Үнэний эрэлд
Зохиогч нь АНУ-ын Калифорнид амьдардаг.
Би бага байхаасаа Бурхан байдаггүй гэж заалгасаар ирсэн боловч үүнийг өөрөө олж мэдэхээр шийдсэн юм.
Өрсөлдөөн ихтэй, шашингүй, Азийн нэгэн оронд төрж өссөнийхөө хувьд би үргэлж л амжилттай хүн болохыг хүсдэг байсан хэдий ч намайг удирдах мөнхийн зарчим эсвэл үнэн гэж байгаагүй юм. Манай оронд “амжилттай” гэдэг ойлголт нь баян, эрх мэдэлтэй байх гэсэн утгатай байсан.
Эцэг эх минь Бурхан байдаггүй гэж надад үргэлж заадаг байлаа. Тэдний бодлоор шашин эсвэл Бурхан гэдэг нь утгагүй зүйл байсан бөгөөд зөвхөн сул дорой хүмүүст зориулагдсан зүйл байв. Олон жилийн турш би өөрийгөө шашингүйн үзэлтэн гэж боддог байсан. Өөрөөсөө өөр хэнд ч бүү итгэ гэж тэд надад заадаг байлаа. Миний хүсэл эрмэлзэл бага наснаас минь шаргуу суралцаж мөн ажиллах гол үндэс болдог байв.
Эцэг, эх хоёр минь надаас их зүйлийг хүсэн хүлээдэг байсан. Тэд намайг дүнгээ үргэлж онц байлгахыг хүсдэг байв. Би муу дүн авсныхаа дараа тэдний урам хугарсан царайг эсвэл нэг нэгэнтэйгээ маргалдахыг харах нь намайг гунигтай болгодог байлаа. Би хичээлийнхээ хажуугаар амралтын өдрүүдэд нэмэлт гэрийн даалгавар хийж байж дундаж дүнгээ А байлгадаг байсан.
Тавьсан зорилгууддаа хүрснийхээ дараа ч гэсэн амьдралд илүү зүйл хийх ёстой юм шиг санагддаг байв. Илүү сайхан зүйл байх ёстой гэдгийг би зүрх сэтгэлийнхээ гүнд мэдэрч байсан.
Нэг өдөр би Бурхан байдаг эсэхийг өөрөө мэдэж авахаар шийдэв. Хэрэв Тэр оршдог бол миний талаар ямар хүсэлтэй байдгийг эсвэл шашин гэж хүний төсөөллөөс бий болсон утгагүй зүйл мөн эсэхийг мэдэхийг хүссэн юм. Би энэ хоёр хариултын алиныг нь ч хүлээн авахаас айхгүй байлаа. Би үнэнийг мэдэхийг л хүссэн.
Энэ үеэр би сагсан бөмбөгийн багийнхаа Тэйлор гэдэг залуутай найзалдаг болсон байв. Нэг өглөө би түүнээс машинаараа сургууль хүргэж өгөхийг хүслээ. Тэр за гэж хэлсэн боловч би түүнтэй хамт семинарт явахын тулд нэг цагийн өмнө босох ёстой болов. Би тэр нь юу байсныг мэдэлгүй дурамжхан гэгч за гэж хэлсэн. Семинар надад таалагдав. Сурсан зүйлээс илүү мэдэрсэн зүйл маань чухал байсан.
Үүнээс хойш удалгүй Тэйлор өөртэй нь хамт сүмд очихыг надаас хүсэв. Эхэндээ сүм бага зэрэг уйтгартай бас хачин санагдаж байсан ч яваандаа цуглааны үеэр мэдэрсэн дулаан, тайван мэдрэмж надад нөлөөлсөн юм.
Гэсэн хэдий ч би энэ сайхан мэдрэмж нь Бурхантай ямар нэг байдлаар хамаатай гэж бодоогүй. Энэ мэдрэмж нь миний дотроос ирээгүй гэдгийг би яаж мэдэх юм бэ? Би өөрөө өөртөө ийм мэдрэмж төрүүлээгүй гэдгээ яаж мэдэх юм бэ?
Энэ тухай олон дахин бодсоны эцэст би хариултаа олохоор Тэйлорын ээж дээр очлоо. Хайж буй хариултаа судруудыг уншиж, залбирснаар авч чадна гэж тэр хэллээ. Би залбирч, ямар ч хариулт хүлээн аваагүй ба шинээр сурч байсан зарлигуудынхаа дагуу амьдрахад ч бэрх байв. Би байнга бухимддаг болов. Би Бурханыг ер бусын байдлаар үзэгдэхийг, эсвэл өөр ямар нэг гайхамшигт үйл явдал болж, Бурхан байдаг гэдгийг батлахыг хүлээж байсан. Би нэг дор баттай гэрчлэл авахыг хүсэж байв. Үнэнийг хэлэхэд, би залбирах тусам амьдралаа илүү тод томруун харж байлаа. Зарлигуудыг дагах тусам би илүү их аз жаргалтай болсон. Судраас унших тусам би илүү их илчлэлт хүлээн авч байсан. Аажмаар, миний гэрчлэл яг л өглөөний мандаж буй нар шиг өсөн нэмэгдсэн юм.
Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болох шийдвэр гаргах гэж хоёр жил болсон. Өмнө нь би ёс суртахууны олон сайн жишиг ба зарчмаар амьдардаг байсан ч одоо бол мөнхийн бөгөөд туйлын үнэнийг олсон. Энэ бол Бурхан амьд гэдэг үнэн юм. Би Есүс бол Христ, бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч мөн болохыг гэрчилж байна. Тэнгэрүүд дахин нээгдсэн байгаа. Бурханы бошиглогч өнөөдөр дэлхий дээр амьдардаг. Есүс Христийн Цагаатгал бол бодитой. Бурхан наманчилсан хүмүүсийг үнэхээр өршөөдөг. Би бусад хүний адил ухаантай эсвэл авьяастай биш байж болно. Гэхдээ надад буй мэдлэг нь үнэлж баршгүй юм.