2015
Порнографын урхинаас мултрах нь
2015 оны аравдугаар сар


Порнографын урхинаас мултрах нь

Бид бүгд сексийн утга агуулгатай хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зөв хандлагаар хандаж сурах ёстой.

Silhouette of a man kneeling in prayer.  Rays of light are around him.

Даруухнаар Их Эзэн рүү эргэх нь тодорхой үнэнүүдийг хүлээн зөвшөөрөхөд хүнийг хөтөлдөг ба эдгээр үнэнийг бүрэн ойлгосон үед хүч чадал ирж, ичгүүрийн мэдрэмж арилдаг.

ЗУРАГ ЧИМЭГЛЭЛИЙГ domi8nic/iStock/Thinkstock

Би арван жилийн өмнө Ерөнхий чуулган дээр порнографын талаар үг хэлсэн юм. Би порнографын аймшигт сүнслэг үр нөлөөний талаар сэрэмжлүүлсэн бусад удирдагчийн дуу хоолойтой өөрийн дуу хоолойг нэгтгэсэн. Би дэндүү олон эрэгтэйчүүд, мөн хөвгүүд “хууль бус бэлгийн харилцааг сурталчилсан ном сонин”1 үзсэнээс болж хохирсон тухай анхааруулсан. Порнографын бүх төрөл нь хилэнцэт бөгөөд энэ нь сүнслэг мэдрэмтгий чанарт хөнөөлтэй байдаг ба санваарын хүчийг ашиглах чадварыг сулруулж, мөн эрхэм нандин харилцаануудыг сэвтүүлдэг.

Одоо 10 жил өнгөрөхөд, олон хүн бошиглогчдын сэрэмжлүүлгийг анхааран, порнографын аюулаас зайлсхийж, цэвэр үлдэж чадсанд би талархаж байна. Мөн олон хүн бошиглогчдын урилгыг анхааран сонсож, порнографаас татгалзан, шаналж шархалсан зүрх сэтгэлээ анагаан, харилцаагаа засаж, мөн дагалдагчийн замаар урагшилж байгаад талархаж байна. Гэсэн хэдий ч бидний дундаас зарим хүн, ялангуяа залуу эрэгтэйчүүд, тэр бүү хэл залуу эмэгтэйчүүд порнографын урхинд орооцолдож байгаа явдалд тун их санаа зовж байна.

Порнографын асуудал улам бүр нэмэгдэж байгаагийн гол шалтгаан бол өнөө үед бэлгийн харьцааг харуулсан үг, зураг, нөлөө хаа сайгүй байна. Тэдгээр нь кино, телевизийн нэвтрүүлгүүд, олон нийтийн сүлжээ, мессеж, утасны аппликейшн, зар сурталчилгаа, ном, дуу хөгжим болон өдөр тутмын харилцан ярианд гарч байна. Улмаар бид бүгдээрээ секс өнгө аястай мэдээллүүдээр тогтмол бөмбөгдүүлж байна.

I. Порнографт холбогдох түвшин

Газар авч буй энэ хилэнцтэй тэмцэхэд туслахын тулд порнографт холбогдох хэд хэдэн өөр төрлийн түвшингүүдийг болон тэд бүгдэд хэрхэн хариу үйлдэл үзүүлж болохыг үзүүлмээр байна.

Хэдэн жилийн өмнө порнографын талаарх бидний зөвлөгөө нь хүмүүсийг анх удаа үзэхээс сэрэмжлүүлэх эсвэл донтолтоос ангижрахад нь туслах тал дээр голлон анхаарч байсан. Эдгээр хүчин чармайлт нь чухал хэвээрээ байгаа боловч өнгөрсөн туршлага, одоогийн нөхцөл байдлуудаас үүдэн, порнографаас зайлсхийхээс эхлээд донтолт хүртэлх бүх л түвшинг хамарсан зөвлөгөө хэрэгтэй байгаа нь харагдаж байна. Порнографт автах явдлыг авч үзэхдээ: (1) санамсаргүй байдлаар өртөх, (2) зарим тохиолдолд хэрэглэх, (3) тогтмол хэрэглэх, мөн (4) өөрийн мэдэлгүй хэрэглэх (донтолт) гэсэн дөрвөн өөр төрлийн түвшин дээр анхаарал төвлөрүүлэх нь тустай юм.

