон ч бидний ойлголтыг баяжуулах чухал ялгаатай зүйлсийг түүнчлэн агуулдаг.

Абрахамын номын хуулбаруудын талаарх Иосеф Смитийн тайлбаруудын талаар бид юу мэддэг вэ?

Абрахамын номд папирус дээрх зургуудад үндэслэсэн “хуулбар” гэгддэг гурван зураг байдаг. Абрахамын ном анх 1842 онд хэвлэгдэхэд эдгээр хуулбарыг багтаасан байна. Дүрс зургуудын тухай Иосеф Смитийн тайлбарыг хуулбаруудын хамт нийтэлжээ. Эдгээр дүрс зургийг Абрахамын номын бичвэрт дурдсан байдаг. Жишээлбэл: Абрахам 1:12-т “энэ цэдгийн эхэн дэх зураг” буюу хуулбар 1-ийн талаар дурддаг.

Иосефын хуулбаруудтай хамт хэвлүүлсэн тайлбаруудын ихэнх нь орчин үеийн египет судлаачдын тайлбартай тохирдоггүй. Гэхдээ эрдэмтэд ижил төстэй зарим шинжийг олжээ. Жишээлбэл: Иосеф Смит хуулбар 2-ын 6-р зураг дахь дөрвөн дүрсийг “энэ дэлхийг дөрвөн зүгээр нь” харуулсан гэж дүрсэлдэг. Бусад эрдэмтэн ч эртний египетийн бусад эх бичвэрүүд дэх төстэй дүрсүүдийг үүнтэй адилаар хөрвүүлсэн байдаг. Хуулбар 1 нь Иосеф Смитийн “бидний толгой дээрх огторгуйн мандал” хэмээн нэрлэсэн газарт сэлж буй матрын бурхныг агуулдаг. Эрдэмтэд ч мөн адил Египетийн тэнгэрийн тухай ойлголтыг “тэнгэрлэг далай” гэж тодорхойлсон байдаг.

Бид хуулбарууд нь бичвэрүүдтэй ямар холбоотойг мэдэхгүй. Папирусыг бүтээсэн эрин үед зарим еврей зохиогч Египетийн зураг, түүхүүдийг өөрсдийн ариун бичээснүүдэд, түүний дотор Абрахамтай холбоотой судрын бичвэрүүдэд өөрчилж тохируулан, оруулсан нотолгоо байдаг. Эдгээр зураг нь үүнтэй адилаар өөрчлөгдсөн байж болох юм.

Сүм папирусны тухай мөн агуулгынх нь талаар бидний мэддэг зүйлийг ил тод байлгадаг уу?

Тийм. Сүм түүхийнхээ туршид Абрахамын номтой холбоотой египет бичээснүүдийн талаарх мэдлэгээ олон нийтэд хуваалцсаар ирсэн. Сүмд 1835-1847 оны хооронд Египетийн папирусны хоёр хуйлмал бичиг, гурав дахь хуйлмалын жижиг хэсэг байв. Энэ хугацаанд папирусыг олон нийтэд тогтмол үзүүлдэг байсан. Иосеф Смитийг нас барсны дараа Эмма Смит хоёр дахь нөхөртэйгөө хамт тэдгээрийг Эйбэл Көүмс гэдэг хүнд зарж, тэр хүн доод тал нь хоёр цуглуулга болгон хувааж, өөр хүмүүст цааш нь заржээ. Олон нь алдагдсан юм. Сүм 1967 онд Нью-Йорк хотын Метрополитаны Урлагийн Музейгээс үлдсэн папирусны хэсгүүдийг олж авахдаа Deseret News-д болон тухайн үеийн сүмийн сэтгүүл болох Improvement Era-д хэсгүүдийг олж авсан тухай зарлал, үлдсэн хэсэг зэргийн зургийг нийтэлжээ. Эдгээр өгүүлэл нь тасархай хэсгүүдийн гарал үүсэл тухайн үед Египетийн нас барагсдын оршуулгын ном гэж тодорхойлогдож байсан номтой ямар холбоотойг авч үзсэн.

Тэр үеэс хойш Сүмийн удирдагчид зарим эрдэмтэнд папирусны хэсгүүдийг үзэн шинжлэх боломж олгож, Хожмын үеийн гэгээнтэн, Хожмын үеийн гэгээнтэн бус эрдэмтэд аль аль нь тэдгээрийн орчуулга болон судалгаануудыг хэвлэн гаргасан байна. Иосеф Смитийн барьж байсан хоёр папирус хуйлмалын жижиг тасархай хэсэг, мөн олон төрлийн папирусны жижиг хэсэг нь л одоо байдаг. 2018 онд Joseph Smith Papers-т эдгээр бүх жижиг хэсгийн шинэ зураг, дүгнэлтийг нийтэлсэн.

