2015
Бидний амьдралыг өөрчлөх үгс
2015 оны аравдугаар сар


Бидний амьдралыг өөрчлөх үгс

Гана дахь нэгэн дүүргийн зөвлөл хамтдаа зөвлөлдөж, орон нутаг дахь нөөц бололцоогоо ашиглах нь хувийн өсөлт хөгжил, бусдад үйлчлэх боломжийг бий болгодгийг харуулав.

illustration of people helping each other climb a tower of books

Зураг чимэглэлийг Тэйлор Каллэри

Ганын Вида Осэй эгч англиар уншиж, бичиж сурахыг хүсжээ. Тэрээр орон нутагтаа хэрэгждэг хөтөлбөрүүдийг туршиж үзсэн боловч шантран, хэдэн долоо хоноод л хөтөлбөрөөс гардаг байв. Нэг ням гарагт тэр хоёрдугаар салбарын цуглаанд оролцож байхдаа Асаманкэсэ дүүрэг англи хэлний сургалт явуулж байгааг олж мэджээ. Тэр боломжийг ашиглан, бүртгүүлээд үзэхээр шийдсэн байна.

Удалгүй тэрээр энэ хөтөлбөр бусдаас ялгаатай болохыг мэдэв. Тэрээр сүмийн найзуудтайгаа хамт сурах боломжтой болжээ. Судрууд сургалтын материалд ашиглагддаг учраас тэр англи хэл, сайн мэдээ хоёрыг нэг дор сурах болов.

Хичээл эхэлснээс хоёр сарын дараа Вида ангидаа анх удаа залбирч үзжээ. Гурван сарын дараа тэр анх удаа ариун ёслолын цуглаан дээр үг хэлсэн бөгөөд Африкийн нэг хэл болох тви хэлээр, бас англиар үг хэлжээ. Дөрвөн сарын дараа тэрээр оёдлын бизнесийнхээ захиалга, зарлага, үнэ ханшийг хуучирсан дэвтэрт бичиж эхэлсэн байна. Тэр үйлчлүүлэгчидтэйгээ харилцахдаа алдаа гаргах нь бага болж, материалаа хямд үнээр авдаг болж, мөн өмнөх сард олсноосоо илүү их мөнгө олжээ.

“Би хүмүүстэй хамт энэ хичээлд суухаас ичиж байсан” гэж тэр хэлэв. “Гэсэн хэдий ч бичиг үсэг заах анги цуглааны байранд хичээллэж, миний таньдаг гишүүд оролцож байсан нь надад урам зориг өгсөн. Одоо би судруудыг уншиж чадах төдийгүй англиар уншиж, бичиж байгаа учраас бизнес маань сайжирч байгаа.

Африкийн Саб-Сахарын орнуудад олон хүн, ялангуяа эмэгтэйчүүд уншиж, бичиж чаддаггүй. Бичиг үсэг тайлагдаагүй байдал өргөн тархсан учраас “ямар нэг зүйл нуухыг хүсвэл номон дотор бич” гэсэн Африкийн зүйр цэцэн үг хүртэл байдаг. Вида шиг хожмын үеийн гэгээнтэн эмэгтэйчүүдийн хувьд бичиг үсэгтэй болох боломж нээгдэж байна.

Даван туулах ёстой саад бэрхшээл

Саб-Сахарын орнуудад дэд бүтэц тааруу, бүх нийтийн боловсрол хязгаарлагдмал байдгаас болж боломжууд хязгаарлагдмал байдаг. Ялангуяа охидын хувьд ийм байдаг. Сургуулийн төлбөр өндөр, охидын нийгэмд эзлэх байр суурь бага байдаг учраас уншиж сурах нь олон хүнд боломжгүй зүйл мэт санагддаг. Жишээ нь: Гана улсын албан ёсны хэл нь англи хэл боловч насанд хүрсэн эмэгтэйчүүдийн талаас бага хувь нь англиар ярьдаг гэсэн тоо баримт байдаг. Ганын хөдөө нутгуудад насанд хүрсэн эмэгтэйчүүдийн гуравны хоёр нь бичиг үсэгт тайлагдаагүй.

“Манай суурин, тосгодод амьдардаг насанд хүрсэн эмэгтэйчүүдийн ихэнх нь англиар ярьдаггүй” гэж Ганын Аккра баруун номлолын Абомосу дүүргийн ерөнхийлөгч Сет Оппонг хэлжээ. “Бидний төрөлх тви хэл олон зууны турш ярианы хэл байсаар ирсэн. Тви хэлний цагаан толгой саяхан бүтээгдсэн учраас цөөн хүн л уншиж чадна.”

