Номын сан
Есүс Христэд итгэх итгэл


“Есүс Христэд итгэх итгэл,” Сэдэв ба асуулт (2023)

Есүс Христийн зураг

Сайн мэдээг судлах удирдамж

Есүс Христэд итгэх итгэл

Түүний хүч чадал, мэргэн ухаан, хайранд итгэж найдах

Заримдаа өөрийгөө хангалттай сайн биш гэж бодох, дааж давшгүй мэт санагдах, барьц алдах нь хэвийн үзэгдэл. Ийм мэдрэмж төрөх бүрд Есүс Христэд хандах нь үргэлж таны шийдэл байна. Бид Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэхдээ Түүний хязгааргүй хүч, оюун билиг, хайранд итгэж, Түүнд бүрэн найддаг гэсэн үг юм. Хэдийгээр бид бүгдийг ойлгохгүй байж болох ч Тэр ойлгодог гэдэгт бид итгэдэг. Тэр бидний бүхий л өвчин, сул дорой байдлыг Өөрийн биеэр туулсан учраас зовлон бэрхшээлээ даван туулахад маань хэрхэн туслахаа мэддэг. (Алма 7:11–13-ыг үзнэ үү.)

Есүс Христэд итгэх итгэл гэж юу вэ?

Есүс Христэд итгэх итгэл бол сайн мэдээний анхдагч зарчим юм. Энэ нь зөвхөн Түүнд итгээд зогсохгүй Түүнд найдах гэсэн үг юм. Итгэлтэй байх гэдэгт харж чадахгүй буюу бүрэн ойлгохгүй байсан ч үнэн зүйлд найдаж, итгэх багтдаг. Итгэл бол бидний өдөр бүрийн үйл ажиллагааг хөдөлгөгч хүч бөгөөд үйлдлийн зарчим.

Сэдвийн тойм: Есүс Христэд итгэх итгэл

Холбогдох сайн мэдээг судлах удирдамж:Есүс Христ, Найдвар, Энэрэл, Наманчлал, Гайхамшиг

1-р хэсэг

Есүс Христэд итгэх итгэлээ бэхжүүлэх нь зовлон бэрхшээлийг даван туулахад бидэнд тусална

Завин доторх эрчүүд болон тусламж эрэн гараа сунгаж байгаа живж буй хүний зураг

Аврагч: “Хэрэв гичийн үр төдийхөн итгэл та нарт байвал … та нарт боломжгүй юм гэж байхгүй болно” (Maтай 17:20) хэмээн хэлсэн. Гичийн үр өчүүхэн боловч том мод болон ургадаг.

Тиймээс та Аврагчид итгэх итгэлээ хэрхэн өсгөн нэмэгдүүлж болох вэ? Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “[Есүс Христэд] итгэх итгэл, найдвараа нэмэгдүүлэхэд зүтгэл хэрэгтэй” гэж тайлбарласан. Тэр: “Их Эзэн биднээс Түүний төгс хүчинд хүрэхийн тулд төгс итгэлтэй байхыг шаарддаггүй ч итгэхийг хүсдэг” гэж хэлсэн. Есүс Христэд итгэх нь судрыг болон хожмын үеийн бошиглогчдын үгсийг судалж, бурханлаг удирдамжийн төлөө залбирах сэдлийг төрүүлэхэд танд тусалдаг. Та Есүс Христийн талаар суралцаж, Түүний хайр, Сүнсийг мэдрэхийн хэрээр Түүнд итгэх итгэл тань өсөн нэмэгдэнэ.

Бодох зүйлс

  • Exercise Faith in Christ” (1:43) видеог үзнэ үү. Ахлагч Дэвид А.Бэднар итгэлээр үйлдэх талаар юу заасан бэ? Та Есүст итгэх итгэлээ хэрэгжүүлэхийн тулд юу хийх вэ?

  • Есүс Христэд итгэх итгэл амархан ирдэггүй бөгөөд та итгэлээ үргэлж төгс хэрэгжүүлдэггүй. Матай 14:25–33 дахь төлөөлөгч Петрт тохиолдсон үйл явдлын талаар бод. Өчүүхэн жижиг ч гэсэн итгэлээ хэрэгжүүлэх үед Есүс Христ танд хэрхэн туслах вэ?

  • Мормоны Номын бошиглогч Алма хэрэв бид сайн мэдээний үрийг зүрх сэтгэлдээ суулгаж, итгэлээрээ тэжээвэл Есүс Христийн сайн мэдээний талаарх хүчирхэг гэрчлэлээ аажмаар өсгөж чадна гэж заасан. Алма 32:21–43-ыг судлаад, гэрчлэлээ өсгөхийн тулд итгэлээ хэрхэн хэрэгжүүлж болох талаар бодож үз.

