2015
Авралын төлөвлөгөө: Бидний зүг чигийг заагч эрхэм нандин мэдлэг
2015 оны аравдугаар сар


Авралын төлөвлөгөө Бидний зүг чигийг заагч эрхэм нандин мэдлэг

Мөнх бус байдлын өмнөх амьдрал дахь бидний амжилтын түлхүүр нь Эцэгийн төлөвлөгөөг дэмжих явдал байсан. Энэ нь мөнх бус амьдралд ч бидний амжилтын түлхүүр болдог.

Өөрсдийнхөө хэн болох, хаанаас ирсэн, яагаад дэлхий дээр байгаа, эсвэл мөнх бус амьдралын дараа хаашаа явах зэргийг мэдэхгүйгээр харанхуй, дүнсгэр орчлонд төөрөлдөж яваа Бурханы хүүхдүүдийн мухардмал байдлыг би олонтоо тунгаан бодож байсан.

Бид хэрэн хэсэх хэрэггүй. Бурхан эдгээр асуултад хариулдаг мөнхийн үнэнүүдийг илчилсэн. Тэдгээр үнэн нь хүүхдүүддээ зориулсан Түүний агуу төлөвлөгөөнд байдаг. Судруудад энэ төлөвлөгөөг “гэтэлгэлийн төлөвлөгөө,”1 “аз жаргалын төлөвлөгөө,”2 “авралын төлөвлөгөө”3 гэж нэрлэдэг.

The Beeches, by Asher Brown Durand

Эвэр модод, Ашир Браун Дюранд, © The Metropolitan Museum of Art, image source: Art Resource, NY, хуулбарлаж болохгүй

Бид Бурханы төлөвлөгөөг ойлгож, дуулгавартай дагаснаар Тэнгэрлэг Эцэг рүү хөтөлдөг замаас гажихгүй байх болно.4 Тэгсэн үед л бид Түүний замнадаг амьдрал болох “Бурханы бүх бэлгүүдээс хамгийн агуу нь болох мөнх амьдрал”-тай5 байх болно.

Мөнх амьдралын бэлэг нь авралын төлөвлөгөөг судалж, суралцаж, ашигласны хариуд ирдэг. Бүх хүн төрөлхтөн амилуулагдаж, үхэшгүй байдлын адислалыг хүлээн авах болно. Бурханы амьдрал6 буюу мөнх амьдралыг олж авахын тулд бүх зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа авралын төлөвлөгөөний дагуу амьдрах ёстой.

Авралын төлөвлөгөөг ойлгох нь

Төлөвлөгөөг мэдэх нь ямар их итгэл найдвар өгдөг билээ! Авралын төлөвлөгөө бол хүн төрөлхтөнд өгөгдсөн хамгийн агуу мэдлэг юм. Яагаад гэвэл энэ нь амьдралын мөнхийн зорилгыг тайлбарладаг. Энэ мэдлэггүйгээр бид үнэхээр харанхуйд хэрэн хэсэх болно. Иймээс Бурхан “тэдэнд гэтэлгэлийн төлөвлөгөөг мэдүүлсний дараа” хүүхдүүддээ зарлигуудыг өгдөг.7

Миний зорилго бол энэхүү мэдлэгийг ашиглан авралын төлөвлөгөөг илүү сайн ойлгож, ойлголтоо өдөр тутмын амьдралдаа ашиглахад туслах явдал юм.

Сонгох эрх

Сонгох эрх нь энэ төлөвлөгөөний амин чухал хэсэг учраас үүнээс эхэлье. Эцэг маань бидэнд мөнхийн үнэнүүдийн дагуу үйлдэх эсвэл үйлдэхээс татгалзах чадварыг өгсөн.8 Эдгээр үнэн нь Бурханыг болон тэнгэр дэх зүйлийг захирдаг.9 Хэрэв бид эдгээр үнэнийг хүлээн зөвшөөрч, эдгээрийн дагуу амьдарвал мөнхийн баяр баяслыг хүлээн авна. Эсрэгээрээ, хэрэв бид дуулгаваргүй байж, Бурханы хуулиудыг эсэргүүцэхэд сонгох эрхээ ашиглавал зовлон, уй гашууг амсах болно.10

Сонгох эрх нь авралын төлөвлөгөөний гурван бүлэгт яг тохирсон бүдүүвч зургийг гаргадаг: Мөнх бус байдлын өмнөх амьдрал, мөнх бус амьдрал, мөнх бус байдлын дараагийн амьдрал.

