2015
Би хангалттай сайн хийж байгаа болов уу?
2015 оны аравдугаар сар


Сүмд үйлчлэх нь

Би хангалттай сайн хийж байгаа болов уу?

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Алдагдсан хонины талаарх зүйрлэл дуудлагаа хэрхэн хамгийн сайнаараа биелүүлэхийг ойлгоход надад тусалсан.

Composite photo of a lamb on a cliff.  There is a tree growing out of the side of the rocky cliff.

Гэрэл зургийг Mike Boyland/iStock/Thinkstock and Oleksiy Fedorov/Hemera/Thinkstock

Би 23-тай байхдаа, гэрлэсэн оюутны тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр дуудагдсан юм. Би өөрийгөө голж байснаа, бас чадах бүхнээ хийх хүсэлтэй байснаа санаж байна. Би үйлчлэхийг тэсэн ядан хүлээж, сэтгэл хөдөлж байсан ч өөрийнхөө сайн удирдагч байх чадвартай эсэхэд эргэлзэж байлаа.

Би Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр хэдэн сар үйлчилснийхээ дараа хангалттай сайн үйлчлэхгүй байгаа мэт санагдаж байв. Би эгч нартай холбоотой байж, тэдний хувийн хэрэгцээг ойлгодог байхыг хүссэн боловч надад чадвар дутагдаж байлаа.

Би бишоптойгоо ярилцаж, санааг минь зовоож буй зүйлээ хэлэв. Би бүх эгчдээ хүрч үйлчилж чадахгүй байгаагаа хэлсэн юм. Би өөрийгөө тав хуваагаад, өөрийнхөө хүссэнээр ажлаа сайн хийхийг маш их хүсэж байгаагаа хэлж билээ. Би энэ бүхнийг хүндрүүлэлгүй, наргиан маягаар хэлэхийг хичээсэн боловч удалгүй нүдийг минь нулимс бүрхэв. Тэр инээмсэглээд, удирдагч байх талаар миний авч байсан хамгийн сайн зөвлөгөөнүүдийн нэгийг өгсөн юм.

Тэр “Сүргээсээ нэг хонь алдаад, ерэн есөн хонио орхиод алдагдсан нэгийг олохоор явдаг хоньчны түүхийг мэдэх үү?” гэж асуув (Лук 15:4–7-г үзнэ үү). Би толгой дохилоо.

“Энэ сургаалт зүйрлэлээс сурах зүйл маш их байдаг” гэж тэр хэлэв. “Хоньчин алдагдсан нэг хонио хайхаар явах хооронд ерэн ес нь аюулгүй байх болно гэдгийг мэдэж байсан.”

Тэгээд бишоп маань дараах зөвлөгөөг өгсөн юм:

“Эзэн нь байхгүй хойгуур ерэн есөн хонь нэг нэгнээ харж хандаад байж чадна. Тэд нэг нэгнээ дэмжиж, хамтдаа сайн байх болно. Алдагдсан хүмүүстээ анхаарлаа төвлөрүүлэхийг би чамд зөвлөж байна. Үлдсэн хүмүүс ЗҮГЭЭР байх болно” гэлээ.

Түүний надад хэлсэн зүйл үнэн байсан бөгөөд бүхэл сүрэгт санаа тавих хэрэггүй гэсэн мэдрэмж надад төрсөн юм. Миний зорилго бол алдагдсан хүмүүсийг олоод, хороонд буцааж урих явдал байлаа. Ингэснээр Тэнгэрлэг Эцэгийн зорилгууд хэрэгжиж, би Түүний мутар дахь зэмсэг болж чадна.

Би бишопынхоо зөвлөгөөг дагаснаар Их Эзэн намайг Өөрийн хаант улсад хэрхэн үйлчлээсэй гэж хүсдгийг илүү сайн ойлгох болсон юм. Түүнчлэн би Аврагчийн зааварласны дагуу үйлчилж байсан учраас намайг дуудлагад минь хүчирхэгжүүлсэн сүнслэг хүчийг хүлээн авсан билээ. Бишоп маань Ариун Сүнсний хүчээр надад ойлгох бэлэг өгсөн юм.

Биднийг залбирч, санваарын удирдагчдаасаа сүнслэг өдөөлт эрэлхийлэх үед тэд хэрхэн зөв шударга арга замуудаар удирдахыг бидэнд заах болно.