Тусламж авсан нь
Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.
Шөнө дунд өнгөрч байсан ч Тэйт ярилцах цаг болсон гэдгийг мэдэж байв.
“Тэнгэрлэг Эцэг минь би одоо залбирч байна, намайг өдөр бүр удирдаж мөн хамгаалаач” (Children’s Songbook, 19).
Тэйт харанхуйд сэрүүн хэвтэж, нулимстай нүдээ цавчилж байв. Тэр тусламж хүсэн залбирсан боловч бараан хар үүл түүний дээр байж, Сүнсийг холдуулсан мэт санагдаж байлаа.
“Би тэр телевизийн муухай нэвтрүүлгийг мартаж чадахгүй бол яах вэ?” гэж тэр санаа зовов.
Хэдэн өдрийн өмнө тэр гэрийн даалгавраа эрт дуусгаад, зурагтаа асаажээ. Гэвч тэр тийм зүйл гарч байна гэж бодоогүй байсан юм. Тэйт маш их цочирдсон учраас зурагтаа тэр даруй унтраахаа мартсан байв.
Энэ нь нэг ослын тухай байжээ. Тэр ийм зүйл үзье гэж бодоогүй боловч үүнийг одоо мартаж чадахгүй байлаа. Заримдаа энэ нь хичээлийн үеэр, оройн хоолон дээр, бүр сүмийн цуглааны дундуур түүний толгойд орж ирж байв. Ийм үед ээж, аав хоёр нь түүний бодлыг мэдэж чадахгүйд тэр баяртай байлаа. Тэйтийн эцэг эх нь түүнд хувцасгүй хүмүүсийн зургийг харж болохгүй гэж заасан. Мөн тэд түүнийг хүчирхийлэл харуулсан телевизийн нэвтрүүлэг, кино, видео тоглоомоос зайлсхийхийг хүсдгийг тэр мэдэж байв.
“Би яагаад гэдгийг одоо мэдлээ” гэж Тэйт өөртөө бувтнан хэлэв.
Тэйт орноосоо босоод, дахин өвдөг сөгдлөө. Тэр юу хийж чадах вэ?
“Тэнгэрлэг Эцэг” гэж Тэйт шивнэв. “Харсан зүйлээ мартахад минь туслаач.” Тэр нулимсаа арчиж, сонслоо. Түүний зүрх хурдан цохилж байв. Тэр Ариун Сүнсний өдөөлт мэдрэгдэж байна гэж бодсон боловч энэ нь түүний хүссэн хариулт биш байжээ.
Тэр эцэг эхдээ хэлэх хэрэгтэй байв.
“Яагаад?” гэж Тэйт бодлоо. Тэр шөнө дунд бяцхан хүүхэд шиг аав, ээжийнхээ өрөөнд орохоос ичиж байлаа. Тэгээд бас тэдэнд хэлэх гэж үү? Тэр дахиад л ичиж мөн айж эхлэв.
Тэгтэл түүнд Тэнгэрлэг Эцэг түүнийг аз жаргалтай байгаасай гэж хүсдэг гэсэн нэгэн бодол төрсөн байна. Тэнгэрлэг Эцэг түүнийг Сүнсийг дахин мэдэрч, сайн зүйлүүд бодож, мөн гэр бүлийнхэнтэйгээ шударга байгаасай гэж хүсдэг. Ялангуяа Тэр Тэйтийг хэдэн сарын дараа 12 нас хүрэхдээ зохистой Аароны санваартан болоосой гэж хүсдэг. Тэйт харсан зүйлээ хэлэхгүй нууцлаад байвал аз жаргалгүй хэвээр байх болно гэдгээ ойлгожээ.
Тэйт өөрт нь тусламж хэрэгтэй гэдгийг мэдсэн бөгөөд Ариун Сүнс тусламж хаанаас авахыг түүнд хэлсэн юм.
Тэйт орныхоо дэргэдэх цагийг харав. Шөнийн нэг цаг болох гэж байлаа. Тэр босоод аав, ээжийнхээ өрөө рүү орохоор харанхуйд алхлаа. Сандарсан байдалтайгаар тэр тэдний өрөөний хаалгыг тогшжээ.
“Ээж ээ, аав аа”
“Тэйт чи юү?” гэх ээжийнх нь нойрмог дуу гарлаа.
“Ямар нэг юм болоо юу?” гэж аав нь асуув.
“Тийм” гэж Тэйт хэллээ. “Ярилцаж болох уу? Би адислал авч болох уу?”
Аав нь орныхоо хажуугийн гэрлийг асаагаад, Тэйтийг орж ирэхийг хүсэв. Олон өдөр өнгөрсний дараа Тэйт одоо л нэг дулаахан мэдрэмж ба найдвар, гэрлийг мэдэрсэн юм.