Номын сан
Бошиглогчдын үүрэг


“Бошиглогчдын үүрэг,” Сэдэв ба асуулт (2023)

ерөнхий чуулган

Сүм, сайн мэдээтэй холбоотой асуултууд

Бошиглогчдын үүрэг

Хэрэв бид зөв зарчмуудыг хэрэгжүүлбэл асуултууддаа хариулт эрэлхийлэх нь биднийг Есүс Христэд илүү ойртуулж чадна. Хариулт эрэлхийлэх үедээ хэрхэн илчлэл хүлээн авах талаар ойлгох нь чухал юм. Асуултуудад хариулахад тустай илүү олон зөвлөмжийг судалъя гэвэл “Илчлэл бол үйл явц гэдгийг ойлгоорой” сэдвийг үзнэ үү.

Тойм

Бурхан эрт дээр үеэс Есүс Христийн тухай гэрчлэх, Өөрийнх нь үгийг тунхаглах бошиглогчдыг дуудсаар ирсэн. Бурхан Өөрийн мөнхийн зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд бошиглогчдыг бэлтгэж, дуудаж мөн удирддаг. Судруудад Мосе, Исаиа, Елиа, Нифай зэрэг олон бошиглогчийн зааврууд багтсан байдаг. Тэд өөр өөрийн хэл, цаг хугацаа, газар нутагтаа хүмүүстэй ярилцаж, сүнсээр өдөөгдсөн удирдамж заавар өгч, цаг тухайд нь сэрэмжлүүлэг өгдөг байсан.

Бурхан өнөө үед ч бошиглогчдыг дуудсаар байна. Бошиглогч Иосеф Смит сайн мэдээний гэрээ болон санваарын ёслолуудыг гүйцэтгэх, Есүс Христийн Сүмийг сэргээх эрх мэдлийг Бурханаас хүлээн авсан. Тэр бас Бурханы тухай, хүүхдүүддээ зориулсан Түүний төлөвлөгөөний талаар чухал үнэнүүдийг тодруулсан илчлэлийг хүлээн авчээ. Түүний залгамжлагчид Сүмийн ерөнхийлөгчийн хувьд сайн мэдээний мэдлэгт нэмэрлэх, Сүмийг удирдах илчлэл хүлээн авах адил эрх мэдэлтэй байсаар ирсэн. Үргэлжлэн ирдэг илчлэлийн энэхүү зарчим нь сэргээгдсэн сайн мэдээний гол онцлог юм.

Хожмын үеийн гэгээнтнүүд Сүмийн ерөнхийлөгч, Тэргүүн зөвлөлийн зөвлөхүүдийг болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүдийг бошиглогч, үзмэрч, илчлэгчид хэмээн дэмжин баталдаг билээ. Эдгээр амьд бошиглогч нэгдмэл дуу хоолойгоор Сүмийн сургаалыг тунхагладаг. Сургаалыг Сүмийн ерөнхийлөгч тунхаглан мөн хөрвүүлж, Тэргүүн зөвлөл ба Арван хоёрын чуулга Сургаал ба Гэрээнүүд 107:27–31 дээрх загварын дагуу эв нэгдэлд үйлдэн, дэмжин баталдаг.

Их Эзэн мөнх бус эрэгтэй хүмүүсийг Өөрийн бошиглогчид байхаар дууддаг. Бурханы бүх хүүхдийн адил тэд мөнх бус байдлын сорилт бэрхшээлийг амсдаг хэдий ч Их Эзэн тэднээр дамжуулан Өөрийн ажлыг хийдэг. Тэрээр тэдний зөвлөгөөг “бүхий л тэвчээр болон итгэлтэйгээр” анхааран сонсохыг Сүмд зарлигласан билээ. Хэрэв бид үүнийг хийх аваас Тэрээр “харанхуйн хүчнүүдийг [бидний] өмнөөс сарниулж, [бидний] сайн [сайхны] … төлөө тэнгэрийг сэгсрэхэд хүргэх болно” хэмээн амладаг.

