2015
Аврагчийн арга барилаар хэрхэн удирдахыг өсвөр үеийнхэнд заах нь
2015 оны аравдугаар сар


Аврагчийн арга барилаар хэрхэн удирдахыг өсвөр үеийнхэнд заах нь

Өсвөр үеийнхэн маань зөвхөн ирээдүйн удирдагчид биш юм. Тэд өнөөдрийн удирдагчид. Аврагчийн арга барилаар удирдахад нь бид тэдэнд тусалж чадна.

Youth preparing food for service project in Puerto Rico

Өсвөр үеийнхний эцэг эх, удирдагчдад хандан Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар бидний олох ёстой нарийн тэнцвэртэй байдлын тухай ярьсан юм: “Залуу хүмүүсийг үйлдэхэд нь урь. Та нар дэргэд нь байх хэрэгтэй ч замаас нь холдох хэрэгтэй. Та нар бүх зүйлийг удирдахгүйгээр зүг чигийг заах ёстой.”1

Эцэг эхчүүд болон удирдагчид залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийг зөв шударга байдлаар удирдаж мөн дэлхий дээр Бурханы хаант улсыг байгуулахад тэднийг бэлтгэх зарчмуудаас суралцахад нь тусалж чадна.

Би 14 настай байхдаа гайхалтай удирдах чадвартай залуу эмэгтэйчүүдтэй танилцсан. Тэр үед миний гэр бүл Нэгдсэн Улс дотроо нүүж, нэгэн шинэ тойргийн гишүүд болцгоосон байсан юм. Би тухайн үед Миа Мэйд ангийн ерөнхийлөгчийн зөвлөлд хэн үйлчилж байсныг одоо санадаггүй боловч залуу эмэгтэйчүүд надад найрсаг хандаж байсныг тод санадаг. Тэд шинээр ирсэн, айж эмээсэн, туранхай охиныг удаан уулзаагүй найз шигээ халуун дотно хүлээн авч билээ. Би Делавэрт байхдаа дунд сургуулийнхаа цорын ганц мормон охин байсан бөгөөд миний мэдэх цорын ганц энэ мормон охин манай гэрээс машинаар 1 цаг явж хүрэх зайд амьдардаг байсан. Тиймээс би дотроо “Энэ чинь л диваажин даа!” гэж бодож билээ.

Амьдралдаа анх удаа би Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь жишгүүдийн дагуу амьдардаг, намайг үйл ажиллагаанд урьдаг, сайн мэдээний талаарх гэрчлэлээ надтай хуваалцдаг найзуудтай болсон юм. Тэдний өгөөмөр хайрын жишээнүүд тухайн үедээ намайг ямар ч хэлсэн үгээс эсвэл хичээлээс илүүтэй Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд бат бөх үлдээж чадсан билээ. Тэд хайр ба Христийнхтэй адил гэрлээрээ дамжуулан Христийн сайн мэдээний элчүүд байж, Түүний сүрэгт намайг хөтлөн оруулсан хүмүүс байсан юм.

Чухам юу миний найзуудыг ийм агуу удирдагчид болгосон бэ?

Нэгэн залуу номлогч удирдлагын зарчмыг маш энгийн байдлаар тодорхойлсон. Тэр: “Бид Их Эзэний хүслийн дагуу үйлдэн, бидний тусламж хэрэгтэй байгаа хүнд тусалж, зөв газар зөв цагтаа байх хэрэгтэй. Энэ нь биднийг удирдагч болгодог” гэжээ.2 Өөрсдийн мөн чанар, өөрсдийн дотор гэрэлтдэг Христийн гэрлээр дамжуулан Сүм даяарх итгэлтэй залуу эрэгтэй, эмэгтэйчүүд Аврагчийн арга барилаар удирдаж, “бусдыг Есүс Христийн жинхэнэ дагалдагчид болоход нь туслах”3 чадвартай байдаг.

Удирдагчдын хувьд бид залуу эрэгтэй, эмэгтэйчүүдээ удирдан, чиглүүлж, тэдний хажууд алхдаг. Гэхдээ ням гаргийн хичээлүүдийг сонгох, үйл ажиллагаануудыг төлөвлөх зэргээр анги, чуулгуудын ажлыг удирдаж, чиглүүлэх нь чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн үүрэг юм. Анги, чуулгын удирдагчид санваарын түлхүүр атгадаг хүмүүсийн удирдлаган дор дуудагдаж, онцгойлон адислагддаг. Тиймээс тэд бусад өсвөр үеийнхнийг удирдаж, хүчирхэгжүүлэх эрх мэдэлтэй. Тэд Аврагчийн үлгэр жишээг даган, Түүн шиг үйлчилж, Түүн шиг тохинуулж сурдаг.

