Би Ротумад очихын тулд залбирсан
Жон К.Муарор, Австрали, Нью Саут Уэльс
(Зохиогч нь нас барсан.)
“Вестерланд өчигдөр явсан” гэж бэр эгч минь Фижигийн Нади олон улсын нисэх онгоцны буудал дээр биднийг угтах үедээ хэлэв.
Энэ мэдээг сонсоод миний урам хугарч, гуниглав. МВ Вестерланд гэдэг нь биднийг ахын маань амьдардаг Ротума арал дээр хүргэж өгөх ёстой усан онгоц байсан юм. Ротума нь Фижигийн хамгийн том арал болох Вити Лэвүгээс ойролцоогоор 600 км зайд оршдог. Хэрэв усан онгоцноос хоцорвол дараагийн онгоц иртэл хэдэн өдөр, бүр хэдэн долоо хоног хүлээх хэрэгтэй болдог байв.
Нэг жилийн өмнө би эмээгийнхээ байшинд засвар хийхэд нь ахдаа туслахаар Ротумад очсон бөгөөд ажилтай холбоотой зүйл дээр түүнтэй санал зөрснөөс болоод тэндээс явчихсан юм. Одоо би түүнтэй нүүр тулан уулзаж, уучлалт гуйхыг хүсэж байлаа.
Миний эхнэр Аката бид хоёрыг Австралиас Фижи рүү нисэхээс нэг долоо хоногийн өмнө Вестерланд биднийг очихоос нэг өдрийн өмнө Ротума руу явна гэж үеэл дүү минь хэлсэн. Би тэр даруй усан онгоцны удирдах газар руу ярьж, аяллаа хоёр өдрөөр хойшлуулахыг гуйхад,
“Бид хүсээд ч хойшлуулж чадахгүй” гэсэн хариу өгөв. “Ротума арлын зөвлөл зоог бэлтгэсэн бөгөөд усан онгоц хуваарийн дагуу явах ёстой.”
Надад нэг бодол төрж, би мацаг барьж, залбирахаар шийдлээ.
“Хайрт Тэнгэрлэг Эцэг минь, би Ротума явах тэр онгоцонд суухыг маш их хүсэж байна. Тэд аяллаа нэг эсвэл хоёр өдрөөр хойшлуулж чадахгүй боловч Танд үүнийг хийх хүч бий. Та онгоцон дээрх аль нэг эрэг шургийг сулруулж, аяллыг хойшлуулж өгнө үү? Би Ротумад очиж, ахтайгаа эвлэрэх хэрэгтэй байна” гэж залбирлаа.
Бид энэ таагүй мэдээг сонсоод, арлын нөгөө талын боомт руу явлаа. Гэтэл тэнд байхдаа нөгөө усан онгоцны хөдөлгүүрт асуудал гарсан бөгөөд аялалдаа гараагүй байгаа гэдгийг бид сонссон юм. Тэнгэрлэг Эцэг миний залбиралд хариулсан байв. Тос алдалтыг зогсоохын тулд нэг эрэг шураг биш харин хөдөлгүүрийг бүхлээр нь авах шаардлагатай болсныг бид мэдсэн юм.
Долоо хоногийн дараа онгоцыг аялалд гарах үед би тэнд суусан байлаа. Ротумад ирээд би ахыгаа тэвэрч, уучлал гуйсан бөгөөд бидний харилцаа сэргэсэн юм. Энэ бол үнэхээр сайхан өдөр байлаа.
Би энэ гайхалтай сүнслэг тохиолдолд болон Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээнд үргэлж талархаж байх болно. Энэ явдал гайхамшгууд өнөөдөр ч гэсэн тохиодог ба Тэнгэрлэг Эцэг амьд, бидний чин сэтгэлийн залбирлуудад хариулдаг бөгөөд залбирах, мацаг барих нь хамтдаа салшгүй байдаг, Ротума хэмээх жижиг арал дээр ч гэсэн сайн мэдээ үнэн байдаг гэдгийг гэрчилсэн юм.