Холбогдох сайн мэдээнээс суралцах удирдамж:

Асуултуудаа судлах нь

Бошиглогчдыг сонсох нь миний хувьд яагаад чухал вэ?

Есүс Христ Өөрийн гайхамшигт ажлыг гүйцэлдүүлэхэд туслуулахын тулд эцсийн өдрүүдэд Өөрийн Сүмийг сэргээсэн. Тэрээр гэрээний адислалуудыг зааж, нүглийн өршөөлийг хөнгөвчилж, сорилт бэрхшээлийг туулахад нь Бурханы бүх хүүхдэд тусламжийг санал болгодог; хуваагдмал ертөнцийг Өөрийн сургаал, үлгэр жишээний эргэн тойронд нэгтгэдэг; аврал, өргөмжлөлийн ёслолуудаар дамжуулан хүн төрөлхтний бүх үеийнхнийг холбодог.

Их Эзэн бошиглогчдыг дуудаж, энэ ажлыг удирдах эрх мэдлийг тэдэнд өгдөг. Тэрээр тэдэнд юуг чухалчлахыг мөн Бурханы ажлыг хэрхэн урагшлуулахыг мэдэхэд нь туслахын тулд илчлэл өгдөг. Бошиглогчид өөр өөр гарал үүсэл, авьяас чадвар, үзэл бодолтой ч Их Эзэний Өөрийн Сүмийг гэсэн хүслийг даруухнаар эрэлхийлж, хүлээн авдаг.

Бошиглогчдын бурханлаг дуудлагыг ойлгож, баталгааг эрэлхийлэхдээ тэдний зааврыг итгэлтэйгээр хэрэгжүүлэх нь шавь байхын нэг хэсэг юм. Бид бошиглогчид илчлэгдсэн илчлэл, заавруудын бурханлаг зорилгыг үргэлж ойлгохгүй байж болох учраас бошиглогчдыг дагах нь “тэвчээр ба итгэлтэй” байхыг шаарддаг. Бидэнд асуулт байж болох ч Их Эзэн Өөрийнх нь төгс мэдлэг болон Цагаатгалын хүчинд итгэн, үйлчлэгчдийнх нь удирдамжийг дагахыг биднээс хүсдэг.

Бид бошиглогчдын үгсийг анхааран сонсох үедээ Ариун Сүнсийг амьдралдаа урьдаг. Бид дэлхий дээр Бурханы хаант улсыг байгуулах шийдвэр төгс, Есүс Христийн шавь нарын дэлхий даяарх нийгэмлэгт нэгддэг. Бид бошиглолын зөвлөгөөг дагаснаар сайн мэдээний гэрээнд орж, тэдгээрийг дагадаг хүмүүст амлагдсан тэнгэрлэг хүчний болон мөнхийн амар амгалангийн адислалуудыг хүлээн авах боломжтой болдог.

Их Эзэн Өөрийн Сүмийг бошиглогчдоор дамжуулан удирддаг гэсэн гэрчлэлийг би хэрхэн олж авч болох вэ?

Бурхан Өөрийн хүүхдүүдийг бошиглогчдыг сонсож, итгээсэй хэмээн хүсдэг. Бид үнэн хүсэлтэйгээр эрэлхийлснээр Тэрээр өнөөдөр Өөрийн Сүмийг удирддаг гэсэн хувийн гэрчлэлтэй болж чадна.

Бид бошиглогч Алмагийн зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлж чадна. Тэрээр зорамчуудыг ийн ятгасан: “Та нар бүр миний үгсийг туршин, … итгэлийн жижиг хэсгийг ч гэсэн хэрэгжүүлэх аваас, тийм ээ, бүр та нарт итгэх хүслээс илүү нь байхгүй ч гэсэн, энэ хүслийг өөрсдөдөө, бүр та нар миний үгсийн нэгэн хэсгийг өөртөө байрлуулж чадахаар итгэх хүртлээ хөгжүүл.”

