2015
Спаффорд эгч надад хандан ярьж байлаа
2015 оны аравдугаар сар


Спаффорд эгч надад хандан ярьж байлаа

Сэнди Хоусон, АНУ, Огайо

Намайг нэг орой онлайнаар ресторан ажиллуулдаг тоглоом тоглож байхад нөхөр минь хажуугаар өнгөрөхдөө орондоо орох гэж байгаагаа хэлэв.

“Би удахгүй унтлаа” гэж намайг түүнд хэлэхэд,

“Чамайг хүрч ирэхэд чинь л итгэе дээ” гэж тэр хэллээ.

Би бодит бус үйлчлүүлэгчдэд зориулсан бодит бус ресторанд бодит бус хоол хийдэг тоглоом тоглож байсан юм. Би компьютерийн дэлгэцээ хараад, “Арай болоогүй байна, 15 минутын дараа хоол бэлэн болно” гэж хэллээ.

Би хүлээх зуураа цаг нөхцөөхийн тулд Халамжийн нийгэмлэгээс авснаас хойш ширээн дээр дэлгээстэй байсан Миний хаант улсын охид: Халамжийн нийгэмлэгийн ажлын түүх номыг уншихаар авав. Би өмнөх үгийг уншиж эхлэв. Гурав дахь хуудсан дээрээс би Халамжийн нийгэмлэгийн ес дэх ерөнхийлөгч Бэллэ С.Спаффордын хэлсэн дараах үгийг олж уншлаа.

“Өнөө үед жирийн эмэгтэй хүн хувийн ашиг сонирхлоо тодорхойлж, оролцдог бүхий л үйл ажиллагаагаа үнэлж дүгнэхэд тун гаргуун байж, нэн чухал зүйлээ нэн чухалд тавих, гавьяа шагнал нь хаана хамгийн агуу бөгөөд урт удаан хугацааных байна, түүн дээр онцгой анхаарах, өөрийгөө бага үр бүтээлтэй зүйлээс чөлөөлөх зэргээр амьдралаа энгийн байлгах алхмуудыг хийдэг” хэмээн тэрээр бичжээ.

Судруудаас гадна миний уншсан ямар ч зүйл надад ийм гүнзгий сэтгэгдэл төрүүлж байгаагүй юм. 30 гаруй жилийн өмнө нас барсан энэ эмэгтэй надад хандан ярьж байлаа. Түүний үгс тэр үед гэхээсээ өнөө үед илүү ач холбогдолтой байгаа мэт санагдав.

Би тэр даруй дахин хэзээ ч онлайн тоглоом тоглохгүй гэж шийдсэн юм. Би компьютерээ унтраагаад орондоо орж, гаргасан шийдвэрээ нөхөртөө хэлэв. Маргааш нь би компьютерээ асаасангүй. Харин би өдөр бүр энэ тоглоомыг тоглож, хэчнээн цагийг дэмий үрснээ тооцоолов.

Би өдрийн гурван цагийг 365-аар (жилийн нийт өдрөөр) үржүүлээд, 24-т (өдрийн нийт цагт) хуваасан. Би жилд 45.62 өдрийг дэмий үрснээ олж мэдээд, маш их цочирдож билээ. Тэрхүү үнэт цаг, өдрүүд мөнхөд үгүй болсон. Би тэдгээр цаг хугацааг судраа уншин, нөхөр хүүхдүүдтэйгээ хамт байж, бусдад үйлчлэхэд, эсвэл дуудлагаа биелүүлэхэд зориулж болох байсан.

Ерөнхий эрх мэдэлтнүүд Ерөнхий чуулган дээр энэ сэдвийг олон удаа хөнддөг. Гэсэн хэдий ч энэ нь надад хэзээ ч нөлөөлж байгаагүй бөгөөд би энэ сэдэв надад хамаагүй гэж боддог байлаа.

Ерөнхий эрх мэдэлтнүүд болон Бэллэ С.Спаффорд надад хандан ярьж байсан гэдгийг анзаарахад минь Ариун Сүнс тусалсанд би талархалтай байна.

Хэвлэх