Өсвөр үеийнхэнд удирдах боломж олгох нь

Удирдах боломж гэр бүлээс эхэлдэг. “Эцэг эх ба удирдагч байхаар Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь гэртээ сайн мэдээний зарчмуудаар тогтмол, хичээнгүй амьдарч, үлгэр жишээгээр удирдахаас эхэлдэг” хэмээн Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс заасан. “Энэ нь өдөр бүр амлаж, хичээл зүтгэл гаргахыг шаарддаг.”4 Эцэг эхчүүд Христийн сургаалыг заадаг. Тэд өсвөр үеийнхнийг зорилго тавьж, биелүүлэхэд тусалдаг. Хувийн хөгжил дэвшил, Бурханы өмнө хүлээсэн үүрэг нь Есүс Христийн талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэх, ариун нандин гэрээнүүдийг хийж мөн сахихад бэлтгэх, тэнгэрлэг үүргээ гэр бүлдээ болон Сүм дээр биелүүлэхэд нь өсвөр үеийнхэнд тусалдаг.

Сүм дээр Аароны санваарын болон Залуу эмэгтэйчүүдийн удирдагчид чуулах, ангийн ерөнхийлөгчийн зөвлөлүүдэд үйлчилж буй өсвөр үеийнхэнд ариун нандин үүргүүдээ ойлгох, мөн чуулга, ангийн бусад гишүүнийг харж хандан, хүчирхэгжүүлэх дуудлагаа ойлгож, эрхэмлэн биелүүлэхэд тусалж чадна.

Насанд хүрсэн удирдагчдын хувьд бид өсвөр үеийнхнийг чуулга ба ангийн хурал, мючелийн үйл ажиллагаануудыг бэлтгэж мөн хөтлөхөд бэлтгэдэг. Өсвөр үеийнхнийг ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлууд дээр асуудал бэрхшээлтэйгээ тэмцэж байгаа хүмүүст туслах арга замуудыг тодорхойлон, бүх өсвөр үеийнхнийг ням гаргийн хичээлд хамруулах, үйл ажиллагаа, үйлчлэл, аялал, чуулгануудыг төлөвлөх үед нь бид тэдэнтэй уулздаг.

Бид өсвөр үеийнхний ерөнхийлөгчийн зөвлөлүүдийг чуулга, ангийн бүх гишүүндээ гишүүн номлогчийн ажил болон хөрвөгчид ба идэвх султай гишүүдийг идэвхжүүлэх, ариун сүм ба гэр бүлийн түүхийн ажил болон сайн мэдээг заах зэрэг авралын ажлын бүх хэсэгт оролцоход нь туслахад урамшуулдаг.5 Өсвөр үеийнхний ерөнхийлөгчийн зөвлөлүүд бүх залуу эрэгтэй, эмэгтэйд Аврагчийн нэрээр үйлчилж, Түүний хоньдыг тэжээхийн баяр баясал, адислалыг мэдэж авахад тусалдаг.

Удирдагчийн ажилд сайхан тараах материал, баримт фактаар дүүрэн лекц тийм ч чухал биш. Удирдагчийн ажил нь залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийг Аврагчийн арга барилаар удирдахад нь тэдэнд туслах зарчмуудаас суралцаж, хэрэгжүүлэхэд тусалдаг. Доор дөрвөн зөвлөгөө өгөв.6

Сүнслэг байдлын хувьд бэлтгэ

Family members sitting in the living room or family room of their home.  They are reading the Church magazines.

Хувиараа сүнслэг байдлын хувьд бэлтгэхийн хүчийг ойлгоход нь өсвөр үеийнхэнд тусал. Ариун ёслолд хийдэг гэрээнүүддээ итгэх итгэлээ хөгжүүлэхийг тэдэнд заа. Христийн нэрийг өөрсөд дээрээ авах, Түүнийг дурсан санах, Түүний зарлигуудыг сахихад бэлэн байх нь тэдэнд Ариун Сүнсний нөхөрлөлтэй хамт байх боломж олгодог. Тэд Ариун Сүнсний өдөөлтүүдийг хүлээн авч, таньж мэдэн, тэдгээрийн дагуу үйлдэх боломжтой үедээ ганцаараа байдаггүй.

Тэд чин сэтгэлээсээ залбиран удирдамж эрэлхийлэх, судраас суралцан хариултуудаа хайх зэрэг арга замаар сүнслэг байдлаараа бэлтгэж байдаг. Тэд зарлигуудыг сахихыг хичээдэг. Ингэснээр Ариун Сүнс тэдний зүрх сэтгэл, оюунд ярьж, хэнд тэдний тусламж хэрэгтэй байгааг мөн юу хийж чадахаа тэд мэдэх болно. Тэд анги эсвэл чуулгын гишүүн бүрийн төлөөх Христийн цэвэр хайрыг мэдрэх болно.

Сүнслэг бэлтгэл нь өсвөр үеийнхэнд Их Эзэний үйлчлэгчид гэдгийг нь, мөн Түүний ажлыг хийж байгаа гэдэгт итгэх итгэлийг өгнө (С ба Г 64:29-ийг үзнэ үү).