  1. Санамсаргүй байдлаар өртөх. Хүн бүр л порнографыг санамсаргүй байдлаар үзсэн гэж би бодож байна. Бид энэ үед л нүүр буруулах хэрэгтэй бөгөөд цааш үзэхгүй бол энэ нь нүгэл биш. Энэ нь наманчлал гэхээсээ илүү засаж залруулах шаардлагатай алдаатай адил юм.2

  2. Заримдаа үзэх. Порнографыг заримдаа эсвэл бүр тогтмол ашигладаг байж болох ч энэ нь санаатай үйлдэл байдаг бөгөөд хилэнцэт үйлдэл юм.

    Порнограф нь бэлгийн харьцааны хүчтэй мэдрэмжүүдийг өдөөж, оргилуулдаг. Бүтээгч Өөрийн мэргэн зорилгын тулд эдгээр мэдрэмжийг бидэнд өгсөн боловч эдгээрийг зөвхөн гэрлэсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд илэрхийлэх ёстой гэсэн зарлигуудыг өгсөн. Порнограф нь бэлгийн харьцааны зөв илэрхийллийг гутааж, гэрлэлтээс гадуурх бэлгийн харьцааг хөхиүлэн дэмждэг. Порнограф үздэг хүмүүс амьдралыг бүтээх эсвэл устгах асар их хүчинд хөнгөмсөг хандаж байгаа хэрэг юм. Тийшээ бүү яв!

    Порнографыг санаатай, хэчнээн гэм зэмгүйгээр эсвэл ховор тохиолдолд үздэг байсан ч энэ нь үргэлж илүү ойр ойрхон үзэх хүслийг төрүүлж, ингэснээр бэлгийн харьцааны мэдрэмж болоод зан араншинд автуулах аюултай. Эрдэмтэд садар самуун утга агуулгатай зураг тархинд бэлгийн харьцааны мэдрэмжийг ихэсгэдэг бодис ялгаруулдаг бөгөөд энэ нь бэлгийн зан хандлагыг өөгшүүлдэг гэдгийг нээжээ.3 Ямар ч төрөл эсвэл түвшний бай, аливаа ёс суртахуунгүй бэлгийн зан авир нь хүний дотор бат бөх гэгчийн ичих мэдрэмжийг төрүүлдэг байна.

  3. Тогтмол үзэх. Порнографыг санаатай тогтмол үзэх нь хэрэглээг зуршил буюу “өөрийн мэдэлгүй хийх хэмжээнд хүртэл үргэлжилдэг зан авирын загвар”4 болгодог. Ийм зуршилтай болсон хүмүүс сэтгэл ханамж авахын тулд улам л илүүг үзэхсэн гэсэн хэрэгцээг мэдэрдэг.

  4. Өөрийн мэдэлгүй хэрэглэх (донтолт). Хүний зан авир “хараат байдалд” (энэ нь хар тамхи, архи, өөрийн мэдэлгүй мөрийтэй тоглох гэх мэт зүйл дээр хэрэглэгддэг анагаах ухааны хэллэг) орсон үедээ донтолтын шинжтэй болдог бөгөөд “амьдралын бусад бүх зүйлээс илүү чухал,” “давшгүй албадлага” болж хувирдаг.5

II. Эдгээр түвшинг ойлгохын ач холбогдол

Бид эдгээр өөр түвшинг таньснаараа порнографыг үздэг хүн бүр түүнд донтсон байдаггүй гэдгийг ойлгодог. Чухамдаа, порнографт холбогдсон ихэнх залуу эрэгтэй, эмэгтэй донтоогүй байдаг. Энэ ялгааг ойлгох нь туслахыг хүссэн эцэг эх, эхнэр нөхөр, удирдагчдад төдийгүй уг асуудалтай тэмцэж буй хүмүүст тустай юм. Хариулт нь энд байна.