Мөнх бус байдлын өмнөх амьдрал

“Гэр бүл, Дэлхий дахинаа өргөх тунхагт” бичигдсэнээр бидний хүн нэг бүр “тэнгэрлэг эцэг эхийн сүнсэн хөвгүүд ба охид юм.”11 Мөнх бус байдлын өмнөх зөвлөлд Тэнгэрлэг Эцэг Өөрийн гэтэлгэлийн төлөвлөгөөг бидэнд тайлбарласан.12 Уг төлөвлөгөө нь үргэлж оршин байсан сургаал, хууль, зарчмууд дээр үндэслэгдсэн.13 Хэрэв бид уг төлөвлөгөөг хүлээн зөвшөөрч, дагахыг сонговол Эцэгийнхээ оршихуйг сайн дураараа орхиж, Түүний хууль, зарлигуудыг дагах эсэхээрээ соригдох болно гэдгийг ойлгосон.14 Бид энэ боломжинд маш их баярласан15 ба уг төлөвлөгөөг талархан дэмжсэн. Учир нь энэ нь бидэнд Тэнгэрлэг Эцэгтэйгээ адил болж, мөнх амьдралыг өвлөх арга замыг заадаг билээ.

Гэвч төлөвлөгөөнд эрсдэл байсан: хэрэв бид мөнх бус амьдралд Бурханы мөнхийн хуулиудын дагуу амьдрахыг сонгохгүй бол мөнх амьдралыг хүлээн авч чадахгүй.16 Бид мөнх бус амьдралд туршлагаараа суралцахдаа бүдэрч мөн нүгэл үйлдэнэ гэдгийг Эцэг маань мэдэж байсан учраас Тэрээр наманчилдаг хүн бүрийг гэтэлгэх, дуулгавартай хүмүүсийн сүнслэг ба сэтгэл санааны шархыг эдгээх Аврагчийг бэлтгэсэн.17

Cropped portion of Carl Bloch's painting depicting Christ sitting at a table with the two men with whom He walked on the road to Emmaus.

Есүс Христ эхлэлээс Эцэгийн хайртай, сонгогдсон, урьдчилан томилогдсон Хүү байсан.18 Тэрээр Эцэгийн төлөвлөгөөг дэмжиж, өөрийн хүслээр бидний Аврагч болсон: “Би энд байна, намайг илгээ.”19 Ийнхүү Есүс мөнх бус байдалд нүгэлгүй амьдралаар амьдарч, бидний нүгэл ба зовлонг цагаатгаж, үхлийн хүлээсийг тасдахын тулд амилахаар Эцэгээр томилогдсон байв.

Сатан гэж нэрлэгдэх болсон Люсифер бас мөнх бус байдлын өмнөх оршихуйд амьдарч байсан.20 Тэр аминч үзлээсээ болж төлөвлөгөөг эсэргүүцэн, хүмүүний сонгох эрхийг устгахыг эрэлхийлж, Эцэгийн эсрэг бослого гаргасан.21 Үүний үр дүнд Сатан болон түүнийг дагагсад хэзээ ч бие махбодтой болохгүй. Тэд Эцэгийн төлөвлөгөөнд оролцох боломж, тэнгэрлэг хувь тавилангаа алдсан.22 Өнөөдөр тэд Бурханыг эсэргүүцэх дайнаа үргэлжлүүлж, хүн төрөлхтний оюун ба зүрх сэтгэлийг Түүний эсрэг эргүүлэхийг эрэлхийлсэн хэвээр байна.23

Энэ дэлхий нь Эцэгийн төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн хүмүүст зориулагдан бүтээгдсэн.24 Энд бид Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн бие махбодыг хүлээж авдаг. Энд бид соригдож мөн өөрсдийгөө нотолдог. Энд бид мөнх амьдралыг өвлөн авахад шаардлагатай туршлагуудыг олж авдаг.25

