“Сүнсний дэлхий,” Сэдэв ба асуулт (2023)
Сайн мэдээг судлах удирдамж
Сүнсний дэлхий
Үхэл, амилалтын хоорондох сүнсний оршихуй
Биднийг нас барсны дараа юу болох бол гэж та бодож байсан уу? Есүс Христийн сайн мэдээ нь дэлхий дээрх амьдрал бол төгсгөл биш гэдгийг тодорхой заадаг. Бидний сүнсэн бие төрөхөөс маань өмнө байсан бөгөөд үхсэний дараа ч амьдарна. Үхлийн дараа бид амилуулагдахаа хүлээхээр сүнсний дэлхийд очдог. Сүнсний дэлхийд Есүс Христийн сайн мэдээг бас заадаг. Бодгаль бүр Бурханд үнэ цэнтэй учраас Есүс Христ сайн мэдээг хүлээн авах боломжгүйгээр нас барсан хүмүүст авралд хүрэх замыг гаргаж өгсөн.
1-р хэсэг
Үхлийн дараа амьдрал бий
Найз эсвэл хайртай хүнээ алдах нь зовлон шаналал, уй гашууг авчирдаг. Бусдыг нас барсанд гашуудах нь бидний мөнх бус амьдралдаа үзэж туулах зүйлсийн нэг хэсэг боловч Есүс Христ үхэгсдээс амилснаараа “үхлийн гашуун”-ыг арилгасан гэж судруудад тунхагладаг (Мозая 16:8; Алма 22:14; Мормон 7:5). Есүс Христ үхлийн хүлээсийг тасчсан учраас бид бүгд дахин амьдрах болно (Алма 11:42–43-ыг үзнэ үү). Нас барах үед бидний яс махан бие, сүнсэн бие хоёр салдаг. Бидний сүнсэн бие “[бидний] үйлс зөвт үү, зөвт бус уу гэдгээс хамааран амилахыг хүлээх газарт [дараа нь] хуваарилагдана.” (Алма 40:11–13-ыг үзнэ үү.)
Бодох зүйлс
-
Ахлагч Вэдэрфорд Клэйтон: “Дэлхийнхэн төрөх, үхэх хоёрыг амьдралын эхлэл, төгсгөл гэж үздэг. Гэхдээ Бурханы ариун төлөвлөгөөний ачаар төрөх, үхэх хоёр нь үнэндээ Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт амьдрах мөнх амьдралд хүргэх аяллын маань ердөө л шавгууд юм гэдгийг олж мэддэг” хэмээн дүгнэжээ. Ийм харах өнцөг нь хайртай хүн тань нас барах үед таныг хэрхэн бэлтгэх вэ?
-
1 Коринт 15:51–55, 57-г үзнэ үү. Хайртай хүн тань нас барсан тэр үеийг эргэн сана. Есүс Христ үхлийг ялсан тухай мэдлэг тань танд хэрхэн тусалсан бэ? Хайртай хүнээ алдсан талаар болон үхлийн талаар асуулттай хүнд дэм болохын тулд та энэ мэдлэгээ хэрхэн ашиглаж болох вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Сүнсэн биеийн тухай ойлголтгүй хүмүүст туслахын тулд та бие махбодыг бээлийгээр, сүнсийг гараараа төлөөлүүлж болно. Гартаа бээлий угла, тэгээд бээлий нь зөвхөн гар байгаа үед л “амьд” гэдгийг онцол. Дараа нь гараа сугалж гаргаад, бээлийтэй эсэхээс үл хамааран гар нь амьд байсаар байхыг тайлбарла. Дараа нь та бээлийгээ буцаан өмсөөд, амилуулагдсаны дараа бидний сүнс, бие хоёр дахин хэзээ ч салахгүйгээр нэгдэнэ гэдгийг тайлбарлаж болно. (Алма 11:45-ыг үзнэ үү.)
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Пол В.Жонсон, “Тэнд цаашид үхэл үгүй болно,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 111–113
2-р хэсэг
Бид Сүнсний дэлхийн талаар юу мэдэх вэ?
Үхлийн дараа бидний сүнсэн бие сүнсний дэлхийд очдог. Сүнсний дэлхийд зөв шударга сүнснүүд “өөрсдийн бүх бэрхшээлүүд мөн санаа зоволт хийгээд харамслаасаа амрах диваажин гэж нэрлэгдсэн аз жаргалын байдал, амар амгалангийн байдал, энхийн байдалд хүлээн авагдах болно” (Алма 40:12). “Үнэний тухай мэдлэггүйгээр, эсвээс бошиглогчдыг эсэргүүцсэний улмаас зөрчилд, нүглүүддээ нас нөгчсөн тэд …” бол сүнсний шорон дахь сүнснүүд юм (Сургаал ба Гэрээ 138:32; мөн 1 Петр 3:18–20-ийг үзнэ үү).
