Эргэцүүлэл
Хулуу юу, тарвас уу?
Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.
Зарим үед буруу сонголт гэж байдаггүй. Зүгээр л сонголт байдаг.
Аав өнгөрсөн жилийн тарьсан хулууны үр нь энэ зун тарвас тарьсан газар соёолохыг хараад нэлээн гайхсан юм. Тарвас хажууг даган сайн ургаж байсан боловч хулуу ч бас ургаж байлаа. Тэгээд аав минь хулууны ургамлыг ургуулахаар шийдсэн юм. Гэсэн ч, энэ нь тарвас ургахад саад болохыг тэр мэдэж байв.
Тиймээс тэр сонголт хийх хэрэгтэй болов. Тэрээр хулуугаа сугалж аваад, тарвасаа ургуулах, эсвэл хулуугаа зөнгөөр нь ургуулаад, тарвасаа үхүүлэхийн алийг нь ч сонгож болох байв. Эдгээрийн аль нь ч үр дүн багатай байв. Хулуу юу, тарвас уу? Энэ нь хоёр сайн зүйлийн аль нэгийг сонгох тухай байлаа.
Хооронд нь харьцуулж байгаад аав минь хулууны ургамлыг сугалж авахаар шийдэв. Тэд оройтож соёолсон учраас хожуу ургасан хулуунаас төлөвлөсөн тарвасаа сонгосон нь дээр гэж үзсэн юм.
Энэ явдал нь намайг хийдэг сонголтуудынхаа талаар бодоход, ялангуяа бусадтай хэрхэн харилцах тухай бодоход хүргэсэн. Гэр бүл, найзууд эсвэл бидний болзож, гэрлэсэн хүмүүсийн аль нь ч бай, хоёр сайн зүйлээс сонголт хийж, зөв эсвэл хамгийн сайн зүйлийг сонгоход заримдаа хэцүү байдаг. Буруу сонголт хийчихвий гэсэн айдас нь заримдаа биднийг сонголт хийх чадваргүй болгодог бөгөөд энэ айдас нь итгэлтэйгээр урагшлахад саад болдог. Гэвч үнэн хэрэгтээ зарим үед буруу сонголт гэж байдаггүй. Зүгээр л сонголт байдаг. Аав минь өөрийнхөө хувьд үнэ цэнэтэй гэгдсэн зүйл дээрээ үндэслэн, шийдвэр гаргасан. Тэр хулуугаа үхүүлэхийг хүсээгүй ч тэдгээр нь тарвасанд хохирол учруулахыг хараад харамсах болно гэдгээ мэдэж байсан.
Амьдрал дээр зарим сонголт тийм ч чухал биш байдаг. Жишээлбэл: Би өглөө юу идэх вэ? Би өнөөдөр ямар өнгийн даашинз өмсөх вэ? гэх мэт. Бид хоёр сайн зүйлийн хооронд сонголт хийх хэрэгтэй болсон үедээ миний аав шиг “Надад аль нь илүү үнэ цэнэтэй вэ?” гэж өөрсдөөсөө асууж болох юм. Тэгээд шийдвэр гаргаад, итгэлтэйгээр урагшилж, хэрэв бид алдаа гаргасан бол Их Эзэн тусална гэдэгт итгэх хэрэгтэй.
Гэвч зарим сонголт маш чухал байдаг. Ерөнхийлөгч Томас С.Монсон нэгэн удаа: “Бидний өмнө сонголтууд үргэлж гарч ирсээр байдаг. Тэдгээрийг зөв хийхэд бидэнд зориг хэрэгтэй болдог. “Үгүй гэж, мөн “Тийм” гэж хэлэх зориг. Сонголтууд маань үнэхээр бидний хувь тавиланг тодорхойлдог” хэмээн хэлсэн (“Гурван сонголт,” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 71). Ийм төрлийн сонголт хийх хэрэгтэй үед асууж болох илүү сайн асуулт бол “Их Эзэн алийг нь илүү үнэ цэнэтэйд тооцдог вэ?” гэсэн асуулт юм. Хэрэв бид энэ асуултын хариултыг мэдэж байвал өөрсдийн хүслийг Түүнийхтэй нийцүүлсний дараа уг сонголтоо хийх нь зүйтэй. Энэ нь үргэлж зөв сонголт байх болно.