Мөнх бус амьдрал

Adam and Eve

Бурхан Адам, Ева хоёрыг бүтээж, тэднийг нөхөр эхнэр болгон, Едений цэцэрлэгт байрлуулж, хүүхэдтэй болохыг тэдэнд зарлигласан.26 Адам, Ева хоёр сонгох эрхээ ашиглан, Бурханы оршихуйгаас унасан бөгөөд мөнх бус хүмүүс болцгоосон.27 Тэд хүүхдүүдтэй болох боломжтой болсноор Эцэгийн төлөвлөгөө хэрэгжсэн билээ.28 Мөнхийн хуулийн дагуу, хүүхэд бүтээх тэнгэрлэг хүч нь Тэнгэрлэг Эцэгийн тогтоосон хүрээнд ашиглагдах ёстой. Ийнхүү үйлдэх нь мөнхийн баяр баяслыг амсах боломж олгодог. Энэ ариун нандин хүчийг ямар нэг байдлаар Бурханы хил хязгаараас гадуур ашиглах нь уй гашууд хүргэх болно.29

Бүх хүнийг “өөрийн адил зовлонт байлгахыг”30 хүсдэг Сатан Эцэгийн төлөвлөгөөгөөр дамжин ирдэг боломжуудаас биднийг хол байлгахыг хичээдэг. Тэнгэрлэг Эцэг яагаад биднийг уруу татахыг Сатанд зөвшөөрдөг вэ? Учир нь сөрөг тал нь бидний өсөлт ба мөнх бус байдал дахь сорилтод шаардлагатай гэдгийг Тэр мэддэг.31 Сөрөг тал нь Бурханд хандаж мөн Түүнд найдах гайхалтай боломжийг бидэнд олгодог. Сайн ба муу нь бидний өмнө үргэлж байдаг учраас бид аль нэгийг нь сонгож, нөгөөхөөс нь татгалзсанаараа зүрх сэтгэлийнхээ хүслийг тодорхой харуулж чадна.32 Сөрөг тал нь Сатаны уруу таталтууд болон бидний сул талууд, хүний мөн чанартай салшгүй холбоотой мөнх бус сул дорой чанаруудаар илэрдэг.33

Ухаалаг сонголт хийхэд бидэнд туслахын тулд Бурхан гэтэлгэлийн төлөвлөгөөгөө илчилж, зарлигууд,34 Христийн Гэрэл,35 Ариун Сүнсний нөхөрлөлийг өгсөн.36 Эдгээр бэлэг байлаа ч гэсэн энэ унасан дэлхийд амьдарч буй бидний хүн нэг бүр нүгэл үйлдэж, ингэснээрээ өөрсдийн хүчээр Бурханы оршихуйд орох чадваргүй байдаг.37 Тийм учраас Түүний нигүүлсэнгүй төлөвлөгөө бидэнд Аврагчийг өгдөг юм.

Есүс Христ дэлхийд Бурханы цорын ганц хайртай Хүү болж ирсэн бөгөөд бүх зүйлд Эцэгийн хүсэлд захирагдаж, томилогдсон үүргээ төгс биелүүлсэн.38 Эцэгийн нигүүлсэнгүй төлөвлөгөөний дагуу Уналтын үр дагаврууд нь Аврагчийн амилалтаар төгсгөл болж,39 нүглүүдийн үр дагаврууд арилж, бид Есүс Христийн Цагаатгалыг ашиглавал сул талаа давуу тал болгож чадна.40

Frontal head and shoulders portrait of Jesus Christ. Christ is depicted wearing a pale red robe with a white and blue shawl over one shoulder. Light emanates from the face.

Christ’s Image, зургийн хэсгээс, courtesy of C. Харрисон Конрой компанийн зөвшөөрлөөр хэвлэв.

