Номын сан
Мөнх бус оршихуйн өмнөх амьдрал


“Мөнх бус оршихуйн өмнөх амьдрал,” Сэдэв ба асуулт (2023)

Орчлон ертөнц

Сайн мэдээг судлах удирдамж

Мөнх бус оршихуйн өмнөх амьдрал

Бидний төрөхөөсөө өмнө Бурхантай хамт байсан амьдрал

Хүмүүсийн ихэнхэд хэзээ ч юм нас барах үед юу болох бол гэж бодох үе гарна. Гэхдээ та төрөхөөсөө өмнө оршин байсан уу, хэрэв тийм бол хэн байсан талаар бодож үзсэн үү?

Бид дэлхийд ирэхээсээ өмнө Бурхантай хамт амьдарч, Түүнийг Мөнхийн Эцэг хэмээн шүтэн биширч байсныг бид судраас мэднэ. Бид мөн мөнх бус амьдралд бэлтгэж, үүнд зориулсан удирдамж зааврыг хүлээн авч, Эцэгийнхээ авралын төлөвлөгөөг дагахыг сонгосон билээ.

Энэхүү авралын төлөвлөгөөгөөр бид дэлхийд ирэх байв. Мөнх бус амьдралд бид мөнх бус бие махбод хүлээн авч, хөшгөөр дамжихдаа өмнөх амьдралынхаа дурсамжийг мартсан. Энэ дэлхий дээр бид ёс суртахууны сонгох эрхээ эдлэх буюу сонгох чадвараа ашиглах ёстой. Мөнх бус оршихуйн өмнөх амьдралд болсон Их зөвлөлөөр Тэнгэрлэг Эцэг бидний нүглийн төлөөсийг төлж, үхлийг ялахын тулд Есүс Христийг сонгосон бөгөөд Есүс энэ үүргийг дуртайяа хүлээн авсан. Хөгжин дэгжиж Тэнгэрлэг Эцэгтэйгээ адил болохын тулд бид Есүс Христэд итгэж, Бурханы зарлигуудыг дуулгавартай дагах шаардлагатай гэдгээ мэдсэн билээ.

Мөнх бус оршихуйн өмнөх амьдрал гэж юу вэ?

“Мөнх бус оршихуйн өмнөх амьдрал” гэж мөнх бус биесийн хувьд дэлхийд ирэхээсээ өмнө амьдарч байсан бидний амьдралыг хэлдэг. Мөнх бус оршихуйн өмнөх амьдралд бүх хүн Бурхантай хамт Түүний сүнсэн хүүхдүүдийн хувиар амьдарч байсан.

Сэдвийн тойм:Мөнх бус оршихуйн өмнөх амьдрал

Холбогдох сайн мэдээг судлах удирдамж: Авралын төлөвлөгөө, Мөнх бус амьдрал, Сүнсний дэлхий, Есүс Христ, Бурханы хүүхдүүд

1-р хэсэг

Та төрөхөөсөө өмнө Бурхантай хамт амьдарч байсан

Мөнх бус оршихуйн өмнөх амьдралын талаар тунгаан бодож буй эмэгтэй

Бид төрөхөөсөө өмнө сүнсэн биетэй байсан бөгөөд Бурхантай хамт тэнгэрлэг эцэг эхийн сүнсэн охид, хөвгүүдийн хувиар амьдарч байсан (Мосе 3:4–5-ыг өгнө үү). Тэнд бид “Бурханыг [өөрсдийн] Мөнхийн Эцэг хэмээн мэдэж, биширдэг”  байв. Энэ нь сурч мэдэх, бэлтгэх цаг байсан төдийгүй Бурхан биднийг мэддэг (Иеремиа 1:5-ыг үзнэ үү) бас дэлхий дээрх амьдралд бэлтгэхэд тусалдаг байсан (Сургаал ба Гэрээ 138:56-г үзнэ үү).

