“Авралын төлөвлөгөө,” Сэдэв ба асуулт (2023)
Сайн мэдээг судлах удирдамж
Авралын төлөвлөгөө
Тэнгэрлэг Эцэгт аюулгүй, аз жаргалтай буцаж очих төлөвлөгөө
Та яагаад энэ дэлхий дээр байгаагаа болон амьдралын зорилго тань юу болох талаар бодож байсан уу? Амьдрал яагаад ийм хэцүү юм бол гэж та заримдаа бодож байсан уу? Эсвэл та хайртай хүнээ нас барахад юу тохиолдох бол гэж санаа зовдог уу? Бид бүгдэд ийм хүнд асуулт гарч ирдэг ба энэ нь Тэнгэрлэг Эцэгт бидэнд зориулсан төлөвлөгөө бий гэдгийг мэдэхэд тусалдаг. Энэхүү төлөвлөгөөг ойлгох нь эдгээр асуултын хариултыг олж, амьдралд тань юу ч тохиолдсон бай жинхэнэ аз жаргалтай байхад тусална.
1-р хэсэг
Тэнгэрлэг Эцэг таныг Түүнтэй адилхан болоосой гэсэндээ уг төлөвлөгөөг бэлдсэн
Бид бүгдээрээ буюу дэлхий дээр амьдарч байсан, цаашид амьдрах хүн бүр төрөхөөсөө өмнө тэнгэрлэг эцэг эхтэйгээ хамт амьдарч байсан. Бид Тэдний сүнслэг охид, хөвгүүд байсан ч Тэдэн шиг болохын тулд маш их туршлага хуримтлуулах хэрэгтэй байв. Тэнгэрлэг Эцэг биднийг хайрладаг ба бид бүгдийг хайртай хүмүүстэйгээ хамт Өөртэй нь адил мөнхийн алдар сууд амьдраасай гэж хүсдэг. Тийм учраас Тэр авралын төлөвлөгөөг бэлдсэн.
Бурханы ажил, алдар суу бол “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” (Moсe 1:39) явдал юм. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөөний бүх зорилго нь бидэнд Бурхан шиг болж, Түүнтэй хамт үүрд мөнх амьдрахад зориулагдсан юм. Төлөвлөгөөний талаар мэдэх нь танд бурханлаг мөн чанар хийгээд мөнхийн чадавхаа ойлгоход тусална.
Бодох зүйлс
-
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Та нар Түүнд чухал” үгийг унш эсвэл бичлэгээр үз. Бурхан “таныг ирээдүйд хэн болж чадахаар тань хардаг” гэдгийг мэдэх нь таны хувьд ямар утгатай вэ? Энэ мэдлэг таны өөрийнхөө болон бусдын тухай бодол, хандлагыг хэрхэн өөрчлөх вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Есүс Христ Өөрийн үлгэр жишээгээр дамжуулан бидэнд хэрхэн Бурхан шиг болж болохыг харуулсан. Түүний тухай бодоход санаанд тань орж ирдэг зан чанаруудаас жагсаан бич. (Миний сайн мэдээг номло гарын авлагын 6-р бүлгээс санаа авч болно.) Нэг нэгнээсээ эдгээр зан чанарын алиныг нь олж харж байгаагаа хуваалц. Хүн бүр уг зан чанаруудаас хөгжүүлэхийг хүсэж байгаа аль нэгийг нь сонгоод, тухайн зан чанарыг хүчирхэгжүүлэх төлөвлөгөө гаргахад урь. Төлөвлөгөөгөө бие биетэйгээ хуваалцаж, зорилгодоо хүрэхийн тулд нэг нэгнээ урамшуулан дэмж.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Robert D. Hales, “The Plan of Salvation: A Sacred Treasure of Knowledge to Guide Us,” Ensign, Oct. 2015, 25–31.
2-р хэсэг
Төлөвлөгөөг ойлгох нь танд хэцүү нөхцөл байдлыг даван туулахад тусална
Энэ амьдрал бол таны оршихуйн өчүүхэн хэсэг гэдгийг ойлгосноор та сорилт бэрхшээлийг итгэл найдвараа алдалгүйгээр даван туулж чадна. Энэ нь та “Яагаад ийм зүйл тохиолдож байгаа юм бэ?” гэх мэт асуултуудад үргэлж хариулаад байна гэсэн үг биш юм. Ойлголт тань хязгаарлагдмал хэдий ч Бурхан танд хайртай (1 Нифай 11:17-г үзнэ үү), танд тохиолдсон бэрхшээлүүд үүрд үргэлжлэхгүй гэдэгт итгэлтэй байж болно. Есүс Христийн ачаар үхэл бол төгсгөл биш гэдгийг та бас мэдэж болох ба энэ нь Бурхантай адилхан болох аян замын тань дундах зүгээр нэгэн зогсоол юм.