Бид зарлигуудад дуулгавартай байснаараа мөнх амьдралыг авах боломжтой. Ингэж дуулгавартай байхад Их Эзэн Есүс Христэд итгэх, наманчлах, баптисм хүртэх, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах, Аврагчийн үлгэр жишээг дагахад эцсээ хүртэл тэвчих зэргийг шаарддаг.41 Энгийн үгээр хэлбэл бид санваарын бүх шаардлагатай ёслолыг хүлээн авч, тэдгээртэй холбогдсон гэрээнүүдийг сахин, эцсээ хүртэл тэвчих ёстой.

Мөнх бус байдлын дараах амьдрал

Бид нас барсныхаа дараа шүүгдэхээр нэгэн өдөр Аврагчийн өмнө зогсох болно.42 Бурхан нигүүлсэнгүй учраас Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, наманчилсан хүмүүс өршөөгдөж, мөнх амьдралыг болон Эцэгт буй бүхнийг өвлөн авах болно.43 Бурхан шударга учраас наманчилдаггүй хүн бүр мөнх амьдралын бэлгийг хүлээн авахгүй.44 Хүн нэг бүр өөрийн итгэл, наманчлал, бодол, хүсэл, ажил үйлсийн дагуу шагнагдах болно.45

Авралын төлөвлөгөөг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх нь

Бид авралын төлөвлөгөөний том дүр зургийг мөн энэ нь бидэнд ямар хамаатай болохыг ойлгосон үедээ үнэлж баршгүй, амин чухал зүйл болох мөнхийн талаас нь харж чадахуйц болдог. Мөнхийн талаас харах төлөв нь бидний өдөр тутмын шийдвэр, үйлс үйлдлийг тодорхойлдог. Энэ нь бидний оюун ба бодгалиудыг тогтоон барьж байдаг. Үнэмшмээр боловч мөнхийн талаасаа буруу үзэл бодлууд биднийг хүрээлэх үед бид тууштай бөгөөд хөдөлшгүй байх болно.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэлл (1926–2004) “Авралын төлөвлөгөөний буюу мөнх бус байдлын өмнөх амьдрал, шүүлт, амилуулалтын тухай ойлголтгүйгээр энэ амьдралын утга учрыг олохыг хичээх нь гурван үзэгдэлт жүжгийн зөвхөн хоёрдугаар үзэгдлийг үзэхтэй адил юм” хэмээн заажээ.46 Бид хоёрдугаар үзэгдэлд (мөнх бус амьдрал) хэрхэн хамгийн зөв сонголт хийхээ мэдэхийн тулд нэгдүгээр үзэгдлийг (мөнх бус байдлын өмнөх амьдралыг) ойлгох ёстой. Хоёрдугаар үзэгдэл нь гуравдугаар үзэгдэлд (мөнх бус байдлын дараагийн амьдралд) бидэнд юу тохиолдохыг тодорхойлдог.

Өөрөөр хэлбэл, авралын төлөвлөгөөний тухай ойлголт ба чин сэтгэлийн залбирал нь амьдралыг болон эргэн тойрондоо буй хүмүүсийг, мөн өөрсдийгөө үзэх үзлийг маань өөрчилдөг. Уг төлөвлөгөөг ойлгох нь бидний сүнслэг харааг сайжруулж, аливаа зүйлсийг байгаагаар нь харах боломжийг бидэнд олгодог.47 Урим ба Туммим нь бошиглогч Иосеф Смитэд илчлэлт ба удирдамж хүлээн авах боломжийг олгосонтой адилаар48 төлөвлөгөөний тухай ойлголт нь Их Эзэний өгсөн “ёс суртахууны сонгох эрхийн дагуу хүн болгон ирээдүйд хамаарах сургаал хийгээд зарчимд үйлдэж болохыг” үзүүлэх болно.49 Тиймээс бидний итгэл хүчирхэгжиж, бид амьдралынхаа зүг чигийг хэрхэн чиглүүлэхийг мэдэж, мөнхийн үнэнүүдтэй нийцэх шийдвэрийг гаргаж байх болно.