Бодох зүйлс

  • Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-т заасан үнэнүүд нь бидний мөнх бус оршихуйн өмнөх амьдрал хэрхэн Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний нэгэн хэсэг болохыг ойлгоход тусалдаг. Тунхгийн эхний гурван догол мөрийг уншаад, мөнх бус оршихуйн өмнөх амьдралын тухай дурдсан хэсгүүдэд онцгой анхаарал хандуул. Мөнх бус оршихуйн талаарх таны ойлголт зовлон бэрхшээлтэй тулгарахад танд хэрхэн тусалдаг вэ? Бурхан яагаад мөнх бус оршихуйн өмнөх амьдралын талаарх эдгээр үнэнийг илчилсэн гэж та бодож байна вэ?

  • Бид мөнх бус оршихуйн өмнөх амьдралынхаа талаар сайн мэдэхгүй. Гэхдээ бид “тэд …бусад олны хамт, сүнсний дэлхийд анхныхаа хичээлүүдийг хүлээн авч, мөн Их Эзэний тогтоосон цагт … урагш гарч ирэхээр бэлтгэгдсэн” (Сургаал ба Гэрээ 138:56) гэдгийг мэднэ. Бурханы аврал, өргөмжлөлийн төлөвлөгөө болон Есүс Христийн сайн мэдээний талаар мэддэг зүйлээ бодож үзвэл, бид энэ хугацаанд ямар зүйл сурсан байж болох вэ? Сургаал ба Гэрээ 138:53–57-г судлаад, (56-р шүлэгт) онцгой анхаар. Хэрэв танд патриархын адислал байвал үүнийгээ унших нь бас тус болж болох юм. Танд мөнх бус амьдралдаа бэлтгэгдсэн гэдгийг мэдэх нь хүнд хэцүү цаг үед хэрхэн өөртөө итгэлтэй байхад туслах вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Сүмийн гишүүдэд ийн сануулжээ. “Та хэн бэ? Юуны түрүүнд та бол Бурханы хүүхэд.” Өөрийгөө Бурханы хүүхэд хэмээн нэрлэх нь тэдний хувьд яагаад чухал талаар хуваалцахад хүн нэг бүрийг урь. Дараа нь Еврей 12:9; Сургаал ба Гэрээ 76:24; Үйлс 17:29; Ром 8:16-г хамтдаа уншина уу. Та эдгээр шүлгээс өөр ямар ямар ойлголтыг олж авсан бэ? Та эдгээр шүлгээс Бурханы хүүхэд байх гэдэг нь ямар утга учиртай талаар юу сурч мэдсэн бэ? Бодол санаагаа бүлгийнхэнтэйгээ хуваалц.

  • Таны хүүхэд насны талаар бусад хүний ярьсан түүхүүдийг бод. Хэдийгээр та нялх, балчир байсан үеэ санадаггүй ч тухайн үед болж өнгөрсөн явдлууд амьдралын тань туршиж нөлөөлж байж болох юм. Хэдэн жишээ хуваалцахад бүлгийнхнийг урь. Бид нялх байх үеэ санадаггүй шиг мөнх бус оршихуйн өмнөх амьдралаа бас санадаггүй. Энэ нь мөнх бус оршихуйн өмнөх амьдралын маань талаарх бидний бодолд хэрхэн нөлөөлөх вэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

  • Дийтр Ф.Угдорф, “Та нарын гэртээ харих гайхамшигт аялал,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 147–152

  • Neal A. Maxwell, “Premortality, a Glorious Reality,” Ensign, Nov. 1985, 15–18

  • Chapter 6: Our Premortal Life,” Doctrines of the Gospel Student Manual (2010), 13–15

2-р хэсэг

Мөнх бус оршихуйн өмнөх амьдралд Есүс Христ бидний Аврагч, Гэтэлгэгч байхаар сонгогдсон