“Эгч нар сайн мэдээний зарчим, Сүмийн бодлого журмыг ойлгохын тулд нөхрүүдээсээ, хэрэв гэрлээгүй бол найзуудаасаа тусламж авах ёстой болдог” гэж дүүргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Жеоржина Амоака хэлжээ. “Олон хүн үйлчлэх их хүсэлтэй байдаг ч гарын авлага, сэтгүүлүүдийг уншиж чадахгүй учраас Сүм дэх тэдний оролцоо хязгаарлагдмал байдаг.”

Зөвлөлөөс өгсөн зөвлөгөө

Эмэгтэйчүүд гэртээ эсвэл зах дээр англиар ярьдаггүй учраас Сүмд тэдний оролцох оролцоо нь энэ хэлийг сурах гол хөшүүрэг болдог. Гэхдээ олон жил болсон гишүүд, шинэ хөрвөгчдийн гэр бүлийнхэн бичиг үсэг заах хөтөлбөрүүдийг эсэргүүцэх явдал гардаг. Дүүргийн зөвлөл үүний талаар ярилцаж, ерөнхийлөгч Оппонг дүүрэг даяар бичиг үсэг заах сургалтын талаар салбар бүрийн санваарын болон туслах бүлгүүдийн удирдагчдад хандан ярьжээ. Уг хөтөлбөр нь бүхий л эмэгтэйчүүдэд нээлттэй хэдий ч Сүм дэх эмэгтэйчүүд дээр төвлөрөх болно. Хувь хүмүүсийг тус тусад нь биш, бүлгээр нь уривал Халамжийн нийгэмлэг, Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл хамт хамрагдан мөн бие биенээ дэмжих болно.

Салбаруудтай ярилцсаны үндсэн дээр дүүргийн удирдлагууд бичиг үсэг заах ангиудыг салбар бүр дээр ням гарагт болон долоо хоногийн дундуур хоёр удаа явуулахаар шийджээ. Тэд зургаан сар шаргуу ажилласныхаа дараа, хичээлд тогтмол сууж, заавал хийх гэрийн даалгаврыг хийж дууссан хүмүүст төгссөн гэрчилгээ олгохоор болсон байна.

Нөөц бололцоогоо хэрэгцээ шаардлагадаа тохируулах нь

“Ярианы хэлтэй хүмүүст уншиж, бичихийг заах аргаа олоход бэрхшээлтэй байсан” гэж дүүрэгт үйлчилж байсан ахмад номлогч ахлагч Жим Далтон ярьжээ. “Тви хэл нь маш олон жилийн турш цагаан толгойгүй, ярианы хэл байсаар ирсэн учраас энэ хэлээр ярьдаг ихэнх хүн бичиж мэддэггүй. Тиймээс бид эхлээд яаж бичихийг заасан.

Абомосу дүүргийн Дээд зөвлөлийн гишүүн Рансфорд Дарква нь Францис Анса, Сисилиа Аманква нарын эргэж ирсэн номлогчдод орон нутагт хийгдсэн гарын авлагыг ашиглахад нь тусалжээ. Оролцогчдод зураг үзүүлж, дараа нь харсан зүйлээ бичихийг тэднээс хүссэн юм. Энэ нь англиар бодож сурч байсан тэдэнд анхан шатны бичих чадвартай болоход нь тусалсан байна. Үндсэн чадваруудыг эзэмшсэний дараа ахисан түвшний эх сурвалжуудыг ашиглах болно.

Бэлтгэл ба шинэ санаачлага

Хөтөлбөр эхлэхээс өмнө бичиг үсгийн мэргэжилтнүүд багш нарт суралцах арга барилыг заахаас гадна эрүүл ахуйн болон гэр бүлд хэрэг болох чадваруудыг хэрхэн заах талаар сургалт өгчээ. Хэдийгээр сургалт маш сайн байсан ч гэсэн зарим нэгэн бэрхшээлийг урьдчилан таамаглах боломжгүй байв. Ойр ойрхон цахилгаан тасардгаас болж оройн ээлжийн ангийн хичээлийг явуулахад хүндрэл учирч байлаа. Мөн танхай алтны уурхайчид орой үдэш гудамжаар явж байна гэсэн цуу яриа хүмүүсийн санааг зовоож, сүмийн байрны түлхүүртэй хүмүүс заримдаа цагтаа ирж сүмийн байрыг онгойлгож чаддаггүй байв.

Дүүргийн зөвлөл юу хийх хэрэгтэйгээ ярилцав. Тэдний өгсөн зөвлөгөөний дагуу хүмүүс бүлэг бүлгээрээ ангид хамт ирж эхлэв. Тэдэнд явах замаа гэрэлтүүлэх гар чийдэн өгчээ. Цахилгаан үүсгүүр ашиглан, Сүмийн байрны гэрэлтүүлгийг асаахыг орон нутгийн удирдагчид зөвшөөрчээ. Байрнуудын ойролцоо амьдардаг, итгэл даах гишүүдэд байрны түлхүүрийг өгснөөр тэд байруудыг цагтаа онгойлгох боломжтой болов.