Өнөөдөр папирусны хэдэн хэсэг алга болсон байгаа вэ?

Одоо байгаа папирус нь Иосеф Смитийн, мөн Сүмийн анх олж авсан анхны хоёр хуйлмал ба үлдэгдэл хэсгээс ердөө жижиг хэсгийг л төлөөлдөг гэдэгтэй эрдэмтэд санал нийлдэг. Судлаачид хуйлмал бичгүүдийн анхны уртыг тооцоолох өөр өөр аргыг хэрэглэсэн. Өнөөдөр бидэнд байгаа хэсэг нь Иосефын эзэмшилд байсан папирусны багадаа 2.5 хувиас 30, 45 хувь хүртэл байгаа гэж тэд тооцоолдог.

Абрахамын номыг Абрахамын өөрийнх нь гараар бичигдсэн гэж яагаад тунхагладаг вэ?

1842 онд “Абрахамын ном” анх хэвлэгдэн гарахдаа эхэнд нь дараах тайлбарыг багтаасан байсан: “Абрахам Египетэд байхдаа өөрийн гараар бичсэн, Абрахамын ном гэж тооцогддог түүний бичээснүүд буюу Египетийн газар доорх хадан оршуулгын газраас бидний гарт орсон эртний зарим цэдгийн орчуулга оршвой.” Абрахамын номын эхэн үеийн гар бичмэлийн хувилбарт ч үүнтэй ойролцоо оршил үг орсон байдаг. Өнөөдөр байдаг энэ оршил нь 1842 онд Абрахамын номыг хэвлэгдэх үед бичигдсэн бололтой. Иосеф Смитийн бусад илчлэлийн бичвэрийн нийтлэлд дээрхтэй адил оршлууд орсон байв.

Судалгаанаас харахад папирус нь Абрахамыг амьдарснаас хойш маш олон жилийн дараа буюу МЭӨ III-II зууны хооронд бичигдсэн байна. Энэ цаг хугацаа нь Абрахамын номын агуулгыг няцаадаггүй. Өнөө үед байгаа эртний олон бичвэр нь хуулбарын дахин бичсэн хуулбарууд байдаг. Үүнтэй адилаар, Абрахамын номыг олон зууны турш олон удаа хуулбарлан бичсэн байж болох бөгөөд Абрахамыг зохиогч нь гэж үзсээр байсан байж болно.

Абрахамын ном эртний Ойрх Дорнодын тухай бидний мэддэг зүйлтэй тохирдог уу?

Абрахамын номд Библид байдаггүй ч эртний ертөнцийн ном зохиолд нийцсэн нарийн ширийн зүйлийг бичсэн байдаг. Жишээлбэл: Зарим хүний нэр, газар нь эртний цэдэгт байдаг нэртэй төстэй байдаг. “Олишемийн хөндийг” авч үзэхэд, зарим эрдэмтэн Сирийн баруун хойд хэсэгт орших Улисум гэдэг хоттой холбожээ. Энэ бол хэл шинжлэлийн жишиг горимын дагуу Олишемийн хувьд маш үнэмшилтэй нийцэл юм. Үүнтэй адилаар, Элкенагийн бурхан нь зарим хожмын үеийн гэгээнтэн эрдэмтэн Эл Конех Артзу хэмээх тэнгэрлэг нэрийн товчлогдсон хэлбэрийг төлөөлдөг гэж санал болгосон байна. Уг нэрийг баруун хойд зүгийн янз бүрийн семит хэлний бичээснээс мэддэг бөгөөд “Эл, дэлхийг бүтээгч” гэх маягийн утгатай.

Абрахамын номын зарим ерөнхий сэдэв, хүүрнэлийн бүтэц нь эртний Библийн бус эх сурвалжуудын түүхүүдтэй таарахуйц байдаг. Үүнд Абрахамын эцэг Тера шүтээн шүтэгч; Абрахамын төрөлх хотод ган болж, тэнгэр элч Абрахамыг египетийн фараоны гарт амьд өргөл болохоос аварсан гэх зэрэг багтдаг. Эртний эх бичигт бас Абрахам египетчүүдэд тэнгэрийн тухай зааварлаж байсан тухай гардаг. Жишээлбэл: МЭӨ II зуунд Египетийн захиргаанд байсан Евполем нь Абрахам одон орон судлал болон бусад шинжлэх ухааныг Египетийн тахилчдад заадаг байсан гэж бичжээ. Египетийн нэгэн ариун сүмийн номын сангаас МЭӨ III зууны үеийн папирусанд Абрахамын номын хуулбар 1-д байгаатай адил төстэй зургийг багтаасан бөгөөд Абрахам гэдэг нэрийг дурдсан байна. Абрахамын амьдралын тухай эдгээр нарийн ширийн зүйлийн заримыг Иосеф Смитийн үед ерөнхийдөө мэддэггүй байсан.