Бодох зүйлс
-
“Plan of Salvation—We’re Still a Family” (4:47) видеог үзнэ үү. Бичлэг дээрх залуу “Мөнхийн талаас харах чадвартай байна гэдэг нь юу гэсэн үг вэ?” гэж асуусан. Энэ асуултуудад та хэрхэн хариулахаа бод. Та өөрийн бодлыг гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө хуваалцаж эсвэл тэмдэглэлдээ бичиж болох юм.
-
Дараах судруудыг уншаад, авралын төлөвлөгөөний өөр өөр нэрийг хайж ол. Үүнд: 2 Нифай 9:6, 13; 11:5; Алма 34:16; 41:2; 42:8, 31. Эдгээр нэр нь Бурханы төлөвлөгөөний тухай юу зааж байна вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Амьдралд урагшлангаа та хэрхэн Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд төвлөрөх вэ? Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Бид … амьдралаа Бурханы авралын төлөвлөгөөнд болон Есүс Христэд мөн Түүний сайн мэдээнд төвлөрүүлбэл амьдралд маань юу тохиолдож, юу тохиолдохгүй байгаагаас үл хамааран баяр баясгаланг мэдрэх боломжтой” гэж заасан. Христийг болон Түүний сайн мэдээг хэрхэн амьдралынхаа төв болгож болох талаар хамтдаа ярилц. Та нар өрөөний зургийг ээлжлэн авч болох юм. Дараа нь хүн бүрд өрөөний чухам аль хэсэгт анхаарч зургаа авах сонголтыг өг. Гэрэл зургуудыг хамтдаа үзээд, өрөө өөр өөр өнцгөөс хэрхэн өөр өөр харагдаж байгааг ярилц. Христэд анхаарлаа төвлөрүүлэх нь амьдралаа мөнхийн талаас харахад бидэнд хэрхэн тусалж болох талаар ярилц.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Рассэлл М.Нэлсон, “Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 25–28
-
Рассэлл М.Нэлсон, “Христ амилсан бөгөөд Түүнд итгэх итгэлээр уулсыг нүүлгэж чадна,” Лиахона, 2021 оны 5-р сар, 104–107
-
Томас С.Монсон, “Аз жаргалд хүргэх төгс зам,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 69–70.
3-р хэсэг
Есүс Христ төлөвлөгөөг хүн бүрд боломжтой болгодог
Магадгүй та хэтэрхий олон алдаа гаргасан эсвэл Бурханы амласан бүх адислалыг хүртэх хангалттай сайн хүн болж чадахгүй гэж бодож байж магадгүй. Хэрэв Бурханы төлөвлөгөө амжилттай хэрэгжих эсэх нь зөвхөн таны хичээл зүтгэлээс шалтгаалдаг байсан бол ийн бодох нь зөв байх. Гэвч Есүс Христ Бурханы мөнхийн төлөвлөгөөг хүн бүрд хүлээн авах боломжийг олгодог. Түүний цагаатгагч золиослолын ачаар бид бүхнийг ганцаар хийх шаардлагагүй. Тэрээр бүх хүнийг төлөвлөгөөг судалж, наманчилж, Түүнтэй гэрээ байгуулан, сахиж, уг төлөвлөгөөний амласан адислалуудыг хүртэхэд урьдаг. Бид Түүнд итгэх итгэлээ хэрэгжүүлж, наманчилж, гэрээнүүдээ сахихын тулд чадах бүхнээ хийвэл Тэр мэдэхгүй чадахгүйг нөхөж, аян замд маань биднийг хүчирхэгжүүлнэ. Түүний амлалтууд баттай гэдгийг мэдсэнээр бид төлөвлөгөөнөөс аз жаргалыг олж чадна.
Бодох зүйлс
-
Ахлагч Адриан Очоагийн 2022 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн “Түүний төлөвлөгөө хэрэгжиж байна уу?” захиасыг унш эсвэл бичлэгээр үз. Ахлагч Очоа авралын төлөвлөгөө таны амьдралд хэрэгжихгүй байгаа гэж үзэж байвал танд тус болох гурван зарчмыг тодорхойлсон. Есүс Христ эдгээр зарчим бүрийн салшгүй нэгэн хэсэг гэдгийг анхаар. Түүнд анхаарлаа илүү их хандуулах зорилго тавь. Та зорилгодоо хүрэхээр ажиллаж байхдаа, аз жаргалын төлөвлөгөө амьдралд тань хэрхэн хэрэгжиж байна гэж үзэж байгаа талаар санаа бодлоо бичээрэй.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Даллин Х.Өүкс, “Агуу төлөвлөгөө,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 114–117
-
Даллин Х.Өүкс, “Бурхан тэргүүтэн ба авралын төлөвлөгөө,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 88–91
-
L. Tom Perry, “The Plan of Salvation,” Liahona, Nov. 2006, 69–72
-
“Авралын төлөвлөгөө” (видео), Gospel Library