2015
Үнэн хүсэлтэй амьдрах нь
2015 оны аравдугаар сар


Үнэн хүсэлтэй амьдрах нь

2015 оны 1-р сарын 11-нд Айдахо дахь Бригам Янгийн Их Сургууль дээр болсон залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт дээр хэлсэн “Зорилготой амьдрах нь: Үнэн хүсэлтэй хандахын ач холбогдол” үгнээс авав. Бүрэн эхээр нь үзэх бол devotionals.lds.org хаягаар орно уу.

Үнэн хүсэлтэй хандах гэдэг нь зөв зүйлийг зөв зорилгоор хийхийг хэлдэг юм.

Gold stars

Гэрэл зургийг Jupiterimages/Stockbyte/Thinkstock

Би үнэн хүсэлтэй хандах нь ямар чухал болох талаар семинарын ангийн залуу суралцагч байхдаа мэдэж авсан. Багш маань бидэнд Мормоны Номыг унших даалгавар өгсөн юм. Хэрхэн ахиц гаргаж байгаагаа тэмдэглэхэд маань туслахын тулд тэрээр нэг талд нь бидний нэрийг, мөн дээд талд нь номуудыг жагсаасан хүснэгт хийсэн байв. Номыг унших бүрд нэрний ар талд од тавьдаг байлаа.

Эхэн үедээ би хүч чармайлт гаргаж уншдаггүй байсан бөгөөд удалгүй хоцорч байгаагаа ухаарав. Би ичсэндээ, мөн төрөлхийн шазруун зандаа хөтлөгдөн, уншиж эхэллээ. Од авах бүрд сайхан санагддаг байв. Од нэмэгдэх тусам би илүү их урамшиж, хичээлийн завсарлагаанаар болон сургуулиа тараад, мөн олдсон минут болгонд уншдаг болов.

Хэрвээ би ангидаа хамгийн түрүүлж уншиж дуусгасан гэвэл сайхан төгсгөл болох байсан ч түрүүлж чадаагүй юм. Мөн би түрүүлж дуусгахаас ч илүү сайн зүйл буюу Мормоны Номын талаар гэрчлэл олж авсан гэвэл зүгээр байхсан. Гэвч ийм зүйл тохиолдоогүй. Би гэрчлэлтэй болоогүй. Харин би олон од л авсан. Би од авахыг хүсэж уншсан учраас однуудаа л авсан. Моронайн хэлснээр энэ нь л миний “үнэн хүсэл” байсан юм.

Мормоны Номын үнэн эсэхийг хэрхэн олж болохыг Моронай маш тодорхой тайлбарласан байдаг: “Мөн та нар эдгээр зүйлийг хүлээн аваад, та нар Бурхан, Мөнхийн Эцэгээс, Христийн нэрээр, эдгээр зүйлүүд үнэн эсэхийг асуухыг та нарт ухуулъя би; мөн хэрэв та нар Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас, тэрбээр үүний үнэнийг Ариун Сүнсний хүчээр та нарт мэдүүлэх болно.” (Моронай 10:4; тодруулгыг нэмж оруулав.)

Зөв шалтгаан

Эргэн санахад, Их Эзэн надад тун шударга хандсан байв. Би өөрийнхөө хайснаас илүү зүйлийг яагаад авна гэж бодож болох билээ? Үнэн хүсэлтэй хандах гэдэг нь зөв зүйлийг зөв зорилгоор хийхийг хэлдэг юм. Би зөв номыг буруу зорилгоор уншсанаа олж мэдэв.

Би олон жилийн дараа, номлолд гарах эсэхээ шийдэх гэж зүдэрч байхдаа Мормоны Номыг үнэн хүсэлтэйгээр уншсан юм. Би Мормоны Номыг үнэн хүсэлтэй уншсан тул энэ ном Есүс Христийн амьдралыг болон номлолыг гэрчлэх агуу зорилгыг биелүүлдэг болохыг мэднэ.

Үнэн хүсэл, Мормоны Номын талаар авсан сургамж хоёр нь бид бүгдийн амьдралын бүх хэсэгт хамаатай. Ихэвчлэн бид олон жилийн турш бий болсон загвар, дадал хэвшлийг юу ч бодолгүйгээр дагадаг. Бид хийж буй зүйлүүдээ биднийг хааш нь аваачиж байгааг анхааралтай бодож үздэггүй. Үнэн хүсэлтэй амьдрах нь бидний амьдралд утга учир, зорилго нэмдэг бөгөөд маш том өөрчлөлт авчирч чадна. Үнэн хүсэлтэй амьдрах гэдэг нь “яагаад” гэдгийг ойлгож, хийж буй үйлдлүүдийнхээ цаадах зорилгыг мэддэг байхыг хэлнэ. Сократ “Ухаарч ойлгоогүй амьдралыг туулж өнгөрүүлэх нь утга учиргүй хэрэг” гэж хэлсэн.1 Цагаа юунд зарцуулдгаа бодож, өөрөөсөө үе үе “Яагаад?” гэж асууж байгаарай. Энэ нь зөвхөн өнөө маргаашийг биш, алсыг харах чадвараа хөгжүүлэхэд тань тусална. Ирээдүйгээ хараад, “Би үүнийг яагаад хийх ёстой гэж?” хэмээн асуух нь өнгөрсөн рүүгээ хараад, “Яагаад? Би үүнийг яах гэж хийв дээ?” гэж халаглахаас хамаагүй дээр.