Алма цааш ийн тайлбарласан: “Эдүгээ, бид үгийг үртэй зүйрлэх болно. “Эдүгээ, хэрэв та нар зүрх сэтгэлд тань үр суулгагдаж болохын тулд зай тавьж өгвөөс, болгоогтун, хэрэв энэ нь үнэн үр, эсвээс энэ нь сайн үр аваас” мөн “итгэлгүй байдлаараа үүнийг та нар зайлуулахгүй аваас, … энэ нь та нарын цээжинд өсөж эхлэх болно” мөн та нар “Энэ нь сайн үр, өөрөөр хэлбэл үг нь сайн болох нь зайлшгүй, учир нь энэ нь бодгалийг минь тэлж эхлэв; тийм ээ, энэ нь ойлголтыг минь гэгээрүүлж эхлэв, тийм ээ, энэ нь надад амтат болж эхлэв” хэмээн хэлэх болно.

Алмагийн зааснаар бид бошиглогчдын үгсийг туршиж үзэж чадна. Жишээлбэл: Боломжтой бол бид Их Эзэний өргөөнд шүтэн бишрэхээр тогтмол цаг товлон, бошиглогчийн зөвлөсний дагуу үйлдэж болно. Бид ингэснээр бошиглогчийн амласан адислалуудыг олж харж чадна. Эдгээр адислалыг олж харах нь амьд бошиглогчдын үгсэд итгэх бидний итгэлийг хүчирхэгжүүлдэг.

Итгэлээрээ үрийг хөгжүүлэх нь насан туршийн үйл явц боловч бид өнөөдөр амьд бошиглогчдын талаар сүнслэг баталгааг хүлээн авч, тэдний зөвлөгөөг тэвчээр, итгэлтэй дагаж эхэлж чадна.

Сүмийн удирдагчид алдаа мадаггүй байдаг уу?

Зөвхөн Есүс Христ л төгс амьдралаар амьдарсан. Сүмийн удирдагчид зөв шударга амьдралаар амьдрахыг, үг яриа, үйлдлээрээ дамжуулан хүмүүсийг Есүс Христэд авчрахыг хичээдэг ч хүмүүний сул дорой байдал тэдэнд нөлөөлдөг. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн удирдагчид ч алдаа гаргадаг.

Гэхдээ бид тэдний амин чухал үүргийг мартаж болохгүй. Их Эзэн Сүмийн Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүдийг “Христийн нэрийн онцгой гэрчүүд” байж, өнөө үед бошиглогч, үзмэрч, илчлэгчийн үүргийг гүйцэтгүүлэхээр дууддаг. Эртний бошиглогчдын адил тэд Бурхантай харилцаж мөн Түүний хүслийг илчилдэг. Тэд Сүмийг илчлэлээр удирдах, сайн мэдээний ёслолуудыг гүйцэтгэх, дэлхий дээрх Их Эзэний ажлыг удирдах бурханлаг эрх мэдэлтэй. Энэ нь тэд бүх зүйлийг мэддэг гэсэн үг биш юм. Тэд Их Эзэний өөрсдөд нь өгсөн гэрлийн дагуу ажиллаж, үргэлжлэн өгөгдөх илчлэлээр дамжуулан илүү их мэдлэгийг эрэлхийлж, Есүс Христээр болон Түүний Цагаатгалаар дамжуулан хүлээн авдаг хүчирхэгжүүлэх чадалд тулж найддаг.

Их Эзэн тэдний сул дорой байдлыг үл харгалзан мөнх бус бошиглогчдоор дамжуулан үргэлж ажилласаар ирсэн. Иона Ниневе дэх дуудлагаасаа зугтаж, Петр цэргийн чихийг тасдаж, Иосеф Смит Мормоны Номын орчуулсан хуудаснуудыг Мартин Харрист өгсөн гэх мэтчилэн бошиглогчид заримдаа алдаа гаргадаг. Ийм тохиолдлуудад Их Эзэн үйлчлэгчдээ засаж залруулдаг бөгөөд тэднийг наманчилсны дараа Өөрийн тэднийг дуудсан ажлыг гүйцэлдүүлэхэд адисалдаг.

