Номын сан
Баптисм


“Баптисм,” Сэдэв ба асуулт (2023)

Баптисм

Сайн мэдээг судлах удирдамж

Баптисм

“Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалд орж чадахгүй” (Иохан 3:5).

Та амьдралдаа ноцтой алдаа гаргаж эсвэл нүгэл үйлдсэнийхээ дараа харамсаж байсан уу? Сэргээгдсэн сайн мэдээний гол захиас бол Есүс Христэд итгэх итгэл, чин сэтгэлийн наманчлал, эрх мэдэлтэй нэгнээр усанд умбуулан гүйцэтгэдэг баптисмаар дамжуулан бид өршөөл, нүглийн ангижралыг хүлээн авдаг явдал юм. Баптисм нь дахин төрөлтийн буюу шинэ амьдралын эхлэлийг бэлгэддэг. Энэ бол Түүний Сүмийн гишүүн болж Их Эзэний өргөөнд ариун нандин ёслол, гэрээнүүдийг хүлээн авахад бэлтгэх зам дээр гарах эхний алхам билээ. Та баптисм хүртэхдээ “Христийн нэрийг өөрсдийн дээр авахад бэлэн” (2 Нифай 31:13) гэдгээ Бурхан Эцэгт гэрчилдэг. Энэхүү чухал амлалтыг ариун ёслолоос хүртэх бүрдээ шинэчилдэг (Сургаал ба Гэрээ 20:77-г үзнэ үү).

Баптисм гэж юу вэ?

Эрх мэдэлтэй нэгнээр усанд умбуулан гүйцэтгэдэг баптисм нь аврал, өргөмжлөлд хүргэх санваарын анхны ёслол юм. Баптисм нь хувь хүний хувьд Есүс Христийн Сүмийн гишүүн болж селестиел хаант улсад ороход зайлшгүй хэрэгтэй чухал ёслол мөн (Иохан 3:5-ыг үзнэ үү). Баптисм хүртсэнээр бидэнд Есүс Христийн Цагаатгалын ачаар боломжтой болсон адислалуудаас хүртэх боломж нээгддэг.

Сэдвийн тойм: Баптисм

Холбоотой сайн мэдээг судлах удирдамж: Есүс Христэд итгэх итгэл, Наманчлал, Аврал, Мөнх амьдрал, Гэрээ ба ёслол, Нас барагсдын төлөөх төлөөлөн гүйцэтгэх ёслол

1-р хэсэг

Есүс Христ бүх хүнийг Өөрийг нь дагахад мөн баптисм хүртэхэд урьдаг

Баптисч Иохан Есүс Христэд баптисм хүртээж байгаа нь

Есүс Христ нүгэлгүй, ариун байсан ч Тэр баптисч Иохан дээр ирж, “зөвт байдлыг гүйцэлдүүлэхийн” тулд баптисм хүртсэн (Матай 3:13–17; Еврей 4:15; 2 Нифай 31:5–7-г үзнэ үү). Бурхан Өөрийн бүх хүүхдэд Есүс Христийн үлгэр жишээг дагаж баптисм хүртэхийг зарлигласан ба ингэснээр тэд нүглийн ангижралаа хүлээн авч, мөнх амьдралыг өвлөн авах боломжтой. Бид Есүс Христэд итгэх итгэлээ үйлдэл болгож, нүглээ наманчилснаар баптисмд бэлддэг ба наманчлал нь харууссан зүрх, гэмшсэн сэтгэлээр илэрдэг (Моронай 6:1–3; Сургаал ба Гэрээ 20:37-г үзнэ үү).

Бурхан баптисмыг санваарын эрх мэдэлтэй хүн гүйцэтгэх ёстой хэмээн зарлигласан (3 Нифай 11:21–28; Сургаал ба Гэрээ 20:72–74; 22:1–4, түүхэн нөхцөл байдлын талаарх оршлыг бас үзнэ үү). 1829 оны 5-р сард тэнгэрлэг элч баптисч Иохан баптисмын ёслол, баптисм хүртээх эрх мэдлийг бошиглогч Иосеф Смитэд сэргээсэн (Иосеф Смит—Түүх 1:68–73).