A man looking at a wall with different types of gears on it.

Зураг чимэглэлийг iStock/Thinkstock

Их Эзэн та нарыг юу хийгээсэй хэмээн хүсдэг вэ?

Би залуу байхдаа бараг л номлолд явахгүй байхаар шийдсэн юм. Би коллежид нэг жил сурч, армид нэг жил алба хаасныхаа дараа орон нутгийнхаа эмнэлэгт рентген аппаратын техникчийн давгүй сайн ажилтай боллоо. Амьдрал сайхан байсан бөгөөд номлолд үйлчлэх нь шаардлагагүй юм шиг санагдаж байв.

Нэг өдөр эмнэлгийн нэгэн мэс засалч эмч Жэймс Пингри намайг өдрийн хоолонд урилаа. Биднийг ярилцаж байх зуур Пингри эмч намайг номлолд үйлчлэх бодолгүй байгааг мэдээд, яагаад гэж асуулаа. Би түүнд миний нас жаахан явчихсан болохоор номлолд гарахад оройтсон байх гэж хэлэв. Тэр наадах чинь номлолд үйлчлэхгүй байх ноцтой шалтгаан биш гэдгийг, мөн тэр анагаах ухааны сургуулиа төгссөнийхөө дараа номлолд үйлчилсэн гэдгээ надад хэлэв. Дараа нь тэр номлолынх нь ажил хэр чухал байсан талаар гэрчлэлээ надтай хуваалцсан юм.

Түүний гэрчлэл надад тун их нөлөөлсөн бөгөөд намайг урьд нь хэзээ ч залбирч байгаагүйгээрээ, чин сэтгэлээсээ залбирахад хүргэсэн юм. Би номлолд явахгүй байх олон шалтгаан олж болохоор байв. Би маш ичимхий байсан. Надад дуртай ажил байв. Надад номлолын дараа боломжгүй байх магадлалтай сургалтын тэтгэлэг авах боломж байв. Хамгийн гол нь армид алба хааж байхад маань намайг хүлээсэн найз охин минь байлаа. Тэр дахин хоёр жил намайг хүлээхгүй гэдгийг би мэдэж байв! Би миний шалтгаанууд үндэслэлтэй, мөн миний зөв болохыг баталж өгөхийг хүсэн, маш их залбирч билээ.

Гэвч миний хүсэж байсан шиг амархан, тийм эсвэл үгүй гэсэн хариулт надад ирсэнгүй. Тэгж байтал “Их Эзэн чамайг юу хийгээсэй хэмээн хүсэж байгаа бол?” гэсэн бодол надад орж ирсэн юм. Тэрээр намайг номлолд яваасай гэж хүсэж байгааг би хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болсон бөгөөд энэ нь миний амьдралын шийдвэрлэх мөч болсон юм. Би өөрийн хүслийг дагах уу, эсвэл Их Эзэний хүслийг дагах уу? Энэ бол бидний өөрсдөөсөө байнга асууж байвал зохих асуулт юм.

Би номлолд үйлчлэх шийдвэрээ дуртайяа гаргаж, Мексикийн Хойд номлолд үйлчлэхээр болов.

Мөнхийн үр дагаврууд

Гучин таван жил өнгөрсний дараа миний хүү намайг Мексик рүү түүнтэй хамт явахыг санал болгосон юм. Би заасан хүмүүсээс минь байж юуны магад гэж бодов. Бид миний номлолын ажлаа эхлүүлсэн жижиг хотод очиж, ариун ёслолд нь суулаа. Нэг ч хүн олдсонгүй. Цуглааны дараа би бишопт заасан хүмүүсийнхээ жагсаалтыг үзүүлж, таньдаг хүн байгаа эсэхийг асуухад тэр бас нэг ч хүнийг таньсангүй. Би түүнтэй цуг жагсаалтыг харж, ямар ч амжилт олохгүй явсаар хамгийн сүүлчийн нэр болох Леонор Лопез де Энрикез дээр ирлээ.

“Өө тийм” гэж тэр хэлэв. “Энэ гэр бүл нөгөө тойрогт байдаг ч энэ байранд Сүмд явдаг. Тэдний ариун ёслол нь одоо болох учир тэд удахгүй ирэх байх” гэж хэллээ.

Биднийг хүлээгээд удаагүй байтал Леонор орж ирэв. Хэдийгээр тэр 70 гаруй нас хүрсэн ч, би түүнийг харангуут таньсан бөгөөд тэр ч бас намайг танив. Бид нулимс дуслуулан, удаан гэгч тэврэлдэж билээ.

Тэр надад “Бидний амьдралд сайн мэдээг авчирсан чамд талархлаа илэрхийлэхийн тулд чамайг эргэн ирээсэй хэмээн бид 35 жил залбирсан” гэж хэлсэн юм.

