2015
Асуулт, хариултууд
2015 оны аравдугаар сар


Асуулт, хариултууд

“Ээжийгээ өвчтэй байхад бид түүний төлөө мацаг барьж, залбирсан ч ээж минь нас барсан юм. Бид үүнтэй хэрхэн эвлэрэх вэ?”

Энэ бол чиний амьдрал дахь тун гунигтай үе. “Тэр яагаад эдгэрсэнгүй вэ?” гэх мэт олон асуултдаа баталгаа, хариулт авахыг хүсэх нь хэвийн зүйл юм. Би түүнтэй дахин уулзах уу? Би түүнгүйгээр хэрхэн амьдарч чадах вэ?

Есүс Христийн сайн мэдээ тайтгарал ба хариулт өгдөг. Их Эзэн “гашуудах тэд бүгд адислагдах болно, учир нь тэд тайвшруулагдах болно” (3 Нифай 12:4) хэмээн амласан. Ариун Сүнсийг эрэлхийл, учир нь Тэр бол тайтгаруулагч юм.

Залбирлууд чинь Бурханд хүрсэн эсэх дээр эргэлздэг байж болно. Тэнгэрлэг Эцэг чиний залбирлыг үргэлж сонсдог гэдэг нь баттай зүйл юм. Энэ нь үнэн гэдгийг судрууд болон амьд бошиглогчид бидэнд амладаг. Их Эзэний Иосеф Смитэд хэлсэн зүйл чамд ч бас хамаатай: “чиний залбирлууд хийгээд ах нарын чинь залбирлууд миний сонорт ирсэн” (С ба Г 90:1). Гэхдээ Тэнгэрлэг Эцэг оюун бодолдоо мөнхийн талаас нь харах үзэлтэйгээр бидний залбиралд хариулдаг гэдгийг бид санах хэрэгтэй (Исаиа 55:8–9-ийг үзнэ үү). Тиймээс бид Аврагчийн үлгэр жишээг дагаж адислалуудыг хүсдэг боловч Эцэгийн хүсэл биелэгдэхийг чин сэтгэлээсээ хүсдэг (Лук 22:42-ыг үзнэ үү).

Энэ сорилт хүнд ч гэсэн чиний хувьд өсөж хөгжих боломж байж болно. Ээж чинь эдгэрээгүй ч гэсэн чи Бурханы таалалд итгэлтэй байхад суралцаж чадна. Чи түүнийг амьдраасай гэж хүссэн нь мэдээж. Гэвч энэ мөнх бус амьдралын сорилт нь бүх үед, ялангуяа хүнд цаг үед Бурханд итгэх явдал юм. Хэрэв чи Түүнд итгэвэл, “та нарын сайн сайхны тулд бүх зүйл хамтдаа ажиллах болно” (С ба Г 90:24).

Үхэл бол төлөвлөгөөний нэг хэсэг юм.

Тэнгэрлэг Эцэгийн бидэнд зориулсан аз жаргалын төлөвлөгөөний дагуу Түүний оршихуйд буцаж очихын тулд бид үхэл, амилуулалтыг амсах ёстой. Ингэснээр бид зуурдын байдлаас үхэшгүй байдалд шилжих болно. Чи үхэл бол төлөвлөгөөний нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч, хэзээ нэгэн өдөр ээжтэйгээ дахин хамт байх болно гэдэгт итгэх хэрэгтэй. Ээж чинь сүнсний дэлхийд байгаа бөгөөд чамайг хүлээж байгаа гэдгийг сана.

Дэвид М., нас 18, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Вестерн Касай

Тэр Сүнсний дэлхийд байгаа

Ээж минь хоёр жилийн өмнө хавдартай гэж оношлогдсон. Түүний өвдөж, зовж байгааг харах нь надад хэцүү байсан бөгөөд би өөрийгөө ямар нэгэн юм хийж чаддаг ч болоосой гэж хүсэж байв. Хэдийгээр ээжийн минь бие сайжирсан ч энэ нь хүндхэн туршлага байсан. Ээж чинь өвчин, зовлонг мэдрэхээргүй газар байгаа. Түүнийг харахгүй байх нь хэцүү ч гэлээ, чи хэзээ ч ганцаараа биш. Ээж чинь чамайг үргэлж хайрлах бөгөөд сэтгэлээр унасан үед чинь Тэнгэрлэг Эцэг чамайг өргөхөд үргэлж бэлэн байх болно. Чамайг хэзээ ч ганцааранг орхихгүй. Есүс Христ дэлхийн өвдөлтийг тэвчсэн учраас Тэр чиний юу мэдэрч, туулж байгааг мэддэг. Миний хийснийг хий: Түүнд ханд, тэгвэл Тэр чиний ачааг хөнгөн болгоно.

Шило В., нас 18, Мексик, Чихуахуа

Чиний гэр бүл эргэн нэгдэх болно

Намайг дөнгөж 12 настай байхад ээж минь нас барсан. Тэр үед би Сүмийн гишүүн байгаагүй. Ээж минь өвчтэй байхад би түүний биеийг сайжраасай гэж маш их залбирсан. Би маш их итгэлтэй байсан ба Бурханд итгэж, түүний эрүүл мэнд сайжирна гэж найдаж байв. Харамсалтай нь түүний бие сайжирсангүй. Ээж минь яагаад намайг өсвөр настай байхад залуугаараа нас барсан юм бол гэж би асуудаг байсан. Би уурлаж, Бурхан байдаг эсэхэд эргэлзэж эхлэв. Одоо би Сүмийн гишүүн болсон учраас авралын төлөвлөгөөг ойлгодог. Тэр намайг хүлээж байгаа ба манай гэр бүл эргэж нэгдэх болно гэдгийг би мэднэ.

Инае Л., нас 19, Бразиль, Минас Жераис

Бэрхшээлүүд бидэнд заадаг

Миний ээж гурван жилийн өмнө нас барсан. Хэрэв чи тусламж хэрэгтэй үедээ Тэнгэрлэг Эцэг ба Аврагчид хандвал тэдэнтэй харилцах харилцаа чинь бэхжих болно. Энэ бэрхшээл хэдий хүнд ч гэсэн бас адислал байж болно гэдгийг чи ойлгоно. Амар амгалан болоод баталгааны төлөө Тэнгэр дэх Эцэгтээ залбир. Чамд зориулсан Их Эзэний төлөвлөгөөнд итгэ. Бидний хаашаа явж байгааг мөн тэнд очихын тулд юу хийх ёстойг Тэнгэрлэг Эцэг мэддэг гэдгийг хүлээн зөвшөөр. Их Эзэн чамайг хайрладаг ба чамайг баяр баясгалантай байгаасай гэж хүсдэг. Бэрхшээлүүд нь бидэнд зааж мөн биднийг хүчтэй болгох зорилготой.

Меган Б., нас 18, Канадын Онтарио

Чи түүнтэй дахин уулзана

Ээжийг минь 17 настай байхад эмээ нас барсан. Түүнийг нас барахаас хэдэн долоо хоногийн өмнө гэр бүл нь түүний төлөө мацаг барьжээ. Тэр бас санваарын адислал авсан байна. Ээжид минь амар амгаланг өгсөн гол зүйл нь дараагийн амьдралд ээжтэйгээ уулзана гэсэн мэдлэг байсан юм. Ээж минь тэр адислалыг авахуйц зохистой амьдрах зорилготой. Би энэ амьдралд түүнтэй дахин хэзээ ч уулзахгүй гэдэгтээ харамсдаг ч уулзах өдрөө тэсэн ядан хүлээж байна.

Кари Р., нас 15, АНУ, Юта