Зөвлөлд оролц

Өсвөр үеийнхнийг Их Эзэний Сүмийг удирддаг, мөн хувь хүн, гэр бүлүүдийг адисалдаг тэнгэрлэг үйл явц болох зөвлөлд оролцох үед зөвлөлийн үндсэн дэг журмыг болон илчлэлт авах хүчийг тэдэнд заа.7 Бишопын залуучуудын хороо, чуулга, ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлууд нь өсвөр үеийнхэн үүргүүддээ суралцах мөн бусдад үйлчлэх үүрэг хариуцлага хүлээн авдаг зөвлөлүүд юм.

Зөвлөлийн гишүүд:

  • Түлхүүрүүдийг атгадаг санваарын удирдагчидтай нэгдмэл байж, тэдний өгсөн удирдамжийг дагадаг.

  • Өөрсдийн бодол, санааг зөв шударга болон ариун байдал, итгэл, ариун журам, тэвчээр, энэрэл, ах дүүсэг ёсны нинжин сэтгэлээр хуваалцдаг.

  • Ариун Сүнсээр удирдуулан тусламж хэрэгтэй хүмүүст туслахын тулд юу хийхээ төлөвлөхөөр хамтдаа ажилладаг.

Бусдад үйлчил

Өсвөр үеийнхэн хайр, сайхан сэтгэлээр үйлчлэх үедээ Аврагчийн арга барилаар удирддаг. Иосеф Смит: “Хүмүүсийг гараас нь хөтөлж, анхааралтай харж хандахаас илүү, нүглээ орхиход хүргэдэг зүйл гэж үгүй. Хүмүүс надад жаахан ч атугай сайхан сэтгэл, хайрыг үзүүлэхэд энэ нь миний оюунд ямар их хүчтэй нөлөөлдөг гээч” хэмээн заасан.8

Аврагч бодгаль бүрийн үнэлж баршгүй үнэ цэнийн талаар заасан (С ба Г 18:10–15-ыг үзнэ үү). Есүс Христ амиа өгч, Өөрт нь ирэх замыг бүх хүнд нээж өгсөн гэдэг алдар суут үнэнийг ойлгоход өсвөр үеийнхэнд тусал. Их Эзэний жинхэнэ үйлчлэгчид Түүний хийсэн зүйлд талархаж, Аврагчийн өмнөөс бүхнээ золиосолсон залуу эрэгтэй, эмэгтэй бүрд өгөөмөр хайраар хүрч үйлчилдэг.

Есүс Христийн сайн мэдээг заа

Залуу эрэгтэй, эмэгтэйчүүдэд сайн мэдээ заах боломжийг таньж, үлгэр жишээгээрээ дамжуулан хамгийн сайн зааж чадна гэдгийг ойлгоход нь тусал. Өсвөр үеийнхэн бошиглогчдын үгс ба Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь жишгүүдийг даган амьдарснаараа Аврагчийн арга барилаар удирдаж байдаг. Тэд өөрсдийн үг, үйлдлийн үнэнч шударга байдлаар дамжуулан Есүс Христийн жинхэнэ шавь байх гэдэг нь юу гэсэн үг болохыг харуулдаг. Тэд хоёр нүүр гаргалгүйгээр Түүний гэрчүүд болон зогсдог. Дараа нь тэд гэрчлэл хуваалцан, ням гаргийн хичээл заахад тусалж, сайн мэдээний үнэнүүдийг найзуудтайгаа хуваалцах үедээ Ариун Сүнсээр дүүргэгдэж, үгс нь хөрвүүлэх хүчтэй байх болно.

Аврагчийн арга барилаар удирд

Аврагчийн арга барилаар удирдах нь ариун нандин боломж бөгөөд өсвөр үеийнхнээс гэртээ болон Сүмд, мөн нийгэмд Их Эзэнд үйлчлэхдээ чадах бүхнээ хийхийг шаардах болно. Аврагчийн арга барилаар удирддаг залуу эрэгтэй, эмэгтэйчүүд нь Есүс Христийн сайн мэдээний захиас болон хэн нэгний залбирлын хариу, мөн тусламж хэрэгтэй хүмүүст тэнгэр элч, дэлхийд Христийн гэрэл болдог.

Эшлэлүүд

  1. Дэвид А.Бэднар, “Өсвөр үеийнхэн ба гэр бүлийн түүх,” lds.org/youth/family-history/leaders.

  2. Кэрол Ф.Макконки эгчийн ач хүүгээс ирсэн захидал, 2015 оны 3-р сарын 13.

  3. Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 3.1.

  4. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс, “Бурханы өмнө бидний хүлээсэн үүрэг: Өсвөр үеийнхний эцэг эх, удирдагчдын үүрэг зорилго,” Лиахона, 2010 оны 5-р сар, 95, 98.

  5. Гарын авлага 2, 5-ыг үзнэ үү.

  6. Гарын авлага 2, 3,2-ыг үзнэ үү.

  7. Гарын авлага 2, 4,1-ыг үзнэ үү.

  8. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 394, 428.