Есүс Христ Аврагчаар сонгогдсон

Мөнх бус оршихуйн өмнөх амьдралд Тэнгэрлэг Эцэг бидний мөнхийн хөгжил дэвшилд зориулсан төлөвлөгөөг танилцуулахаар Их зөвлөлийг дууджээ. Бид ёс суртахууны сонгох эрхээ эдэлж, Бурхантай илүү адилхан болох боломжтой дэлхий дээр ирэхээ мэдсэн (Абрахам 3:23–26-г үзнэ үү). Тэнгэрлэг Эцэг Есүс Христийг дэлхийн Аврагч, Гэтэлгэгчээр сонгосон бөгөөд Тэр энэ үүргийг дуртайяа хүлээн авсан (1 Петр 1:19–20-ийг үзнэ үү). Бидний Гэтэлгэгчийн хувьд Тэрээр биднийг үхэл болон нүглийг ялан дийлж Бурханы оршихуйд эргэн очих боломжтой болгох байв.

Харин Люсифер (Сатан) Бурханы хүүхдүүддээ өгсөн сонгох эрхийг устгахыг эрэлхийлсэн билээ (Мосе 4:1–3-ыг үзнэ үү). Тэр мөн Бурханы алдар сууг өөртөө авахыг хүссэн (Исаиа 14:12–15; Сургаал ба Гэрээ 76:25–29-ийг үзнэ үү). Энэ нь Бурханы хүүхдүүдийн дунд асар том ангалыг үүсгэсэн (Абрахам 3:27–28; Илчлэл 12:7-г үзнэ үү) ба Люсиферийг дагасан хүмүүс түүнтэй хамт тэнгэрээс хөөгдсөн юм (Илчлэл 12:8–9; Сургаал ба Гэрээ 29:36–37-г үзнэ үү). Есүс Христийг Аврагчаа хэмээн хүлээн зөвшөөрсөн бүх хүн хөгжин дэвшиж, дэлхий дээр бие махбодтой болж чадав.

Бурхан бидэнд ёс суртахууны сонгох эрхийг өгсөн. 2 Нифай 2:27–29-ийг уншаад, сонгох эрхийн бидний амьдралд гүйцэтгэдэг үүрэгт анхаарлаа хандуул. Сонгох эрхийн бэлэг нь яагаад Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө болон бидний мөнх бус амьдралын туршлагын чухал хэсэг вэ? Люсиферийг болон түүний дагалдагчдыг хөөсөн явдал сонгох эрхийн ач холбогдлын талаар танд юу зааж байна вэ?

Есүс Христ бидний Аврагч байхаар урьдаас томилогдсон. “Аврагч” гэдэг үг ямар утгатай вэ? Иохан 3:17; Үйлс 2:21; Хиламан 14:15; Мосе 1:6-г уншина уу. Та эдгээр шүлгээс Есүс Христийн үүргийн талаар юу мэдэж авсан бэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

Мөнх бус оршихуйн өмнөх амьдралынхаа туршид бид Бурханыг болон Есүс Христийг мэддэг байсан. Мөнх бус амьдралд бидэнд энэ цаг үеийн талаар ямар ч дурсамж байдаггүй бөгөөд “бид үзэгдэх зүйлсээр бус, харин итгэлээр алхах” (2 Коринт 5:7) ёстой. Хэрэв та бага насны хүүхдүүдэд хичээл зааж байвал энэ нь ямар утгатайг ойлгоход нь тэдэнд туслахын тулд тэдний нүдийг боогоод, өрөөгөөр явахад урьж болно. Судруудын удирдамжийн “Итгэл” хэсэгт жагсаасан зарим судрыг бүлгээрээ судал. Дараа нь бидний тэнгэр дэх гэртээ буцаж очих аялалд Есүс Христэд итгэх итгэл ямар үүрэг гүйцэтгэдэг талаар ярилц.

Илүү дэлгэрэнгүй судлах

Мөнх бус оршихуйн өмнөх амьдралын талаарх бусад эх сурвалж