Нэгдүгээрт, хүн санамсаргүй байдлаар өртөхөөс эхлээд зарим тохиолдолд хэрэглэх эсвэл тогтмол хэрэглэх, мөн (4) өөрийн мэдэлгүй хэрэглэх (донтолт) гэх мэтээр илүү гүнзгий түвшинд орох тусам үүнээс ангижрахад төдий чинээ хэцүү байх болно. Хэрэв бүх зан төлөвийг донтолт гэж буруу ангилбал порнограф үздэг хүн сонгох эрхээ болон асуудлыг давж гарах чадвараа алдсан гэж бодож магадгүй. Энэ нь засрах, наманчлах шийдвэрийг сулруулж болно. Нөгөө талаас, асуудал хэр ноцтой байгаа талаар тодорхой ойлголттой болж, тухайн байдал нь бодож байсан шиг байнгын эсвэл архаг болоогүй гэдгийг мэдэх нь хүнд үүнийгээ зогсоож, мөн наманчлах найдвар, сонгох эрхээ ашиглах нэмэлт чадварыг өгч болно.

Хоёрдугаарт, нүгэлт зан авирын бүх хэлбэрийн адилаар порнографыг санаатай үзэх нь Ариун Сүнсийг холдуулдаг. Үүнийг мэдэрсэн зарим хүн наманчлах ёстой гэсэн өдөөлтийг мэдэрдэг. Бусад хүн харин ичиж мөн худал хэлэн, гэм буруугаа нуухыг хичээдэг. Тэд түүнчлэн ичиж зовж эхэлдэг бөгөөд энэ нь тэднийг өөрсдийгөө үзэн ядахад хүргэдэг. Ийм зүйл тохиолдвол, тэд Сатаны хамгийн аймшигтай худал зүйлүүдийн нэгэнд итгэж эхлэх болно. Энэ бол тэдний хийсэн эсвэл хийж буй зүйл нь тэднийг муу хүн, Аврагчийн ач ивээлийг хүртэх зохисгүй, наманчлах боломжгүй болсон гэх мэхлэлт юм. Энэ нь зүгээр л үнэн биш. Бид Аврагчаас болон Түүний Цагаатгалаас тусламж авахад хэзээ ч оройтдоггүй.

Эцэст нь, порнографын байнгын эсвэл зуршил болсон хэрэглээг донтолт гэж нэрлэхгүй байх нь чухал. Яагаад гэвэл энэ нь нөхцөл байдлыг, эсвэл шаардлагатай наманчлал, ангижрах үйл явцын бүрэн мөн чанарыг оновчтой дүрсэлдэггүй. Хүн үйл явцын аль хэсэгт байгааг илүү сайн ойлгох нь үүнээс ангижрахад ямар ямар үйлдэл шаардлагатайг илүү сайн ойлгоход туслах болно.

III. Порнографаас зугтах нь

Одоо хувь хүмүүсийг порнографын хавхнаас хэрхэн зугтаж мөн ангижирч болох талаар ярилцъя. Энэ нь порнограф үздэгтэйгээ тэмцэлдэн, ялах гэж хичээж буй хүмүүст туслаад зогсохгүй, тэдэнд тусалдаг эцэг эх, удирдагчдад тус болох болно. Хүмүүс энэ сэдвээр эцэг эх, удирдагчидтайгаа ярилцвал порнографаас зайлсхийж мөн ангижрахдаа илүү амжилттай байх болно.6

Порнографыг санаатайгаар үзэх нь аль түвшинд байгаагаас үл хамааран эдгэрэл, цэвэр ариун байдал, наманчлалд хүрэх замаар явахдаа даруу байх, шавь байх, мөн өөрчлөгдөх хувийн төлөвлөгөө, хариуцлагатай байдал ба дэмжлэг, итгэлтэйгээр тэвчих гэсэн үндсэн зарчмуудыг дагах шаардлагатай юм.

