“Амилалт ба амилуулалт,” Сэдэв ба асуулт (2023)
Сайн мэдээг судлах удирдамж
Амилалт ба амилуулалт
Есүс Христ үхлийг ялсан
Бидний хүн нэг бүр амьдралынхаа нэгэн үед “Биднийг үхэх үед юу болдог вэ?,” “Би нас барсан хайртай хүмүүстэйгээ дахин уулзах болов уу?,” “Хайртай хүн маань нас барахад би хэрхэн тайтгарлыг олж авах вэ?” гэж бодно.
Хэдийгээр бидэнд бүх хариулт байхгүй ч Есүс Христийн Амилалтын үнэн нь гашуудаж буй бүх хүнийг тайтгаруулдаг. Нас барсан бүхэн хэзээ нэгэн цагт дахин амьдрах болно гэдэг нь бидний бодгальд амар амгаланг авчирч, илүү сайхан өдрүүд өмнө маань хүлээж байгаа гэж амладаг.
Үхлээс үхэшгүй байдал руу амилахдаа Есүс Христ Амилуулалтын “анхны үр жимс” (1 Коринт 15:20–23-ыг үзнэ үү) болсон бөгөөд бидэнд нэгэн өдөр Түүнтэй адил амилуулагдах замыг бэлдэж өгсөн.
1-р хэсэг
Есүс Христ амилсан
Есүс Христ бол амилсан анхны хүн байлаа. Тэрээр үхлийг ялсан явдал нь бидний итгэлийн үндэс суурь юм. Бошиглогч Иосеф Смит: “Манай шашны тулгуур зарчмууд бол Есүс Христийн талаарх, тухайлбал Тэрбээр егүүтгэгдэж, оршуулагдаад, гурав дахь өдрөө дахин босож ирэн, тэнгэрт дээшлэн одсон тухай төлөөлөгч, бошиглогчдын гэрчлэл юм” гэж заасан.
Их Эзэн энэхүү чухал сургаалын талаар олон удаа гэрчилсэн юм. Дөрвөн сайн мэдээ тус бүрд Есүсийн амилсан гэдгийг гэрчилсэн хүмүүсийн түүх багтсан байдаг. Түүнчлэн Мормоны Ном Америк тивд олон мянган хүн амилсан Аврагчийг харсныг гэрчилдэг. Орчин үед Иосеф Смит болон бусад бошиглогч, төлөөлөгч гэх мэт гэрч нар Есүс Христийг амилсан бөгөөд өнөөдөр амьд байгааг гэрчилсэн.
Бодох зүйлс
-
Та өөрийгөө Есүс Христ амилсан гэдгийг нотлох хавтаст материал бүрдүүлж буй хуульч гэж төсөөл. Та хэнийг гэрчээр дуудах вэ? Нүдээр үзсэн гэрч нар таны хавтаст материалыг хэрхэн батжуулах вэ? Амилсан Их Эзэнийг нүдээр харсан гэрч нарын гэрчлэл танд хэрхэн нөлөөлөх вэ? Санаа авахыг хүсвэл Иохан 20:1–20; 3 Нифай 11:3–17; Сургаал ба Гэрээ 76:19–24-ийг үзнэ үү.
-
Иохан 20:26–29-ийг унш. Судрын энэ хэсэгт Аврагч Өөрийнх нь Амилалтыг нүдээр хараагүй хүмүүст ямар захиас өгсөн байна вэ? (Мөн Ифер 12:5–6 -г үзнэ үү.) Хэдийгээр бид амилсан Их Эзэнийг хараагүй ч Түүнийг амилсан гэсэн хувийн гэрчлэлийг хүлээн авах боломжтой. Та Амилуулалтын ямар нотолгоог амьдралдаа авч байсан бэ? Тухайн үйл явдал танд хэрхэн нөлөөлсөн бэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008): “Хүн төрөлхтний түүхэн дэх бүх ялалтаас ийм аугаа, ийм ертөнц дахины шинжтэй, үүрд мөнхийн үр дагавартай агуу ялалт, Амилалтаар Улаан өндөгний баярын өглөө босож ирсэн, цовдлогдсон Их Эзэний тэрхүү ялалтаас өөр нэг ч байгаагүй юм” гэж тунхаглажээ. Есүс Христ өнөөдөр амьд гэдгийг мэдэх нь яагаад чухал талаар ярилц. Ерөнхийлөгч Хинкли мөн “Гэтэлгэгч амьд” дууллын үгийг бичсэн. Энэ дууллыг хамтдаа үгийг нь уншиж эсвэл сонсоод, өөрийг тань сүнслэгээр өдөөсөн бодол, мэдрэмжийг хуваалцана уу.
-
Хүмүүс амилсан Аврагчийг харсан цаг мөчийг сүнслэгээр өдөөгдсөн олон уран бүтээлч дүрсэлсэн байдаг. Дараах эсвэл өөрт таалагддаг өөр зургуудыг харна уу. Тэдгээр зураг Есүс Христийн Амилалтын талаар юуг ойлгоход танд тусалсан тухай хуваалц. Тэдгээр нь Түүний талаар танд ямар мэдрэмж төрүүлдэг вэ? Хэрэв та тэнд байсан бол ямар санагдах байсан бэ?