Сүмийн сургаал хэрхэн бий болдгийг санах нь чухал юм. Сургаалыг Сүмийн ерөнхийлөгч тунхаглан мөн хөрвүүлж, Тэргүүн зөвлөл, Арван хоёрын чуулга Сургаал ба Гэрээнүүд 107:27–31 дээрх загварын дагуу санал нэгдэн, дэмжин баталдаг. “Санал нэгтэй байх энэхүү шаардлага нь хувийн өнцгийг барьсан, тэрс үзлээс сэргийлдэг. Энэ нь хүн олонхын саналаар эсвэл тохиролцож биш, харин Бурхан Сүнсээр дамжуулан захирдаг гэдгийг баталдаг.” Сүмийн удирдагчийн заах зүйл нь “хувийн шинжтэй, сайтар тунгаасан үзэл бодол байж болох ч энэ нь Сүм даяар мөрдөгдөх, албан ёсны бус” зүйл байж болно.

Бидний хүн бүр бошиглогчдыг Бурханаар дуудагдсан бөгөөд Тэр тэднээр дамжуулан Өөрийн ажлыг удирддаг гэсэн хувийн баталгааг Ариун Сүнсээр дамжуулан хүлээн авч болно.

Бошиглогч Сүмийг хэзээ ч төөрөгдүүлэхгүй гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф: “Та нарын замыг алдагдуулахыг надад эсвэл энэ Сүмийн ерөнхийлөгч хэнд ч, хэзээ ч Их Эзэн үл зөвшөөрөх болно” хэмээн хэлсэн. Бошиглогч, төлөөлөгчид энэ зааврыг олон үеийн турш бататгаж ирсэн билээ. Сургаалыг Сүмийн ерөнхийлөгч тунхаглан мөн хөрвүүлж, Тэргүүн зөвлөл, Арван хоёрын чуулга Сургаал ба Гэрээнүүд 107:27–31 дээрх загварын дагуу санал нэгдэн, дэмжин баталдаг.

Сэргээгдсэн сайн мэдээний бүрэн байдал болон санваарын эрх мэдэл дэлхийгээс дахин хэзээ ч авагдахгүй гэдэгт Хожмын үеийн гэгээнтнүүд итгэдэг. Энэ нь хүүхдүүдийг нь мөнх амьдралын адислалуудад бэлтгэх үүргээ Сүм биелүүлж байгааг бататгахын тулд Бурхан бошиглогчдыг үргэлж удирдах болно гэсэн үг юм. Тэрээр сайн мэдээний өрнөж буй Сэргээлтийн хэсэг болгож бидний ойлголтыг нэмэгдүүлэн, алдаануудыг арилгаж, Өөрийн хүслийг бошиглогчдод шат шатаар үргэлжлүүлэн илчлэх болно.

Цаг хугацааны явцад Сүм дэх зарим зүйл яагаад өөрчлөгддөг вэ?

Сургаал ба Гэрээнүүд 1:30-д Их Эзэн, Сүм бол “бүх дэлхийн гадаргуу дээрх цорын ганц үнэн бөгөөд амьд сүм” хэмээн тунхаглажээ. Гэсэн ч амьд бүхэн өсөн хөгжиж мөн өөрчлөгддөг. Өнөөдөр Сүмийн зан үйл хэдхэн жилийн өмнөхөөс өөр болсон байна. Энэ бол үргэлжлэн ирэх илчлэлийн зарчим дээр үндэслэгдсэн Сүмийн нэн чухал онцлог юм. Хожмын үеийн гэгээнтнүүд Бурхан “олон агуу хийгээд чухал зүйлийг илчлэх болно” гэдэгт итгэдэг.

