2015
Би яагаад тэнд байснаа мэдээгүй
2015 оны аравдугаар сар


Би яагаад тэнд байснаа мэдээгүй

Амбер Чини, Алабама, АНУ

illustration of two women hugging

Зураг чимэглэлийг Катлин Петерсон

Ээж бид хоёр орой залбираад дуусаж байлаа. Бид хоёр нэг нэгнээ тэвэрч, ”би чамд хайртай” гэж хэлцгээв. Дараа нь би унтлагын өрөө рүүгээ алхсан юм. Хаалганы бариулаас барих гэтэл гэнэт ээж минь маргааш нас барна гэсэн хүчтэй мэдрэмж надад төрөв.

Миний тархи, зүрх хоёр энэ бодлыг эсэргүүцэж байлаа. Ээжид минь яагаад ч тийм зүйл тохиолдохгүй. Тэр зүгээр байх болно.

Өрөөндөө ороод би өвдөг сөгдөн залбирч, ээжийнхээ талаарх мэдрэмжийг үнэн байж таарахгүй гэдгийг Тэнгэрлэг Эцэгт хэлэв. Би Түүнээс энэ бодлыг арилгаж өгөхийг хүссэн боловч арилсангүй. Би аав, ээжийнхээ өрөө рүү буцаж очоод, унтахаасаа өмнө ээжийгээ дахин нэг тэвэрч, үнсмээр байна гэдгээ хэлэв. Бид дахин бие биедээ ”би чамд хайртай” гэж хэлцгээгээд, би өрөө рүүгээ явсан. Тэр шөнө би нэлээн удаж байж унтсан юм.

Маргааш өглөө нь сэрээд би айж байлаа. Аз болоход ээж минь эрүүл саруул байж байв. Гэтэл ямар нэг зүйл тохиолдоно гэсэн нөгөө таагүй бодол миний толгойд байсаар байлаа. Тэр өдөр мацаг ба гэрчлэлийн цуглаан дээр ээж минь маш гайхалтай гэрчлэл хуваалцав.

Ариун ёслолын цуглааны дараа тэрээр Хүүхдийн хэсэгт заахаар явж, би Ням гаргийн анги руугаа орсон юм. Надад босоод, Ням гаргийн ангиас гар гэсэн бас нэгэн хүчтэй мэдрэмж төрөв. Би хүмүүсийн анхаарлыг татахыг хүсээгүй боловч ямар нэг зүйл намайг сандлаас минь босгож, хаалгаар гаргалаа. Хэдхэн минутын дараа би Хүүхдийн хэсэгт суугаад ээжийнхээ зааж буй хичээлийг сонсож байлаа. Би яагаад тэнд байснаа мэдээгүй ч, байх ёстой газраа байгаа гэдгээ мэдэж байв.

Тэр өдрийн үдээс хойш биднийг ахынхаа гэрт байж байтал ээж минь уушгины судас нь бөглөрснөөс болж ухаан алдан, нас барахаасаа өмнө сүүлчийн удаа миний нүд рүү ширтсэн юм. Тэнгэрлэг Эцэг Өөрийн тодорхой зорилго, шалтгааны учир намайг бэлтгэхийн тулд Ариун Сүнсээ илгээсэн байв. Тэдгээр өдөөлт нь ээжтэйгээ хамт байх хугацааг надад өгсөн. Хэрэв би намуун зөөлөн дуу хоолойг үл тоосон байсан бол энэ боломжоо алдах байсан юм.

Ээжийг нас барсны дараа болсон үйл явдлуудаас өмнө би Тэнгэрлэг Эцэгийн хайрыг ийм их мэдэрч байгаагүй билээ. Бидэнд Ариун Сүнсний бэлэг өгч, биднийг хайрладаг Тэнгэр дэх Эцэгтэй байгаа нь ямар их адислал вэ.