Хожил авчирсан шийдвэр
Хожиж буй багт тоглох боломж гарч байхад тэр яаж үгүй гэж хэлж чадах билээ?
“Хүндэтгэлийн өдрийг, үүнийг ариунаар хадгалахын тулд сана” (Moзая 13:16).
Миранда урд хаалгаар хурдхан орж ирээд, байшин нь зуны гаднах халуунаас сэрүүхэн байгаад баяртай байлаа. Тэр хөлбөмбөгийн улирлын сүүлчийн тоглолтоо хийгээд хөлөрсөн байсан ба Тийл Турбос багийг хожигдсонд бухимдаж байв. Дахиад л.
Ээж усны сав ба тэмцээний үеэр илүү гарсан ууттай зүссэн жүржийг барьсаар өрөөнд орж ирэв. “Чи маш сайн тоглосон. Хаалгач байна гэдэг бол хэцүү ажил.”
Миранда сайн тоглосон. Тэр маш олон цохилтыг хааж, ердийнхөөсөө илүү хүчтэй өшиглөсөн. Гэвч түүний багийн бусад охидын ихэнх нь урьд өмнө хэзээ ч хөлбөмбөг тоглож байгаагүй бөгөөд өнөөдрийн тоглолттой нийлээд энэ улирлын бүх тоглолтонд хожигдсон байлаа.
“Би хааяа ч гэсэн хождог багт тоглодог байсан ч болоосой” Мирандагийн нүднээс хэдэн дусал нулимс урсаж, түүний цэнхэр ногоон өмсгөл дээр дусав. Түүнийг нүдээ аних үед утас дуугарав.
Ээж утас аваад хэсэг хугацааны дараа “чамтай ярья гэж байна” гэж хэлэв.
“Сайн уу, Миранда юу? Би Чили Кикэрс багийн дасгалжуулагч Том байна. Би өнөөдөр чиний тоглохыг үзсэн. Чи маш сайн байсан.”
Мирандагийн зүрх хурдан цохилж эхлэв. Чили Кикэрс бол хөлбөмбөгийн лигийн хамгийн шилдэг баг байв.
“Манай баг ирэх сард бүсийн аваргын тэмцээнд явах гэж байгаа. Чи өнөөдөр маш сайн тоглосон болохоор би чамайг бидэнтэй хамт нөөц хаалгачаар яваасай гэж хүсэж байна.”
Мирандагийн зүрх амаар нь гарах дөхөв. Энэ бол хожиж буй багт тоглох түүний боломж байсан юм.
“Би хамт явахыг хүсэж байна!” Миранда ингэж хэлжээ. Тэд зарим тодорхой зүйлийн талаар хэдэн минут ярьсны дараа тэр утсаа тавиад, ээждээ хэлэхээр нөгөө өрөө рүү гүйв. Тэр хоёр хамтдаа гэр бүлийнхээ хуанли дээр бэлтгэл ба тэмцээний өдрүүдийг бичиж эхлэв.
Гэнэт ээж нь бичихээ больж, балных нь үзүүр хуанлийн нэг дөрвөлжин нүдэн дээр эргэлдэж байлаа.
“Яана аа. Миранда, тэмцээнүүд ням гарагт болох юм байна. Үүнийг хар даа.” Тэр тэмцээний хуваарийг заагаад, Миранда руу санаа зовсон байдалтай эргэж харав. “Бид яах ёстой гэж чи бодож байна?”
Миранда гуниглаж, боломжит хувилбаруудаа бодох зуураа уруулаа хазаж байв. Хэрэв гуйвал ээж нь түүнийг тоглуулж магадгүй. Гэхдээ түүнийг ням гарагт тоглож, сүмийн цуглаанд сууж чадахгүй гэж бодохоор түүнд таагүй мэдрэмж төрж байв. Ням гараг бол сүмд явж, Тэнгэрлэг Эцэгийг шүтэн бишрэх өдөр бөгөөд тэр хөлбөмбөг тоглох юм бол тэдгээр зүйлийг хийж чадахгүй гэдгээ мэдэж байв.
“Би түүн рүү буцаж залгаад, тоглож чадахгүй гэдгээ хэлэх хэрэгтэй байх” гэж Миранда хэлэв. Тэр уйлахгүй байхыг хичээж байв. Хэдийгээр энэ нь зөв сонголт гэдгийг тэр мэдэж байсан ч маш их хүссэн зүйлээсээ татгалзана гэдэг хэцүү байлаа.
“Намайг юу бодож байгааг чи мэдэх үү?” Ээж нь охиноо чанга тэвэрч хэлэв. “Чи бол гайхалтай сайн хүүхэд.”
Тэр ням гарагт Миранда Хүүхдийн хэсэгт сууж байхдаа өөрийнхөө гаргасан зөв шийдвэрийнхээ талаар боджээ. Мирандаг утсаар ярьж, ням гарагт хөлбөмбөг тоглож чадахгүй гэж хэлэхэд дасгалжуулагч гайхжээ. Тэр түүний бодлыг өөрчлөхийг хичээсэн боловч Миранда гаргасан шийдвэрээ өөрчилсөнгүй. Миранда Хүүхдийн хэсгийн дуунууд ба хичээлийг сонсож байхдаа инээмсэглэв. Зүрх сэтгэлдээ мэдэрсэн амар тайван мэдрэмж нь түүнд зөв газраа байгаа гэдгийг хэлж байлаа. Эцсийн эцэст тэр жинхэнэ хожил авчирсан шийдвэр гаргасан юм.