Бодох зүйлс
-
Шоронд байгаа сүнснүүд Есүс Христийн сайн мэдээний сургаалыг хүлээн авах боломжтой. Гэвч шоронд байгаа зарим сүнсний байдлыг судруудад заримдаа “там” буюу итгэлгүй, сайн мэдээг хүлээн авахгүй хүмүүс амилах хүртлээ зовж шаналах түр зуурын газар гэж нэрлэсэн байдаг (Сургаал ба Гэрээ 76:81–85-ыг үзнэ үү). Нүглээ наманчлахгүй эсвэл Есүс Христийн сайн мэдээг хүлээн зөвшөөрөхгүй байхаар сонгосон хүмүүс алдар суугийн хаант улсад мөнхөд аврагдахаасаа өмнө өөрсдийн гэм нүглийн төлөө зовох болно (Сургаал ба Гэрээ 19:16–18-ыг үзнэ үү). Энэ судрын хэсэг нь сүнсний шоронд байгаа хүмүүсийн байр байдлыг илүү сайн ойлгоход хэрхэн тусалж болох вэ?
-
Диваажинд байгаа сүнснүүд нь зөв шударга сүнснүүд ба “өөрсдийн бүх бэрхшээлүүд мөн санаа зоволт хийгээд харамслаасаа амрах … аз жаргалын байдал, амар амгалангийн байдал, энхийн байдалд хүлээн авагдах болно” (Алма 40:12). Энэ үнэн Бурханы зарлигуудыг сахиж, зөв шударга амьдрах хүслийг тань хэрхэн нэмэгдүүлж байна вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Сүнсний дэлхийн талаар судрууд юу заадгийг мэдэхийн тулд цаасан дээр хоёр багана зураад, нэгийг нь “Зөвт,” нөгөөг нь “Ёс бус” гэж гарчигла. Дараа нь Алма 40:6–14 болон Сургаал ба Гэрээ 138:12–14, 20–22-ыг судал. Эдгээр судрын хэсгээс олж мэдсэн зүйлийнхээ талаар ярилц.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
“The Spirit World,” Teachings of Presidents of the Church: Brigham Young (1997), 279–284
3-р хэсэг
Сүнсний дэлхийд сайн мэдээг номлодог
Есүс Христийн сайн мэдээг сонсоогүй эсвэл аврал, өргөмжлөлийн ёслолуудыг хүлээн авах боломжгүйгээр нас барсан хүмүүст юу тохиолдох талаар та бодож байсан уу? Ухаалаг, хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдэдээ хэрэв сонгох аваас Өөр дээр нь эргэн очиж хамт амьдрах арга замыг бэлтгэсэн юм. Бошиглогч Иосеф Смит Сүмийн гишүүдэд хандан: “Дэлхий байхаас өмнө, тэднийг шоронгоос гэтэлгэх боломжийг бидэнд олгосон тэр зүйлийг тогтоосон Иммануелын Хаанд мөнхийн магтаалын сүлд дууллыг нас барагсад урагш өргөг; учир нь хоригдлууд чөлөөтэйгөөр явах болно” (С ба Г 128:22) гэж тунхаглажээ.
1918 онд ерөнхийлөгч Жозэф Ф.Смит сүнсний дэлхийн талаарх тэнгэрлэг үзэгдлийг харсан. Сургаал ба Гэрээ 138-д цэдэглэгдсэн уг үзэгдлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлд Есүс Христ сүнсний шоронгийн боолчлолд байгаа хүмүүст сайн мэдээнээс суралцаж, наманчилж, санваарын чухал ёслолуудыг хүлээн авах боломжийг хэрхэн олгосон талаарх тодорхой ойлголтыг бидэнд өгдөг.
Бодох зүйлс
-
Сургаал ба Гэрээ 138:16–19, 50–52-ыг уншина уу. Эдгээр шүлэгт цэдэглэснээр, ямар үед сүнсний дэлхий бүхэлдээ зөвт сүнснүүдэд зориулсан шоронтой адил вэ? (мөн 1 Петр 3:18–20; 4:6-г үзнэ үү). Есүс Христийг нас барж, сүнсний дэлхийд үзэгдэх үед диваажинд байсан тэр хүмүүс юу мэдэрсэн бэ?
-
Сургаал ба Гэрээ 138:29–37, 57–59-ийг уншаад, энэ амьдралдаа сайн мэдээг хүлээн авалгүй нас барсан хүмүүст сайн мэдээний адислалууд хэрхэн боломжтой болсныг олж мэд. Есүс Христийн үйлдсэн зүйлийн улмаас өвөг дээдэс тань аврагдах боломжтой гэдгийг мэдэх нь таны хувьд ямар утга учиртай вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Ямар ч үед, хөшигний аль ч талд байх хэн нэгэнд туслах ямар нэгэн ажлыг хийхэд буюу Бурхантай нэн чухал гэрээнүүдийг байгуулж, баптисмын болон ариун сүмийн нэн чухал ёслолуудыг хүлээн авахаар урагш нэг алхахдаа та нар Израилыг цуглуулахад тусалж байгаа хэрэг юм” гэж заасан. Нас барсан хүмүүсийг гэтэлгэхэд болон чухал ёслолуудыг хүлээн авахад туслах арга замуудын талаар ярилц. Тухайн ажилд оролцсон бүлгийн гишүүдийг туршлагаасаа хуваалцахад урь.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Иохан 5:25–29; 1 Петр 3:18–22; 4:6; Сургаал ба Гэрээ 138:53–56
-
Дэйл Г.Рэнланд, “Гэр бүлийн түүх, ариун сүмийн ажил: Лацдан холболт ба эдгээлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 60.
-
“Redeeming Our Dead through Temple Service,” Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith (2011), 407–415