Гэр бүлийнх нь бусад гишүүнийг орж ирэхэд бид мөн тэврэлдэж, нулимс дуслуулцгаав. Бид ариун ёслолд оролцож байхдаа Леонорын хөвгүүдийн нэг нь уг тойргийн бишоп, ач хүү нь төгөлдөр хуурч, ач охин нь удирдаач болохыг, мөн Аароны санваартнуудын дунд хэд хэдэн ач хүү нь байгааг олж мэдсэн юм. Түүний охидын нэг нь гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнтэй гэр бүл болсон байв. Өөр нэг охин нь ойрхон байрлах тойргийн бишоптой гэр бүл болсон байв. Леонорын ихэнх хүүхэд номлолд үйлчилсэн байсан бөгөөд ач хөвгүүд нь мөн номлолд үйлчилсэн байв.

Леонор биднээс хавьгүй илүү сайн номлогч байсныг бид бас олж мэдэв. Өнөөдөр түүний үр хүүхдүүд сайн мэдээний талаар уйгагүй заасан түүний хүчин чармайлтыг талархан дурсан санадаг. Тэрээр хүүхдүүддээ хувь хүний олон жижиг сонголт нь хэсэг хугацаа өнгөрсний дараа бүрэн дүүрэн, зөвт, аз жаргалтай амьдрал руу хөтөлдөг болохыг заасан бөгөөд тэд ч бас тэдгээр зүйлийг бусдад заасан ажээ. Бүх хүнийг тооцож үзвэл, энэхүү гайхамшигтай гэр бүлийн хүчинд 500 гаруй хүн Сүмд нэгдсэн байна.

Энэ бүх үйл явдал үдийн хоолны үеэр болсон энгийн ярианаас эхэлсэн. Хэрвээ Пингри эмч өөрийн ажил эсвэл дэлхийн зүйлс дээр анхаарлаа илүү төвлөрүүлсэн байсан бол намайг яагаад номлолд гарахгүй байгаа талаар хэзээ ч асуухгүй байсан байх даа гэж би олонтоо боддог. Гэвч түүний анхаарал бусдад, мөн Их Эзэний ажлыг урагшлуулахад төвлөрсөн байсан юм. Түүний суулгасан үр өсөж урган, үр жимсээ өгч хуримтлагдсаар, эсвэл асар хурдацтай өсөж үржсээр байгаа билээ (Maрк 4:20-ийг үзнэ үү). Миний номлол Их Эзэний хүслийг эрэлхийлэхийн мөнхийн үр дагаврын талаар надад зааж өгсөн билээ.

Мөнхийн зорилгоо сана

Би өөрийн амьдралыг эргэн харахдаа, номлолд явах шийдвэр гаргах нь надад яагаад тийм хэцүү байсан талаар их боддог. Миний анхаарал өөр зүйл рүү хандаж, мөнхийн зорилго руу чиглээгүй байсан учраас л надад хэцүү байж.

Миний хүсэл сонирхол Их Эзэний хүсэлтэй нийлэхгүй байсан юм. Хэрвээ нийлж байсан бол шийдвэр гаргахад амархан байх байлаа. Яагаад нийлэхгүй байсан юм бол? Би ням гарагт сүмдээ очиж, ариун ёслолоос хүртдэг байсан ч, үнэн хүсэлтэйгээр хүртдэггүй байв. Би залбирдаг байсан боловч үүний утга учирт анхаарал тавьдаггүй байлаа. Би судраа уншдаг байсан ч, тогтмол бус, мөн үнэн хүсэлтэйгээр уншдаггүй байв.

Та нар өмнө нь тогтмол хийж байгаагүй ч гэсэн зорилготой амьдрахад би та нарыг урамшуулж байна. Та нар өмнө нь хийсэн болон хийгээгүй зүйлийнхээ талаарх бодлуудад бүү бууж өгөөрэй. Бүх зүйлийг шинээр эхлүүлэхэд тань Аврагч туслаг. “Харин тэд үнэн сэтгэлээсээ наманчилж мөн өршөөлийг эрэлхийлэх болгондоо, тэд өршөөгддөг байлаа” хэмээн Их Эзэн хэлснийг санацгаая (Моронай 6:8; тодорхойлолтыг нэмж оруулав).

Одоо эхэл. Зорилготой амьдар. Хийж буй зүйлээ яагаад хийж байгаа болон энэ нь хаашаа хөтлөхийг ойлгодог бай. Эдгээр зүйлийг хийх үед таны хийж буй бүх зүйлийн хойно байх “Яагаад” гэх том асуултын хариултаас та Их Эзэнийг хайрладгийг, мөн таныг хайрлах Түүний агуу хайрыг таньж мэдсэн болохыг олж мэдэх болно. Та бүхэн төгс байдлыг болон Түүний хүслийг ойлгож, үүний дагуу үйлдэхийг эрэлхийлэх явцдаа хүн нэг бүр агуу их баяр баяслыг олох болтугай.

Эшлэл

  1. Socrates in Plato, Apology (2001), 55.