Эдгээр жишээ нь анхаарал татахуйц хэдий ч эртний дэлхийн талаар бидний одоо мэдэж байгаа зүйлтэй нийцэхгүй, хуулбарыг тайлбарласан Иосеф Смитийн олон тайлбарын жишээ байдаг. Орчуулах үйл явцын талаар бидэнд ойлгохгүй зүйл их байгааг хүлээн зөвшөөрөхийн сацуу уг номын орчуулгын талаарх эрдэмтдийн мэтгэлцээнээр Абрахамын номын үнэн хийгээд үнэ цэнг шийдвэрлэх ёсгүй гэдгийг санах нь чухал юм. Абрахамын номыг уншиж, агуулгыг нь тунгаан бодож, сургаалуудынх нь талаар залбирах нь үүний мөнхийн үнэ цэнгийн тухай сүнслэг гэрчлэлтэй болоход тань тусалж чадна.

Би Иосеф Смитэд илчлэгдсэн Абрахамын ном ба бусад судрын талаар хэрхэн гэрчлэлтэй болж чадах вэ?

Иосеф Смитэд Абрахамын ном хэрхэн илчлэгдсэн тухай бидний мэдэхгүй зүйл их бий. Гэхдээ олон талаараа, Бурхан Иосеф Смитэд шинэ судрыг илчилсэн эсэх талаарх асуулт нь үйл явцын талаарх бидний асуултаас илүү чухал юм. Энэ бол итгэлтэй холбоотой асуудал. Энэ асуултад сүнслэг баталгааг хүлээн авах хамгийн сайн арга зам бол Абрахамын номыг уншиж, үүний илчилсэн үнэнүүдийн талаар тунгаан бодож, сургаалуудыг нь амьдралдаа хэрэгжүүлж, Ариун Сүнснээс гэрчийг эрэлхийлэх явдал юм. Энэ үйл явц нь бидэнд Есүс Христэд илүү ойртоход тусалж чадна. Энэ бол Абрахамын номын үнэ цэнгийн эцсийн сорилт юм.

Илүү дэлгэрэнгүй судлах

  • Сайн мэдээний сэдвүүдийн эсээ: “Translation and Historicity of the Book of Abraham

Эх сурвалж

  1. Сургаал ба Гэрээнүүд 9:9

  2. John Whitmer, History, 1831–ca. 1837, 76, in Karen Lynn Davidson, Richard L. Jensen, and David J. Whittaker, eds., Histories, Volume 2: Assigned Historical Writings, 1831–1847, vol. 2 of the Histories series of The Joseph Smith Papers, edited by Dean C. Jessee, Ronald K. Esplin, and Richard Lyman Bushman (2012), 86.

  3. Wilford Woodruff, Journal, Feb. 19, 1842, 134, wilfordwoodruffpapers.org; Parley P. Pratt, “Editorial Remarks,” Millennial Star, no. 3 (July 1842), 46–47.

  4. Мосе 1-ийн оршил үгийг үзнэ үү.

  5. Мормоны Номын эхний хуудас.

  6. Эдгээр баримт бичгийг Робин Скотт Жэнсэн, Брайн М.Хоглид нар, eds., Joseph Smith Papers, Revelations and Translations, Volume 4: Book of Abraham and Related Manuscripts (2018) номуудад нийтэлсэн.

  7. Сургаал ба Гэрээнүүд 9:8

  8. Сургаал ба Гэрээнүүд 1:24

  9. Introduction to Egyptian Papyri, circa 300–100 BC, The Joseph Smith Papers, josephsmithpapers.org.

  10. Абрахам 1-ийн оршил

  11. Jensen and Hauglid, eds., Joseph Smith Papers, Revelations and Translations, Volume 4: Book of Abraham and Related Manuscripts, 219.

  12. Абрахам 1:10

  13. John Gee, “Has Olishem Been Discovered?” Journal of the Book of Mormon and Other Restoration Scriptures, no. 2 (2013), 104–107.

  14. Абрахам 1:17-г үзнэ үү.

  15. Kerry Muhlestein, “Egyptian Papyri and the Book of Abraham: A Faithful, Egyptological Point of View,” in Robert L. Millet, ed., No Weapon Shall Prosper: New Light on Sensitive Issues (2011), 222–224.

  16. E. Douglas Clark, review of Michael E. Stone, Armenian Apocrypha Relating to Abraham (2012), in BYU Studies Quarterly, 53:2 (2014), 173–79; Tvedtnes, Hauglid, and Gee, Traditions about the Early Life of Abraham; Hugh Nibley, Abraham in Egypt, 2nd ed. (2000), 1–73-ыг үзнэ үү.

  17. Моронай 10:5-ыг үзнэ үү.

  18. Сургаал ба Гэрээнүүд 88:63-ыг үзнэ үү.