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Та нар хамтдаа биеийн тамирын дасгал хийж, мөн ямар дасгал нь бие махбодод хэрхэн нөлөөлдөг талаар ярилцаж болох юм. Дараа нь 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулганаас ахлагч Хуан Пабло Вилларын хэлсэн “Сүнслэг булчингаа хөгжүүлэх нь гэх үгийн зарим хэсгийг уншаад, Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлэх гэдэг нь юу гэсэн утгатай талаар ярилц.

Илүү дэлгэрэнгүй судлах

2-р хэсэг

Итгэл бол хүч чадлын зарчим мөн

Есүст хүрч буй сохор хүний зураг

Христэд итгэх итгэлээрээ дамжуулан бид Бурханы хүчинд тулгуурлан, Түүний биднээс хүссэн зүйлийг хийх боломжтой болдог. Жинхэнэ итгэл Бурханы тааллын дагуу гайхамшгуудыг авчирдаг. Итгэлээр бид хүнд хэцүү зүйлсийг хийж, сүнслэг байдлын хувьд өсөж хөгжих хүчийг хүлээн авдаг. Бид мөн Их Эзэнд итгэж, Түүний амлалтад найдах үедээ материаллаг хэрэгцээ, хүнд хэцүү нөхцөл байдлаа илүү сайн даван гарах чадвартай болдог. Чин сэтгэлээсээ залбирах нь Бурханы хүчийг авах арга зам юм. Бид өөрт хэрэгтэй бурханлаг тусламж, удирдамжийг итгэлээр гуйдаг (Инос 1:15-ыг үзнэ үү).

Бодох зүйлс

  • Марк 5:21–42-ыг уншина уу. Итгэл энэ гайхамшгуудад ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? Энэ түүх итгэлийг тань сорьж болох арга замуудыг хэрхэн харуулж байна вэ?

  • Ахлагч Брэнт Х.Нийлсоны “Гилеадад ямар ч гавар байхгүй гэж үү? гэх үгийг уншиж эсвэл үзнэ үү. Ахлагч Нийлсон хэрхэн хүлээн авсан адислалуудаа таньж чадсан бэ? Хэцүү үед ч адислалуудаа хэрхэн олж харах талаар бод. Ийн үйлдэх нь хэрхэн таны Есүс Христэд итгэх итгэлийг бэхжүүлэх вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Mountains to Climb” (5:05) видеог үзнэ үү. Дараа нь хамтдаа Есүс, Тэнгэрлэг Эцэг хоёр таныг адисалж байсан арга замуудыг жагсаан бичиж болно. Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэх нь зовлон бэрхшээлийг тэсэж тэсвэрлэн, даван туулахад танд хэрхэн тусалсан бэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

3-р хэсэг

Итгэлийг олж авахад цаг хугацаа, тэсвэр тэвчээр шаардагддаг

Өвдөглөн суугаад, цонхоор харж буй залуу эмэгтэйн зураг

Таны залбирлыг сонсохгүй эсвэл таны зовлон бэрхшээл хэрээс тань хэтэрсэн мэт санагдах үе тохиолдож байсан байх. Нэгэн удаа ийм нөхцөлд орсон нэг хүн Есүс Христ дээр иржээ. Хүүг нь эдгээх шаардлагатай байсан тул тэр Есүсээс түүнийг адислахыг хүсэв. Христ итгэдэг хүмүүст бүх зүйл боломжтойг тайлбарлахад тэр хүн: “Их Эзэн, би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач” (Марк 9:14–27-г үзнэ үү) гэжээ. Түүнд асуух итгэл байсан ч итгэл нь төгс биш гэдгийг мэдэж байж. Итгэлээ нэмэгдүүлэхийн тулд тусламж гуйн залбирахдаа та Есүс танд тусалж чадна гэдгийг мэднэ гэдгээ харуулдаг бөгөөд Тэр ч танд тусална.

Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлэх хүн бүрийн туршлага өөр хоорондоо адилгүй. Хэрэв таны хайртай хүмүүс итгэлдээ эргэлзэж байвал эелдэг, энэрэнгүй байдлаар хариулахаа бүү март. Хэрэв тэд тань дээр асуулт тавихаар ирэх юм бол та тэднийг хайрлаж, тэвчээртэйгээр сонсож, үнэний эрэлд нь дэмжин тусалж болно. Та мөн хариултаа авах найдвартай эх сурвалжийг олоход нь тэдэнд тусалж чадна. Та бас Есүсийн тэдэнд ямар их хайртайг хэлээрэй.

Бодох зүйлс

  • Ахлагч Холланд асуух эсвэл эргэлзэх зүйл гарч ирвэл “аль хэдийн мэддэг болсон зүйлээсээ зууран барьж, илүү их мэдлэг иртэл хүчтэй бай” гэж заасан. Есүс Христэд итгэх итгэл нь хэрхэн хариултаа аваагүй асуултад тань тусалж болох вэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

Итгэлийн тухай бусад эх сурвалж