Үргэлжлэн ирэх илчлэл нь бидний ойлголтыг тэлж, сайжруулж, зарим уламжлалаа өөрчлөхөд биднийг удирдаж, Сионы төгс төгөлдөр байдалд улам ойртоход бидэнд тусалж чадна. Дэлхий даяарх Сүм бодлогоо тодорхой цаг үе, газруудын хэрэгцээг хангахын тулд зохицуулдаг. Тэгээд ч 19-р зууны Америкийн хязгаар дахь гэгээнтнүүдийн хэрэгцээ өнөөдөр дэлхий даяар тархан суурьшсан Сүмийн сая сая гишүүний хэрэгцээнээс олон талаараа тэс өөр байсан шүү дээ.

Сүмд бидний хардаг өөрчлөлтүүдийн ихэнх нь сайн мэдээний зарчмуудыг бодитоор хэрэгжүүлэх явдлыг, бид тойрог, салбартаа Хүндэтгэлийн өдрийг хэрхэн сахиж, нэг нэгэндээ тохинуулдаг зэргийг багтаадаг. Зарим үед илчлэл нь Сүмийн сургаал, дэг горимд илүү том өөрчлөлтийг хийхэд хүргэж байсан. Үүний жишээнд, олон эхнэр авах ёсыг эцэс болгож, арьс өнгөнөөс үл хамааран санваарын болон ариун сүмийн адислалыг бүх хүнд хүртээхэд хүргэсэн Сургаал ба Гэрээнүүд дэх албан ёсны тунхгууд багтдаг.

Амьд бошиглогчдын заавар судруудаас эсвэл сүмийн өмнөх удирдагчдын заавраас илүү чухал уу?

Амьд бошиглогчид, судрууд, сүмийн өмнөх удирдагчид бүгд чухал юм. Үнэний эдгээр гурван эх сурвалжийн үндсэн зорилго бол Есүс Христийн авралын зорилгын талаар гэрчлэх явдал юм. Бид эх сурвалж бүрийн гүйцэтгэдэг чухал үүрэг, тэдгээр нь бие биетэйгээ хэрхэн холбогддогийг ойлгохыг эрэлхийлэх ёстой.

Судрууд нь олон мянган жилийн туршид, соёлын олон нөхцөлд илчлэгдсэн чухал үнэнүүдийн эх сурвалж юм. Тэдгээр нь сайн мэдээний чухал үнэнүүдийг үргэлж бидний нүдний өмнө байлгадаг. Тэдгээр нь Христийн тухай гэрчилж, бидэнд хандан ярих боломжийг Сүнсэнд олгодог. Сэргээлтийн өнгөрсөн үеийн бошиглогчдын заавар үүнтэй адил сүнслэг эх сурвалжаар хангадаг. Бид судруудыг болон өнгөрсөн үеийн бошиглогчдын заасан зүйлсийг өгөгдсөн нөхцөл байдалд нь ойлгохыг эрэлхийлж, тэдний хуваалцсан илчлэгдсэн үнэнүүдийг талархалтайгаар хүлээн авах хэрэгтэй.

Амьд бошиглогчид өнөөдөр Сүмийг удирдах, сайн мэдээний ёслолуудыг гүйцэтгэхэд шаардлагатай санваарын түлхүүрүүдийг атгадаг. Тэд Христийн талаарх өөрсдийн гэрчлэлийг өнгөрсөн үеийн бошиглогчдын илэрхийлсэн зүйлс дээр нэмж заадаг. Сайн мэдээний үнэнүүд бидний өнөөгийн нөхцөл байдалд хэрхэн хамаарч байгааг харахад тэдгээр нь бидэнд тусалдаг. Тэд Их Эзэний чиглүүлснээр өнгөрсөн үеийн удирдамжийг өнөөгийн нөхцөл байдалд тохируулан, Сүмд зориулсан шинэ илчлэл хүлээн авдаг. Заримдаа тэдний заадаг зүйлс өмнөх үеийн бошиглогчдын зааврыг цуцалдаг. Ихэнхдээ тэдний үгс судруудын болон өнгөрсөн үеийн бошиглогчдын үгсийг бататгадаг.

Илүү дэлгэрэнгүй судлах