Бидний өнөө үед ихээхэн тустай байж болох хэдэн жишээг доор харуулав:

Бурханы төлөвлөгөөнд гэрлэлт яагаад чухал байдаг шалтгаан

illustration of a bride and groom in front of a temple

Зураг чимэглэлийг Жэймс Жонсон

Гэрлэлт, гэр бүл нь мөнх амьдралыг олж авахад Бүтээлт, Уналт, Есүс Христийн Цагаатгал, амилалт зэрэгтэй адил чухал гэдгийг Сатан мэддэг учраас тэдэн рүү дайрдаг.50 Сатан төлөвлөгөөний гол багана болсон зүйлүүдийг устгаж чадаагүй учраас гэрлэлт ба гэр бүлийн талаарх бидний ойлголтыг устгахыг эрэлхийлдэг.

Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөтэй холбон авч үзвэл, гэрлэлтийн зорилго нь тодорхой болдог. Эцэг эхээ орхин, нэг нэгэнтэйгээ гэрлэлтээр нэгдэн нийлж,51 өсөж үржин дэлхийг дүүргэ52 хэмээх зарлиг нь Түүний төлөвлөгөөг боломжтой болгодог. Бид гэрлэлтээр дамжуулан Түүний сүнсэн хүүхдүүдийг дэлхийд авчирч, төлөвлөгөөнд оролцоход хүүхдүүдэд нь туслах ажилд Түүний хамтрагчид болдог.53

Эцэгийн төлөвлөгөө нь тэнгэрлэг эцэг, эхийн маань амьдардаг мөнх амьдралыг өвлөн авах арга замыг бидэнд өгдөг. Төлөвлөгөөнд “Эзэн дотор эр хүнгүйгээр эмэгтэй хүн гэж үгүй бөгөөд эмэгтэй хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм.”54 Мөнх амьдралын утга учир нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг тэнгэрлэг эцэг эхтэйгээ адил болоход тусалдаг мөнхийн гэрлэлтийг багтаадаг.55

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох гэрлэлт

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс өвөрмөц, маш чухал ялгаатай учраас гэрлэлтэд бид нэг нэгнийхээ дутууг нөхдөг. Нөхөр, эхнэр болохын хувьд бид мөнх бус байдалд хамтдаа өсөж, дуулгавартай байснаараа Аврагчид илүү ойртож, Бурханы хүслийг биелүүлэхийн тулд золиослол хийн, хамтдаа Түүний хаант улсыг байгуулдаг. Бид мөнхийн гэрлэлт бол Бурханы зарлиг бөгөөд Тэрээр өөрийн зарлигуудыг биелүүлэх арга замыг бүх хүүхдэдээ бэлтгэж өгнө56 гэдгийг мэдсэнээрээ хийсэн гэрээнүүдээ сахих үед гэрлэлт маань амжилттай байна гэдгийг мэдэж чадна.

Бид мөнх бус байдлын саад бэрхшээлийг даван туулахдаа санваарын ёслолууд ба тэдэнтэй холбоотой гэрээнүүдийг сахихыг сонгосноороо бурханлаг байдлын хүчийг хүлээн авах болно.57 Ариун сүмийн ёслолууд нь бидэнд дээрээс хүч чадал өгч, Тэнгэрлэг Эцэгийнхээ оршихуйд буцаж очих боломжийг олгодог.58 Лацдан холбох ёслол нь нөхөр, эхнэрийг Бурханы хүчээр хамтдаа өсөж, Их Эзэнтэй нэг байхад тусалдаг.59 Үүнээс өөр байдлаар гэрлэх нь бидний болон ирээдүй хойч үеийнхний төлөөх Түүний зорилгыг биелүүлж чадахгүй.60

Сэтгэл татагдах ба дур хүсэл

Бидний хүн нэг бүр энэ унасан дэлхийд хүн төрөлхтний салшгүй сул дорой байдал буюу бэрхшээлийг амсдаг.61 Бурханы төлөвлөгөөг ойлгох нь Түүний төлөвлөгөөтэй үл нийцэх сэтгэл татагдах явдал, дур хүсэл гэх мэт хүмүүний бүх сул дорой чанарыг олж харахад тусалдаг.62 Энэ амьдралаас өмнө бид тэнгэрлэг эцэг, эхийн хайртай хөвгүүд, охид байсан гэдгээ мэдэх нь тэнгэрлэг гарал үүслээ ойлгоход тусална. Бидний сул дорой чанарууд эсвэл чиг хандлагуудаас илүүгээр Бурханы хөвгүүд, охид гэсэн ойлголт нь бидний жинхэнэ мөн чанар юм.63