Түүхийн туршид Бурханы олон хүүхэд Есүс Христийн сайн мэдээний тухай мэдэлгүй эсвэл Түүний санваарын удирдлаган доор гүйцэтгэдэг баптисмыг хүртэлгүйгээр амьдарч бас нас барсан. Бодгалийн үнэ цэн Бурханы мэлмийд агуу учраас Түүний төлөвлөгөө тийнхүү нас барсан хүмүүст сүнсний дэлхийд сайн мэдээнээс суралцах боломжийг олгодог (Сургаал ба Гэрээ 138:30–37). Эдүгээ Сүмийн гишүүд энэ амьдралд сайн мэдээний шаардлагатай ёслолуудыг хүлээн авалгүй нас барсан өвөг дээдсийнхээ нэрсийг хайж олохоор хичээдэг ба Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ариун сүмүүдэд тэднийг төлөөлөн өмнөөс нь баптисм хүртдэг.

Бодох зүйлс

  • Бошиглогч Нифай Есүс Христ яагаад баптисм хүртсэн тухай бичсэн. 2 Нифай 31:4–13-ыг судална уу. Эдгээр шүлэг Их Эзэний баптисмын зорилгын талаар танд юу зааж байна вэ? Таны баптисм “Эцэгт баптисмаар Христийн нэрийг өөрсдийн дээр авахад бэлэн байгааг” гэрчилдэг гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (2 Нифай 31:13).

  • Сургаал ба Гэрээ 20:37-г уншаад, хувь хүний баптисмд бэлтгэх чухал арга замуудын талаар олж мэд. Бага залуу насандаа баптисм хүртсэн Сүмийн гишүүдэд хэрхэн энэ судрын хэсэг удирдамж заавар өгч байна вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Нас барагсдын төлөөх баптисмын тухай сэргээгдсэн сургаал нь Иосеф Смитэд болон эхэн үеийн хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд асар их адислал байсны адил өнөөгийн бидэнд ч ялгаагүй юм. “Glad Tidings: The History of Baptisms for the Dead” (6:55) видеог үзээд, та өөрийгөө нас барагсдын төлөөх баптисмын тухай сургаалаас суралцаж буй эхэн үеийн гэгээнтнүүдийн нэг байсан бол ямар сэтгэгдэл төрөх байсан талаар тунгаан бод. Энэ сургаал Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний талаар юу зааж байна вэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

2-р хэсэг

Баптисм таныг мөнх амьдралд бэлтгэдэг

Тэврэлдэж буй гэр бүлийнхэн

Баптисм нь үхэл, булш, Есүс Христийн Амилалтыг бэлгэддэг. Энэ чухал дүр зураг нь бид баптисмаар дамжуулан сүнслэг байдлын хувьд дахин төрөхийн бэлгэдлийг ойлгоход бидэнд тусалдаг. Есүс Христ үхэгсдээс шинэ амьдрал руу амилсан учир бид мөн баптисмын уснаас гарч ирэхдээ “шинэ амийн дотор явах” ёстой (Ром 6:4; мөн 3–11-р шүлгийг үзнэ үү).

Түүнчлэн судрууд баптисмыг мөн Есүс Христийн даруухан дагалдагчдад ирдэг сүнслэг өөрчлөлтийг төрөлттэй адилтгадаг (Иохан 3:1–8-ыг үзнэ үү). Нялх хүүхэд ус, цус, сүнсээр төрдөгтэй адил баптисм хүртэж Есүс Христийг дагахыг эрмэлздэг бүх хүн ус болон Сүнсээр дахин төрж, “цусаар, бүр [Христийн] цусаар цэвэршигддэг” (Мосе 6:59). Тиймээс сүнслэг байдлын хувьд шинээр төрөх буюу “дахин төрөх” явдал нь бидэнд амьдралаа цэврээр эхлүүлэх боломжийг хэрхэн олгодог талаар бодох нь тустай (Мозая 5:7; 27:25–26).

Их Эзэн усан баптисмын дараа галан баптисм хүртэнэ гэж заадаг. Энэ нь гал шиг цэвэршүүлж, ариутгадаг Ариун Сүнсний бэлгийг илэрхийлж байгаа юм (Үйлс 1:5; 2 Нифай 31:13-ыг үзнэ үү). Усаар үйлдэх баптисм нь нүглийн ангижралыг авчирдаг (2 Нифай 2:17; 3 Нифай 9:19–20; Сургаал ба Гэрээ 39:6-г үзнэ үү).

Бодох зүйлс

  • Ахлагч Дэвид А.Бэднар ийнхүү заасан.

    “Бид энэ мөнх бус амьдралд Тэнгэрлэг Эцэгийн мөнхийн өсөлт хөгжлийн төгс төлөвлөгөөний дагуу амьдрахыг хичээж буй төгс бус хүмүүс юм. Түүний төлөвлөгөөний шаардлагууд гайхамшигтай, нигүүлсэнгүй мөн хүнд хэцүү билээ. Бидэнд заримдаа шийдвэр төгс байх, зарим үед огтхон ч хангалтгүй мэт мэдрэмж төрж магадгүй. Бид ер нь эцсийн өдөр Түүний өмнө толбогүй зогсох зарлигийг сүнслэгээр биелүүлж чадах эсэхээ мэдэхийг хүсдэг байж болно.