Silhouettes of a man and woman sitting with their backs together.  They are reading scriptures.

Эдгээр үнэний дагуу үйлдэх нь хүнээс Их Эзэн Есүс Христийн шавь шиг амьдрах мөн ирээдүйд учрах уруу таталтуудыг эсэргүүцэхэд тэднийг цэвэршүүлж мөн хүчирхэгжүүлдэг зүйлүүдийг хийх амлалтыг дахин өгөхийг шаарддаг.

majivecka/iStock/Thinkstock

А. Даруу байдал

Порнограф болон үүнтэй холбоотой зан авиртай тэмцэн, үнэхээр ялахын тулд хүмүүс даруу байдлыг хөгжүүлэх хэрэгтэй (Ифер 12:27). Даруухнаар Их Эзэн рүү эргэх нь тодорхой үнэнүүдийг хүлээн зөвшөөрөхөд хүнийг хөтөлдөг ба эдгээр үнэнийг бүрэн ойлгосон үед хүч чадал ирж, ичгүүрийн мэдрэмж арилдаг. Эдгээр үнэний заримаас харуулав:

  • Бидний хүн нэг бүр нь Тэнгэрлэг Эцэгийн хайртай хүүхэд юм.

  • Бидний Аврагч, Есүс Христ хүн нэг бүрийг хайрладаг ба мэддэг.

  • Аврагчийн Цагаатгал Бурханы бүх хүүхдэд нөлөөлдөг.

  • Есүс Христийн ач ивээлээр дамжуулан бүх хүн өршөөгдөн, өөрчлөгдөх хүч чадлыг хүлээн авч чадна.

  • Бидний хүн нэг бүрд Цагаатгалын хүчийг ашиглах боломж олгодог үнэлж баршгүй сонгох эрх байдаг.

  • Порнографтай тэмцэж буй хүмүүс энэ тэмцэлд өөр хүмүүс амжилт гаргасан гэдэг баттай үнэнээс найдвар олж авч чадна.

  • Порнограф нь хилэнцэт зүйл боловч үүнийг үзэх нь хүнийг хилэнцэт болгодоггүй.

  • Ямар ч хүн порнографын хавхнаас зугтаж, бүрэн ангижирч чадах боловч энэ нь зөвхөн Цагаатгалын хүчийг ашигласнаар боломжтой болдог.

  • Порнографын хэрэглээг бүрэн наманчлахад зүгээр нэг хийхээ болихоос ч илүү зүйлийг хийх шаардлагатай болдог. Ийм наманчлал нь Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан зүрх сэтгэлийн өөрчлөлтийг шаарддаг.

Эдгээр үнэнийг хүлээн зөвшөөрөх нь тэдгээрийн дагуу үйлдэхэд хүнийг бэлтгэдэг бөгөөд энэ нь наманчилж мөн ангижрахад хэрэгтэй өөрчлөлтүүдийг хийх Их Эзэний тусламжийг хүлээн авах үүд хаалгыг нээдэг.

Б. Шавь байх нь

Эдгээр үнэний дагуу үйлдэх нь хүнээс Их Эзэн Есүс Христийн шавь шиг амьдрах мөн ирээдүйд учрах уруу таталтуудыг эсэргүүцэхэд тэднийг цэвэршүүлж мөн хүчирхэгжүүлдэг зүйлүүдийг хийх амлалтыг дахин өгөхийг шаарддаг. Үүнд өдөр тутам утга учиртай залбирах, судраас судлах, сүмийн цуглаануудад оролцох, үйлчлэл хийх, мацаг барих, мөн (бишоп зөвшөөрсөн үед) ариун ёслолоос хүртэх, ариун сүмд шүтэн бишрэх гэх мэт шашны зан үйлүүдийг хийнэ гэсэн амлалт өгөх шаардлагатай.