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Матай 27:52–53; Матай 28; Лук 24:13–43; 1 Коринт 15:1–8; 2 Нифай 9:3–7, 13–15; Хиламан 14:14–17; 3 Нифай 23:6–14
-
Д.Тодд Кристоффэрсон, “Есүс Христийн Амилалт,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 132–135.
-
“The Atonement and Resurrection of Jesus Christ,” Teachings of Presidents of the Church: Howard W. Hunter (2015), 99–110.
-
Robert J. Matthews, “Resurrection,” Liahona, Apr. 1996, ChurchofJesusChrist.org
-
“Jesus Is Resurrected” (video), Gospel Library
-
“54-р бүлэг: Есүс амилсан нь,” Шинэ Гэрээний түүхүүд, 139–144
2-р хэсэг
Бид бүгд амилуулагдана
Есүс Христ амилсан учраас бид бүгд хэзээ нэгэн өдөр амилуулагдана. Есүс Христийг амилсны дараахан олон итгэгч мөн амилуулагдсан (Матай 27:52–53-ыг үзнэ үү). Хэдийгээр хүн бүр зэрэг амилуулагдахгүй ч эцэст нь бүгд нийтээрээ амилуулагдах гайхамшигт бэлгээр төгс, үхэшгүй мөнх биеийг хүлээн авна.
Бидний амилсан бие одоо байгаа биетэй маань төстэй ч гагцхүү үхэшгүй мөнхийн, төгс, өвчин эмгэг, өвдөлтөөс ангид байна. Бид “баяр хөөрийн бүрэн байдлыг хүлээн авна” (Сургаал ба Гэрээ 93:33–34; мөн Алма 11:43-ыг үзнэ үү). Амилуулагдсан бие маань Бурханы оршихуйд эргэн очиж, шүүгдэх боломжийг бидэнд олгоно. Нүглээ наманчилсан хүмүүс мөнх амьдралыг хүлээн авч, Бурханы оршихуйд мөнх амьдарна.
Бодох зүйлс
-
Залуу Алмагийн хүү Кориантон “нас барагсдын амилуулалтын талаар зовниж” (Алма 40:1) байв. Тиймээс Алма Кориантонд болон Мормоны Номын уншигчдад Амилуулалтын талаарх олон чухал үнэнийг заасан. Алма 40–41-ээс түүний заасан зүйлийг унш. Унших явцдаа Амилуулалтын талаар таны хувьд чухал гэсэн үнэнүүдэд анхаарлаа хандуул. Эдгээр үнэн Кориантонд амар амгаланг мэдрэхэд хэрхэн тусалсан байж болох вэ? Тэдгээр нь таны одоо гаргаж байгаа шийдвэрт хэрхэн нөлөөлж болох вэ?
-
Коринт дахь зарим гэгээнтэн Амилуулалтад итгээгүйг төлөөлөгч Паул мэджээ. 1 Коринт 15-ыг уншаад, Амилуулалтын талаар өгсөн Паулын сургаалд онцгой анхаарал хандуул. Судлахдаа тунгаан бодох хэдэн асуулт:
-
12–15-р шүлэг: Амилуулалт байхгүй байсан бол номлол, итгэл яагаад дэмий хоосон зүйл байх байсан бэ?
-
16–19-р шүлэг: Амилуулалт байхгүй байсан бол яагаад бид “нүгэлдээ байсаар” байх байсан бэ? Бид яагаад “хамгийн өрөвдөлтэй” нь байх вэ?
-
55–58-р шүлэг: Амилуулалтын талаарх таны мэдлэг хэрхэн танд “тууштай,” “гуйвж дайвалгүй” байхад тусалдаг вэ?
-
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ нь амилуулалтын бэлгийг бүх хүнд болзолгүйгээр өгдөг гэж заадаг ч Бурханы олон хүүхэд энэ адислалыг мэддэггүй. Амилуулалт таны амьдралыг хэрхэн өөрчилдөг талаар ярилц. Мөн та Рэйна И.Абүрто эгчийн “Булшинд ялалт гэж үгүй” болон ахлагч С.Марк Палмэрын “Уй гашуу маань баяр хөөрөөр солигдох болно” гэх үгэндээ хуваалцсан хувийн туршлагыг ярилцах нь тустай байж болох юм. Абүрто эгч, ахлагч Палмэр хоёрыг Амилуулалтын тухай мэдлэг хэрхэн адисалсан бэ? Энэ мэдлэг биднийг хэрхэн адислах вэ?
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Dallin H. Oaks, “Resurrection,” Ensign, May 2000, 14–16
-
“Death and Resurrection: From Hopeless Dawn to Joyful Morning,” Teachings of Presidents of the Church: Thomas S. Monson (2020), 113–22.
-
“Finding Hope through the Resurrection of Christ” (video), Gospel Library