Ийм ойлголттойгоор бид Их Эзэнийг илүү даруу, тэвчээртэй хүлээж,64 итгэл, дуулгавартай байдал, эцсээ хүртэл тэвчих байдлаар дамжуулан хандлага, хүслүүд маань цэвэршигдэж, бие махбод маань ариусгагдан, бид Христийн Цагаатгалаар төгс болж, Түүний жинхэнэ хөвгүүд, охид болох болно.

Энэ төлөвлөгөөний мөнхийн талаас харах үзэл нь итгэлтэй хүмүүст баталгаа өгч, “Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. …Тэнд цаашид … өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо”65 хэмээх өдөр ирэх болно. Энэхүү “найдварын төгс гэрэл”66 нь бидний оюун, зүрх сэтгэлийг хамгаалж, Их Эзэнийг тэвчээртэй, итгэлтэй хүлээхэд тусална.

Итгэлтэй тэвчдэг хүмүүст өгөгдсөн амлалтууд

Одоогийн нөхцөл байдал нь өөрсдөдөө мөнх амьдралыг авахад саад болох эсэх дээр эргэлзэж байгаа хүмүүс “Эцэгийн хүүхдүүддээ өгөхөөр бэлтгэсэн бүхнээс багыг хүлээн авахаар сонгогдсон хүн гэж байхгүй” гэдгийг санах ёстой.67

Итгэлтэй хүмүүс ямар ч адислалаа алдахгүй. Ерөнхийлөгч Лорэнзо Снөү: “Итгэлтэйгээр амьдарсан боловч боломж бүрдээгүй байснаас болж зарим зүйлийг хийж чадаагүй ямар ч хожмын үеийн гэгээнтэн ямар ч адислалаа алдахгүй. Өөрөөр хэлбэл, хэрэв залуу эрэгтэй эсвэл эмэгтэй гэрлэх боломжгүй байсан ч нас барах хүртлээ итгэлтэйгээр амьдарвал тэд гэрлэх боломжтой байсан хүмүүсийн адилаар бүх адислал, өргөмжлөл, алдар сууг хүлээн авах болно. Энэ бол баттай ба тодорхой зүйл юм” хэмээн хэлжээ.68

Төлөвлөгөөг мэддэг, өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлдэг хүмүүст зориулагдсан амлалтууд

One painting depicting a boy writing, with open books on a table, including the scriptures.  The father, next to him seated, looks at his work and rests his arm on the back of the boy's chair.  A case of books is at viewers left and french doors are at viewers left in background.

Бидний хүн нэг бүр мөнх бус байдлын өмнөх амьдралд Эцэгийн төлөвлөгөөг бүрэн дэмжсэн. Түүнийг бидэнд хайртай гэдгийг бид мэдэж байсан ба Өөрт байгаа бүхнийг болон мөнх амьдралыг бидэнд өвлүүлэх Түүний өгөөмөр занг гайхан биширсэн. Мөнх бус байдлын өмнөх амьдрал дахь бидний амжилтын түлхүүр нь Эцэгийн төлөвлөгөөг дэмжих явдал байсан юм. Энэ нь мөнх бус амьдралд ч бидний амжилтын түлхүүр болдог.

Тиймээс хамтдаа Эцэгийн төлөвлөгөөг дэмжихээр дахин хамтдаа зогсохыг би уриалж байна. Бид бүх хүнд хайртай учраас үүнийг хийдэг. Учир нь уг төлөвлөгөө нь өөрөө Бурханы хайрын илэрхийлэл юм.

Бид Эцэгийн төлөвлөгөөний талаарх ойлголтоо өдөр тутам амьдралдаа ашигладаг байвал бидний амьдрал илүү утга учиртай болно. Бид зовлон бэрхшээлтэйгээ илүү агуу итгэлтэйгээр нүүр тулж чадна. Бид мөнх амьдралын баттай, тод найдвар тээн, урагш тэмүүлэх болно.