В. Хувийн төлөвлөгөөн дэх амлалт

Есүс Христийн даруухан дагалдагчид порнограф үзэхэд уруу татдаг гүн мэдрэмж, нөхцөл байдал, хүрээлэн буй орчноо таньж мэдэх чадварыг хөгжүүлнэ. Эдгээр өдөөгч хүчин зүйлсийг үнэлж дүгнэснийхээ дараа тэд өөрсдөдөө туслах, тэдгээрээс зугтах төлөвлөгөө боловсруулна.

  • Өдөөгч ба хийх хүсэл төрүүлөх үеүдийг таньж мэд.

  • Уруу таталтаас татгалзахад тэдэнд туслах тодорхой үйлдлүүдийг бий болго.

  • Бодол санаа, эрч хүчээ Их Эзэн рүү хандуул.

  • Зөв шударга амьдрах тэдний хувийн амлалтыг хүчирхэгжүүлэх өдөр тутмын тодорхой үйлдлүүдийг тоймлон гарга.

Хувийн төлөвлөгөө гаргаж байхдаа хувь хүмүүс Сүмийн санал болгож буй онцгой сайн эх сурвалжуудыг ашиглах хэрэгтэй. Жишээлбэл, Сүмийн overcomingpornography.org хэмээх вэбсайт нь хувь хүмүүс, тэднийг дэмждэг гэр бүлийнхэн, санваарын удирдагчдад зориулсан материалыг агуулсан байдаг. Үүнээс гадна, Сүмд хэрэгждэг Донтолтоос ангижрах хөтөлбөр нь аль ч төрлийн донтолттой тэмцэж буй бүх гишүүнд нээлттэй ба тэдний гэр бүлүүдэд ч бас тус болох юм.

Г. Хариуцлагатай байдал ба дэмжлэг

Өөрсдөд нь Аврагч хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөг Есүс Христийн даруухан дагалдагчид тэдний санваарын удирдагч байхаар Их Эзэнээр дуудагдсан мөн наманчлах боломж олгоход шаардлагатай түлхүүрүүдийг атгадаг бишопынхоо тусламжийг эрэлхийлдэг. Хэрэв тухайн хүн зөвшөөрч, бишоп сүнслэгээр өдөөгдвөл, бишоп уг хүнтэй хамт ажиллаж мөн түүнд туслах хүнийг дуудаж болно. Аль ч нөхцөл байдалд байснаас үл хамааран ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн (1910–2008) өгсөн дараах зөвлөгөө тус болно:

“Өөрийг тань боолчилсон донтолтоос салгаж өгөхийг бодгалийнхаа гүнээс Их Эзэнээс гуй. Мөн та нар бишопынхоо удирдамжийг эрэлхийлж, шаардлагатай бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах зоригтой байх хэрэгтэй.”7

Асуудал хэр ноцтойгоос шалтгаалан хүмүүс сул дорой болох үедээ хэзээ ч ярилцаж болох, мөн өөрсдийг нь хариуцлагатай байлгаж чадах итгэлтэй, туршлагатай хүний юм уу мэргэжлийн зөвлөхийн дэмжлэгийг хүсэж болно.

Д. Итгэлтэй тэвчих

Наманчилж, мөн порнографын асуудлаас ангижирсан хүмүүс үргэлжлүүлэн сонор сэрэмжтэй байх ёстой. Учир нь чөтгөр тэдний сул талыг ашиглахыг оролдох болно. Зайлсхийхийн тулд чадах бүхнээ хийж байгаа ч гэсэн санамсаргүй өртөх тохиолдол гарч болно. Хүмүүс амьдралынхаа турш Бурханаас өгөгдсөн бэлгийн мэдрэмжээ хэрхэн хянахыг сурч, мөн цэвэр ариун байх эрмэлзлээ хадгалах ёстой.