Төгсөлтийн үеэр хийсэн танилцуулга

Гишүүд, сонирхогчид нийлсэн жаран таван хүн хөтөлбөрийг эхлүүлжээ. Дөчин гурав нь бүх хичээлийг үзэж, гэрийн даалгавраа хийсэн байна. Төгсөлтийн үеэр тэднийг богино танилцуулга хийхэд урив.

Participants, family members, and friends celebrate at graduation ceremonies for the district-sponsored literacy program.

“Бичиг үсэг заах хөтөлбөр эхлэхээс өмнө би огт уншиж чаддаггүй байсан” гэж Санкубэнасэ салбарын Сандра Обэнг Амо хэлэв. “Нөхрөө ажлаар хол явахад би хэзээ ч гэр бүлийн үдэш хийдэггүй байсан. Хэдэн долоо хоногийн өмнө нөхрийг маань байхгүй байхад том хүү минь надад гарын авлагаас уншихад тусалж, би хүүхдүүддээ англиар хичээл заав. Түүнээс хойш би нөхрөө байхгүй үед долоо хоног бүр хичээл заадаг болсон.

Англи хэл сайн мэдэхгүй боловч Абомосу хоёрдугаар салбарын итгэлтэй гишүүн хэвээр байгаа Проспэр Гаяакэтэ өөрийн бичсэн гурван өгүүлбэр бүхий гэрчлэлээ уншсан юм. Тэр энэ ангид суухаасаа өмнө уншиж, бичиж чаддаггүй байсан бол одоо хүүхдүүддээ гэрийн даалгавраа хийхэд нь тусалж чаддаг болсон гэж хэллээ. “Би мэдсэн сурсан зүйлдээ талархалтай байгаа. Одоо би илүү сайн аав байж чадна” гэж тэр хэлэв.

“Одоо би судруудыг уншиж чадна” гэж Квабэнг салбарын Кваку Сасу хэллээ. “Өмнө нь би Мормоны Номыг уншиж чаддаггүй байсан ч гэсэн үнэн гэдгийг нь мэддэг байсан. Одоо би энэ номыг уншиж байхдаа үнэн гэдгийг нь мэддэг. Миний гэрчлэл улам бүр өсөж байгаа.”

Асунафо салбарын Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд пүрэв гараг бүр нэг нэгэнтэйгээ зөвхөн англиар ярих цаг гаргажээ. “Тэр өдөр бид нэг нэгэндээ хэлэх оновчтой үгсээ олохгүй байсан учраас яриа минь сунжирдаг байсан” гэж Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Эвилин Агиеваа хэлэв. “Гэвч бид удалгүй нэг нэгэндээ орчуулж өгч, зөв үгнүүдээ олдог болсон. Бид хамтдаа суралцаж байсан учраас нэг ч хүн ичихгүй, буруу үг хэлэхээсээ айхгүй байсан. Бид зүгээр л бие биедээ тусалсан.”

Ашиг тусаа бялхтал өгч байна

Абомосу дүүргийн бичиг үсэг заах хөтөлбөрийг дүүргэсэн эмэгтэйчүүд өөрсдөдөө илүү их итгэлтэй, сүмд үйлчлэх илүү их хүсэлтэй болжээ. Тэд дуудлага хүлээн авах, судраа унших, сүмд болон гэртээ заах илүү хүсэлтэй болсон юм. Түүнчлэн цөөн эрэгтэй уг хөтөлбөрийг дүүргэсэн байна. Газар тариалан эрхэлж амь зуудаг тэд ургацынхаа зардал, борлуулалтыг тооцох илүү чадвартай, мөн хүүхдүүдийнхээ гэрийн даалгаварт нь тусалж, хувиараа болон гэр бүлийнхэнтэйгээ хамт судруудаас уншиж чаддаг болжээ.

Абомосу дүүрэгт гарсан амжилтаас урам авсан зэргэлдээх Асаманкэсэ дүүрэг бичиг үсэг заах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв.

“Уншиж, бичих чадвартай байх нь бидний болон хүүхдүүдийн маань амьдралыг өөрчилж байна” гэж Санкубэнасэ салбарын Гладис Асэду хэлжээ. “Энэ нь бидний амьдралыг өөрчилж байгаа бөгөөд бид Тэнгэр дэх Эцэгтээ талархаж байна.”

Хөтөлбөрийн оролцогчид ба гэр бүлийн гишүүд болон найзууд дүүргээс зохион байгуулсан бичиг үсэг заах хөтөлбөрийн төгсөлтийн баяраа тэмдэглэж байна.

Даавууны гэрэл зургийг Africanway/iStock/Thinkstock