    Их Эзэний тусламж мөн ‘бүх зүйлийг [бидэнд] заах’ [Иохан 14:26] Түүний Сүнсний хүчээр бид сүнслэг чадавхаа ухаарах адислалыг хүлээн авч чадна. Биднийг дахин төрж, Христийн эмэгтэй, эрэгтэйчүүд болохыг эрэлхийлэх үед ёслолууд бидний амьдралд сүнслэг зорилго, хүч чадал авчирдаг. Бидний сул дорой зан чанарууд хүчирхэгжиж, хязгаарлагдмал байдал маань хүчин мөхөстөх болно.”

    “Дахин төрөхийн” тулд бид ямар үүрэг гүйцэтгэх ёстой вэ? “Дахин төрөхийг” чармайдаг хүмүүст ямар ямар адислал ирэх вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Jesus Teaches of Being Born Again” (6:03) видеог үзээд, Есүс Христ Никодемид ямар зарчмуудыг заасныг олж сонсоход бүлгийн гишүүдийг урь. Есүс Никодемид Бурханы хаант улсад ороход хэрхэн бэлтгэхийг илүү сайн ойлгуулахын тулд бие махбодын төрөлтийг бэлгэдэл болгон хэрхэн ашигласан бэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

3-р хэсэг

Бага насны хүүхдүүдэд баптисм хэрэггүй

Гүйж буй хүүхдүүд

Есүс Христ бага насны хүүхдүүд Бурханы өмнө гэм зэмгүй гэдгийг заасан (Матай 18:3; Марк 2:17; Моронай 8:8-ыг үзнэ үү). Есүс Христийн Цагаатгалын улмаас балчир хүүхдүүдэд баптисм хэрэггүй. Эцэг эхчүүд үр хүүхдүүддээ Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлгийн ач холбогдлыг заах үүрэгтэй (Сургаал ба Гэрээ 68:25–28-ыг үзнэ үү). Хүүхдүүд найман насандаа баптисм хүртэх ба сударт үүнийг хариуцлагын нас гэж тайлбарладаг (Сургаал ба Гэрээ 20:71; 29:46–47; 68:18, 20-ийг үзнэ үү). “Хариуцлагын насанд хүрэхээс өмнө нас барсан бүх хүүхэд тэнгэрийн селестиел хаант улсад аврагддаг” (Сургаал ба Гэрээ 137:10).

Зарим хүн хөгжлийн бэрхшээлээс үүдэн хариуцлага хүлээх чадваргүй байдаг. Тэдэнд наманчлал, баптисм хэрэггүй ба тэд селестиел хаант улсад аврагддаг (Моронай 8:22; Сургаал ба Гэрээ 29:49–50; 137:10-ыг үзнэ үү). Сүмийн удирдагчид “хэрэв уг хүн [хөгжлийн бэрхшээлтэй хүн] зохистой, ёслолуудыг хүлээн авах хүсэлтэй, хариуцлага хүлээх хангалттай чадвартайгаа харуулсан бол ёслолуудыг нь хязгаарлахгүйгээр гүйцэтгэвэл зохино” хэмээн тодорхой хэлсэн.

Бодох зүйлс

  • 3 Нифай 17:21–24; Сургаал ба Гэрээ 29:46–48-ыг уншина уу. Эдгээр судрын хэсгээс та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бага насны хүүхдүүдийн талаар ямар бодолтой байдгийг харуулсан юуг олж мэдсэн бэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Ерөнхийлөгч Бригам Янг: “Балчир хүүхдүүд цэвэр ариун, тэдэнд наманчлах, орхих зүрх сэтгэлийн харуусал, гэм нүгэл гэж үгүй. Тиймээс тэд нүглийн ангижралын төлөө баптисм хүртэх чадваргүй” гэж хэлсэн. Бүлгээрээ Моронай 8:4–15, 19–24-ийг уншина уу. Судрын энэ хэсэг балчир хүүхдүүдэд баптисм хэрэггүйн шалтгаануудыг бусдад тайлбарлахад тань хэрхэн туслах вэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

Эх сурвалж

  1. Дэвид А.Бэднар, “Нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгал,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 47.

  2. Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 38.2.4, Gospel Library.

  3. Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 62.