IV. Бүх хүнд нигүүлсэнгүй байх нь

Порнографын урхинд орсон хүмүүст хэрхэн хандах тухай одоо хэдэн үг хэлье. Бид бүгдэд Есүс Христийн Цагаатгал хэрэгтэй. Порнографтай тэмцэж буй, хэрэгтэй зарчим, ангижрах алхмуудыг хийж буй хүмүүст бидний нинжин сэтгэл болоод хайр хэрэгтэй. Тэднийг битгий буруутгаарай. Тэд хилэнцэт биш бөгөөд тэдэнд найдвар бий. Тэд бол Тэнгэрлэг Эцэгийн маань охид, хөвгүүд. Тэд зөв бөгөөд бүрэн дүүрэн наманчилснаараа бүх гэрээ ба Бурханы амласан ариун сүмийн адислалуудыг авахуйц цэвэр, ариун, мөн зохистой болж чадна.

Гэрлэх цаг нь ирэхэд гэрлэх хүнээ анхааралтай сонгож, мөнхийн хань байж чадах, Их Эзэний өмнө цэвэр мөн ариун сүмд орохуйц зохистой хүнийг сонгоход би залуу эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийг урамшуулж байна. Порнографын асуудлаа бүрэн наманчилсан хүмүүс эдгээр адислалыг авах нь зохистой юм.

V. Дүгнэлт

Бид амьдралынхаа турш садар самуун утга агуулга бүхий зүйлстэй таарах болно. Бид Түүний Сүнсийг үргэлж өөрсөдтэйгөө хамт байлгах (С ба Г 20:77) болно гэсэн ариун ёслолын гэрээнээс ирдэг баталгааны тусламж зэрэг Аврагчийн удирдамжтайгаар үргэлж зөв хариу үйлдэл үзүүлж чадна. Бид өөрсдийн шүтэн биширдэг Түүний адислалуудыг хүлээн авахын тулд үүнийг хийх ёстой гэдгийг би гэрчилж байна. Үүнийг хийснээр бид Аврагчийн амар амгаланг илүү бүрэн дүүрэн хүлээн авч, өргөмжлөлд хүрэх зам дээр үлдэх болно.

Эшлэлүүд

  1. Даллин Х.Өүкс, “Pornography,” Лиахона, 2005 оны 5-р сар, 87–90-ийг үзнэ үү.

  2. Даллин Х.Өүкс, “Sins and Mistakes,” Ensign, 1996 оны 10-р сар, 62–67-г үзнэ үү.

  3. Donald L. Hilton Jr., M.D., “Pornography Addiction—a Supranormal Stimulus Considered in the Context of Neuroplasticity,” Socioaffective Neuroscience and Psychology, vol. 3 (2013), socioaffectiveneuroscipsychol.net/index.php/snp/article/view/20767; see also “Porn Changes the Brain,” fightthenewdrug.org-ийг үзнэ үү.

  4. Webster’s Encyclopedic Unabridged Dictionary of the English Language (1989), “habit.”

  5. American College of Physicians Complete Home Medical Guide (1999), 564.

  6. Үүнээс гадна, залуучууд ба тэдний эцэг эхчүүд нөхөн үржихүйн талаар илэн далангүй боловч болгоомжтой ярилцах ёстой. Бэлгийн харьцааны тухай эцэг эхээсээ бус, харин үеийнхнээсээ сонссон өсвөр үеийнхэн энэ талаарх мэдээллийг порнографаар дамжуулан авах магадлал өндөр байдаг.

  7. Гордон Б.Хинкли, A Tragic Evil among Us,” Лиахона, 2004 оны 11-р сар, 62.

Асуудал хэр ноцтойгоос шалтгаалан хүмүүс сул дорой болох үедээ хэзээ ч ярилцаж болох, мөн өөрсдийг нь хариуцлагатай байлгаж чадах итгэлтэй, туршлагатай хүний юм уу мэргэжлийн зөвлөхийн дэмжлэгийг хүсэж болно.

ГЭРЭЛ ЗУРАГ ЧИМЭГЛЭЛИЙГ Ingram Publishing/iStock/Thinkstock